“Өндийн босох хүч,” Лиахона, 2023 оны 3-р сар.
Есүсийн гайхамшгууд
Өндийн босох хүч
Бид Аврагчийн чөлөөлөхийг хүлээж буй хүмүүсийг өргөн дэмжихэд тусалж чадна.
Ялагдлаа. Дахиад л. Би толгойгоо гудайлган сандал дээрээ суув. Би зүгээр л ажиглагч байсан ч хөл дээрээ зогсох ч тэнхэлгүй болсон байлаа. Манай баг уг нь их хичээсэн юм сан. Заримынх нь бие хөх няц болсон. Зарим нь талбайгаас доголж гарч ирсэн. Манай ахлах сургуулийн хөл бөмбөгийн баг дараалан хожигдсоны дараа бид зүгээр ч нэг гуньсангүй, зүрх сэтгэл минь эмтрэх шиг болж байлаа.
Урам хугарснаасаа болж бүр шалдаа буучихсан явж байтал багийн хамгийн залуу охидын нэг хажуугаар алхсаар өнгөрөв. Түүний зорилгоо мэдэрсэн царай анхаарлыг минь татсан юм.
Тэр хэд алхаад л охин бүр лүү гараа сунгаж байсан ба ялагдсан гэхээргүй харагдаж байлаа. Харин ч тэр хувь хүн бүрийг магтан, тайтгаруулж, ойлгож байгаа гэдгээ харуулж байв. “Чамайг дамжуулсан бөмбөгийг барьж авахын тулд тийм хурдан гүйж байхыг чинь би хэзээ ч харж байгаагүй юм байна. Энэ чиний хамгийн сайн тоглолт байсан” гэж тэр хэн нэгэнд хэлээд, өөр нэгэнд “Ёстой мундаг тоглолоо. Үнэхээр чиний өдөр байлаа” гэж хэлж байв.
Тэр хүн бүрд баяр хүргэн, алгаараа цохилцож, ярьж буй хүнээ нэг гараараа тулсхийн зогсох зуураа нөгөө гараараа хөхөрсөн, толбо болсон хөлд нь зөөлхөн гэгч хүрч санаа тавьж байлаа. Түүний дотор ямар нэг зүйл байгааг би мэдэрч, үүнийгээ тэр багийнхаа гишүүн бүр лүү дамжуулж байх шиг санагдаж байв. Инээмсэглэл нь зовуурьтай, урам хугарах мэдрэмжүүдийг эвдэж эхлэв. Аажимдаа тоглогч бүр ээлж дараалан эргэн тойрноосоо шинэ уур амьсгалыг мэдэрч эхэлсэн байв.
Хөх няц болоо л биз, өвдөж байгаа л биз, ер нь хэнд хамаатай юм? Уурлаа л биз, бухимдаа л биз, хэнд хамаатай гэж? Хэнд ч хамаагүй. Гэвч зүгээр нэг хүний гар яаж ингэж хэн нэгнийг зовлон зүдгүүрийн газраас зорилго, хүч чадлаар дүүрэн газар луу өргөн дэмжиж чаддаг байна аа?
Хөл бөмбөгийн багийн найзтайгаа адилаар бид бусдад хэрхэн тусалж болох тухай мөн Аврагчийн өргөн дэмжих хүчний талаар олж мэдсэн зүйлээ хуваалцахыг минь зөвшөөрнө үү.
Бид Шинэ Гэрээнээс Иаирын охины тухай дараах түүхийг уншдаг.
“Синагогийн ахлагчдын нэгэн болох Иаир гэгч ирж, Есүсийг хараад хөлд нь унаж,
Бяцхан охин минь үхлийн ирмэгт байна. Та очиж, гараа тавиач. Тэгвэл тэр минь эдгэж, амьд үлдэнэ гэж ихэд хүсэмжлэн гуйв.
Есүс түүнтэй хамт ява[в]” (Марк 5:22–24).
“Есүс түүнтэй хамт ява[в]”
“Есүс түүнтэй хамт ява[в]” (Марк 5:24) гэсэн мөрд би дуртай. Гайхамшиг арай тохиогоогүй байна. Үнэн хэрэгтээ, гэр бүлийг нь тэдний гуйж байсан чөлөөлөлтийг хүлээн авахаас өмнө, зарим эмгэнэлтэй саатал гардаг. Гэвч Христ аль хэдийн тэдэнтэй цуг бэрхшээлийг туулж байлаа.
Өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй зүйлээ хэрэг болсон үед бид Есүсийг ирнэ гэдэгт найдаж болно. Бид амьдралдаа эсвэл хайртай хүмүүсийнхээ амьдралд Түүний гайхамшгууд тохиохыг итгэлтэйгээр хүлээж байхдаа, Түүнийг бидэнтэй хамт алхах болно гэдэгт итгэж болно. Тэр биднийг авралд хүргэх замд хүлээж буй түгшүүр, айдас, уйтгар гунигийг бидэнтэй хамт туулах болно.
“Та очиж, гараа тавиач”
Эдгээх нь бидний санал болгох зүйл биш, харин бид Иаирын нэгэн адил Агуу Эдгээгч болох Есүс Христийг хайртай хүмүүстээ авчирч чадна. Аврагчийн мутар хэн нэгнийг зовлон зүдгүүрийн газраас зорилго, хүч чадлаар дүүрэн газар луу өргөн дэмжиж чадна гэдгийг Иаир мэдэж байв.
Би үүнийг гэрэл гэгээгээр дүүрэн хөл бөмбөгчин найзаасаа харсан. Тэр хөл бөмбөгийн талбай дээр Христийн гэрлийг хуваалцаж, Түүнд эдгээх хүчээ үзүүлэх боломжийг олгож байв. Түүний гэрлийг өргөснөөр тэрээр Израилыг цуглуулахад тусалсан.
Бидний хүн нэг бүрд өөрөөсөө өөр хэн нэгнээр авруулах шаардлага гардаг. Бид хаягдсан мэт санаж, эмзэглэж байсан ч Тэнгэрлэг Эцэг биднийг цөхрөлөөс ангижруулахад тусалж чадах Аврагчийг өгсөн гэдэгт итгэж болно. Миний хөл бөмбөгийн баатар шиг, бид Түүнтэй хамт оролцох боломжтой.
Харин таныг Түүний адислалыг хүлээж байх зуур бүх зүйл улам дордвол яах вэ?
“Багшид төвөг удаад яах вэ?”
Христ Иаирын гэр лүү явж байхдаа саатав. Гудамжинд хөл хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд Түүнийг замаар гарах гэж оролдох үед Түүний эдгээгч мутрыг хүлээж байсан агуу итгэлтэй эмэгтэй Түүний хувцсанд хүрэв.
“Учир нь тэр —Би ядаж Түүний хувцсанд нь хүрчихвэл эдгэрнэ гэж өөртөө хэлжээ.
Тэр даруй цус гоожих нь зогссонд өвчнөөсөө салснаа биедээ мэдрэв” (Марк 5:28–29).
Иаир хэр их ууртай байсан бол? Тэр хожимдсонд нь хэр бухимдсан бол? Түүнийг гэрээсээ гарах үед охин нь аль хэдийн үхлийн ирмэгт ирсэн байсан. Дараа нь Аврагчийг эдгэрсэн эмэгтэйг хайж олон, түүнтэй ярилцаж байтал Иаирын гэрээс хэн нэгэн муу мэдээтэй ирж, “Охин тань үхсэн. Багшид төвөг удаад яах вэ?” гэжээ. (Марк 5:35).
Удаан хүлээсэн эмэгтэй ямар их аз жаргалтай байсан бол? Гэвч хүлээх цаг огтхон ч байгаагүй Иаир, түүний гэр бүлийн хувьд ямар их эмгэнэн гашуудаж байсан бол? Заримдаа бид хүлээж байхдаа, Түүнийг ирнэ гэсэн найдвараа хадгалахад хэцүү байдаг. Гэвч Иаир, түүний гэр бүлийн хувьд тэдэнд хэрэгтэй байсан гайхамшгийг хүлээхэд дэндүү оройтсон мэт санагдаж байв. Түүний охин нас барсан байв. Багшид төвөг удаад яах вэ?
Яагаад? Заримдаа бид Аврагчийн гайхамшгууд дээр ямар ч утга учиргүй хэмжээ хязгаар тогтоодог. Тэр бидний тогтоосон цаг хугацаанд захирагдахгүй, мөн Түүний хүч чадал бидний боломжтой зүйлийн талаарх ойлголтоор хязгаарлагддаггүй.
Хэрэв бид хүлээж байхдаа итгэлийн нүдээр хардаг байвал Түүний аврал ирж байгаагийн баталгааг олж харах болно (Алма 58:11-ийг үзнэ үү). Эдгээр баталгаа нь бидний зүрх сэтгэлийг өөрчилж, Түүнд итгэх итгэлийг маань баталж чадна. Боломж өнгөрсөн мэт санагдаж байсан ч Тэр одоо ч ирнэ бас чиний цаг мөч ч удахгүй болно.
“Бүү ай, зөвхөн итгэ”
Их Эзэн муу мэдээ сонсмогцоо “Бүү ай, гагцхүү итгэ” (Марк 5:36) хэмээн Иаирт хэлжээ. Аврагчийн Иаирт хэлсэн үгс, биднийг хүлээж байхад Тэр хэр их санаа зовнидог гэдгийг батлан харуулж байна. Бид зогсож байсан ч Түүний тохинуулал түр ч атугай зогсдоггүй. Аврагч тэр даруй Иаирыг итгэлээр урагшлахад урамшуулсан.
“Оронгуутаа Тэр тэдэнд —Юунд та нар уймарч уйлалдана вэ? Энэ хүүхэд үхээгүй. Харин унтаж байна гэсэнд. …
Хүүхдийн гараас барьж, Тэр түүнд —Талита кум (орчуулбал «Бос, бяцхан охин минь, Би чамд хэлж байна») гэж хэлэв.” (Марк 5:39, 41).
Та нар сонсов уу? “Тэр хүүхдийн гараас барьсан.” Түүний мутарт хүч бий. Ерөнхийлөгч Ховард В.Хантэр (1907–1995) нэгэн удаа “Есүсийн мутарт хүрсэн бүх зүйл амь ордог” хэмээн хэлжээ.1 Түүний эдгээгч мутрыг илүү сайн хүлээн авахын тулд бид юу хийж чадах вэ? Мөн бусдыг сэтгэлийн шаналалд автан, цөхрөнгөө барсан үед өргөн дэмжихэд нь бид хэрхэн Түүний мутар болж чадах вэ?
“Тэр даруй охин босоод явж эхлэв”
Иаирын охин даруй амь оров. “Тэр даруй охин босоод явж эхлэв” (Марк 5:42). Мөнх бус байдал нь бидний өндийн босох ёстой ор хэвтрийг авчрах болно. Бидний хүн нэг бүрийн хувьд эдгээр ор нь талбай дээр хожигдсоны дараа сэтгэлээр унахаас эхлээд хайртай хүнээ алдах хүртэл арай өөр өөрөөр харагдах болно. Зовлон бэрхшээл тохиох нь гарцаагүй. Гэвч нөхцөл байдал хэчнээн хэцүү санагдсан ч Тэр биднийг хэзээ ч орхихгүй. Заримдаа Тэр бидэнд нас эцэслэхийг юм уу зэлүүд газраар алхахыг зөвшөөрдөг бөгөөд ингэснээр Тэр мутраа сунгаж, тэднийг амьдралаар нь дүүргэдэг.
Түүний Цагаатгалын тэмдэг болох мутар болгоныхоо хадаасны ормоор Тэр бидэнд “Болгоогтун, би та нарыг гарынхаа алган дээр сийлсэн” (1 Нифай 21:16) хэмээн бид бол Түүний тохинуулал гэдгийг харуулдаг. Христийн үйлчлэл биднийг бие махбодын болон сүнслэг байдлын хувьд зугтаж чадахгүй үхлээс амилуулж байсан, амилуулж байгаа, цаашид ч амилуулах болно. Мөн энэ бүхэн Түүний цагаатгагч золиослолоор боломжтой болсон.
Ийм сэтгэлийн шаналал, сорилт бэрхшээл тохиолдоход бид алган дээрээ тэмдэгтэй мутар нь зөвхөн сайхан сэтгэл, хайрыг төдийгүй даван туулах хүчийг авчирдаг гэж төсөөлж болно. Түүнд итгэх итгэлээ хөгжүүлснээр дэлхийн Гэтэлгэгчийн бүрэн сэргээлт нь бидний өмнө тулгарсан бүх зүйлийг даван туулах болно.
Мөн бид Түүний хүрэх шаардлагатай бусад хүнд Түүний мутрыг төлөөлөн хүрч чадна.
Бидний хүн нэг бүр өөрийн сул дорой байдлаас болон эцэст нь булшнаас босон амилах болно гэдгийг би гэрчилж байна. Хэдийгээр бүгд алдагдсан мэт санагдаж байсан ч Тэр тэнд байж, аврах хүчээ сунгадаг гэдгийг санаарай. Тэр тан руу мутраа сунгаж, “Бос, Би чамд хэлж байна” хэмээхэд хэчнээн их баяр баясгалантай байхыг төсөөлөөрэй. Тийн бид өндийн босох болно.