2023
Бүх зүйл сайхан болно
2023 оны 3-р сар


“Бүх зүйл сайхан болно,” Лиахона, 2023 оны 3-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Бүх зүйл сайхан болно

Мэс заслын нэгэн эмчийг хүлээлгийн өрөөнд буй ээж рүү минь дөхөж ирэх хүртэл тэнд өнгөрүүлсэн цаг хугацаа эцэс төгсгөлгүй мэт санагдаж билээ.

Рассэлл М.Нэлсон зүрхний загвар луу харж буй нь

Рассэлл М.Нэлсоны гэрэл зургийг Элдон К.Линшотэн

1980-аад оны эхээр зүрхний хүнд өвчтэй аав маань эдгэрнэ, урт удаан амьдарна гэсэн найдлага тээн зүрхний хагалгаанд орсон юм.

Тухайн үед мэс засалчдын хэрэглэж байсан шинэлэг аргачлал Уругвайд шинээр нэвтэрч байсан зүйл байлаа. Мэс засалчид аортын хавхалгыг хиймэл хавхалгаар сольсон юм. Хожим нь энэ аргачлал ердийн зүйл болж, тоолшгүй олон хүний амийг аварсан.

Мэс засал нь энэхүү эрс шинэ эргэлт авчирсан аргачлалаар хийгдэж байсан тул хэд хэдэн зүрх судасны эмч нар ирж, хагалгааг ажигладаг байлаа. Мэс засал хийгдэж байхад ээж минь санаа зовнин, хүлээлгийн өрөөнд сууж байв. Тэнд өнгөрүүлсэн цаг хугацаа эцэс төгсгөлгүй мэт санагдаж байлаа.

Мэс засал тун амжилттай болсон талаар сонсоод бид маш их баярлаж хөөрөв. Мэс засалчдыг хагалгааны өрөөнөөс гармагц нэг мэс засалч бусдаасаа холдон, хүлээлгийн өрөө рүү ирж яваа харагдлаа. Тэрээр хагалгааг удирдан явуулахаар Уругвайд ирсэн зочин мэс засалч байсан юм.

Тэр ээж рүү маань дөхөж ирэн, зогсоод, түүний мөрөн дээр бат итгэлтэйгээр хүрч, нүд рүү нь хараад, “Бүх зүйл сайхан болно оо” гэж хэлсэн юм.

Тэрхүү мэс засалчийн зөв байсан. Аав маань тэр явдлаас хойш 24 жил насалж, одоо хүртэл энх тунх байгаа бөгөөд Их Эзэнд эцсийн өдөр хүртлээ бүх зүрх сэтгэлээрээ үйлчилж байна.

Сүмийн саяхны чуулганы үеэр ээж минь олон жилийн өмнө тэр хүн өөр дээр нь ирсэн үйл явдлыг санасан юм. Үнэндээ, тэрхүү зочин мэс засалч болох Рассэлл М.Нэлсоныг гэгээнтнүүдэд ярих бүрд ээж минь тэр үйл явдлыг санадаг билээ.

Их Эзэний бошиглогч бүр өөр өөр замаар бидэнд онцгой байдаг. Зарим нь биднийг залуу байхад Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн учир онцгой байдаг. Зарим нь биднийг баптисм хүртэх үед ерөнхийлөгч байсан тул бусдаас онцгой байдаг. Харин эмнэлгийн чухал арга техник бүр өвчтөнд төдийгүй түүний ойр дотнын хүмүүст ч хамаатай гэдгийг тэр мэддэг тул ээжийн маань хувьд болон миний хувьд ерөнхийлөгч Нэлсон онцгой хүн юм. Хайртай хүнийх нь эрүүл мэнд, амь насанд аюул учрах үед гэр бүлийн гишүүдэд урам зориг, хүч чадал, тайтгарлын үгс хэрэгтэй гэдгийг тэр мэддэг.

Олон жилийн өмнө Уругвайд хэлсэн ерөнхийлөгч Нэлсоны тайтгаруулах үгсэд болон амьдралынхаа турш Тэнгэрлэг Эцэгт, Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд үйлчилсэн түүний үйлчлэлд бид үргэлж талархах болно.