Лиахона
Монголын Улаанбаатар хотод ариун сүм баригдахаар боллоо
2024 оны 3-р сар


Орон нутгийн хуудсууд

Монголын Улаанбаатар хотод ариун сүм баригдахаар боллоо

2023 оны 10-р сарын Ерөнхий чуулганы ням гаргийн үдээс хойших хуралдааны төгсгөлд ЕХХҮГС-ийн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон шинээр баригдах ариун сүмүүдийг зарлах үеэрээ Монголын Улаанбаатар хотод ариун сүм баригдана гэж зарласан нь Монголын нийт Сүмийн гишүүдийн төдийгүй Монголд үйлчилж байсан, одоо үйлчилж байгаа үе үеийн номлолын ерөнхийлөгчид, ахмад болон залуу номлогчид, Монгол орныг мэддэг, хайрладаг бүх хүний сэтгэлийг хөдөлгөж, онцгой баяр хөөрт автуулав.

1993 онд Монгол улсад сэргээгдсэн сайн мэдээ түгж эхэлснээс хойш Улаанбаатар хотын 7 дүүрэг, 5 аймагт Сүмийн нэгжүүд байгуулагдаж, Монголын Сүм эдүгээ 30 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Маш олон гэгээнтэн ах, эгчийн итгэл, олон жилийн залбирсан, мацаг барьсан, уйгагүй хичээж зүтгэсний үр дүнд ийнхүү ариун сүм Монгол оронд баригдахаар боллоо.

Бошиглогч Рассэлл М.Нэлсон: “Их Эзэний өргөөнд орох зохистой байхын тулд хувь хүн сүнслэг байдлын хувьд сайтар бэлтгэгдсэн байх ёстой. . . . Зарим талаараа ариун сүм барих нь ариун сүмд орох хүмүүсийг бэлтгэхээс илүү амархан байдаг” гэж хэлжээ.

Монголд ариун сүм баригдах болсон сайхан мэдээг хүлээн авсан гэгээнтнүүд бие биетэйгээ сайхан мэдээгээ тасралтгүй хуваалцахын зэрэгцээ хувь хүн бүр бэлтгэлтэй байхын чухлыг ухамсарлаж, олон нийтийн сүлжээгээр Монгол Улаанбаатар ариун сүмд үйлчлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэн, нэг нэгнээ уриалж байлаа. Үүнтэй зэрэгцэн удирдагчид маань ариун сүмд үйлчлэхэд бэлэн байхын тулд гишүүн бүр ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй болох, гэр бүлийн түүхийн ажлаа хийж, угийн бичгээ хөтлөх, гэр бүлээрээ ариун сүмд холбогдох зорилт тавих, сайн мэдээг эргэн тойрныхонтойгоо хуваалцах ёстой талаар зааж байв.

УББГ-ны ерөнхийлөгч Г.Ганбат: “Ариун сүмийн адислалууд зөвхөн баригдсаны дараа биш, зарлагдсан мөчөөс эхэлж бидний амьдралыг агуу ихээр адисална гэдэгт би итгэж байна” гээд, гишүүдийг 10-р сарын 8-нд Монгол орон даяарх онцгой талархлын мацаг барихад нэгдэхэд уриалсан юм.

“Тэд Их Эзэн Бурхандаа талархал мэдүүлэв; тийм ээ, тэд ихэд мацаг барьж мөн ихэд залбирч, мөн үлэмж агуу баяраар тэд Бурханаа шүтэн бишрэв” (Алма 45:1).

Түүнчлэн тухайн өдрийн орой УББГ-ны байранд “Монгол Улаанбаатар ариун сүм” гэсэн онцгой галын дэргэдэх болж, орон нутгийн болон дэлхийн бусад оронд байгаа гишүүд бас онлайнаар оролцон, баяр хөөр, гэрчлэл, сэтгэгдлээ хуваалцав. УБЗГ-ны Сүхбаатар тойргийн гишүүн Б.Батзоригт ах: “Ази тивийн зүүн хойд хэсэгт ариун сүм байдаггүй тул Монголд зарлагдаж буй ариун сүм маш ач холбогдол бүхий ариун сүм байх болов уу. Тиймээс онцгой анхаарч, харьцангуй богино хугацаанд баригдах болов уу” гэж найдаж байгаагаа илэрхийлсэн бол Монгол Улаанбаатар Номлолын ерөнхийлөгч Н.Надмид: “Зарим ариун сүм зарлагдаад 3 жилийн дотор баригдан үйл ажиллагаагаа эхэлж байхад зарим ариун сүм арван хэдэн жил баригдаж үйл ажиллагаагаа эхлэх нь бий. Тиймээс Монголд ариун сүм хурдан баригдаж үйл ажиллагаагаа эхлээсэй гэж хүсэж байгаа бол одоо байгаа гишүүдийн итгэл энд маш чухал үүрэгтэй” гэж онцлов.

Монголд ариун сүм баригдах болсон энэ үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Юта мужид амьдардаг монгол гишүүд анх удаа маш олуулаа хамтдаа ариун сүмд орж, энэ түүхэн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүлжээ.

Түүнчлэн Монголын Сүмийн тойрог, салбаруудад ариун сүм, гэр бүлийн түүхийн зөвлөхүүд илүү нэмж дуудагдан, гишүүдийн угийн бичгээ хөтлөх хүсэл эрчимжиж эхэлсэн ба 2023 оны 11-р сарын 14-нд “Үл тасрах хэлхээ-Удмын бичиг” нээлттэй хаалганы өдөрлөг болж, 450 гаруй хүн оролцлоо.

Ариун сүм бол Сүмийн гишүүдийн хувьд гэр бүлтэйгээ мөнхөд холбогдох, сайн мэдээний ариун нандин ёслолуудыг гүйцэтгэх, Тэнгэрлэг Эцэгтэй болон Есүс Христтэй илүү ойртох, амар амгалан, илчлэлт хүлээн авах, түүнчлэн гэр бүлийн харилцаа бэхжих, амьдралын сорилтуудын талаар удирдамж эрэлхийлэх газар юм.

Ийнхүү Монгол улсад ариун сүм баригдах болсныг зарласнаар, 30 жилийн өмнө ахлагч Максвэллын Монгол орныг онцгойлон адисалж хэлсэн “Монгол улс бусад улс үндэстний хувьд ГЭРЭЛТ ЦАМХАГ байх болтугай” гэсэн үгс үнэхээр биеллээ олох цаг ойртсоныг мэдрүүлсэн; хүн бүрийг баяр хөөрт автуулсан; гэгээнтнүүдийн итгэл, гэрчлэлийг нэмэгдүүлсэн түүхэн үйл явдал болж өнгөрлөө.

Хэвлэх