Лиахона
Христийн амилсан тухай бошиглогч, төлөөлөгчид юу өгүүлэв
2024 оны 3-р сар


Орон нутгийн хуудсууд

Христийн амилсан тухай бошиглогч, төлөөлөгчид юу өгүүлэв

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари Э.Стивэнсон биднийг Христийн мэндэлсний баярыг Христийн амилсны баяраас хэр ялгаатай тэмдэглэж ирсэн талаар тунгаахад хүргэсэн юм. Тэрээр: “Христийн амилсны баяр бол бидний хамгийн том баяр юм. Христийн мэндэлсний баярыг Библиэс авч хаялаа гэхэд Матай, Лукийн номын эхний хоёр бүлэг л алга болно. Харин Христийн амилсны баярыг авч хаявал Шинэ Гэрээ гэж үлдэхгүй, Христийн шашин ч байхгүй” хэмээн Шинэ Гэрээ судлаач Н.Т.Врайтын үгээс эш татжээ. Христийн амилсны баярын өглөө Булшны цэцэрлэгт тэнгэр элчийн хэлсэн “Тэр амилсан” гэсэн хоёрхон үгээс илүү найдвар, мөнхийн үр дагаврыг хүн төрөлхтөнд өгдөг өөр үгс гэж үгүй. Аврагчийн амилсан түүх болон амилсныхаа дараа Иудейд болон Галилд тохинуулсан түүхийг хадгалан авч үлдсэн Шинэ Гэрээний сударт бид гүнээ талархдаг. Мөн бодит байдал дээр Мормоны Ном нь Христийн амилсны баярын хамгийн агуу түүхийг хуваалцдаг юм. “Босогтун . . . миний мутар дахь мөн хөлөн дэх хадаасны ормуудыг та нар тэмтэрч болохын тулд над дээр нааш ирэгтүн, тиймээс би бол . . . бүх дэлхийн Бурхан, мөн дэлхийнхний нүглүүдийн төлөө егүүтгэгдсэнийг та нар мэдэж болно. Мөнхүү . . . цугласан олон урагшилж, . . . нэг нэгээрээ . . . нүдээрээ үзэж мөн гараараа тэмтэрч, . . . тэр нь мөн болохыг . . . гэрчлэв. Мөн . . . тэд нэгэн дуугаар хашгирч хэлсэн нь: Хосанна! Бүхний Дээд Бурханы нэр алдаршиг! Мөн тэд Есүсийн хөлд доош унаж, мөн түүнийг шүтэн бишрэв”(3 Нифай 11:1–17).

Ариун сүмд нифайчууд амилсан Их Эзэний мутарт үнэхээр хүрсэн гээд төсөөл дөө!

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Рэйна И.Абурто эгчБулшинд ялалт гэж үгүй” хэмээх захиастаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн “Хэдэн настай байснаас үл хамааран бид хайртай хүмүүсээ алдсандаа гашууддаг. Гашуудах нь цэвэр хайрын гүн гүнзгий илрэлүүдийн нэг. …Үүнээс гадна, бид насан өөд болсон тэдэнтэйгээ одоо нулимс дуслуулан салалгүйгээр, хожим нь бүрэн баяр хөөртэй эргэн уулзаж чадахгүй. Үхлээс гашуудлыг салгах цорын ганц арга зам бол амьдралаас хайрыг мөн адил авч хаях явдал юм” гэснийг эш татаад, өөрийн түүхийг хуваалцсан юм. “Би 9 настай байхдаа аймшигт газар хөдлөлтийн үеэр ахыгаа алдсан. Энэ бүхэн гэнэт болсон тул энэ явдлын бодит байдлыг ойлгоход надад цаг хугацаа хэрэгтэй байлаа. Би уй гашууд автаж, “Ахад минь юу тохиолдов? Тэр хаана байгаа вэ? Тэр хаашаа явсан бэ? Би түүнтэй дахин уулзах болов уу?” гэж өөрөөсөө асуудаг байсан. Би тэр үед Бурханы авралын төлөвлөгөөний талаар хараахан мэдээгүй байсан юм. Би бид хаанаас ирсэн, бидний амьдралын зорилго юу болох, нас барсны дараа бидэнд юу тохиолдох зэргийг мэдэж авахыг хүсэж байв. Хайртай хүнээ алдах юм уу амьдралдаа хэцүү зүйлстэй тулгарах үед бид бүгдэд ийм хүсэл төрдөггүй гэж үү? Хэдэн жилийн дараа би ахынхаа талаар маш бодитойгоор бодож эхэлсэн. Би түүнийг хаалгыг маань тогшиж байгаагаар төсөөлдөг байв. Намайг хаалгаа онгойлгоход тэр тэнд зогсоод, надад “Би үхээгүй. Би амьд. Би чам дээр очиж чадахгүй байсан, гэхдээ одоо би чамтай хамт байна, дахин хэзээ ч орхиж явахгүй” гэдэг байлаа. Энэ зүүд мэт төсөөлөл түүнийг алдсан шаналлаа даван туулахад надад тусалдаг байв. Тэр надтай хамт байна гэсэн бодол надад дахин дахин төрдөг байж билээ. Заримдаа би түүнийг хаалга тогшоод ороод ирэх байх гэж найдан, хаалгаа ширтэн суудагсан. 40-өөд жилийн дараа, Христийн амилсны баярын үеэр би Есүс Христийн Амилалтын талаар тунгаан бодож байхдаа ахынхаа тухай бодож эхлэв. Тэр үед миний толгойд нэг бодол зурсхийн орж ирлээ. Би түүнийг над дээр ирж байгаагаар төсөөлдөг байснаа санав. Тэр өдөр би хүнд хэцүү үед Сүнс намайг тайтгаруулж байсныг ойлгосон. Ахын минь сүнс үхээгүй, тэр амьд гэсэн гэрчлэлийг би хүлээн авсан байсан. Тэр одоо ч гэсэн мөнх оршихуйдаа өсөж хөгжсөөр байгаа. Есүс Христийн Амилалтын ачаар бид бүгдийг амилуулах тэр гайхамшигт мөчид “ах [минь] амилна” гэдгийг би одоо мэднэ.”

Хэрвээ бид Их Эзэнтэй ариун нандин гэрээнүүд байгуулж, тэдгээрийг сахихыг сонгох аваас Тэрээр бид бүхэнд гэр бүлээрээ дахин нэгдэж, Бурханы дэргэд мөнхийн баяр баясгалантай байх боломжийг олгосон.

Эх сурвалж

  1. Гари Э.Стивэнсон, “Христийн амилсны баярын хамгийн агуу түүх,” Лиахона, 2023 оны 5-р сар

  2. Рэйна И.Абурто,Булшинд ялалт гэж үгүй,” Лиахона, 2021 оны 5-р сар.

Хэвлэх