Лиахона
Шинэ гишүүний гэрчлэл
2024 оны 3-р сар


Орон нутгийн хуудсууд

Шинэ гишүүний гэрчлэл

“Би багаасаа сайн хүн болно доо гэж бодож, хүсдэг байлаа. Сайн хүн байхыг бусдад тусалдаг, муухай зан авиргүй, архи уудаггүй, тамхи татдаггүй байх ёстой гэж төсөөлж байв. Гэвч том болох тусам би өөрийнхөө төлөө л болж байвал бусад нь хамаагүй гэсэн аминч үзэлтэй хүн болов. Гэрлэж, хүний хань, хүүхдийн эцэг болж, аминч зан маань багассан ч хэвээр байсан бөгөөд би гэр бүлд маань тохиолдох шийдвэрлэхэд хэцүү том асуудлуудад хариулт хайж, илүү хүчтэй ямар нэг далдын хүчнийг буюу бурханыг эрэлхийлэх болсон юм.

Нийгэмд шударга бус зүйл зөндөө л тохиолдоно. Нэг л мэдэхэд би шударга байж болохгүй, эв зүйг нь олж, сохрын газар сохор, доголонгийн газар доголон явж байж, өөрөөр хэлбэл, адилхан тэмцэлдэж байж л амжилттай явна гэсэн үзэлтэй, хатуу сэтгэлтэй, барагтай зүйлд сэтгэл хөдөлдөггүй, бусдад болон өөртөө итгэлгүй нэгэн болсон байлаа. Бухимдах, уйлах, гомдох үедээ бурхан гэж байдаг юм бол яагаад намайг ингэж амьдруулж байгаа юм бэ, ингэж байхаар үхсэн ч яахав гэж үе үе амиа хорлох тухай хүртэл бодох болсон байв.

Улаанбаатарт түр ажиллаж амьдрахдаа би анх Сүмийн тухай мэдэж авсан юм. Гэвч би Сүмээс надад юу өгөх бол гэсэн бодолтой л хандаж байснаас биш, Бурханы тухай болон Сүмийн талаар нэг их ойшоож үзсэнгүй. Дараа нь Дорноговь аймгийн Сайншанд хотод гэр бүлээрээ нүүн ирж, жижигхэн хүнсний дэлгүүр нээгээд, эхнэртэйгээ хамт ажиллаж эхэллээ. Завгүй өдрүүд үргэлжилж байсан ч би ганцаардаж, бачуурч, энэ байдлаа мартах гэж оройдоо уусаар архинд орох тун дөхсөн юм. Ингэж болохгүйгээ мэдэж байгаа ч уухгүй байж чаддаггүй байв. Нэгэн орой дэлгүүрээ хаагаад, зуршил ёсоороо хэдэн шил шар айраг аваад, зурагт үзэхээр суув. Үзэх зүйл олдохгүй, хий дэмий баахан суваг гүйлгэж байгаад, зурагтаа унтраан, дээш гөлрөн хэвтэж, дараа нь унтаж байгаа бага охиноо харлаа. Гэр бүлээ амгалан тайван байхыг харахад сайхан байлаа. Тэднийгээ яаж байнга ийм сайхан байлгах вэ, цаашид юу хийх вэ гэсэн бодол хөвөрч, ямар нэг юманд чин сэтгэлээсээ итгэх хэрэгтэйгээ тэр үед би ойлгосон.

Хэд хоногийн дараа би ойр орчмын хоёр ч Христийн сүмд очиж үзлээ; аймгийн Гэндэнравжаалин хийдээр ч очлоо; Исламын шашинтай гэх нэгэн танил казак ахтайгаа ч уулзлаа. Тун эвсэг харагдаад байдаг болохоор нь бүр Монгол Ардын Намын байранд очиж, намын гишүүн болохоор ч асууж үзлээ. Очсон газрууд маань бүгд л өөрсдийн сайн сайхныг сурталчилж, надад элгэмсгээр хандаж байсан ч нэг л сэтгэл дундуур санагдаад байв.

Нэгэн намрын орой дэлгүүртээ завгүйхэн байж байтал бидэнд их тусалдаг сайн эгч минь хөөрхөн, өндөр, шонхор хоёр хүүг дагуулан орж ирсэн юм. Ингээд тэдний уулзах хүсэлтийг ямар ч эргэлзээгүйгээр хүлээн авч, Бурханы хичээлийг заалгаж эхэлсэн.

Ийнхүү би нэгэн хичээлийн дараа хоёр номлогчоо гаргаж өгчхөөд, дэлгүүрийн арын өрөөндөө ганцаар өвдөглөн суун залбирч байхдаа, нас барсан өвөө эмээгийнхээ захиж хэлдэг байсан сайн хүн болоорой гэх үгсийг дахин сонсох шиг болж, хөдөөгийн сайхан нутагт хонь малын дуунаар тэдэнтэйгээ уулзсан мэт баяр хөөртэй мэдрэмж төрөн, сайн хүн болно гэж бодож явсан бага насандаа оччихсон ч юм шиг, өөрийн эрхгүй нулимс дуслуулж билээ. Бурхан надад Ариун Сүнсээр дамжуулан ийм сайхан гэрчлэл өгснийг би сүүлд нь ойлгож ухаарсан. Ийнхүү би шийдвэрээ эргэлт буцалтгүй гаргаж, Сүмийн гишүүн болсон бөгөөд ид шидийн гэмээр үйл явдлууд одоо ч үргэлжилсээр байна. Би өнгөрсөн, одоо, ирээдүйдээ төдийгүй байгаа бүхэндээ талархаж байна” хэмээн Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багийн иргэн Миеэбатын Бат-Эрдэнийн Энх-Амгалан хүүрнэсэн юм.

Хэвлэх