“Христийн үлгэр жишээг дагах нь: Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах,” Лиахона, 2023 оны 3-р сар.
Христийн үлгэр жишээг дагах нь: Тусламж хэрэгтэй хүмүүсийг харж халамжлах
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс эхлээд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх гэх зэрэг хөршүүддээ хайраа харуулах олон арга зам бий.
Есүс Христийн дагагчдын хувьд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд Бурханаа хайрла, хөршөө хайрла хэмээх хоёр агуу тушаалын дагуу амьдрахыг хичээдэг (Матай 22:37–39-ийг үзнэ үү). Эдгээр хоёр зарлигийг болон Есүс Христийн үлгэр жишээг дагах нь Сүмийг төдийгүй гишүүдийг нь тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахад чиглүүлдэг.
Тэгэхээр Сүм тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлахад хэрхэн тусалдаг вэ? Гишүүд хэрхэн энэхүү агуу ажилд оролцдог вэ?
Туслах арга замууд
Сүмийн гишүүд бид тусламж хэрэгтэй хүмүүсийг хайж, арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээс нь үл хамааран Бурханы бүх хүүхдэд туслахыг хичээдэг.
Бид тусламж хэрэгтэй хүмүүст олон талаар санаа тавьдаг. Тухайлбал:
-
Мацаг барьж, мацгийн өргөлийг ашиглах
-
Нэг нэгэндээ тохинуулах
-
Бие даах чадварын хөтөлбөрүүд
-
Дэлхий нийтийг хамарсан хоол хүнс, боловсрол, цэвэр ус, эрүүл мэндийн хөтөлбөрүүд
-
Яаралтай тусламж
-
Нийгэмдээ хэрэгжүүлэх сайн дурын төслүүд ордог.
Сүмийн хүмүүнлэгийн зарим хүчин чармайлт өргөн цар хүрээтэй боловч бага хүчин чармайлт ч мөн томоохон нөлөө үзүүлж чадна. Сүмийн гишүүд тусламж хэрэгтэй хүмүүст хэрхэн тусалдаг тухай зарим жишээг доор өгүүлье.
Зөрчилдөөний дунд тохинуулах
Польшийн Варшав хотын Сүмийн гишүүд болох Рэй Анн, Стэрлинг Жарвис нар дүрвэгчдийг гэртээ хүлээн авахыг сонгох үедээ ямар зүйл тохиохыг мэдэхгүй байв. Гэхдээ тэд чадах бүхнээрээ туслахад бэлэн байлаа.
Европт мөргөлдөөн эхэлсний дараахан таван ам бүлтэй украйн гэр бүл шөнийн 1 цагт тэдний үүдэнд иржээ. Тэд аюулгүй газар олохын тулд бараг 500 миль буюу 800 км замыг туулсан байлаа. Жарвисын гэр бүлийнхэн Марина, Сэрхий Бовт нарыг гурван хүүхдийнх нь хамт гэртээ хүлээж авсан юм. Цаг хугацаа өнгөрөхөд тэд Бовтын гэр бүлд жинхэнэ хайр, анхаарал халамж үзүүлжээ. Марина “Хайрыг хуваалцах үед энэ нь улам өсдөг. Энэ нь биднийг бие биетэйгээ болон Их Эзэнтэй ойртуулдаг” хэмээн үйлчлэлийн талаарх Жарвисын үлгэр жишээг өгүүлсэн.
Сүмийн гишүүд бид эргэн тойрныхоо хүмүүст үйлчилж, Аврагчийн үлгэр жишээг дагахыг хичээдэг. Зөвхөн дайн, хавчлага дарамтаас зугтсан хүмүүст тусламж хэрэгтэй байх албагүй. Бидний гаргаж буй эелдэг сэтгэлийн үйлдэл бүр хэн нэгний амьдралд бага ч атугай сайнаар нөлөөлж чадна.
Бусадтай хуваалцдаг нэгдмэл хүмүүс
Сүмийн эзэмшдэг Хавайн Лаиэ дахь тариалангийн аж ахуйд 310 гаруй гэр бүл өрхөө тэжээхийн тулд тариалан эрхэлдэг. Эдгээр гэр бүл 0.5 га талбайд таро, тапиока, амтат төмс, талхан жимс, гуава болон арлын бусад үр тариаг тарьдаг.
Аж ахуйг номлогч эхнэр, нөхөр хоёр удирддаг бөгөөд бусад номлогч, гишүүдээс дэмжлэг авдаг. Эдгээр сайн дурынхан газраа цэвэрлэх, хөрсөө тариалалтад бэлтгэх болон газар тариалангийн анхан шатны мэдлэг олгоход тусалдаг.
Эдгээр номлогч, гишүүн, сайн дурын ажилтны ачаар Хавайд хоол хүнс хэрэгтэй байгаа олон хүн ажлын байр хомс байгаа цаг үед өөрсдийгөө тэжээх чадвартай байдаг. Хүмүүс хамтдаа аж ахуйгаа арчлан тордож, тарьж ургуулсан зүйлээ хуваалцахад хамт олон илүү хүчирхэгждэг юм.
Сүмийн хүмүүнлэгийн төслүүд дэлхий даяарх сая сая хүнд хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр ус, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд тусалдаг. Түүнчлэн Сүм бишопын агуулах, хөдөлмөр эрхлэлтийн төв, Deseret Industries stores (Дэзэрэт Индастрийс дэлгүүр), Гэр бүлийн үйлчилгээний зөвлөгөө, бие даах чадварыг хөгжүүлэх хөтөлбөрүүд, Хавайн Лаиэ тариалангийн аж ахуй зэрэг Сүмийн эзэмшлийн аж ахуйнууд болон жимсний цэцэрлэгүүд бие даах чадварыг нэмэгдүүлэх олон эх сурвалжийг санал болгодог. Эдгээр төсөлд ихэвчлэн гишүүд, номлогчид тусалдаг бөгөөд тэдний цаг зав, авьяас чадвар, бусад нөөцийг харамгүй хандивласнаар тусламж хэрэгтэй хүмүүст асар их өөрчлөлт авчирдаг юм.
Нөхөрлөлийн үйлдэл
2021 онд Сүмийн 200 орчим гишүүн тусламж хүссэн дуудлагад хариулжээ. Тэд Афганистанаас ирсэн 55000 орчим дүрвэгчийг албан ёсны харьяалалтай болгоход туслахын тулд Герман, АНУ, бусад газрын төвүүдэд очсон байна.
Олон сайн дурын хүн эдгээр төвд хоёр, гурван долоо хоногоор үйлчилсэн бөгөөд зарим нь илүү удаан үйлчилжээ. Сүмийн гишүүд хоргодох газар хайж буй хүмүүсийн яаралтай хэрэгцээг хоол хүнс, хувцас, бусад хэрэгслээр хангадаг байв.
Германы Халамжийн нийгэмлэгийн эгч нар зарим афган эмэгтэйг онгоцны буудал дээрх эмх замбараагүй байдлаас болж гээж, хаягдсан уламжлалт толгойн алчуурынхаа оронд нөхрийнхөө цамцаар толгойгоо халхалж байгааг анзаарчээ. Халамжийн нийгэмлэгийн эдгээр эгч итгэл үнэмшлийн ялгаагаа хойш тавьж, бусдад эелдэг, хүндэтгэлтэй хандан, тусламж хэрэгтэй байгаа эмэгтэйчүүдэд зориулан лалын шашны уламжлалт хувцас оёхоор цугларсан юм.
Хожмын Үеийн Гэгээнтний Энэрлийн байгууллагын захирал Юбанк эгч “Хувь хүнээс гардаг хүчин чармайлт нь мөнгө өгөх эсвэл алс хол явахыг шаарддаггүй; харин Ариун Сүнсний чиглүүлгийг болоод Их Эзэнд “Би энд байна, намайг явуулаач” [Исаиа 6:8] гэж хэлэх эрмэлзэгч сэтгэлтэй байхыг шаарддаг”1 гэж хэлсэн.
Гамшиг тохиолдсон үед үйлчлэх хүсэл нь Сүм яагаад түр зуурын тусламж, урт хугацааны тусламжийн аль алинд хариу арга хэмжээ үзүүлдэг хамгийн эхний байгууллагын нэг байдгийг харуулж байна. Сүмийн гишүүд, номлогчдын ажил нь тусламж хэрэгтэй хүмүүст аюулгүй байдлыг мэдэрч, бие махбод, оюун санааны халамжийг хүлээн авч, бусдын нинжин сэтгэлээр дамжуулан Бурханы хайрыг мэдрэхэд тусалдаг.
Ажилд дуудагдсан болой
Сургаал ба Гэрээ 4:3-т “Хэрэв та нар Бурханд үйлчлэх хүсэлтэй аваас та нар уг ажилд дуудагдсан болой” гэж заасан. Сүмийн хийдэг бүх зүйлд үйлчлэх олон арга зам бий.
Тусламж хэрэгтэй хүмүүст туслах Сүмийн зохион байгуулалттай хүчин чармайлтын олон нь зөвхөн номлогчид, гишүүдийн үйлчлэлээр дамжуулан боломжтой байдаг. Хүн бүр дүрвэгчдийн гэр бүлийг хүлээж авах, бусдын бие махбодын хэрэгцээг хангах, гамшгийн үед туслахын тулд бүх зүйлээ орхих боломжгүй. Гэхдээ хүн бүр өөрийн гэсэн үүрэгтэй бөгөөд хүн бүрийн оруулсан хувь нэмэр хэрэгтэй бөгөөд үнэ цэнтэй.
Энэ ажилд оролцох гишүүдийн хамгийн чухал арга замын нэг бол мацаг барих, хүмүүнлэгийн хандив үзүүлэх явдал юм. Эдгээр ариун нандин хандивыг тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах, тусалсан хүмүүсийн амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлэхэд ашигладаг. Сүмийн гишүүд хүмүүнлэгийн номлолд үйлчилж, бие даах чадвар олгох сургалтуудад дэмжлэг үзүүлэх, бишопуудын агуулах, Дэзэрэт Индастрийс дэлгүүрт сайн дурын ажил хийх боломжтой. Та мөн орон нутгийн үйлчлэл, цус хандивлах, тохинуулах томилгоо, залбирал гэх мэтээр дамжуулан тусламж хэрэгтэй байгаа хүмүүст санаа тавьж болно.
Бид бүгд ажилд дуудагдсан болой. Бид Есүс Христийн үлгэр жишээг дагаж, Бурханыг хайрлаж, хөршөө хайрлахад дуудагдсан. Бидэнд зөвхөн хүсэл эрмэлзэлтэй зүрх сэтгэл л хэрэгтэй.