Лиахона
Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн захиас
2024 оны 3-р сар


Орон нутгийн хуудсууд

Азийн хойд бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн захиас

Хүндэт ах эгч нар аа,

Шинэ оны мэнд хүргэе! Та бүхэнд хайр, халуун дулаан мэнд дэвшүүлье. Азийн хойд бүсээр айлчлах үедээ бид та бүгдтэй хамт бишрэн шүтэх нь завшаантай хэрэг байлаа. Энэ шинэ жил та бүхэн Аврагчийг дагахыг эрмэлзэн, Ариун Сүнсний арвин их нөлөөг таньж, Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүс Христтэй илүү ойртох үедээ илүү их аз жаргалыг мэдрэх болтугай хэмээн бид залбирч байна.

Өнгөрсөн жилийг дурсахад, бид цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулахдаа гайхалтай адислалуудыг харсан билээ. Японы Окинава ариун сүмийг онцгойлон адисалснаар тэнд буй гэгээнтнүүд Окинавагаас өөр тийш явалгүйгээр ариун сүмийн ёслолд оролцох боломжтой болсон нь агуу адислал юм. Манай бүсэд үйл ажиллагаа явуулж буй 6 ариун сүм дээр нэмэгдэн Солонгосын Бусан, Японы Осака, Монголын Улаанбаатар гэх 3 шинэ ариун сүм зарлагдсанд бид үнэхээр баяртай байна. Түүнчлэн бид энэ жил олон газар Өсвөр Үеийнхний Бат Бөх Байдлын Төлөө чуулган, Ганц Бие Залуучуудын чуулгануудыг зохион байгуулж, ирэх саруудад илүү олон бүрэн цагийн номлогч угтан авахаар зэхэж байна.

2024 оны Ирээд, Намайг дага хичээлийн хөтөлбөрөөр бид гэртээ болон сүм дээр Мормоны Номыг судлахад анхаарлаа төвлөрүүлэх болсонд бид ихэд баяртай байна. Сайн мэдээнээс суралцах

бүхий л зорилго нь хөрвөлтөө гүнзгийрүүлж, Есүс Христтэй илүү адил болох явдал юм. Мормоны Номон дээрх Аврагчийн сургаалыг уншиж, энэ талаар залбирч, үүний дагуу амьдарснаар та амьдралдаа Аврагчийн өөрчлөх хүчийг гарцаагүй мэдрэх болно. Та энэхүү хүчийг мөн үүний үр нөлөөг хайртай хүмүүстэйгээ хуваалцах урам зоригийг авна гэж бид найдаж байна.

Энэ жил Мормоны Номонд төвлөрөх сайхан завшааныг ашиглан Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн зүгээс бид та бүхнийг сэтгэгдэл, туршлагаа хайртай хүмүүстэйгээ хуваалцаасай хэмээн хүсэж байна. Таныг тайвшруулсан шүлгүүдийг эсвээс хувийн буюу бодгалийн асуултуудад хариулт олж авч, ойлгосон зүйлээ хуваалцах зэргээр эдгээр шүлгийг уншиж, тэдэнтэй ярилцах цаг гаргана уу. Аврагч, Түүний хайрын талаар гэрчлэлээ хуваалцаж, Түүнийг хэрхэн олж мэдсэнээ ярьж, Мормоны Номын сургаалууд таны амьдралтай хэрхэн холбогдож буйг тайлбарлаарай. Ингэснээр та Ариун Сүнсээр хөтлөгдөн, Мормоны Ном бол “хөрвөлтийн хамгийн хүчирхэг эх сурвалж” гэдгийг ойлгох болно хэмээн бид амлаж байна.

Иосеф Смит “ямар ч номоос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” хэмээн мэдэгдэж, Мормоны Номыг “энэ дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь” хэмээн тунхагласан. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон үүнийг тодотгон, “Бурханы хүүхдийг Түүний талаар болон Түүний Хайрт Хүүгийнх нь талаар илүү ихийг мэдэхийг эрэлхийлэх үед гайхамшигтай зүйл тохиолддог. Мормоны Номоос өөр хаана ч эдгээр үнэнийг илүү тодорхой, илүү хүчтэй заадаггүй. . . . Би Мормоны Номын тухай бодох үедээ хүч гэдэг үгийн талаар боддог. Мормоны Номон дахь үнэнд бидний бодгалиудыг эдгээх, тайвшруулах, сэргээн босгох, туслах, хүчирхэгжүүлэх, сэтгэл засах, урам зориг өгөх хүч бий” хэмээн онцолсон.

Мормоны Ном нь Аврагч Есүс Христийн сургаалыг агуулдаг. Та бүхэн баптисм хүртэн, Ариун Сүнсийг хүлээн авахдаа хийсэн гэрээнүүдээ сахихаар чин сэтгэлээсээ хичээвэл Христийн үгс та нарт “та нарын хийвэл зохих бүх зүйлийг” хэлэх болно хэмээх хүчирхэг амлалтыг Их Эзэн өгсөн. Амьдралыг Мормоны Номтой туулах үед Ариун Сүнс таныг хөтөлж, ерөнхийлөгч Нэлсоны саяхан биднийг урамшуулж хэлсэн үгийн адилаар “Селестиел ухаанаар бодоход” мөн тэнгэрлэг гэртээ эргэн очих аян замдаа өнөөдөр аз жаргалыг олоход туслах болно.

2023 онд “Миний сайн мэдээг номло” гарын авлагын хоёр дахь хэвлэл япон, солонгос, монгол хэлээр орчуулагдан, дижитал хэлбэрээр дэлхий даяар тараагдсан ба удахгүй хэвлэмэл хэлбэрээр гарна. Энэхүү шинэ хэвлэл гишүүн бүр номлогч гэдэгт илүү төвлөрсөн байсан нь илт байв. Ерөнхийлөгч Өүкс таныг “сэргээгдсэн сайн мэдээг заахдаа эхлээд үүнийг өөрсдийн амьдралд хэрэгжүүлж, дараа нь зааж байгаа хүмүүстэйгээ хуваалцах замаар Мормоны Номын хүчийг өөрсдийн нэгэн хэсэг болгосон бай”-гаасай хэмээн хүссэн. Тиймээс та бүхэн Нифайн нэгдүгээр номоос эхлэн, Нифай, түүний гэр бүлийн амлагдсан нутаг руу хийсэн аяллын талаар эргэцүүлэн бодох үедээ тэдний аяллыг өөрийнхтэйгөө адилтган, энэ нь танд “эрдэм болон тус” байж болохын тулд тэдний сурсан зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлээрэй. Лихай зүүдэндээ Бурханы хайрыг гэр бүлийнхэндээ хуваалцсаны адилаар та ч мөн Бурханы бялхам хайрыг мэдэрч мөн үүнийг хайртай хүмүүстэйгээ хуваалцах болтугай. Тэднийг таны ярьсан “үгсийг туршин” мөн “нөлөөлөх хүчийг сорих” үед та тэдний өсөн нэмэгдэх итгэлийн гэрч болж, энэ нь “агуу эрхэм чухал” гэдгийг мэдсэндээ тэд үүрд талархалтай байх болно.

Төгсгөлд нь бид Рассэлл М.Нэлсон ерөнхийлөгчийн Мормоны Номын талаар хэлсэн хүчирхэг амлалтыг давтъя:

“Хайрт ах, эгч нар аа, та нар өдөр бүр Мормоны Номыг залбирч судалбал өдөр бүр илүү сайн шийдвэр гаргадаг болно гэдгийг би амлаж байна. Та нарыг судалж байгаа зүйлийнхээ талаар эргэцүүлэн бодох үед тэнгэрийн цонх нээгдэн, та нар асуултуудынхаа хариултыг болон хувийнхаа амьдралд удирдамж хүлээн авах болно гэдгийг амлая. Та нар өдөр болгон Мормоны Номонд өөрсдийгөө эзэмдүүлбэл порнограф болон биднийг хэврэг болгох өөр бусад донтолтын салдаггүй тахлын эсрэг мөн тухайн өдрийн хилэнцийн эсрэг дархлаатай болох боломжтой гэдгийг би амлаж байна.”

Бид та нарт хайртай. 2024 онд та бүгдийн цуглаануудад айлчлах үедээ мөн ариун сүмүүдэд бид та нартай уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

Хүндэтгэн талархсан,

Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл

Эх сурвалж

  1. “Хөрвүүлэгдэх нь бидний зорилго
    Сайн мэдээнээс суралцаж, заах бүхий л зорилго нь Есүс Христэд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлж, Түүнтэй илүү адилхан болоход бидэнд туслах явдал юм. Иймээс бид сайн мэдээнээс суралцахдаа шинэ мэдээлэл хайхын зэрэгцээ “шинэ бүтээл” болохыг эрмэлздэг (2 Коринт 5:17-г үзнэ үү). Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд зүрх сэтгэл, хандлага, үйлдэл, мөн чанараа өөрчлөхөд тусална гэдэгт найдна гэсэн үг юм.” (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021, Оршил материал, хөрвүүлэгдэх нь бидний зорилго).

  2. “Мормоны Ном бол зөвхөн эртний америкчуудын соёл иргэншлийн түүх биш юм. Энэ ном нь ‘Есүс бол Христ’ (Мормоны Номын эхний хуудас) бөгөөд Бурхан Өөрөө энэ ном хэрхэн бичигдэж, хадгалагдаж ирснийг мөн хэрхэн бидэнд боломжтой болсныг харуулсан гэдгийг бүх хүмүүнд ойлгуулахыг эрэлхийлдэг. Энэ жил та Мормоны Номоос уншиж, энэ талаар залбирч мөн сургаалуудыг нь амьдралдаа хэрэгжүүлснээр Аврагчийн хүчийг амьдралдаа урих болно.” (Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд: Мормоны Ном 2024, 1-р сарын 1-7: Есүс Христийн бас нэгэн гэрээ).

  3. “Мормоны Ном бодгалийн асуултуудыг авч үздэг
    Сүнсний удирдамжаар Мормоны Номыг унших нь хүмүүст хувийн асуултууддаа буюу бодгалийн асуултуудын хариултыг эсвэл тэдгээрийн талаарх ойлголтыг олж авахад тусалдаг. Мормоны Ном дахь сургаалууд амьдралын асуултуудыг хэрхэн авч үздэгийг олж харахад нь хүмүүст тусал.” (Миний сайн мэдээг номло, 5-р бүлэг, хуудас 117).

  4. “Мормоны Номыг хүмүүстэй хамт уншихдаа өөрийн мэдэрсэн сүнслэг хүчний тухай гэрчлэлээ хуваалц. Уг номын Есүс Христ, Түүний Цагаатгалын тухай гэрчийн ач холбогдлыг онцлон тэмдэглэ. Хүмүүст Аврагчийн хайрыг мэдрэхэд туслах судрын хэсгүүдийг хуваалц. Уг номын хуудаснуудаар дамжуулан Аврагчийг хэрхэн илүү сайн таньж болохыг олж мэдэхэд тэдэнд тусал. Хүмүүсийг дэмжиж, хүчирхэгжүүлэх судрын хэсгүүдийг унш. Тэдний хэрэгцээнд анхаарлаа төвлөрүүл. Мормоны Номын сургаалууд бидний өнөөгийн амьдралд хэрхэн хамаатай болох талаарх жишээнүүдийг хуваалц.” (Миний сайн мэдээг хуваалц, 5-р бүлэг, хуудас 120 (тодотгол нэмсэн)).

  5. Мормоны Ном Сүнстэй нэгдсэнээр хөрвөлтийн хамгийн хүчирхэг эх сурвалж тань байх болно. (Миний сайн мэдээг номло, 5-р бүлэг, хуудас 113).

  6. Бошиглогч Иосеф Смит: “Би ах нарт хэлсэнчлэн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номоос хамгийн зөв нь мөн манай шашны тулгуурын чулуу, түүнчлэн бусад ямар ч номоос илүүгээр, үүний зааврыг мөрдсөнөөр хүмүүн Бурханд илүү ойртох болой” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 64) гэжээ.

  7. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?”, 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  8. 2 Нифай 32:3.

  9. “Селестиел ухаанаар бодогтун!”, Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, 2023 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

  10. President Dallin H. Oaks, “Counsel for Mission Leaders,” (seminar for new mission leaders, June 25, 2022).

  11. 1 Нифай 19:23.

  12. 1 Нифай 8:12. “Мөн би түүний жимснээс хүртэхийн сацуу энэ нь миний сэтгэлийг үлэмж агуу баяраар дүүргэв; иймийн тул, гэр бүлийнхэн маань үүнээс түүнчлэн хүртээсэй хэмээн би хүсэж эхлэв; би энэ нь бүхий л жимснээс дээгүүр дур булаам болохыг бибээр мэдсэний учир буюу.”

  13. 1 Нифай 5:21. Их Эзэн Лихайд болон Нифайд олохыг зарлигласан тэдгээр цэдэг “хүсүүштэй” мөн “агуу эрхэм чухал” байсан; Алма 31:5 үгийн “нөлөөлөх хүчийг сорих”; Алма 32:27 “үгсийг туршин” гэснийг үзнэ үү.

  14. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Мормоны Ном: Үүнгүйгээр таны амьдрал ямар байх байсан бэ?”, 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган.

Хэвлэх