8: Би цагийг хэрхэн ухаалгаар ашиглах вэ? Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 137–154
“8 Цагийг ухаалгаар ашиглах,” Миний сайн мэдээг номло, 137–154
8
Би цагийг хэрхэн ухаалгаар ашиглах вэ?
Та тодорхой нэг бүсэд Их Эзэний ажлыг хийхээр томилогдсон. Тэрээр танаас үйлчилж буй бүсээ хайрлаж, асар их анхаарал халамж тавин харж хандаасай гэж хүсдэг. Таны зорилго бол бусдыг итгэл, наманчлал, баптисм, гишүүний баталгаагаар дамжуулан, эцсээ хүртэл тэвчсэнээр Түүнд ирэхэд нь тэдэнд туслах явдал юм.
Та өөрийн бүсийг ирэхэд тань байснаас илүү хүчирхэг болгон үлдээхийн тулд чадах бүхнээ хий. Их Эзэний тавьсан шаардлагыг гүйцэлдүүлэхэд тавьсан үр дүнтэй зорилго, анхааралтай гаргасан төлөвлөгөө туслах болно. Та томилогдсон бүсийнхээ хүмүүст анхаарал тавихдаа Түүнд болон номлолынхоо удирдагчдад тайлагнана.
Таны номлогчийн дуудлагын захидалд “Их Эзэн таныг хувийн ажил хэргээ хойш тавьж, Их Эзэнд үйлчлэхээр цаг зав, бүх анхаарлаа зориулах үед Есүс Христийн сайн мэдээний үнэний болон Сэргээлтийн талаарх гэрчлэл, мэдлэгийг тань хөгжүүлэн адислах болно” хэмээсэн байдаг. Олон хүнд сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь зорилго тавих, төлөвлөх, хариуцлагатай байх явдал хэрхэн тусалдгийг олж мэдэхэд энэхүү бүлэг танд тусална.
Хөрвөлтийн үндсэн үзүүлэлтүүд
Олон үүрэг хариуцлагынхаа алиныг нь хамгийн чухал юм бол гэж та бодож байсан байж болох юм. Энэ асуултад хариулахын тулд та зорилгоо ойлгохын зэрэгцээ цагийг үр дүнтэй ашиглах нь уг зорилгод хүрэхэд тань хэрхэн тусалж болохыг мэддэг байх ёстой.
Таны зорилго бол Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэн, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчсэнээр сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь хүмүүст туслах замаар Христэд ирэхэд нь бусдыг урих явдал мөн. Энэ зорилгод анхаарлаа төвлөрүүлэхэд тань туслах үүднээс Сүмийн удирдагчид үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Эдгээр үндсэн үзүүлэлтэд анхаарлаа төвлөрүүлснээр та хүмүүст баптисм хүртэн, гишүүнээр батлуулж, Сүмд идэвхтэй хэвээр үлдэж, эргэж буцалтгүй хөрвөгдөх замд өсөж хөгжихөд нь туслах юм.
Эдгээр үзүүлэлт нь тухайн хүний эргэлт буцалтгүй хөрвөгдөхөөр өсөж хөгжиж байгааг харуулсан үйл явдал, нөхцөл байдлыг харуулдаг. Үндсэн үзүүлэлт бүрийг товч тайлбарлая.
Баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан хүмүүс: Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ёслолуудыг хүлээн авсан хөрвөгч бүр.
Баптисм хүртэх өдрөө товлосон хүмүүс: Тодорхой өдөр баптисм хүртэж, гишүүнээр батлуулахыг хүлээн зөвшөөрсөн хүн бүр.
Ариун ёслолын цуглаанд ирсэн хүмүүс: Ариун ёслолын цуглаанд ирж, хичээл заалгаж байгаа (баптисм хүртээгүй) хүн бүр.
Хичээл заалгаж байгаа шинэ хүмүүс: Хичээл заалгаж, тодорхой цагт эргэж уулзах болсон (баптисм хүртээгүй) хүмүүсийн нийт тоо. Хичээл нь ихэнхдээ залбирал (тохиромжтой гэж үзвэл), хамгийн багадаа сайн мэдээний нэг зарчим эсвэл сэдэв, зохих урилга зэргээс бүрддэг.
Зорилго тавьж, төлөвлөгөө гаргахдаа, гаргаж буй хүч чармайлт тань эдгээр үндсэн үзүүлэлт бүр дэх хүмүүсийн тоог нэмэгдүүлэхэд хэрхэн нэмэр болохыг үнэлж дүгнэ. Таны зорилго бол үндсэн үзүүлэлт бүрийн тоог нэмэгдүүлэх явдал юм.
Гудамжинд хүмүүстэй ярилцах эсвэл хувиараа болон хамтрагчтайгаа суралцах зэргээр үндсэн үзүүлэлтэд тусгагдаагүй олон зүйлийг та хийх болно. Эдгээр чухал үйл ажиллагаа нь нэг эсвэл нэгээс олон үзүүлэлтэд нөлөөлдөг. Жишээ нь, та өөрөө хүчин чармайлт гаргаж олсон хүмүүстээ заах үедээ хичээл заалгаж байгаа хүмүүсийн сандаа шинэ хүн нэмж байна гэсэн үг. Түүнчлэн хувиараа болон хамтрагчтайгаа суралцах цагаа үр дүнтэй өнгөрүүлэх нь таны Сүнсээр заах чадварыг сайжруулж, улмаар зааж байгаа хүмүүсийг тань адисална. Таны олж, заах хүч үндсэн үзүүлэлт бүрд нөлөөлөх болно. Хийж буй бүх зүйл тань эдгээр үзүүлэлт дэх хүмүүсийн тоог нэмэгдүүлж байна уу үгүй юү гэдгийг үнэлж дүгнэ. Номлогчийн үйл ажиллагаа нэг эсвэл илүү олон үндсэн үзүүлэлт дээрх хүмүүсийн тоог нэмэгдүүлэхэд хэрхэн тусалж болохыг та болон таны хамтрагч харж чадахгүй байгаа бол тухайн үйл ажиллагаанд цагаа зарцуулах хэрэгтэй эсэхийг дүгнэх хэрэгтэй.
Бүсийн ном ба төлөвлөх, тайлагнах хэрэгсэл
Амьдарч байсан үедээ баптисм хүртэж, гишүүнээр батлуулан, Сүмийг хүлээн авсан хүмүүсийн талаар Моронай “Тэднийг зөв замд байлгахын тулд, Бурханы сайн үгээр дурсагдан мөн тэжээгдэхийн учир тэдний нэрс тэмдэглэгддэг байв” (Моронай 6:4) хэмээн заасан.
Хичээл заалгаж байгаа хүмүүсийнхээ талаарх чухал мэдээллийг бүртгэхэд туслах арга хэрэгсэл танд өгөгдсөн байгаа. Түүнчлэн эдгээр арга хэрэгсэл нь доорх зурагт үзүүлснээр, хэрэгтэй хүмүүст нь тохирсон мэдээллийг хуваалцах боломжийг танд олгоно. Төлөвлөх хэрэгсэл, э-мэйл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, тэмдэглэл болон өөр харилцах хэрэгсэл дээр мэдээлэл оруулж, хуваалцахаасаа өмнө өөртөө дараах асуултуудыг тавь.
-
Миний тухай ийм мэдээллийг хэн нэгэн бусадтай хуваалцсан бол надад ямар санагдах байсан бэ?
-
Хэрэв би энэ мэдээллийг оруулж, хуваалцах юм бол Сүмийн бодлого ба мэдээллийн нууцлалын талаарх улс орны хуулийг дагаж байна уу?
Маягт бүрийг бөглөж, бүртгэл бүрийг хийхдээ Сүмийн мэдээлэл хадгалах болон орон нутгийнхаа нууцыг хамгаалах журмыг дагана уу.
Ажлаа гүйцэтгэхэд тань хэрэгтэй энэ бүх арга хэрэгсэл болон мэдээлэл бүсийн ном болон Номлогчийн өдрийн төлөвлөгөөнд хадгалагддаг. Зарим номлолд бүсийн ном, төлөвлөгөө хэвлэмэл байдлаар байхад заримд нь цахим хэлбэрээр байдаг. Алийг нь хэрэглэж байгаагаас үл хамааран зорилго тавих, төлөвлөгөө гаргах, мэдээлэл өгөх, хариуцлагатай байх зарчмууд адилхан юм.
Бүсийн ном
Бүсийн хэвлэмэл номыг дараах байдлаар зохион байгуулсан байдаг.
-
Заах бүсийн газрын зураг
-
Заах бүсийн газрын зураг нь тухайн заах бүсийн хил хязгаарыг харуулсан газрын зураг юм.
-
-
өсөлтийн тайлан
-
өсөлтийн тайлан маягтыг чухал үзүүлэлтүүдийг тайлагнаж, номлогчийн зохицуулах хорооны болон тойргийн зөвлөлийн хурал дээр тойргийн болон гадасны удирдагчидтай ажлаа уялдуулан холбоход ашигладаг.
-
-
Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах өдрөө товлосон хүмүүс
-
Хичээлийн тайлангийн маягтыг зааж байгаа хүмүүсийнхээ өсөлтийн талаар зохих мэдээллийг тэмдэглэхэд туслах зорилгоор ашигладаг.
-
-
Хичээл заалгаж байгаа хүмүүс
-
Хичээлийн тайлангийн маягтууд
-
-
Сонирхож буй хүмүүс
-
Сонирхож буй хүмүүсийн маягт нь холбоо барьсан эсвэл мэдээллийг нь авсан хүмүүсээ бүртгэх боломжийг танд олгодог.
-
Хэвлэл мэдээллийн хэрэгслээс болон бусад арга замаар авсан сонирхож буй хүмүүсийн мэдээлэл нь Сүмийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, материалыг үзсэнийхээ дараа эсвэл Сүмийн гишүүдэд сонирхож байгаагаа илэрхийлсэн, номлогчдод мэдээлэл нь очсон хүмүүс юм.
-
-
Өмнө нь хичээл авч байсан хүмүүс
-
Хичээлийн тайлангийн маягт
-
-
Шинэ хөрвөгчид ба эргэж ирж байгаа гишүүд
-
Хичээлийн тайлангийн маягт
-
Шинэ ба эргэн ирж буй гишүүний өсөлт хөгжлийн маягт нь Сүмийн шинэ гишүүд болон Сүмийн үйл ажиллагаанд эргэн орж байгаа хүмүүсийн өсөлт хөгжлийг бүртгэдэг маягт юм.
-
-
Тойрог, номлолын мэдээлэл
-
Тойргийн лавлах
-
Тойргийн албан тушаалын жагсаалт
-
Тойргийн болон номлогчийн хурлуудын хуваарь
-
Гэр бүлийнх нь зарим нь Сүмийн гишүүн гэр бүлүүдийн жагсаалт
-
Дүүргийн эсвэл бүсийн тань номлогчдын лавлах
-
-
Удирдлага
-
Долоо хоног бүр хамтрагчид цахим хэрэгсэл ашиглан эсвэл Номлогчийн порталаар дамжуулан долоо хоногийн болон сарын чухал үзүүлэлтийн тайланд шаардлагатай мэдээллийг оруулна.
-
Номлогчийн долоо хоног тутмын тайлан маягт нь хичээл заалгаж байгаа хүмүүсийнхээ өсөлт хөгжлийг мөн хуваалцахыг хүсэж байгаа хувийн асуудлаа номлолын ерөнхийлөгчтэйгөө товч хуваалцах боломж олгодог. Тэр бол энэ захидлыг унших цорын ганц хүн учраас бодол санаагаа чөлөөтэй илэрхийлнэ үү.
-
-
Бүсийн талаарх мэдээлэл
-
Байрны тухай мэдээлэл
-
Нийтийн унаа
-
Үсчин, үсчний газар
-
Хувцас угаах газар
-
Худалдаа хийх газар
-
Зайлсхийх газар
-
Холбоо барих хүмүүс
-
Номлогчийн өдрийн төлөвлөгөө
Номлогчийн өдрийн төлөвлөгөө дараах хэсгүүдээс бүрддэг. Үүнд:
-
Таван долоо хоногийн өдөр тутмын хуваарь, үүнийг зургаа дахь долоо хоногийн товч хураангуйтай хамт харж болно.
-
Сарын болон долоо хоногийн зорилгод зориулсан хуудас.
-
Төлөвлөх зааврын хураангуй; баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад мөн Сүмийн үйл ажиллагаанд хөтөлсөн үйл явдлуудын жагсаалт; номлогчийн хичээлүүдийн төлөвлөгөө; хичээл заалгах хүмүүсийг олох санаанууд; баптисмын ярилцлагын асуултууд.
-
Гишүүдийн болон хичээл заалгаж байгаа хүмүүсийн холбоо барих мэдээлэл, хаяг, э-мэйл хаяг, утасны дугаарт зориулсан хэсэг. Сүмийн мэдээллийг хамгаалах, хувийн мэдээллийн нууцыг хадгалах номлолынхоо бодлого журмыг дага.
-
Тухайн долоо хоногийн болон сарын үр дүнгээ тэмдэглэн хөтлөхөд зориулсан, долоо хоногийн болон сарын үндсэн үзүүлэлтийн үр дүнгийн хуудас. Хамтрагч бүр энэ мэдээллээ Номлогчийн порталаар эсвэл цахим хэрэгсэл рүү орж оруулах хэрэгтэй.
Долоо хоногийн төлөвлөх цагаараа та Номлогчийн өдрийн төлөвлөгөөний сарын болон долоо хоногийн зорилгыг, түүнчлэн төлөвлөгөөний хуудсан дээр долоо хоног, сарынхаа зорилгыг тус тус бичнэ. Төлөвлөгөөнийхөө энэ хуудсыг дараах зорилгоор ашигла. Үүнд:
-
Үндсэн үзүүлэлт бүрээр долоо хоногийн зорилгоо бичих мөн баптисм хүртэж, гишүүнээр батлуулах хүмүүсийн сарын зорилгыг бич.
-
Долоо хоногийн бодит үр дүнгээ бич. өдөр бүр заасан шинэ хүний тоог өдрийн хуваариас олж болно. Долоо хоногийн нийт дүнг сарын болон долоо хоногийн зорилго, төлөвлөгөөний хуудас руу шилжүүлдэг.
-
Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах (сүмд явах, Мормоны Ном унших, баптисм хүртэх огноо товлох гэх мэт) магадлал өндөр байгаа хүмүүсээ юу хийнэ гэж найдаж байгаадаа тулгуурлан зорилго тавьж, бич.
-
Хувийн болон хамтрагчийн бусад зорилгоо бич.
Өдрийн хуваарийг өдөр бүр төлөвлөж, ажиллахдаа ашиглана. Энэ хуудсыг ашиглан дараах зүйлийг хий. Үүнд:
-
Заахаар товлосон цаг, уулзалт, хүн олох үйл ажиллагаагаа бичиж тэмдэглэ. өдрийн цаг бүрийг үр ашигтай өнгөрүүлэхээр төлөвлө. Нөөц төлөвлөгөө бас оруул.
-
Хийх шаардлагатай ажлынхаа (утсаар ярих, холбоо барих хүмүүс, хичээлийн бэлтгэл, өгсөн үүрэг амлалтыг шалгах гэх мэт) мөн товлосон цагт заахад бэлдэхийн тулд судлах зүйлийнхээ жагсаалтыг гарга.
-
Шинээр хичээл заалгаж байгаа хүмүүсийнхээ өдөр тутмын зорилгыг болон бодит үр дүнг бичиж тэмдэглэ.
Зорилго хэрхэн тавих вэ?
Зорилго нь бидний зүрх сэтгэлийн хүслийг мөн биелүүлж чадах зүйлсийн алсын харааг илэрхийлдэг. Зорилго тавьж, төлөвлөснөөр бидний найдлага үйлдэл болдог. Зорилго тавьж, төлөвлөх нь итгэлийн үйлдэл юм. Аврагчийн “бүх үндэстэнд зааж, тэдэнд Эцэг мөн Хүү, мөн Ариун Сүнсний нэрээр баптисм хүртээ” (Матай 28:19) хэмээх зарлигтай нийцсэн зорилгуудыг залбирч байгаад төлөвлө.
Үндсэн үзүүлэлт бүрээр зорилго тавь. Түүнчлэн та хувийн өсөлт хөгжилтэй холбоотой зорилго тавьж болох юм. Зорилгодоо хүрэхийн тулд бусдын сонгох эрхийг хүндлэхийн сацуу чадах бүхнээ хий. Амжилтын хамгийн гол хэмжүүр бол дан ганц зорилгод хүрэх бус, харин бусдад үзүүлсэн үйлчлэл ба бусдын өсөлт хөгжил юм. Зорилгууд нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн дунд олон сайн сайхан зүйл хийхэд танд туслах арга хэрэгсэл билээ. Тэдгээрийг нэр хүнд олж авахын тулд ашиглах ёсгүй.
Сайтар тунгаан бодсон зорилгууд нь тодорхой чиглэл өгч, Аврагчид итгэх итгэлээ хүчирхэгжүүлэн, баптисм хүртэж, гишүүнээр батлуулж, Сүмд бүрэн идэвхтэй байхад нь хүмүүст туслах үйл ажиллагаагаар өдрөө дүүргэхэд тань туслах болно. Хүрэхэд хэцүү зорилгууд нь үр ашигтай ажиллахад тань тусалж, хүчийг тань сорьж, өсөж хөгжих зам өөд хөтлөх болно. Зорилго тавихдаа доорх зааварчилгааг дага. Үүнд:
-
Сүнсийг дага.
-
Хүмүүст анхаарлаа хандуулж, хөрвөлтийн гол үзүүлэлтүүдийг бүү март.
-
Хэдийгээр та тоо ашиглах ч болж өгвөл тооны ард байх хүмүүсийн нэрсийг цээжил.
-
Тодорхой, бодитой байлга. Гэхдээ хүчийг тань сорих зорилго тавь.
-
Өдөр, долоо хоног, сар тутам зорилго тавь. Үндсэн үзүүлэлтээр тавьсан зорилгыг Номлогчийн порталаар эсвэл цахим хэрэгслээр тайлагнадаг.
-
Хувиараа болон хамтрагчтайгаа хамт суралцах зорилго тавь. Хэрэв өөр хэл сурч байгаа бол хэл судлах зорилго бас тавь.
-
Өсөлт хөгжлөө өдөр болгон, долоо хоног бүр, сар болгон хэмж. Зорилгодоо хүрч чадаагүй бол гаргасан хүч чармайлтаа дүгнэж, зорилгодоо хүрэх арга зам эрэлхийл. Шаардлагатай бол, тавих шаардлагаа өөрчил.
Хэсэг хугацааны дараа номлолын ерөнхийлөгч тань таны алсын харааг өндөр түвшинд аваачиж, итгэлийг тань өсгөн нэмэгдүүлэх зорилгоор өндөр чанарын жишиг эсвэл номлолын зорилго тавьж болох юм. Дүүрэг, бүс болон номлолын жишгүүд нь өөрийгөө сорьж, үр дүнтэй ажиллаж, ажлаа өндөр түвшинд гүйцэтгэхэд тань туслах болно. Тэдгээрийг танд болон таны хамтрагчид тодорхой зорилго тулгадаг квот мэтээр ашиглах ёсгүй.
Долоо хоногийн төлөвлөгөөгөө гаргах цаг
Зорилго тавьсан бол, зорилгодоо хэрхэн хүрэхээ шийд. Та сайн мэдээг хуваалцахад үр дүн багатай өдөр, цагт хамтрагчтайгаа хамт долоо хоног тутмын төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Номлолын ерөнхийлөгч тань долоо хоногийн төлөвлөгөө гаргах өдөр, цагийг тогтоож өгнө. Долоо хоногийн төлөвлөгөөгөө гаргаж дуусахад хоёр, гурваас хэтрэхгүй цаг зарцуулах ёстой.
Та нарын ярилцлага хүмүүсийн хэрэгцээ, тэдэнд өсөж хөгжихөд нь хэрхэн туслахад төвлөрсөн байх ёстой. Долоо хоногийн төлөвлөгөө гаргах энэ цагаараа өмнөх зорилгуудаа дахин нэг харж, ирэх долоо хоног, сарынхаа зорилгыг шинээр тавь. Номлогчийн ажлынхаа бүхий л талыг бодож үз.
Ням гаргийн үдэш нь долоо хоногийн болон сарын үндсэн үзүүлэлтийн тайлангаа дуусгахад хамгийн тохиромжтой цаг юм. Хэрэв та үндсэн үзүүлэлтээ автоматаар эсвэл Номлогчийн порталаар дамжуулан тайлагнадаггүй бол баптисм хүртээх, гишүүнээр батлах ихэнх ёслол бямба эсвэл ням гарагт болдог тул ням гаргийн оройн тайлан нь номлолын статусын талаар хамгийн зөв, сүүлийн үеийн мэдээллийг өгдөг.
Долоо хоногийн төлөвлөгөө гаргах өдөр тань тайлагнах өдрөөс өөр байж магадгүй учраас долоо хоногийнхоо төлөвлөгөөг 10 өдөр байхаар тооцоолж гарга. Жишээ нь, хэрэв долоо хоногийн төлөвлөгөө гаргах өдөр тань пүрэв гараг бол долоо хоногийн зорилгын үйл явцаа тухайн өдөр хүртэл авч үзээд, ням гараг хүртэл зорилгодоо хүрэхийн тулд юу хийх хэрэгтэй байгаагаа төлөвлөнө. Тэгээд, ирэх долоо хоногийн зорилго, төлөвлөгөөгөө даваагаас ням гараг хүртэл гарга. Ням гаргийн үдэш та өнгөрсөн долоо хоногийнхоо зорилгын үр дүнг нэгтгэж, тайлагнах бөгөөд ирэх долоо хоногийн төлөвлөгөө тань аль хэдийн бэлэн байна. Төлөвлөх зааварчилгааг долоо хоногийн төлөвлөгөөнд хэрхэн ашиглаж болохыг тайлбарлав. Эдгээр зааварчилгааг ашиглахдаа эхлээд зорилго тавьж, дараа нь зорилгодоо хүрэх төлөвлөгөө гаргах загварыг дагахад анхаар. Гаргасан төлөвлөгөө тань зорилгодоо хүрэхийн тулд хийх хэрэгтэй тодорхой алхмуудыг тусгасан байх ёстой.
-
Сүнслэг өдөөлт хүлээн авахын төлөө залбирч, эрэлхийл. Эхлэхийнхээ өмнө Номлогчийн өдрийн төлөвлөгөө, бүсийн ном эсвэл цахим хэрэгсэл гэх мэт төлөвлөгөө гаргах хэрэгслүүдээ гарт ойрхон байлга. Төлөвлөх цагаа залбирлаар эхэл. Хүмүүсийн хэрэгцээг ярилцаж, хэрхэн тэдэнд үйлчилж, сайн мэдээнд өсөж хөгжихөд нь туслах төлөвлөгөө гаргахдаа сүнсний өдөөлтийг эрэлхийл. Зааж байгаа хүмүүсийнхээ төлөө тусгайлан залбир. Залбиралд нь хариулж, сүмд явах хүсэлтэй болгох зэргээр тэднийг адислахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйх итгэлтэй бай.
-
Хүмүүсийг ирэх долоо хоногт баптисм хүртээж, гишүүнээр батлах зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Ирэх долоо хоногт баптисм хүртэж, гишүүнээр батлуулах үүрэг амлалт өгсөн хүн бүрийн хичээлийн тайланг дахин авч үз. Баптисмын ярилцлага, үйл ажиллагаа, гишүүнээр батлахын тулд зохицуулах шаардлагатай ажлуудаа ярилц. Хичээлийн тайланг ашиглаж, дагахад хэцүү үүрэг амлалт тухайн хүмүүст байгаа эсэхийг мөн тэдэнд хэрхэн туслахаа ярилц. Тэдэнтэй өдөр бүр холбоо барихаар төлөвлө. Тэднийг ариун ёслолын цуглаан дээр гишүүнээр батлахын тулд тойргийн номлолын удирдагчийг бишоптой харилцаа холбоотой байлгахад хэрхэн туслахаа ярилц.
-
Баптисм хүртэх өдрөө товлосон хүмүүст зориулан зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Дараагийн хэдэн долоо хоногт баптисм хүртэх хүн бүрийн хичээлийн тайланг дахин авч үз. Тэдэнд заах хэрэгтэй хичээлүүдийн талаар ярилц. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бэлдэхэд нь тэдэнд хэрхэн тусалж чадахаа бодож үз. Яагаад хэн нэгэн товлосон өдрөө баптисм хүртэж чадахгүй байж болох талаар ярилц. Тэдний хэрэгцээг анхааралтай авч үзэн, ярилц. Баптисмын гэрээ байгуулж, гишүүнээр батлуулах ёслол үйлдэх тодорхой өдөр, цаг товлох хүртлээ өсөж хөгжихөд нь тэдэнд туслах шинэ зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Тэдэнд заахаар төлөвлөж буй зарчмууд, биелүүлэхэд нь туслахаар төлөвлөж байгаа үүрэг амлалтуудыг хичээлийн тайландаа бич. Эдгээр хичээлийг заалгаж, үүрэг амлалтдаа хүрэхэд нь тэдэнд туслахын тулд юу хийхээ шийд.
-
Ариун ёслолын цуглаанд суухад нь хүмүүст туслах зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Хүн тус бүрийн хичээлийн тайланг дахин авч үзээд, ариун ёслолын ирцийнх нь талаар ярилц. Ариун ёслолын цуглаанд тогтмол ирж буй хүмүүсийн хувьд, цаашид сүнслэг байдлын хувьд эерэг туршлага авахад нь туслахын тулд юу хийх хэрэгтэй талаар ярилц. Ариун ёслолын цуглаанд хэзээ ч ирж байгаагүй, ганцхан удаа ирсэн, эсвэл хааяа ирдэг хүмүүсийн хувьд ирэхэд нь тэдэнд юу саад болж байгаа тухай ярилц. Жишээ нь, тэдэнд унаа хэрэгтэй, Сүмийн үйл ажиллагаанаас эмээдэг эсвэл тэдгээрийн талаар мэдэхгүй, эсвэл өмнө нь сөрөг сэтгэгдэл төрүүлж байсан гэх зэрэг байж болох юм. Эдгээр саад бэрхшээлийг даван гарахад нь тэдэнд хэрхэн туслахаа ярилц. Дараагийн ариун ёслолын цуглаанд авчрахаар төлөвлөж байгаа хүнийхээ тооны хувьд зорилго тавь. Тэр хүмүүсийг хэн сүмд авчрах, хэн угтан авч мэндлэх, хэн цуглааны үеэр хамт суухыг төлөвлө. Чуулгын болон туслах бүлгийн удирдагчид, зочдын суух ангиудыг хариуцсан багш нартай холбоо барихаар төлөвлө. Бишопод мэдэгдэхээр төлөвлө. өсөлтийн тайланд тойргийн зөвлөлөөс тусалж болох арга замуудыг жагсаан бич. Тэр хүмүүсийг ирэхэд бэлтгэхийн тулд долоо хоногийн турш өдөр бүр хийх ажлынхаа төлөвлөгөөг гарга.
-
Өсөж хөгжиж байгаа хүмүүст заах хичээлүүдийн зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Гишүүнийг байлцуулан заалгасан хүн бүрийн хичээлийн тайланг дахин авч үз. Захиасыг тань тэд хэрхэн хүлээж авч байгаа тухай юу бодож байгаагаа ярилц. Хичээлийн тайлан дээрээс тэдний сахиж, биелүүлэхийг хичээж буй үүрэг амлалт, үйл явдлуудыг дахин авч үз. Тойргийн гишүүд болон зөвлөлийнхнийг тэдний өсөлт хөгжилд оролцоход нь хэрхэн туслах талаар ярь. Заах хичээлүүдийн болон сүмд ирэх, Мормоны Номоос суралцах, залбирах гэх мэтийг биелүүлэхэд туслах амлалтуудын мөн дараагийн хэдэн долоо хоногт олж авахад нь тэдэнд туслах чухал туршлагуудын тухайд зорилго тавь.
Гишүүнийг байлцуулалгүй заасан хүн бүрийн хичээлийн тайланг дахин авч үз. Тэдгээр нь таны өөрөө хичээж чармайсны дүнд олсон хүн байж болно. Аль санваарын эсвэл туслах бүлгийн удирдагчийг тэдэнтэй найзлан нөхөрлөхөд урьж болох тухай ярилц. Тэдэнд заах хичээл, биелүүлэхэд нь туслах амлалтуудыг дахин авч үз. Заах хичээлүүдийн тухайд, гишүүдийг хэрхэн татан оролцуулах, уг хүмүүст ариун ёслолын цуглаанд оролцоход нь хэрхэн туслах талаар зорилго тавь. Эдгээр зорилгоо хичээлийн тайлан дээрээ бичээд, шаардлагатай төлөвлөгөөг гарга.
-
Хичээл заалгаж байгаа бусад бүх хүнд зориулан заах хичээлийн зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Ахиц гаргахгүй байгаа хүн нэг бүрийн хичээлийн тайланг дахин авч үз. Яагаад тэд өгсөн амлалтаа биелүүлэхгүй байгаа талаар ярилц. Санваарын болон туслах бүлгийн удирдагчдыг эдгээр хүнтэй найзалж нөхөрлөхөд хэрхэн татан оролцуулах талаар ярилц. 5-р алхамд зөвлөсөн ижил төстэй олон зүйлийг ярилц. Зорилго тавьж, энэ хүмүүст өсөж хөгжихөд нь туслах төлөвлөгөө гарга. Тэр зорилгуудаа хичээлийн тайлан дээр бич.
-
Гишүүд, номлогчид, Сүмийн удирдах болон өөр бусад газраас авсан, сонирхож буй хүмүүсийн мэдээллийн дагуу холбоо барьж, заах зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Сонирхож буй хүмүүсийн маягтыг дахин авч үз. Хүлээн авсан бүх сонирхож буй хүмүүсийн мэдээллийг дахин авч үз. Холбоо барьж амжаагүй, сонирхож буй хүмүүсийн мэдээллийг дахин авч үз. Долоо хоногийн туршид аль болох олон бөгөөд сонирхож буй хүмүүсийн мэдээллийн дагуу, болж өгвөл бүгдтэй нь холбоо барих зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Боломжтой бол сонирхож буй хүмүүсийн мэдээллийн дагуу 24 цагийн дотор холбоо барьсан байх ёстой. Сонирхож буй хүний мэдээллийг өгсөн хүнтэй холбогдож, нэмэлт мэдээлэл авч, түүнтэй хэрхэн хамтарч ажиллаж болох талаар төлөвлө. Хувь хүн, гэр бүл бүртэй хэрхэн уулзаж, ямар захиас заахаа ярилц. Хэрэв сонирхож буй хүний мэдээллийг Сүмийн удирдах газраас авсан бол тэдний хүссэн видео бичлэг, ном, бусад материалыг ашиглан сайн мэдээний захиасыг хэрхэн заах талаар ярилц. Тэдний хүссэн материалыг авч явахаа бүү март. Хэрэв тохиромжтой бол, сонирхож байгаа хүнтэй утсаар эсвэл мессежээр холбоо барьж, уулзах цаг товло. Дахин яаж уулзах тухай ярилц.
-
Гишүүдээс болон хичээл заалгаж байгаа хүмүүсээс асуун, өөр бусад сонирхож буй хүмүүсийг олох зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Очиж уулзах хүмүүсээ залбирч тодорхойл. Сэргээгдсэн сайн мэдээний талаар суралцахад найз нөхөд, гэр бүлийнхээ гишүүдээ урихад нь тэдэнд хэрхэн туслах төлөвлөгөө гарга. Номлогчийн ажилд оролцоход нь тэднийг хэрхэн урихаа ярилц. Уулзах цаг тохирч, шаардлагатай төлөвлөгөө гарга.
-
Хөрвөгдөөд удаагүй байгаа хүмүүс, эргэж ирсэн гишүүдэд заах хичээлүүдийн зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Хөрвөгдөөд удаагүй байгаа хүн, эргэж ирсэн гишүүн бүрийн хичээлийн тайланг дахин авч үз. Заах хичээлүүдээрээ зорилго тавь мөн төлөвлөгөө гарга. Энэ хүмүүст ариун ёслолын цуглаанд ирж, бусад амлалтдаа хүрэхэд нь хэрхэн туслахаа шийд.
-
Заах шинэ хүмүүс олох зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Сонирхсон хүмүүсийн мэдээлэл, үйлчлэх боломж бололцоо, хувиараа заах хүн олох үйл ажиллагаагаар дамжуулан өнгөрсөн долоо хоног заах шинэ хүмүүс олохын тулд гаргасан хүчин чармайлтаа дахин авч үз. Яагаад зарим хүн илүү ихийг сурч мэдэх сонирхлоо илэрхийлсэн байхад, зарим нь илэрхийлээгүйг ярилц. Энэ долоо хоногт хэдэн шинэ хүн олох зорилго тавь.
Илүү ихийг сурч мэдэх сонирхолтой байж болох хүмүүсийг тодорхойл. Түүнчлэн айлчлан очихыг хүсэж байгаа гишүүд, гэр бүлийнх нь зарим нь Сүмийн гишүүн гэр бүл, айлчлан очихыг хүсэн, сонирхож байгаа хүмүүс, эрэлхийлж буй үйлчлэх боломжуудаа тодорхойл. Тараах карт, DVD, судар гэх мэт заах хүн олоход туслах хэрэгслүүдийн алиныг нь ашиглахаа төлөвлө. Мөн хаашаа явж хүмүүстэй холбоо тогтоох, өдөр бүр хэдэн хүнтэй ярилцах, сонирхож байгаа хүмүүсийн мэдээлэл өгөхийг хүмүүсээс хүсэх болон өмнө нь хичээл заалгаж байсан хүмүүсийнд айлчлан очих, тойргийн зөвлөлийн тусалж болох арга зам зэргийг ярилц.
Үлдсэн цаг хугацааг зорилгодоо хүрэхэд тань туслах үйл ажиллагааг олоход зарцуул. Их Эзэний таны замд тавьсан аль болох олон хүнтэй ярих зорилго тавьж, төлөвлө. Үргэлж заах хүн олохыг хичээ.
-
Тойргийн зөвлөлтэй хэрхэн хамтран ажиллахаа төлөвлө. Бишоп тэргүүлэн удирдах эрхтэй. Түүний эрх мэдлийг хүндэтгэж, эрхэмлэ. Түүний удирдлаган доор, өмнөх номлогчийн зохицуулах тайланг эсвэл тойргийн зөвлөлийн хурал дээр ашиглаж байсан өсөлтийн тайланг дахин авч үз. Бишопоос эсвэл тойргийн номлолын удирдагчаас хүлээж авсан үүрэг даалгавруудыг ярилцан, биелүүлсэн эсэхээ тайлагна. Тойргийн номлолын удирдагч, санваарын болон туслах бүлгийн удирдагчид, бусад гишүүн зэрэг тусалж чадах бусад хүнийг хэрхэн татан оролцуулахаа ярилц. Дараагийн тойргийн зөвлөлийн хуралд эсвэл номлогчийн зохицуулах хуралд зориулан өсөлтийн тайланг анхааралтай бэлтгэ. Үүнийг үнэн зөв, цэвэр, нямбай бичиж хөтлөхөд анхаар. Тойргийн удирдагчидтай уялдаа холбоотой ажиллах зорилго тавьж, төлөвлөгөө гарга. Боломжтой бол хуралд оролцох тойргийн удирдагчдад зориулан өсөлтийн тайланг хувилж бэлд. Хэрэв номлолд тань цахим хэрэгсэл ашигладаг бол тойргийн удирдагчид өсөлтийн тайланг цахим хэлбэрээр автоматаар авч болохоор болго.
-
Тогтмол явагддаг хурал уулзалтуудыг хуваарьт оруулж тэмдэглэ. Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөлийн хурлууд, ярилцлага, Сүмийн цуглаан гэх мэт тогтмол явагддаг хурал уулзалтуудын хуваарийг Номлогчийн өдрийн төлөвлөгөөний маягт эсвэл цахим хэрэгсэл дээрээ тэмдэглэ. Эдгээр хурал цуглааны өмнө гүйцэтгэсэн байх шаардлагатай үүрэг даалгавраа ярилцаж, тэдгээрийг Тэмдэглэл/Хийх ажлын жагсаалт дээр нэмж оруул.
-
Хамтралын нөхцөл байдлаа хяна. Долоо хоногийн төлөвлөгөө гаргах цагийнхаа төгсгөлд хамтрагчтайгаа зохих зорилгуудаа хуваалцаж, тавьсан зорилгодоо хүрэхэд туслахыг түүнээс хүс. Хоорондын харьцааны хүчтэй, давуу талаа хамтрагчтайгаа ярилц. Хамтрагчийн хувьд нэгдэн ажиллахад эсвэл дуулгавартай байхад саад болж буй аливаа асуудлуудаа ярилц. Зөрчил байвал шийдвэрлэ. Таны бодлоор хамтрагчийнхаа ямар зан чанарыг хүчтэй талууд гэж үздэгээ түүнтэй хуваалц. Өөрөө хэрхэн сайжирч болох талаар зөвлөгөө хүс. Хэрэв шаардлагатай бол, хоорондын харилцаагаа сайжруулах зорилгуудыг тавь. Төгсгөлд нь залбир.
өдрийн төлөвлөгөө гаргах цаг
Хамтрагчтайгаа хамт өглөө бүр төлөвлөхөд зориулсан цаг гарга. Өдрийн төлөвлөгөө гаргах цагаараа долоо хоногийн төлөвлөгөө гаргахдаа ашигладаг яг тэр зарчим, удирдамж зааврыг хялбарчилсан байдлаар хэрэгжүүл. Хувиараа болон хамтрагчтайгаа суралцах цагаараа, төлөвлөхөд тань туслах хичээл, сэдвээр ярилцахдаа залбирч бай. Тэдгээр сэдвээ өдрийн зорилго, төлөвлөгөөний хуудсан дээрх шугамтай зайд бич. өдрийн цагийн хуваариа дахин нягтал. өдрийн цаг бүрийг үр ашигтай үйл ажиллагаа явуулахаар төлөвлө. Ням гаргийн төлөвлөх цагаараа номлолын ерөнхийлөгчдөө тайлагнаж, дараагийн долоо хоногийн зорилгоо эцэслэхийн тулд зааж байгаа хүмүүсийнхээ өсөлт хөгжлийг авч үз.
Гадагш гарахаасаа өмнө үргэлж залбирч бай. Өдрийн туршид зорилго, төлөвлөгөө, цагийн хуваариа эргэн харж, шаардлагатай гэж үзвэл өөрчил. Та бусдаас “Одоо би юу хийх ёстой вэ?” гэж асуух хэрэггүй байвал өдрийн төлөвлөгөө тань үр дүнтэй байгаагийн шинж юм.
Үүрэг хариуцлага
Хариуцлагатай байх зарчим нь Бурханы мөнхийн төлөвлөгөөний үндэс суурь юм. Эцсийн шүүлтийн үеэр бид бүгд Их Эзэний өмнө зогсож, Түүний бидэнд өгсөн боломжуудыг хэрхэн ашигласнаа тайлагнах болно (Алма 5:15–19; Сургаал ба Гэрээ 137:9-ийг үзнэ үү). Амьдралын тань туршид үр ашгаа өгөх, хариуцлагатай холбоотой маш олон зүйлийг та номлолдоо сурна. Хэрэв та доорх зүйлийг үйлдэх аваас хариуцлагатай байх зарчим таныг адисална. Үүнд:
-
Зорилго тавьж, төлөвлөхдөө та гаргасан зүтгэлийнхээ төлөө номлолын удирдагчдадаа мөн залбирлаар дамжуулан Их Эзэний өмнө тайлагнана гэсэн бодолтой ханд.
-
Их Эзэний танд хүлээлгэн өгсөн ариун нандин итгэлд хувь хүний хувьд хариуцлага үүрч байгаа гэдгээ мэдэр.
-
Утга учир бүхий зорилго тавь.
-
Хийсэн ажлаа Их Эзэнд болон өөрийн номлолын удирдагчдад тайлагнахдаа санаачилгатай бай. Асуухыг нь бүү хүлээ. Бусад хүнийг танаас ойр ойрхон явцыг шалган асуудаг байх байдалд бүү хүргэ. Хөдөлмөрөө өөрөө тайлагнах хүсэлтэй бай.
-
Гаргасан хүчин чармайлтынхаа хариуцлагыг өөрөө бүрэн үүр. Хүнд хэцүү нөхцөлд эсвэл ахиц гарахгүй байгаад бусдыг бүү буруутга.
-
Удирдагчдаасаа суралцахыг эрэлхийлж, сайжирч болох арга замыг санал болгохыг тэднээс хүс.
-
Чадлынхаа хэрээр хөдөлмөрлөх сэдэлтэй бай.
Зөвхөн номлолынхоо төгсгөлд л хариуцлага хүлээдэг юм биш. Энэхүү зарчим нь хэрхэн ажлаа эхлүүлэх, Их Эзэний танд хүлээлгэн өгсөн үүрэг хариуцлагын талаар юу бодож, мэдэрдэг, ажилдаа хэрхэн ханддаг, хэрхэн тэвчээртэй байгаа байдалд тань нөлөөлдөг юм. Номлолын ажилдаа хандах таны хандлага бол Тэнгэрлэг Эцэгийг болон Түүний Хүүг хайрлах хайр, санваарыг эрхэмлэн хүндэлдэг байдлын тань тусгал билээ.
Хувиараа болон хамтрагчтайгаа залбирахдаа өдөр бүр юу хийхээ мэдэхээр сүнслэг өдөөлтийг эрэлхийл. Төлөвлөгөөгөө дагахдаа, Их Эзэний удирдамж зааврыг авахын төлөө залбирч, гуй. Хаашаа явах, юу хийх, юу хэлэхээ мэдэхийн тулд Сүнсний тусламж авахаар өдрийн турш зүрх сэтгэлдээ залбир. “Би өөр юу хийж чадах вэ?” гэж өөрөөсөө асуу. өдрийн төгсгөлд залбирахдаа, хийсэн ажлаа тайлагна.
Та долоо хоногийн тайлангаа мөн дүүргийн зөвлөлийн хурлаар болон өөр бусад хүрээнд долоо хоногийн ажлаа номлолын удирдагчдадаа тайлагнана. Хэрэв та номлолын удирдагч бол бусад номлогчоос энэ мэдээллийг хүлээн авна. Зөвхөн тоонд биш, харин тэдний болон хичээл заалгаж байгаа хүмүүсийнх нь амьдралыг сонирх. Эдгээр хэрэгсэл, хүлээн авсан мэдээллээ бусдыг хянан шалгах, шахаж шаардах арга хэрэгсэл маягаар бүү ашигла. Эдгээр арга хэрэгслээр дамжуулан хүлээн авах мэдээлэл нь номлогчдын сэтгэл гарган үзүүлсэн үйлчлэлд талархаж, хойшдын сургах боломж бололцоог олж харахад тусална.
Суралцах болон амьдралд хэрэгжүүлэх санаа
Хувиараа суралцах
-
“Үүнийг эргэцүүлэн бод” хэсэгт буй асуулт бүрийн хариултыг нэг өгүүлбэрт багтаан, судлах тэмдэглэлдээ бич.
-
Номлолын талбар дахь хамгийн сүүлчийн өдрийнхөө тухай хэдэн минут бод. Тэр өдөр болоход:
-
Та номлогчийн хувьд ямар зүйл хийсэн гэж хэлэхийг хүсэж байна вэ?
-
Та хэн болсон байхыг хүсэж байна вэ?
-
Бусад хүнийг ямар ямар өөрчлөлт гарсныг олж хараасай гэж та хүсэж байна вэ?
Эдгээр асуулт бүрийн хариултыг судлах тэмдэглэлдээ бич. Эдгээр зорилгодоо хүрэхийн тулд одоо юу хийх хэрэгтэй гэдгээ тодорхойл. Санаанд орж ирсэн төлөвлөгөөнүүдээ бич.
-
Хамтрагчтайгаа суралцах
-
Бүсийн номоо ашиглан доорх асуултуудад хариул.
-
Бүх мэдээлэл хамгийн сүүлийн үеийн, үнэн зөв, уншихад хялбар байна уу?
-
Энэ бүсэд шинээр ирсэн номлогч бүсийн номыг уншаад, сүнслэг өсөлт хөгжлийн хувьд хүмүүс хаана байгааг мөн тэдэнд туслахын тулд өөр юу хийх хэрэгтэй болохыг мэдэх боломжтой юу?
-
Бүсэд шинээр ирсэн номлогч таны заах шинэ хүн олох хүч чармайлтаас тус болох зүйл авч чадах уу?
-
Бүсийнхээ хүмүүст хэрхэн санаа сэтгэлээ зориулж байснаа Их Эзэнд тайлагнахдаа бүсийн номоо үзүүлж байна гэж төсөөл. Их Эзэн таны хүч чармайлтыг таална гэж бодож байна уу?
-
-
Хичээл заалгаж байгаа нэг хүнийхээ тухай ярилц. Номлогчийн өдрийн төлөвлөгөөн дээрээсээ “Баптисм хүртэж, гишүүнээр батлуулан, Сүмд үйл ажиллагаанд оролцоход хөтлөх үйл явдлууд” гэсэн гарчигтай хуудсыг ол. Нэг үйл явдлыг сонгоод, энэ үйл явдалд зориулан хийх хэрэгтэй бүх зүйлээ жагсааж бич. Уг үйл явдлыг аль болох хурдан тохиолгохын тулд тэдгээр ажил хэргээ хэрхэн төлөвлөж болохоо ярилц.
-
Доорх адилтгалыг хамтрагчтайгаа ярилц. Та өдөр бүр “дэгээгээ” хэр удаан усанд тавьснаа үнэл.
“Бүхэл өдөржингөө загасчилж байна гэж бодох боловч үнэн хэрэгтээ ихэнх цагаа гол руу явахад бас ирэх замдаа зарцуулж, өдрийн хоол идэж, хэрэгсэлтэйгээ зууралдан хамаг цагаа зарцуулдаг загасчинтай бид хэрхэвч адилхан байх ёсгүй. Сайн загасчлах нь орон байрнаасаа хэдэн цаг хол байсандаа биш, харин хэр удаан дэгээгээ усанд тавихтай холбоотой. Зарим загасчин гэрээсээ арван хоёр цаг хол байж, дэгээгээ арван цаг усанд тавьдаг. Харин зарим нь гэрээсээ арван хоёр цаг хол байж, дэгээгээ усанд дөнгөж хоёр цаг тавьдаг. Хоёр дахь төрлийн хүмүүс яагаад бусадтай адилхан амжилт гаргахгүй байгаадаа гайхаж магадгүй.
‘Хүмүүсийн загасчид’ хэмээн Эзэний нэрлэсэн номлогчдод энэхүү зарчим хамаатай. Номлогч байраа орхин гарсан яг тэр мөчөөс эхлэн усанд дэгээгээ хаях ёстой” (Dallin H. Oaks, seminar for new mission presidents, June 20, 2000).
Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл
-
Доорх жишээнүүдээс нэгийг номлогчдод уншиж өг. Номлогчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, эдгээр жишээнд дурдсан хүмүүст баптисм хүртэж, гишүүнээр батлуулахаар өсөж хөгжихөд нь туслах зорилго, төлөвлөгөөнүүдийн талаар ярилцуул. Бүлэг бүрд бодол санаагаа хуваалцах боломж олго.
Нэг дэх жишээ: Та хоол хийх үйлчлэл хийж байхад нь Ларри, Бэт хоёртой танилцжээ. Та тэдэнд нэг хичээл заасан бөгөөд тэд одоо илүү ихийг мэдэхийг хүсэж байгаа юм байна. Тэд Сүмийн ямар ч гишүүнийг танихгүй. Бэт Христэд итгэдэг, харин Ларри ямар нэг тодорхой шашинд харьяалагддаггүй. Тэд гэрлээгүй ч хамтдаа амьдардаг. Ларри 16 цагаас шөнийн 00 цаг хүртэл, харин Бэт өдрийн цагаар ажилладаг.
Хоёр дахь жишээ: Стив бүх хичээлийг заалгасан бөгөөд сард дор хаяж хоёр удаа сүмд явдаг. Иосеф Смитийг бошиглогч гэж мөн Мормоны Номыг үнэн гэдэгт тэр итгэдэг. Түүний гэр бүлийнхэн үнэнч католикчууд бөгөөд номлогчидтой уулзахыг нь зөвшөөрдөггүй байв.
Гурав дахь жишээ: Жийл бол коллежийн оюутан. Түүнд Сүмийн гишүүн найз бий. Сүмийн гишүүн найз нь түүнтэй уулзахыг хүсжээ. Та түүнд хоёр хичээл заасан. Гишүүн найз нь хоёуланд нь суусан байна. Тэрээр Сүмд хараахан очоогүй байгаа бөгөөд гэрийн даалгавар хийгээд завгүй тул Мормоны Номоос уншиж чадахгүй байгаа.
-
Зорилго тавьж, төлөвлөгөө гаргаснаар хүмүүст туслах боломжтой байсан туршлагаасаа хуваалцахыг номлогчдоос хүс. Тухайлбал:
-
Аврагчид итгэх илүү агуу итгэлийг хөгжүүлэх;
-
Наманчилж, тэднийг Бурханд илүү ойртуулсан өөрчлөлтүүдийг гаргах;
-
Баптисмын болон гишүүний баталгааны гэрээг хүлээн авах;
-
Сүмд буцан ирж, баптисмын гэрээнүүдээ шинэчлэх зэрэг юм.
-
-
Номлогчдыг гурван бүлэгт хуваа. Бүлэг бүр чухал даалгавар хүлээн авна гэдгийг тайлбарла. Дараа нь бүлэг бүрд дараах даалгавруудын нэгийг өг. Үүнд:
-
Заах шинэ бүс нээх;
-
Илүү ихийг сурах сонирхолтой хүмүүст Мормоны Номыг танилцуулах тухай бүсийн чуулганы сургалтын хэсэг бэлтгэх;
-
Хичээл заалгаж байгаа гэр бүлийг тойрогт татан оролцуулах зэрэг болно. Уг гэр бүл гурван хүүхэдтэй буюу 8 болон 12 настай хоёр охин, 16 настай хүүтэй.
Төлөвлөгөө гаргахад тэдэнд найман минут байгааг номлогчдод хэл. Номлогчдын нэг нь өдөр тутмын үйл ажиллагаагаа оролцуулан төлөвлөгөөгөө бичиж авах ёстой.
Бүлэг бүр өөрсдийн төлөвлөгөөг танилцуулна. Танилцуулга бүрийн дараа ийн асуу.
-
Нөхцөл бүрийн талаар номлогчид юу мэдэх шаардлагатай байсан бэ?
-
Хэрэв та нар үр ашигтай үйл ажиллагаа төлөвлөхгүй эсвэл бүр юу ч төлөвлөхгүй бол ямар үр дүнд хүрч болох вэ?
Бүх танилцуулгын дараа асуу.
-
Төлөвлөх, зорилго тавих нь хэрхэн хайрын үйлдэл болох вэ? Энэ нь хэрхэн итгэлийн үйлдэл вэ?
-
Номлолын ерөнхийлөгч, түүний хамтрагч болон зөвлөхүүд
-
Бүсийн чуулган, номлолын удирдлагын хурал, ярилцлага зэрэгт бүсийн номоо авчрахыг номлогчдоос хүс. Бүсийн номоо өөрөө дахин авч үзэхээс гадна, номлолын удирдагч эсвэл хамтрагчдаа бүсийн номыг авч үзэх боломж олго.
-
Үе үе номлогчдын долоо хоногийн болон өдрийн төлөвлөгөө гаргах цагийн үйл явцыг ажигла.
-
Үе үе номлогчдын байранд ярилцлага хөтлөн явуул. Ингэхдээ хамтрагчдаа эсвэл ерөнхийлөгчийн туслахуудад номлогчдын бүсийн ном, өдрийн төлөвлөгөөг авч үзэх боломж олго.
-
Номлогчийн өдрийн төлөвлөгөөг ойр ойрхон авч үз.
-
Тойргийн зөвлөлийн хуралд үе үе оролц.