“Удиртгал: “Миний сайн мэдээг номло” удирдамжийг би хэрхэн хамгийн үр дүнтэй ашиглаж болох вэ?” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), vii–xii
“Удиртгал,” Миний сайн мэдээг номло, vii–xii
Удиртгал: “Миний сайн мэдээг номло” удирдамжийг би хэрхэн хамгийн үр дүнтэй ашиглаж болох вэ?
Миний сайн мэдээг номло
Есүс Христийн илүү үнэнч шавь болох явцдаа Миний сайн мэдээг номло удирдамжийг номлогчийн хувьд хэрэгцээгээ хангахад ашигла. Та суралцах цагийг бүхэлд нь хэдхэн догол мөрд эсвэл бүтэн бүлэгт зарцуулж болно. Та бүлгүүдийг дэс дарааллаар нь эсвэл өөрийн хэрэгцээ шаардлагад сайтар нийцүүлэн өөр дэс дарааллаар төлөвлөн судалж болно. Ийн уян хатан байх нь хэрэгтэй зүйлээ хэрэгтэй цагтаа судалж мөн номлолын удирдагчийнхаа удирдамж зааврын дагуу судлах боломж олгох юм.
Миний сайн мэдээг номло удирдамжийн бүх бүлэг нь номлогчийн хувьд өөрийн зорилгыг биелүүлэхэд бэлтгэхэд танд тусална. Гэхдээ 3-р бүлгийг судалж эхлэхдээ, өөр талаас авч үзэж байгааг мэдэрч болно. Ихэнх бүлэг тан руу хандсан байгаа. 3-р бүлэг ерөнхийдөө олон нийтэд хандсан байдаг. Та (а) сайн мэдээний мэдлэг, гэрчлэлээ хүчирхэгжүүлэхээр мөн (б) бусдад зааж сурган, үүрэг амлалт өгч, гэрээ байгуулахад нь бэлдэх зорилгоор 3-р бүлэг дэх сургаалыг судалдаг.
Түүнчлэн бусад бүлгийн зарим сургаал бусдад заахад тань тусалж болно. Жишээлбэл, “Би хэрхэн Сүнсийг ялган таньж, ойлгох вэ?” хэмээх 4-р бүлэг нь Ариун Сүнсний хүчээр хэрхэн гэрчлэлтэй болох талаар хүмүүст заахад тань тусалж болох юм. “Мормоны Ном ямар үүрэгтэй вэ?” хэмээх 5-р бүлэг нь Мормоны Номыг унших тухайд санаа зовж байгаа хүний асуудлыг шийдэхэд тусалж болох юм. “Би хэрхэн үр дүнтэй суралцаж, заахад бэлтгэх вэ?” хэмээх 2-р бүлэг дэх санаанууд Мормоны Номыг үр дүнтэй судлахад шинэ хөрвөгчдөд тусалж болно.
Миний сайн мэдээг номло удирдамж нь номлогчийн ажлын чухал талууд дээр төвлөрдөг. Энэ нь танд гарч ирэх асуулт бүрд хариулахгүй, тулгарах нөхцөл байдал бүрийг шийдвэрлэхгүй. Та Сүнсийг даган, судраас эрэлхийлж, зарлигуудыг сахиж, сурч мэдсэнээ хэрэгжүүлснээр хамгийн үр дүнтэй байна.
Номлолынхоо туршид бүлгүүдийг судал. Сурсан зүйлээ хэрэгжүүл. Ажлаа үнэлж дүгнэ. Өдөр бүр өөрийгөө бэлдэхийг хичээж, тогтмол сайжрахыг эрэлхийлдэг номлогчид Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авч, өөрсдийн амьдралд адислалыг харах болно.
Номлогчийн хичээлүүд
Та хичээлээ заахдаа уян хатан байж, хүмүүс баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад бүрэн бэлтгэхэд нь хамгийн сайн туслах ямар ч арга замаар хичээлээ зааж болно. Таны зорилго бол зөвхөн хичээлийн материалыг заах төдийгүй, Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах болон эцсээ хүртэл тэвчих зэрэг сайн мэдээний анхдагч зарчмуудаар дамжуулан Христэд ирэхэд нь бусдад туслах явдал мөн. Ерөнхийдөө хичээл 45 минутаас хэтрэх ёсгүй. Тухайн хүний цагийн хуваарь эсвэл таны ажлын цаг зав богино хугацаагаар уулзаж заахад л хүрэлцээтэй байж болох юм. Энэ тохиолдолд та хичээлийн материалын багахан хэсгийг бага цагаар, олон удаа айлчлан зааж болно.
Та хичээлийг олон арга замаар зааж болно. Аль хичээлийг хэзээ заах мөн ямар хугацаа зарцуулахыг хичээл заалгаж байгаа хүний тань хэрэгцээ, Сүнсний удирдамж хамгийн сайн тодорхойлно. Хичээлийг бүхэлд нь цээжлэх хэрэггүй.
Хувиараа болон хамтрагчтайгаа суралцах цаг, дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл
Номлолынхоо туршид үр дүнтэй суралцах, тухайлбал тунгаан бодох, Сүнсний өдөөлтийг сонсох зэрэг нь номлогчийн хувьд зорилгодоо хүрч, Есүс Христийн сайн мэдээний талаарх өөрийн гэрчлэлийг хүчирхэгжүүлэхэд тань тусална. Суралцах чухал боломж бололцоонд хувиараа болон хамтрагчтайгаа суралцах, дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл (номлолын удирдагчдын хувьд) орно. Таны номлогчийн хуваарьт бараг бүх өдөр хувиараа болон хамтрагчтайгаа суралцах цаг ордог.
Хувиараа суралцах цагаараа сурсан зүйл тань “хаант улсын сургаалыг та нар бие биедээ заах” (Сургаал ба Гэрээ 88:77) боломж олгодог хамтрагчтайгаа суралцах цаг, дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөлд танд туслах болно. Суралцах боломж бололцооноос сурч мэдсэн зүйл тань сүнслэг хүчээр заахад танд тусална.
Хувиараа суралцах цаг
Хувиараа суралцах цагийн зорилго бол сэргээгдсэн сайн мэдээний талаарх мэдлэг, гэрчлэлээ хүчирхэгжүүлж, хичээл заалгаж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээг хангахад бэлдэхэд тань туслах явдал юм. Хувиараа суралцах цагаараа жишиг бүтээлүүд болон номлолд тань зөвшөөрөгдсөн, зохистой сурвалжууд дээр төвлөр.
Та дараах зүйлийг хийснээр хувиараа суралцах цагаа үр дүнтэй болгох боломжтой. Үүнд:
-
Мормоны Ном болон бусад судраас унш.
-
Номлогчийн хичээлүүд дэх сургаалыг судал.
-
Миний сайн мэдээг номло удирдамж дээрх бусад бүлгийг судал.
-
Сурч байгаа зүйлээ тунгаан бодож, Ариун Сүнсний өдөөлтийг сонс.
Хамтрагчтайгаа суралцах цаг
Хамтрагчтайгаа суралцах цагийн зорилго бол (1) Сүнсээр заахын тулд хамтрагчдын дунд нэгдмэл байдал үүсгэж мөн (2) хичээл заалгаж байгаа хүмүүсийнхээ өсөлт хөгжилд төвлөрөх явдал юм. Та дараах зүйлийг хийснээр хамтрагчтайгаа суралцах цагаа үр дүнтэй болгох боломжтой. Үүнд:
-
Хувийн суралцах цагаар олж авсан ойлголтоо, ялангуяа та нараар хичээл заалгаж байгаа хүмүүстэй холбогдох зүйлсийг бие биетэйгээ хуваалц.
-
Заахаар товлосон тодорхой хичээл, гишүүний гэрт айлчлан очих, хичээл заалгах хүн олох боломж болон өөр бусад үйл ажиллагаанд бэлд. Зааж, олж, илүү үр дүнтэй ажиллахад тусалдаг материалыг судал. Тохиромжтой үед, жүжигчлэн үзүүлэх маягаар сурч байгаа зүйлээ хэрэгжүүлэх дадлага хий. Хамтран ажиллаж байгаа хүмүүсийнхээ талаар ярилц. Сурч байгаа зүйлээ хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга.
-
Хамтрагчтайгаа суралцах цагаараа үзсэн зарчим, зорилго, ур чадвар, төлөвлөгөөгөө өдрийн туршид ярилц.
Шинэ номлогчдод: Хамтрагчтайгаа суралцах нэмэлт цаг
Хамтрагчтайгаа суралцах нэмэлт цагийн зорилго нь шинэ номлогчдод Номлогчийг бэлтгэх төвд сурч мэдсэн зүйл дээрээ суурилан суралцах илүү цаг олгох явдал юм. Суралцах нэмэлт цагт оролцсоноор та судар, Миний сайн мэдээг номло удирдамж дээрх номлогчийн ажлын зарчмуудыг илүү сайн ойлгож, хэрэгжүүлэх болно.
-
Номлолын талбар дахь эхний 12 долоо хоногийн турш хамтрагчтайгаа суралцах цаг нь өдөр бүр 30-аас 60 минут илүү үргэлжилнэ.
-
Энэхүү суралцах нэмэлт цагийнхаа үеэр дээрх “Хамтрагчтайгаа суралцах” хэсэгт орсон зааварчилгаануудыг дага. Ийн дагахдаа Миний сайн мэдээг номло удирдамжийн дараах хэсэг, бүлгүүд дээр төвлөр. Хичээл заалгаж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээн дээр үндэслэн та өөрийнхөө сургагчтай хамт өдөр бүр юу суралцаж, ямар дадлага хийхээ, нэг зарчмыг хэр удаан үзэх (жишээлбэл, хэдэн өдөр эсвэл хэдэн долоо хоног) мөн доор байх “Хэрэгжүүлэх санаа” баганад санал болгосон үйл ажиллагаануудыг хэзээ, хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхойл. “Хэрэгжүүлэх санаа” баганад жагсаасан нөхцөл бүрийг өөртөө итгэлтэй, үр дүнтэй хөтөлж чаддаг болтлоо эдгээр үйл ажиллагааг давтаж хий.
Бүлгүүд ба хэсгүүд (мэдээллийн хайрцгуудыг оруулаад)
Хэрэгжүүлэх санаа
Хичээл заах үед, шинэ номлогч нь Есүс Христийн талаар болон Түүний сайн мэдээний талаар заахдаа мөн урилга өгөхдөө удирдана.
2-р бүлэг: Би хэрхэн үр дүнтэй суралцаж, заахад бэлтгэх вэ?
3-р бүлэг: Би юу судалж, заах вэ?
4-р бүлэг: Би хэрхэн Сүнсийг ялган таньж, ойлгох вэ?
10-р бүлэг: “Хэрхэн зааж эхлэх вэ?,” “Хэрэгцээнд нь тохируулан заах,” “Асуу” мөн “Сонс” хэсгүүд
Шинэ номлогч болон сургагч нь заахдаа ээлжлэн хөтлөх бөгөөд зааж эхлэх, хэрэгцээнд тааруулан заах, сүнсээр өдөөгдсөн асуултуудыг тавих, сонсох болон бусдад хэрхэн Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийлж, ялган танихыг заах зарчмуудыг хэрэгжүүлнэ.
Шинэ номлогч нь Мормоны Номын талаар бусдад зааж, тэднийг уншиж, залбирахад урьж, туслан, дараа нь шалгахаар ирэхдээ хамтдаа унших тал дээр удирдана.
11-р бүлэг: Үүрэг амлалт авч мөн биелүүлэхэд нь би хүмүүст хэрхэн туслах вэ?
Шинэ номлогч болон сургагч нь хүмүүсийг үүрэг амлалтууд өгч, тэдгээрийг сахихад урих, дараа нь шалгах, айлчлан очих өдрүүдийн дундуур холбоо барихад ээлжлэн удирдана.
Шинэ номлогч хүмүүсийг сүмд ирэхэд урих, тэдэнд сүмд ирэхэд нь туслах, мөн цуглааны байртай танилцуулахад удирдана.
Шинэ номлогч болон сургагч нь өдрийн болон долоо хоногийн төлөвлөгөө гаргах цагийг ээлжлэн хөтөлж, тойргийн номлолын удирдагчтай холбогдох, номлогчийн зохицуулах хурал болон тойргийн зөвлөлийн хурлын үеэр номлогчийн ажлыг тайлагнана.
Шинэ номлогч нь заах хүн олох ажлыг удирдана.
13-р бүлэг: Би гадас, тойргийн удирдагчидтай хэрхэн ажиллах вэ?
Шинэ номлогч болон сургагч нь ээлжлэн төлөвлөгөө гаргаж, хичээл заалгах шинэ хүн олохоор гишүүдтэй хамтарч ажиллана.
Шинэ номлогч болон сургагч нь хэл сурах цагийг хамгийн багадаа долоо хоногийн таван өдөрт байлгана. Дээр дурдсан бүх зүйлийг номлолынхоо хэл дээр хийх ур чадвараа хөгжүүлэхэд төвлөрсөн суралцах төлөвлөгөөг хамтдаа гаргаж, дагахдаа 7-р бүлэг дэх зарчмуудыг хэрэгжүүл.
-
Та мөн Номлогчийн порталд жагсаасан нэмэлт үйл ажиллагаануудыг гүйцэтгэх ёстой.
-
Сургагч тань Номлогчийн портал дээрх жишээ үзүүлсэн видео бичлэгүүдийг ашиглан зарчмыг танилцуулж болох юм.
-
Та болон таны сургагч номлолын ерөнхийлөгчид явуулдаг долоо хоног тутмын захидалдаа сурч, хэрэгжүүлж байгаа зүйлээ хуваалцах ёстой.
-
Энэхүү эхний 12 долоо хоногийн төгсгөлд та дуудагдах юм бол өөр номлогчид зааж, сургах чадвартай болсон байх хэрэгтэй.
Дүүргийн зөвлөл
Дүүргийн зөвлөлийн зорилго бол “хаант улсын сургаалыг бие биедээ заах” (Сургаал ба Гэрээ 88:77) явдал юм.
-
Дүүргийн зөвлөлийн хурлыг долоо хоног бүр, 60-аас 90 минут хийнэ.
-
Дүүргийн удирдагч нь дүүргийн зөвлөлийн хурлыг төлөвлөж, хөтлөн явуулах бөгөөд заахад туслуулахаар бусад номлогчийг урьж болно.
-
Дүүргийн зөвлөлийн хуралд дараах боломжууд орсон байж болно. Үүнд:
-
Хувиараа болон хамтрагчтайгаа суралцах цагаар сурч мэдсэн ойлголтуудаа хуваалцах
-
Янз бүрийн нөхцөл байдалд хичээл заах дадлага хийх
-
Миний сайн мэдээг номло удирдамж дээрх зарчим, ур чадваруудыг тайлбарлан, үзүүлж, дадлага хийх
-
Хүмүүсийн өсөлт хөгжил, хэрэгцээг ярилцах
-
Дүүрэг дэх саад бэрхшээлүүдийг ярилцаж, шийдвэрлэх
-
Номлолын ажлын туршлага, гэрчлэлээ хуваалцах
-
Гишүүдтэй хамтран ажилласан туршлагаа хуваалцах зэрэг болно.
-
-
Дүүргийн удирдагчид дүүргийн зөвлөлийн хурлыг тухайн дүүрэгт хийсэн номлогчдын ажилтай холбоотой тайлан хүлээн авахад ашиглаж болно. Тэд бусад номлогчийн өмнөөс зорилго, хувь тогтоох ёсгүй.
Бүсийн чуулган болон номлолын удирдлагын зөвлөл
Бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөлийн хурлыг номлолын ерөнхийлөгчийн удирдлаган доор хуралдуулна.
Миний сайн мэдээг номло удирдамжийн бүрэлдэхүүн хэсэг
Миний сайн мэдээг номло удирдамжийн бүлэг бүр хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Эдгээр бүрэлдэхүүн хэсэг нь суралцах цагаараа илүү их зүйлийг сурч мэдэхэд танд тусална. Эдгээрийг өөрийн хэрэгцээ шаардлагад үндэслэн уян хатан ашиглаарай.
Судлах тэмдэглэл
Миний сайн мэдээг номло удирдамж нь сурч мэдсэн зүйлээ ойлгож, тодруулж, санахад туслах зорилгоор судлах тэмдэглэлээ ашиглахыг байнга хүсдэг. Ахлагч Ричард Г.Скотт: “Нягт нямбай хөтөлсөн мэдлэг бол хэрэг болсон үед бэлэн байдаг мэдлэг юм. Сүнслэг байдлын нууцлаг мэдээлэл нь хэрхэн эрхэмлэн нандигнаж байгаагаа Их Эзэнд харуулахуйц ариун нандин газарт хадгалагдах ёстой. Энэ хэвшил цаашид илүү их гэрэл хүлээн авах боломжийг тань нэмэгдүүлдэг” гэж заасан (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, Nov. 1993, 86). Сүнслэг туршлагаа эргэн санаж, шинэ ойлголт авч, өсөж хөгжсөнөө харахын тулд судлах тэмдэглэлээ тогтмол үзэж бай.
Судлах тэмдэглэл тань тэмдэглэлийн дэвтэр, хичээлийн дэвтэр эсвэл хатуу хавтас байж болно. Өөрийн суралцах арга барилд нийцүүлэн төрсөн бодол, сэтгэгдлээ тэмдэглэж, цэгцэл. Түлхүүр мэдээллийг хожим нь амар хялбар олох өөрийн аргачлалтай бол. Сурч мэдсэн зүйлээ эргэн харж, ашиглаж, хэрэгжүүлэхээр үүнийг байнга ашигла. Судлах тэмдэглэлээ хувиараа болон хамтрагчтайгаа суралцах цагаараа болон дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл, номлолын удирдагчтай хийх ярилцлага зэргийн үеэр тэмдэглэл хөтлөх, төрсөн бодол санаагаа бичиж тэмдэглэхэд ашигла.
Мэдээллийн хайрцаг
Миний сайн мэдээг номло удирдамж дахь хайрцгууд сурч мэдэхэд тань тусална. Зарим хайрцагт чухал ойлголтуудыг танилцуулж, товч хураангуйлсан байдаг. Харин зарим нь таны суралцах цагт, судраас суралцаж, сурч мэдсэнээ хэрэгжүүлж, ур чадвараа хөгжүүлж, зааж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээг хангахад анхаарлаа төвлөрүүлэхэд тусална. Ихэнх тохиолдолд эдгээр хайрцаг нь ердөө л эхлэх гараа болдог. Суралцах шинэ үйл ажиллагаа боловсруулж, судрыг нэмж судлах замаар хайрцган доторх үйл ажиллагаануудыг залбирч байгаад баяжуул.
“Үүнийг эргэцүүлэн бод.” Ихэнх бүлэг “Үүнийг эргэцүүлэн бод” гэсэн хайрцган доторх асуултуудаар эхэлдэг. Эдгээр асуулт нь бүлгийн чухал санаанууд дээр төвлөрч, суралцах цагийн тань хамрах хүрээг тогтоодог. Сурч мэдсэнээ цэгцэлж, ойлгож, тунгаан бодож, хэрэгжүүлэхэд эдгээр асуултыг ашигла.
“Үүнийг сана.” Ихэнх бүлэг “Үүнийг сана” хайрцгаар төгсдөг. Энэ нь тухайн бүлгийн хамгийн чухал санааны товч хураангуй юм. Тухайн бүлгийг судалж дуусах үедээ, эдгээр чухал санааг ойлгосон эсэхээ мэдэхийн тулд эдгээр мэдэгдлийг эргэн хар. Эдгээр санааг хэр сайн хэрэгжүүлж байгаагаа үнэлэн дүгнэж, сурч мэдсэн зүйлээ цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга.
“Судраас суралц.” Эдгээр хайрцаг нь таны ойлголт, гэрчлэлийг хөгжүүлэх судрын эшлэлүүдийг өгнө. Нэмэлт судруудыг олж, эдгээр эшлэлийг баяжуул. Шинэ ойлголттой болоход туслах нэмэлт холбогдох асуултуудыг өөртөө тавьж, сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүл.
“Үйл ажиллагаа.” Ихэнх бүлэгт таны суралцах цагт зориулсан болон хэрэгжүүлэх арга замыг сайжруулахад туслах хувиараа болон хамтрагчтайгаа суралцах цагт зориулсан үйл ажиллагаа орсон байгаа. Эдгээр үйл ажиллагааг номлолынхоо туршид давтан үйлд. Таны болон зааж байгаа хүмүүсийн тань хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж байх тул үүнийг хийх бүрд та шинэ ойлголт олж авна.
Улаан хайрцгууд. Эдгээр хайрцагт заах олон нөхцөлд зориулсан чухал мэдээлэл, зөвлөмжүүд орсон байдаг.
Түүхүүд
Хэдийгээр ихэнх хүний нэрийг өөрчилсөн ч Миний сайн мэдээг номло дахь түүхүүд нь бүгд бодит түүх юм. Түүх бүр номлогчийн ажилтай холбоотой хэд хэдэн зарчмыг харуулдаг. Эдгээр түүхийг уншихдаа, харуулж буй зарчмуудыг нь хайж ол.
Суралцах болон амьдралд хэрэгжүүлэх санаа
Бүлэг бүрийн төгсгөлд хувиараа болон хамтрагчтайгаа суралцах цаг; дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөлийн хуралд зориулсан шинэ санаанууд өгсөн байдаг. Сургалтын үйл ажиллагааны энэхүү баялаг эх сурвалж нь материал бүрийг үр дүнтэй судлах арга замын жишээг өгдөг. Эдгээр хэсгийн нэгийг судалж, зааж байхдаа нэмэлт үйл ажиллагаа бий болгохын тулд бүтээлч байж, сүнслэг өдөөлтийг эрэлхийл. Номлолынхоо туршид эдгээр үйл ажиллагааг хэд хэдэн удаа хийж дуусга.
Салбар, дүүрэгт үйлчилж байгаа номлогчид
Олон номлогч салбар, дүүрэгт үйлчилдэг. Хэдийгээр энэ материалд тойрог болон гадас гэж орж байгаа ч зарчим, хандлага нь салбар болон дүүрэгт мөн адил хамаатай. Номлолын ерөнхийлөгч нь танд салбар, дүүргийн удирдагчидтай ажиллаж байхдаа аливаа өөрчлөлт оруулах талаар удирдамж заавар өгнө.
Сүмийн гишүүдийн хэрэглээ
Миний сайн мэдээг номло удирдамж нь Сүмийн бүрэн цагийн номлогчдоос гадна Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд мөн адил зориулагдсан. Энэ удирдамжид заасан зарчим, сургаалуудыг бүх гишүүн Их Эзэний хаант улсыг байгуулахыг эрэлхийлэхдээ ашиглаж болно. Энэ гарын авлагаас байнга суралцах нь гишүүд сайн мэдээтэй холбоотой асуултад илүү сайн хариулж, Христийн сайн мэдээний сургаалыг судлан, зааж, номлогч гишүүний хувьд үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, бүрэн цагийн номлогчидтой нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд тусална.