“Уулын оргилоос алсыг тольдсон минь,” Лиахона, 2023 оны 3-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Уулын оргилоос алсыг тольдсон минь
Би зорилгодоо хүрэхэд хэрэгтэй зүйлээ бараг л орхих шахав.
Саяхан би Шинэ Зеландын Өмнөд арлын үзэсгэлэнт уулс дахь Ройс Пийк рүү авирах алдартай явган аялалд гарав. Явган аялал хэдэн цаг үргэлжилсэн тул би бага зэрэг хөнгөн зууш, их хэмжээний ус зэрэг зөвхөн хэрэгтэй зүйлээ л авсан юм.
Аяллаа эхлүүлэхэд л миний үүргэвч бүр хүнд болчихсон санагдаж байв. Явган аялаад хагас цаг өнгөрч байхад үүргэвчин дэх ачааны жин мөр болон нуруун дээр минь улам ихээр дарж мэдрэгдэв. Хэсэг зуур би уснаасаа асгах тухай бодлоо. Гэхдээ тэр даруй би тэгж болохгүйгээ мэдэв.
Уулын оройд гарахаас цаг хагасын өмнө зам улам эгц болж, цасанд хучигдсан байлаа. Би оргилд хүрч чадахгүй нь гэж бодож эхэлсэн ч зорилго маань намайг цааш үргэлжлүүлэх түлхэц өгч байв.
Эцэст нь оргилд гарах үед үүргэвч минь хавьгүй хөнгөн болсон байлаа. Тэгээд би зуушаа идэж, усныхаа ихэнхийг уув. Амарч, дээрээс үзэсгэлэнт харууцыг харан талархаж суухдаа би уулын оргил руу гарах аяллын талаар мөн амьдрал хэмээх аяллын талаар эргэцүүлэн бодож билээ.
Би хэдэн цагийн турш өгсүүр газар алхсаныхаа дараа бие махбодоо хооллож, ундалж, цааш явах тэнхээг олж авсан. Эхэндээ ачаа мэт санагдаж байсан мөнөөх амь аврах ус намайг зорилгодоо хүрэхэд адисалсан юм.
Бид бүгдийн өгсөж, уруудах үеүдэд Ариун Сүнс бидэнд зөв шийдвэр гаргахад тусалдаг. Би бараг л хагас литр гаруй ус үлдээх дөхсөн боловч тэгж болохгүй гэх мэдрэмж авсан.
Эдгээрийг эргэцүүлэн суух үед нулимс нүдийг минь бүрхэн, би Тэнгэрлэг Эцэгтээ талархав. Тэр өдөр цасаар хучигдсан ууланд аялсан аялал маань надад өөрийн амьдрал, шийдвэр, зорилго болон үүрэх хувийн үүргэвчнийхээ талаар дүн шинжилгээ хийх урам зоригийг өгсөн.
Явган аялалд явахаасаа өмнө би гадаадын улс орон дахь амьдрал, ажлынхаа талаар эргэлзэж байсан юм. Гэхдээ одоо би бүх зүйл сайхан болно гэж мэдэрч байна. Их Эзэн намайг халамжилна гэдгийг би мэднэ.
Сүнстэй хамт байснаараа би оюун ухаан, бие махбод, сүнслэг байдлын хувьд өөрийгөө өргөн дэмжих зөв шийдвэр гаргаж чадна гэдгийг мэднэ. Мөн ачаа минь хүнд санагдах үед би “амийн усы[н]” (Иохан 4:10) эх ундарга болох Аврагчдаа хандаж чадна. Тэрээр намайг тэжээн тэтгэж, ачааг маань хөнгөлнө гэдгийг би мэднэ (Матай 11:28–30-ийг үзнэ үү).