Институт
3-р хичээл: Есүс Христийн сайн мэдээ


“3-р хичээл: Есүс Христийн сайн мэдээ,” “Миний сайн мэдээг номло”: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 60–70

“3-р хичээл,” Миний сайн мэдээг номло, 60–70

3-р хичээл

Есүс Христийн сайн мэдээ

Таны зорилго

Зааж байхдаа та баптисмд болон гишүүнээр батлуулахад бэлтгэхэд нь хүмүүст тусал. Сургаал ба Гэрээ 20:37-д заасан баптисм хүртэхэд тэнцэх шаардлагууд болон холбогдох баптисмын ярилцлагын асуултуудын талаар бодож үз. Тухайн хүний хэрэгцээ, сонирхол, нөхцөл байдалд тулгуурлан юу зааж, ямар урилга өгөхөө залбирч, шийд. Зааж байгаа хүмүүсийнхээ тавих асуултууд болон ойлгох түвшнийг бодолц.

Баптисмын ярилцлагын асуултууд

  • Та Бурхан бол бидний Мөнхийн Эцэг гэдэгт итгэдэг үү?

  • Та Есүс Христ бол Бурханы Хүү, дэлхийн Аврагч, Гэтэлгэгч гэдэгт итгэдэг үү?

  • Та Сүм болон Есүс Христийн сайн мэдээ бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн гэдэгт итгэдэг үү?

Урилга

  • Түүний сайн мэдээний тухай үргэлжлүүлэн суралцах замаар та Есүс Христэд итгэх итгэлээ цаашид хөгжүүлэх үү?

  • Та наманчилж, нүглээсээ өршөөгдөхийн төлөө залбирах уу?

  • Та Мормоны Номыг уншиж, энэ нь Бурханы үг мөн болохыг мэдэхийн тул Бурханд хандан залбирч, асуух уу?

  • Та (огноо)-д Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болж, баптисм хүртэх үү? Та гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах уу?

  • Та энэ ням гарагт бидэнтэй хамт сүмд очих уу?

  • Бид дараагийн уулзалтаа товлож болох уу?

  • 4-р хичээлээс таны оруулахаар сонгосон зарлигууд.

Есүс Христийн тэнгэрлэг зорилго

Бурхан Өөрийн бүх хүүхдэд энэ дэлхийд баяр баясгалан, амар амгаланг мэдэрч, ирэх дэлхийд гэр бүлийнхэнтэйгээ хамт үүрдийн амьдралыг хүлээн авах боломж олгохын тулд Өөрийн Хайрт Хүү Есүс Христийг энэ дэлхий рүү илгээсэн. Түүнчлэн Бурханы бүх хүүхэд Амилуулалтын үеэр бие махбод нь сүнстэйгээ нэгдэх үед Есүс Христээр дамжуулан ахин амьдрах болно (Сургаал ба Гэрээ 76:40–42-ыг үзнэ үү).

Адам, Ева хоёрын гэм нүглийн үр дүнд бүх хүн үхлийг амсана. Бүх хүн алдаа гаргаж, нүгэл үйлдсэн байдаг тул тэд Бурханд эргэн очиж, хамт амьдрах боломжгүй юм. Учир нь “цэвэр бус нэгээхэн ч зүйл [Түүнтэй хамт] оршиж эс чадна” (1 Нифай 10:21).

Гэвч бид Аврагчийн ач ивээл, нигүүлслээр дамжуулан амилуулагдсан хүний хувьд дахин амьдарч, Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд амьдарч болохын тулд нүглээс цэвэршигдэх боломжтой. Нүглээс цэвэрших гэдэг нь сүнслэг байдлын хувьд эдгээгдэнэ гэсэн үг юм (3 Нифай 9:13; 18:32-ыг үзнэ үү).

Аврагчийн золиос буюу Христийн Цагаатгалын ачаар бүх хүн өөрсдийн ажил үйлс, хүслийн дагуу шүүгдэхээр Их Эзэний дэргэд буцаан аваачигдах (2 Нифай 9:10–16; Хиламан 14:15–18; 3 Нифай 27:14–22; Сургаал ба Гэрээ 137:9-ийг үзнэ үү) ба үхлээс босгогдоно. Бид шударга ёс ба нигүүлслийн хуулийн дагуу шүүгдэх болно.

Шударга ёс бол үйлдлийн үр дагаврыг авчирдаг буюу Бурханы зарлигуудыг дуулгавартай дагасны төлөө адисалж, дуулгаваргүй байсны төлөө шийтгэдэг өөрчлөгдөшгүй хууль юм. Бид бүгдээрээ нүгэл үйлддэг. Нүгэл биднийг цэвэр биш болгодог бөгөөд цэвэр биш юу ч Бурханы дэргэд амьдарч чадахгүй (1 Нифай 10:21; 3 Нифай 27:19; Мосе 6:57-г үзнэ үү).

Аврагч нүглээ наманчилдаг мөн Түүний зарлигуудыг сахихыг хичээдэг хүмүүсийн төлөө, бидний оронд зогсон, бидний нүглийн төлөөсийг төлөхдөө шударга ёсны шаардлагуудыг хангасан юм. Энэ үйлдлийг Есүс Христийн Цагаатгал хэмээн нэрлэдэг. Энэхүү амь бие хайрлалгүй хийсэн үйлдлийн учир Христ бидний өмнөөс Эцэгээс гуйж чадна. Тэнгэрлэг Эцэг нигүүлсэнгүй байж, шийтгэлийг биднээс татан авч, өөрийнхөө оршихуйд биднийг баяртай хүлээн авч чадна. Бидний Тэнгэрлэг Эцэг нүглийг маань өршөөж, Түүний оршихуйд амьдрахаар эргэж очиход бидэнд тусалснаар нигүүлслийг харуулдаг.

Гэсэн хэдий ч Есүс бидний хувийн хариуцлагыг аваагүй юм. Бид Түүнийг хүлээн авч, наманчлан мөн зарлигуудыг нь дуулгавартай дагахад Тэрээр бидний нүглийг өршөөдөг. Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөн сайн мэдээний дагуу амьдарснаар Тэнгэрлэг Эцэгийнхээ оршихуйд эргэлт буцалтгүй орж болох юм. Бид Христийн тааллыг дагаж, зарлигуудыг сахин, сайн мэдээний анхны зарчим, ёслолуудыг дуулгавартай дагаснаар Түүнийг хүлээн авснаа мөн Түүнд итгэх итгэлээ харуулдаг. Нифай эдгээр зарчим, ёслолыг “Христийн сургаал” хэмээн нэрлэсэн байдаг (2 Нифай 31:232:6).

Нүгэл

“Нүгэл” гэдэг ойлголт янз бүрийн соёлуудад өөр өөр утга илэрхийлдэг. Зарим соёлд энэ нь гэмт хэрэг үйлдэхтэй нягт холбоотой байдаг. Харин бусад соёлд бол зөвхөн аливаа хүн ямар нэг буруу зүйл хийж баригдах юм бол, тийнхүү гэр бүл, орон нутагтаа ичгүүр авчирвал нүгэл гэж ойлгодог. Нүгэл бол Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахгүй байх явдал бөгөөд Бурханаас тусгаарлагдахад нөлөөлдөг гэдгийг тодруул. Бурхан бидний хийдэг, боддог бүхнийг мэддэг бөгөөд нүгэл үйлдсэнээр бид Түүний дургүйцлийг хүргэдэг. Өмнө нь үйлдсэн нүглээ бүү ярь, бас зааж байгаа хүмүүсээсээ өмнөх нүглээ ярихыг бүү хүс.

Судраас суралцах

Бурхан Хүүгээ илгээсэн

Христээр дамжин ирэх аврал

Христ бол бидний өмгөөлөгч

Нигүүлсэл ба шударга ёс

Христийн сайн мэдээ ба Христийн сургаал

Мормоны Ном Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг (Сургаал ба Гэрээ 42:12-ыг үзнэ үү). Энд мөн Христийн сургаал хэмээн заримдаа нэрлэдэг Есүс Христийн сайн мэдээг бусад судраас илүү, хамгийн тодорхой танилцуулсан байдаг.

Мормоны Номд цэдэглэснээр, Есүс Христийн сайн мэдээнд (1) Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл; (2) Христийн Цагаатгалаар дамжуулан наманчлах; (3) Христийн нэрээр усанд умбуулан гүйцэтгэх баптисм; (4) Ариун Сүнсний бэлэг; (5) эцсээ хүртэл тэвчих зэрэг таван чухал хэсэг багтдаг (2 Нифай 31; 3 Нифай 11; 3 Нифай 27-г үзнэ үү).

Түүнчлэн Мормоны Ном нь Христэд итгэлтэй байхын тулд Христийн талаар бид юунд итгэсэн байх ёстойг заадаг (3 Нифай 27:13–15-ыг үзнэ үү).

Есүс Христэд итгэх итгэл

Есүс Христийн сайн мэдээ Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээс эхэлдэг. Христэд итгэх итгэлд Тэр бол Бурханы Цорын Ганц Төрсөн Хүү бөгөөд дэлхийн Аврагч, Гэтэлгэгч гэдэгт бат итгэлтэй байх явдал ордог. Энэ нь “Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв” (Үйлc 4:12, 12) гэдэгт итгэхийг хэлдэг. Хэрэв бид Христэд итгэлтэй байна гэвэл бидний итгэвэл зохих өөр бусад зүйл байдаг (3 Нифай 27:13–15-ыг үзнэ үү).

Бид зөвхөн Түүний Хүүгийн ач ивээл, нигүүлсэлд найдсанаар Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахаар эргэж очиж чадна гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Бид Христэд итгэдэг бол Түүний Цагаатгал, сургаалыг хүлээн авч, амьдралдаа хэрэгжүүлдэг. Бид Түүнд болон Түүний хэлсэн зүйлд итгэж найддаг. Тэрээр өгсөн амлалтаа биелүүлэх хүчтэй гэдгийг бид мэднэ. Бид даруу байж, Христийн тааллыг дагаж, зарлигуудыг нь сахиснаар Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж чадна. Хүүг нь сонсож, дуулгавартай дагах итгэлтэй хүмүүсийг Тэнгэрлэг Эцэг адисалдаг.

Христэд итгэх итгэл нь үйлдэл рүү хөтөлнө. Энэ нь чин сэтгэлийн, урт удаан үргэлжлэх өөрчлөлтөд хүргэдэг. Итгэлтэй байх нь биднийг “аврах чадал бүхий түүний гавьяанд бүрэн дүүрнээр даатган, түүнд хэлбэрэлтгүй итгэлтэйгээр” (2 Нифай 31:19) өөрсдийн Аврагчийн талаар суралцаж, Түүнтэй илүү адилхан болохын тул чадахын хэрээр хичээхэд хүргэдэг. Бид Түүний тааллыг мэдэж, зарлигуудыг нь дагахыг хүсдэг. Хэдийгээр бид алдаа гаргадаг ч гэсэн Христийн Цагаатгалын хүчээр дамжуулан зарлигуудыг нь сахиж, нүглээс зайлсхийхийг хичээн чармайснаар Түүнийг хайрладгаа харуулдаг.

Бид Христэд итгэдэг ба Тэрээр бүх зарлигаа сахиасай хэмээн биднээс хүсдэг гэдэгт итгэдэг. Түүнийг дуулгавартай дагаснаар бид итгэлээ харуулдаг. Уруу таталтыг ялан дийлэх хүч чадлын төлөө бид итгэлээр залбирдаг. Бид аль нэгэн тодорхой зарлигийн дагуу амьдрахдаа үнэн мөнийг нь өөрийн туршлагаар мэдэж авдаг (Иохан 7:17-г үзнэ үү). Бид түүнчлэн Бурханы үгийг сонсож, уншсанаар итгэлээ нэмэгдүүлдэг (Ром 10:17; Хиламан 15:7–8-ыг үзнэ үү).

Бурханыг дуулгавартай дагахад Тэрээр биднийг адисалдаг. Тэрээр бидэнд амьдралын зовлон бэрхшээлтэй тулгарах хүчийг өгдөг. Зүрх сэтгэлийнхээ хүслийг өөрчлөхөд Тэр бидэнд тусалдаг. Есүс Христэд итгэх бидний итгэлээр дамжуулан Тэр биднийг бие махбодын хувьд ч бас сүнсний хувьд ч эдгээж чадна.

Судраас суралцах

Итгэл, хүч ба аврал

Итгэлийн сургаал

Итгэлийн жишээ

Ажил үйлс ба дуулгавартай байдал

Наманчлалд хүргэх итгэл

Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан наманчлах

Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан наманчлах нь Есүс Христийн сайн мэдээний бас нэгэн чухал зарчим юм. Бидний Есүс Христэд итгэх итгэл, Түүнийг хайрлах хайр биднийг наманчлахад мөн Түүний таалалд нийцдэггүй санаа бодол, итгэл үнэмшил, зан байдлаа өөрчлөхөд хөтөлдөг. Наманчлалд Бурханы болон өөрсдийн тухай, түүнчлэн дэлхий ертөнцийн талаар шинэ үзэл бодолтой болох явдал багтдаг. Наманчлахдаа бид бурханлаг харууслыг мэдэрч, зүрх сэтгэлдээ бүрэн зорилго тээн Түүнд эргэн очдог. Бид буруу зүйл хийхээ больж, зөв зүйлийг үргэлжлүүлэн хийдэг. Наманчлал, Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан өөрсдийн амьдралыг Бурханы таалалд нийцүүлэх нь бидний амьдралын гол зорилго юм. Бид зөвхөн Христийн ач ивээл, нигүүлслээр дамжин Бурхан Эцэгтэй хамт амьдрахаар эргэн очиж чадах бөгөөд зөвхөн наманчилсан нөхцөлд Христийн нигүүлслийг хүлээн авч чадна.

Наманчлахын тулд бид нүгэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшил, бурханлаг харууслыг мэдэрдэг. Бид нүгэл үйлдсэнээ Бурханы өмнө хүлээдэг. Түүнчлэн бид Бурханы эрх мэдэл бүхий Сүмийн удирдагчдад нэн ноцтой гэм нүглээ тоочин хүлээдэг бөгөөд тэд бидэнд чин сэтгэлээсээ наманчлахад дэмжин тусалдаг. Бид Бурханаас биднийг өршөөхийг залбиран гуйдаг. Бид өөрсдийн үйлдлээс үүдэлтэй асуудлуудыг засаж залруулахын тулд чадах бүхнээ хийдэг бөгөөд үүнийг хохирол барагдуулах гэж нэрлэдэг. Биднийг наманчлахад бидний өөрсдийгөө болон ертөнцийг үзэх үзэл өөрчлөгддөг. Бид өөрчлөгдсөнөөр Бурханы хүүхдүүд гэдгээ мөн урьдын алдаагаа цаашид дахин гаргах хэрэггүй гэдгээ ойлгодог. Хэрэв бид чин сэтгэлээсээ наманчлах юм бол нүглээсээ салж, дахин нүгэл үйлдэхгүй байх болно. Бид нүгэл үйлдэх аливаа хүслийг эсэргүүцдэг бөгөөд Бурханыг дагах бидний хүсэл улам хүчтэй болж, гүнзгийрдэг.

Чин сэтгэлийн наманчлал хэд хэдэн үр дүнг авчирдаг. Бид амьдралдаа Бурханы өршөөл болоод Түүний амар амгаланг мэдэрдэг. Бидний гэм буруутай гэсэн мэдрэмж, харамсал арилдаг. Бид Сүнсний нөлөөг илүү элбэг дэлбэгээр мэдэрдэг. Мөн бид энэ амьдралаас явахдаа өөрсдийн Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүүтэй хамт амьдрахад илүү бэлтгэгдсэн байх болно.

Тэр байтугай бид Христийг хүлээн авч, нүглээ наманчилсныхаа дараа ч алдаа гаргаж, дахин нүгэл үйлдэж магадгүй. Бид тэдгээр гэм нүглээ үргэлж засаж залруулан, “Надад хүч өгөгч [Христээр бид] бүгдийг хийж чадна” (Филиппой 4:13) гэдгээ санах ёстой. Түүнээс гадна, бид Христийнхтэй адил зан чанараа хөгжүүлэн, мэдлэгээ өргөжүүлэн тэлж, илүү үр дүнтэй үйлчилснээр байнга сайжирч өсөх ёстой. Аврагч биднээс юу хүсэн хүлээдэг тухай илүү ихийг мэдэх тусмаа бид Түүнийг дуулгавартай дагах замаар хайраа харуулахыг хүсэх болно. Тийнхүү бид өдөр бүр наманчилснаар амьдрал маань өөрчлөгдөж, сайжрахыг олж харна. Бидний зүрх сэтгэл, зан байдал Христийнхтэй улам адилхан болно. Бид өдөр бүр наманчилснаар агуу баяр баясгаланг мэдэрдэг болох болно.

Судраас суралцах

Бид бүгдээрээ нүгэл үйлддэг

Наманчлал

Гэтэлгэл ба өршөөл

Нигүүлсэл нүглээ наманчлагчийн дээр үйлчлэх эрхтэй

Баптисм бол Бурхантай байгуулдаг бидний эхний гэрээ

Есүс Христэд итгэх итгэл болон наманчлал нь биднийг баптисм болон гишүүний баталгааны ёслолд бэлтгэдэг. Ёслол бол бидний Бурхантай гэрээ байгуулсныг илтгэдэг ариун нандин ёслол буюу дэг жаяг юм.

Бурхан өөрийн хүүхдүүдээс гэрээ байгуулахыг үргэлж шаардсаар иржээ. Гэрээ бол Бурхан болон Түүний хүүхдүүдийг хооронд нь холбодог, чанд тохиролцоо юм. Бурхан биднийг адислахаа, харин бид Түүнийг дуулгавартай дагахаа амладаг. Бурхан сайн мэдээний гэрээний нөхцөлийг тогтоодог бөгөөд үүнийг нь бид хүлээж авдаг эсвэл татгалздаг. Гэрээгээ сахих нь энэ амьдралд адислалуудыг, ирэх амьдралд өргөмжлөлийг авчирдаг.

Гэрээнүүддээ бид Бурханд өгсөн амлалтаа хүндэтгэх хатуу үүрэг хүлээдэг. Би Бурханаас бидэнд өгдөг гэрээг зохистой хүлээн авч, дараа нь сахихыг хичээх хүсэлтэй байх ёстой. Амьдралынхаа өдөр бүр Есүс Христэд итгэн найдаж, наманчлахыг гэрээ маань бидэнд сануулдаг. Бид Их Эзэнийг хайрлаж, зарлигуудыг нь дуулгавартай дагаж, бусдыг хайрлаж, тэдэнд үйлчилснээр “биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс маань чөлөөлсөн” Илчлэл 1:5) Түүгээр дамжуулан нүглээсээ ангижирч, энэ байдлаа хадгалдаг.

Гэрээнүүдийг ихэвчлэн баптисм гэх мэт ариун нандин ёслолоор дамжуулан байгуулдаг. Эдгээр ёслолыг Есүс Христийн нэрээр, санваарын эрх мэдлээр гүйцэтгэдэг. Жишээ нь, бид баптисмын ёслолоор дамжуулан Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүнийг үргэлж дурсан санаж, Зарлигуудыг дагах гэрээ байгуулдаг. Гэрээгээр хүлээсэн өөрсдийн үүргийг биелүүлэх юм бол Бурхан бидэнд Ариун Сүнстэй байнга нөхөрлөх, нүглээсээ ангижрах мөн дахин төрөх боломж олгохоо амласан.

Баптисм, гишүүний баталгаа зэрэг ариун нандин ёслолуудаар дамжуулан бид Бурханы хүчний тухай мэдэж авч, үүнийг өөрсөд дээрээ мэдэрдэг (Сургаал ба Гэрээ 84:20-ийг үзнэ үү). Биднийг нүглээсээ ангижрахын тулд буюу өршөөгдөхийн төлөө баптисм хүртэх ёстой гэж Есүс заасан. Баптисм бол авралын амин чухал ёслол мөн. Их Эзэний эрх бүхий үйлчлүүлэгчээр баптисм хүртээлгэлгүйгээр хэн ч Бурханы хаант улсад орж чадахгүй. Христ баптисм хүртсэнээр бидэнд үлгэр жишээ үзүүлсэн.

Усанд умбуулан гүйцэтгэх баптисм бол Аврагчийн үхэл, оршуулга болон Амилуулалтын бэлгэдэл юм. Үүний нэгэн адил энэ нь бидний хуучин нүгэлт амьдралын төгсгөл, Христийн шавийн хувиар шинэ амьдралаар амьдрах амлалтыг төлөөлдөг. Аврагч бидэнд баптисм бол дахин төрөх явдал болохыг заасан. Бид баптисм хүртэхдээ дахин төрж, Христийн сүнслэг охид, хөвгүүд болох үйл явцыг эхлүүлдэг (Мозая 5:7–8; Ром 8:14–17-г үзнэ үү).

Бид дэлхий дээрх Түүний хаант улсын буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болж, эцэст нь тэнгэрийн хаант улсад орохын тулд баптисм хүртэх ёстой. Энэ ёслол бол Бурханы хууль бөгөөд Түүний эрх мэдлээр, Түүний нэр дээр гүйцэтгэгдэх ёстой (Матай 28:19–20-ийг үзнэ үү). Бишоп эсвэл номлолын ерөнхийлөгч баптисм хүртээж, гишүүнээр батлах зөвшөөрлийг санваартанд өгөх ёстой.

Бяцхан хүүхдүүд баптисм хүртэх шаардлагагүй бөгөөд Есүс Христийн нигүүлслээр дамжуулан гэтэлгэгддэг (Моронай 8:4–24-ийг үзнэ үү). Тэд хариуцлага хүлээж эхлэх нас буюу найман нас хүртлээ баптисм хүртэх ёсгүй (Сургаал ба Гэрээ 68:27-г үзнэ үү).

Баптисм хүртэхийн өмнө бид үлдсэн амьдралынхаа туршид бүх зарлигийг дагах гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. Баптисмын дараа бид гэрээгээ дуулгавартай дагаснаар итгэлээ харуулдаг. Бид бас ариун ёслолоос хүртсэнээр баптисм хүртэхдээ байгуулсан гэрээгээ тогтмол шинэчилдэг. Долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх нь зарлиг юм. Энэ нь Ариун Сүнсийг үргэлж өөрсөдтэйгөө хамт байлгах зохистой байхад бидэнд тусалдаг. Энэ бол бидний гэрээг долоо хоног тутам сануулдаг зүйл юм. Есүс Христ өөрийн Цагаатгалын өмнөхөн энэ ёслолыг төлөөлөгчдөдөө танилцуулсан билээ. Тэр үүнийг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээсэн юм. Санваарыг атгагчид Түүний биеийг болон бидний төлөө урсгасан цусыг дурсан санахаар ариун ёслол гүйцэтгэхийг Аврагч зарлигласан. Бид ариун ёслолоос зохистой хүртсэнээр Түүний золиосыг үргэлж санахаа амлаж, амлалтаа шинэчлэн, Сүнс бидэнтэй үргэлж хамт байх болно хэмээх амлалтыг дахин хүлээн авдаг.

Баптисмын өмнө

Хичээл заалгаж байгаа хүмүүс тань Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, Аврагчийн золиост найдан нүглээ наманчилж, Сургаал ба Гэрээ 20:37-д зарлигласны дагуу шаардлага хангахын тулд амьдралдаа хангалттай өөрчлөлт хийсэн байгааг бататга. Зааж байгаа хүмүүс тань бас “найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой” (2 Нифай 31:20). Түүнчлэн тэд ёс суртахууны зохистой зарчмуудын дагуу амьдарч, мэргэн ухааны үгийг болон аравны нэгийн хуулийг дуулгавартай дагахаа амлах ёстой. Хэрэв та нэмэлт бэлтгэл хэрэгтэй гэж үзвэл, Их Эзэний сударт тусгасан жишигт хүрэх хүртэл зааж байгаа хүмүүсийнхээ баптисмыг хойшлуулах нь зүйтэй. (Тэргүүн Зөвлөлийн захидал, 2002 оны 12-р сарын 11, “Statement on Missionary Work”-ийг үзэх)

“Баптисмын өмнө [хүн] бүр номлогчийн бүх [хичээлийг] авч, бишоп юм уу салбарын ерөнхийлөгчтэй уулзан, ариун ёслолын хэд хэдэн цуглаанд оролцсон байх ёстой” (“Statement on Missionary Work,” First Presidency letter, Dec. 11, 2002).

Судраас суралцах

Христийн үлгэр жишээ

Баптисмын гэрээ

Баптисмын шаардлага

Их Эзэн ариун ёслолыг үндэслэсэн

Баптисмын амлагдсан адислалууд

Ариун ёслолын залбирлууд

Ариун ёслолоос хүртэх

Эрх мэдлийн зайлшгүй хэрэгцээ

Ариун Сүнсний бэлэг

Бид усаар, түүнчлэн Сүнсээр баптисм хүртэх ёстой гэж Есүс заасан. Бид усаар баптисм хүртсэний дараа галаар болон Сүнсээр баптисм хүртэх ёстой, эс тэгвэл энэ нь бүрэн биш юм (2 Нифай 31:13–14-ийг үзнэ үү). Бид баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авсан үедээ л нүглээсээ ангижирч, сүнслэг байдлын хувьд бүрмөсөн дахин төрдөг. Тэгээд бид Христийн шавийн хувьд сүнслэг шинэ амьдралаа эхлүүлдэг.

Ариун Сүнс бидэн дээр цэвэршүүлэгч, ариусгагч нөлөөтэй байдаг. Бид Ариун Сүнсний бэлэг болон хүчээр мөн Христэд итгэлтэй хэвээр байж, наманчлан, Бурханы тааллыг дагаж, Түүний зарлигуудад дуулгавартай байснаар нүглээсээ ангижирч, үүнийгээ хадгалж чадна.

Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, зохистой хэвээр байсан хүмүүс бүх амьдралынхаа туршид Түүнтэй нөхөрлөж чадна. Ариун Сүнс Христийн тухай гэрчилж, үнэнийг мэдэхэд бидэнд тусалдаг. Тэрээр сүнслэг хүч чадал өгч, зөвийг хийхэд бидэнд тусалдаг. Гай зовлонд унаж, уй гашуу тохиолдсон үед Тэр биднийг тайтгаруулдаг. Тэр биднийг сүнслэг болон биеийн аюулаас сэрэмжлүүлдэг. Ариун Сүнс бидэнд заах, суралцах хүчийг өгдөг. Ариун Сүнсний бэлэг бол Тэнгэрлэг Эцэгийн маань хамгийн үнэт бэлгүүдийн нэг юм. Ариун Сүнсний хүчээр дамжуулан бид Бурханы хайрыг болон бидэнд зориулсан удирдамж зааврыг мэдэрч чадна. Энэ бэлэг бол мөнхийн баяр баясгалангийн амт ба мөнх амьдрал, өргөмжлөлийн амлалт юм.

Усаар баптисм хүртсэний дараа нэг юм уу түүнээс олон санваартан уг хүний толгой дээр гараа тавин, түүнийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр баталдаг. Үүний дараа тэд Ариун Сүнсний бэлэг өгдөг.

Энэхүү ёслолыг гүйцэтгэхэд хэрэгтэй санваарын эрх мэдэл Аврагчийн төлөөлөгчдийг нас барснаас хойш олон зууны туршид алдагдсан байсан ба тэнгэр элч нар үүнийг орчин үеийн бошиглогч Иосеф Смитэд өгснөөр энэ нь сэргээгдсэн юм. Зөвхөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд гишүүн болсноор хүмүүс Ариун Сүнсний бэлгийг буюу Ариун Сүнстэй байнга нөхөрлөх эрхийг хүлээн авах боломжтой. Энэхүү эрх мэдэл нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг дэлхий дээрх бусад шашнаас өөр болгодог. Их Эзэний өөрийнх нь тунхагласнаар, энэ нь “бүх дэлхийн гадаргуу дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” юм (Сургаал ба Гэрээ 1:30).

Ариун Сүнсний удирдамж

Сатан Бурханыг эсэргүүцэж, нүгэл үйлдэхэд хүмүүсийг уруу татдагийг хичээл заалгаж байгаа хүмүүстээ тайлбарла. Тэд номлогчидтой уулзаж байхдаа мэдэрсэн сайн сайхан мэдрэмжээ хадгалан авч үлдэхийн тулд Мормоны Номыг уншиж, залбиран, сүмд очиж, зарлигуудыг дуулгавартай дагах хэрэгтэй. Байнга Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авах нь баптисм хүртэж, гишүүнээр батлуулахын олон ашиг тусын нэг юм гэдгийг тайлбарла.

Шаардлагатай бол хэрхэн залбирахыг хүмүүст заа. Залбирч сурахад нь хэн нэгэнд тусалж болохын тулд 1-р хичээлийн “Ариун Сүнсээр дамжуулан үнэнийг мэдэхээр залбир” болон 4-р хичээлийн “Байнга залбир” хэсгийг үзнэ үү.

Судраас суралцах

Ариун Сүнсний мөн чанар

Ариун Сүнсний адислал ба нөлөө

Ариун Сүнсний бэлгийн ач холбогдол

Эцсээ хүртэл тэвчих

Есүс Христийн сайн мэдээнд Есүс Христэд итгэж, итгэлээ нэмэгдүүлж, Түүний Цагаатгалаар дамжуулан нүглээ наманчилж, Түүний нэрээр эрх бүхий үйлчлэгчээр нь усанд умбуулалтаар баптисм хүртээлгэж, гар тавилтаар галан баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчих зэрэг ордог.

Эцсээ хүртэл тэвчих нь үхэн үхтлээ зүгээр л тэвчээд өнгөрөхийг хэлдэггүй. Эцсээ хүртэл тэвчихэд Аврагчийн Цагаатгалаар дамжуулан Христийнхтэй адил зан чанаруудыг өөртөө авах бас ордог. Эцсээ хүртэл тэвчихэд бас Эцэгийн тааллыг дагах, зарлигуудад нь дуулгавартай байх, мацаг барих, залбирах, судраас суралцах, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих, наманчлах, ариун сүмд гэрээ байгуулж, сахих зэрэг ордог.

Бид Есүс Христэд итгэж, наманчлан, баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ёслол үйлдүүлснээр давчуу бөгөөд нарийн замд орсныхоо дараа зам дээрээ үлдэхийн тулд бүхий л хүч чармайлтаа дайчлах ёстой. Үүнийг бид Есүс Христэд байнга итгэж найдан, Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж, наманчлан, үүрэг амлалт авч, Сүнсийг дагаснаар гүйцэтгэдэг.

Нэгэнт нүглээсээ өршөөгдсөн болохоор бид Ариун Сүнсийг үргэлж өөрсөдтэйгөө хамт байлгахын тулд нүглээс хол байхыг өдөр бүр хичээх ёстой. Бид амьдралынхаа туршид Түүний зарлигуудыг дуулгавартай дагах болно гэдгээ баптисмын гэрээгээр Тэнгэр дэх Эцэгтээ амладаг. Хэрэв бид дагаж чадаагүй бол гэрээний адислалаа хадгалахын тулд наманчлах ёстой. Бид сайн үйл хийж, бусдад үйлчлэн, Аврагчийн үлгэр жишээг дагахаа амладаг. Судруудад энэхүү насан туршийн амлалтыг “эцсээ хүртэл тэвчих” гэж олонтоо нэрлэсэн байдаг.

Бид сайн мэдээний замыг дагаснаар Бурханд илүү ойртож, уруу таталт ба нүглийг ялж, Ариун Сүнсний бэлгийг илүү элбэг дэлбэг эдэлж чадна. Бүхий л амьдралынхаа турш энэ замаар тэвчээртэй, итгэлтэй, бас тууштай явснаар бид өргөмжлөлөөс хүртэхэд тэнцэхүйц болно (аврал, өргөмжлөл хоёрын хоорондын ялгааны талаарх нэмэлт мэдээллийг 53-р хуудаснаас авна уу).

Христэд итгэх, наманчлах, гэрээ байгуулах, шинэчлэх, сахих, түүнчлэн Сүнсээр цэвэршигдэх нь амьдралын хэв загвар болдог. өдөр тутмын амьдралд хийдэг үйлдэл маань эдгээр зарчмыг дагаж, эдгээрээр удирдуулагддаг. Энэ замыг дагаснаар амар амгалан, баяр баясгалан ирдэг бөгөөд Христийнхтэй адил зан чанар маань яваандаа өсөн нэмэгддэг. Бид энэ замыг дагаж, “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлж … эцсээ хүртэл тэвчих аваас, бидэнд “мөнх амьдрал” болон өргөмжлөл өгөгдөнө хэмээн амласан байдаг (2 Нифай 31:20-ийг мөн Сургаал ба Гэрээ 132:17-г үзнэ үү).

Судраас суралцах

Эцсээ хүртэл тэвчих

Тэвчсэн хүмүүст ирэх адислал

Баптисм хүртэх урилга

Сүнсээр удирдуулснаар, баптисм хүртэж, гишүүнээр батлуулах урилга тодорхой, шулуун байх ёстой. Тухайлбал: “Та Бурханы санваарыг атгагч хэн нэгнээр баптисм хүртээлгэж, Есүс Христийн үлгэр жишээг дагах уу? Бид (огноо)-нд баптисмын үйл ажиллагаа явуулна. Та энэ өдөр баптисм хүртэхэд өөрийгөө бэлдэх үү?” гэж шууд, тодорхой асуух ёстой.

Заах санаа

Энэ хичээл дэх мэдээллийг бэлтгэх болон заахад ашиглах, танд зориулсан санаанууд энэ хэсэгт орсон. Эдгээр санааг хэрхэн ашиглахаа шийдэхдээ Сүнсний удирдамж авахаар залбир. Та сонгосон санаануудаа хичээлийнхээ төлөвлөгөөнд нэм. Эдгээр санаа шаардлага биш, харин заадаг хүмүүсийн тань хэрэгцээнд нийцүүлэхэд туслах зөвлөмж гэдгийг сана.

Богино хэмжээний хичээлийн төлөвлөгөө (3–5 минут)

Есүс Христийн сайн мэдээ бол мөнх амьдрал, өргөмжлөлд хүргэх цорын ганц зам мөн. Түүний сайн мэдээний анхны зарчим, ёслолууд Есүс Христэд итгэж, наманчилж, усанд умбуулалтаар нүглээс ангижруулах баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах явдал юм. Дараа нь бид эцсээ хүртэл тэвчих ёстой. Амьдралынхаа туршид эдгээр зарчмыг хэрэгжүүлснээр бид Аврагчийн үлгэр жишээг дагаж, Түүний зарлигуудын дагуу амьдарч суран, Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлдэг. Бид нүглээсээ өршөөгдөж чадах ба Тэнгэр дэх Эцэгийнхээ оршихуйд амьдрахаар эргэн очих боломжтой болно.

  • Есүс Христийн тэнгэрлэг зорилго

  • Христийн сайн мэдээ ба Христийн сургаал

  • Есүс Христэд итгэх итгэл

  • Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан наманчлах

  • Баптисм буюу Бурхантай байгуулдаг бидний эхний гэрээ

  • Ариун Сүнсний бэлэг

  • Эцсээ хүртэл тэвчих

Урилга

  • Түүний сайн мэдээний тухай үргэлжлүүлэн суралцах замаар та Есүс Христэд итгэх итгэлээ цаашид хөгжүүлэх үү?

  • Та наманчилж, нүглээсээ өршөөгдөхийн төлөө залбирах уу?

  • Та Мормоны Номыг уншиж, энэ нь Бурханы үг мөн болохыг мэдэхийн тул Бурханд хандан залбирч, асуух уу?

  • Та (огноо)-д Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болж, баптисм хүртэх үү? Та гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах уу?

  • Та энэ ням гарагт бидэнтэй хамт сүмд очих уу?

  • Бид дараагийн уулзалтаа товлож болох уу?

  • 4-р хичээлээс оруулахаар сонгосон зарлигууд.

Дунд хэмжээний хичээлийн төлөвлөгөө (10–15 минут)

Бидний захиас бол итгэл, найдварын захиас юм. Бид Есүс Христийг хайрлаж, шүтэн биширдэг. Тэр бол бидний аз жаргалд зориулсан Бурханы төлөвлөгөөний төвд байдаг. Христийн цагаатгагч золиос Бурханы оршихуйд өргөмжлөл хүлээн авах боломжийг бидэнд олгодог. Биднийг Түүний сайн мэдээний дагуу амьдрахад Тэрээр нүглийг маань нигүүлсэнгүйгээр өршөөх болно. Тэр биднийг эдгээж, гэм буруутай гэсэн мэдрэмж, ичгүүрийг энэ амьдрал дахь амар амгалан, аз жаргалаар солих болно.

Есүс Христийн сайн мэдээ энгийн юм. Энэ нь Есүс Христэд итгэх итгэлээр эхэлдэг. Бид Түүнд итгэдэг, найддаг мөн Түүнийг түшиг тулгуураа болгодог. Ийм итгэл нь биднийг наманчлахад мөн буруу зүйл хийхээ больж, зөв зүйлийг үргэлжлүүлэн хийхэд хүргэдэг. Түүнд итгэх бидний итгэл бас баптисм хүртэх зэрэг Түүний зарлигуудыг дагах замаар хайраа харуулах хүслийг бидэнд төрүүлдэг. Баптисмын дараа Тэр бидэнд Ариун Сүнсний бэлэг өгөхөө амладаг. Ариун Сүнс биднийг удирдаж, тайтгаруулан, үнэнийг мэдэхэд туслах болно. Ариун Сүнс бидэнтэй хамт байгааг бид зүрх сэтгэлдээ мөн оюун ухаандаа мэдэж чадна. Бид амар амгалан, хайр энэрэл, баяр баясгаланг мэдрэх болно. Бид бусдад үйлчлэхийг хүсэх болно. Бид амьдралынхаа туршид Их Эзэнийг баярлуулахыг хичээн зүтгэх болно.

Есүс Христ өөрийн сайн мэдээг хожмын үеийн нэгэн бошиглогчоор дамжуулан сэргээсэн. Сайн мэдээний талаар уншиж, тунгаан бодож, залбирч болох Мормоны Номоос бид сайн мэдээний тухай сурдаг. Бурхан танд энэ ном үнэн гэдгийг Ариун Сүнсний хүчээр хэлэх болно. Та үүнийг үнэн болохыг мэдсэнээр нүглээсээ ангижран, Ариун Сүнсний бэлэг хүлээн авахын тулд наманчилж, баптисм хүртэхийг хүсэх болно.

Урилга

  • Түүний сайн мэдээний тухай үргэлжлүүлэн суралцах замаар та Есүс Христэд итгэх итгэлээ цаашид хөгжүүлэх үү?

  • Та наманчилж, нүглээсээ өршөөгдөхийн төлөө залбирах уу?

  • Та Мормоны Номыг уншиж, энэ нь Бурханы үг мөн болохыг мэдэхийн тул Бурханд хандан залбирч, асуух уу?

  • Та (огноо)-д Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болж, баптисм хүртэх үү? Та гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах уу?

  • Та энэ ням гарагт бидэнтэй хамт сүмд очих уу?

  • Бид дараагийн уулзалтаа товлож болох уу?

  • 4-р хичээлээс оруулахаар сонгосон зарлигууд.

Бүрэн хэмжээний хичээлийн төлөвлөгөө (30–45 минут)

  • Есүс Христийн тэнгэрлэг зорилго

    • Бурхан өөрийн Хайрт Хүү Есүс Христийг дэлхий рүү илгээсэн (Иохан 3:16–17-г үзнэ үү).

    • Бид зөвхөн Христийн ач ивээл, нигүүлслээр дамжин нүглээс цэвэршигдэж чадна (2 Нифай 2:6–8-ыг үзнэ үү).

    • Есүс Христийн Цагаатгал хэмээх Аврагчийн золиосын ачаар бүх хүн шүүгдэхийн тулд Их Эзэний дэргэд буцаан аваачигдана (2 Нифай 9:10–16-г үзнэ үү).

    • Бид Христийг хүлээн авч, наманчлан, дуулгавартай дагах үүрэгтэй.

  • Христийн сайн мэдээ ба Христийн сургаал

    • Мормоны Ном Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг (Сургаал ба Гэрээ 42:12-ыг үзнэ үү).

    • Есүс Христийн сайн мэдээнд Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, Христийн Цагаатгалаар дамжуулан наманчлах, Христийн нэрээр усанд умбуулалтаар баптисм хүртэх, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах, эцсээ хүртэл тэвчих зэрэг нь ордог (2 Нифай 31; 3 Нифай 11, 27-г үзнэ үү).

    • Бид Есүс Христэд итгэлтэй байхын тулд Түүний талаар юунд итгэх ёстойг Мормоны Ном бидэнд заадаг (3 Нифай 27:13–15-ыг үзнэ үү).

  • Есүс Христэд итгэх итгэл

    • Христ бол дэлхийн Аврагч гэдэгт бид итгэх ёстой.

    • Өөрийнх нь сургаалыг хүлээн авч, дагаасай хэмээн Тэр биднээс хүсдэг.

    • Бид дуулгавартай байснаар адислалууд хүлээн авдаг (Сургаал ба Гэрээ 130:20–21-ийг үзнэ үү).

  • Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан наманчлах

    • Христэд итгэх итгэл нь наманчлал руу хөтөлдөг (Алма 34-ийг үзнэ үү).

    • Бид бурханлаг харууслыг мэдэрдэг (2 Коринт 7:9–10-ыг үзнэ үү).

    • Бид буруу зүйл хийхээ больж, зөв зүйлийг үргэлжлүүлэн хийдэг.

    • Бид Их Эзэнд нүгэл үйлдсэнээ хүлээж, бас нэн ноцтой нүглээ Сүмийн удирдагчдад хүлээдэг ба тэд бидэнд наманчлахад тусалдаг (Сургаал ба Гэрээ 58:43-ыг үзнэ үү).

    • Бид өршөөгдөж, гэм буруутай гэсэн мэдрэмж, харуусал маань амар амгалангаар солигддог (Алма 36:17–21-ийг үзнэ үү).

  • Баптисм бол Бурхантай байгуулдаг бидний эхний гэрээ

    • Ёслол бол бидний Бурхантай гэрээ байгуулдаг ариун нандин ёс жаяг мөн.

    • Гэрээ бол Бурхан болон Түүний хүүхдүүдийн хоорондын чанд тохиролцоо юм.

    • Гэрээгээ сахих нь адислалуудыг авчирдаг.

    • Бид нүглээс ангижрахын тулд усанд умбуулалтаар баптисм хүртдэг (Итгэлийн тунхаг 1:4-ийг үзнэ үү).

    • Бид баптисм хүртэхдээ Христэд амласан шинэ амлалтын амьдралыг эхлүүлдэг (Ром 6:3–8-ыг үзнэ үү).

    • Баптисм нь санваарын эрх мэдэлтэй хүнээр гүйцэтгэгдэх ёстой.

    • Ариун ёслолоос долоо хоног бүр хүртсэнээр бид гэрээгээ шинэчилдэг (Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү).

  • Ариун Сүнсний бэлэг

    • Усанд умбуулан гүйцэтгэх баптисмын дараа бид Сүнсний баптисм хүртдэг. Энэ хоёр салшгүй холбоотой.

    • Санваартнууд гар тавилтаар Ариун Сүнсний бэлэг өгдөг.

    • Ариун Сүнс бидэнд зааж, биднийг цэвэршүүлэн, тайтгаруулж, үнэний тухай гэрчилж, сэрэмжлүүлж, чиглүүлдэг (2 Нифай 32:1–5; Мозая 5:1–6; Моронай 10:5; Сургаал ба Гэрээ 36:2-ыг үзнэ үү).

  • Эцсээ хүртэл тэвчих

    • Бид баптисм хүртэж, гишүүнээр батлуулсныхаа дараа энэ замаар үргэлжлүүлэн явах ёстой.

    • Бид Ариун Сүнсний бэлгийг эдлэхийн тулд нүглээс ангид байхаар чадах бүхнээ хийдэг.

    • Итгэж, наманчилж, гэрээ байгуулж, гэрээгээ сахин, Ариун Сүнсийг хүлээн авч, сайн мэдээний зам дээр тууштай дагаснаар мөн ариун сүмд байгуулсан гэрээндээ үнэнч байснаар бид мөнх амьдралыг хүлээн авахад тэнцэж, өргөмжлөлийг хүртэх боломжтой болдог (Нифай 31:14–20; Сургаал ба Гэрээ 132:17-г үзнэ үү).

    • Бид амьдралынхаа туршид үргэлж наманчлах ёстой (Сургаал ба Гэрээ 19:15–20-ийг үзнэ үү).

Урилга

  • Түүний сайн мэдээний тухай үргэлжлүүлэн суралцах замаар та Есүс Христэд итгэх итгэлээ цаашид хөгжүүлэх үү?

  • Та наманчилж, нүглээсээ өршөөгдөхийн төлөө залбирах уу?

  • Та Мормоны Номыг уншиж, энэ нь Бурханы үг мөн болохыг мэдэхийн тул Бурханд хандан залбирч, асуух уу?

  • Та (огноо)-д Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн болж, баптисм хүртэх үү? Та гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах уу?

  • Та энэ ням гарагт бидэнтэй хамт сүмд очих уу?

  • Бид дараагийн уулзалтаа товлож болох уу?

  • 4-р хичээлээс таны оруулахаар сонгосон зарлигууд.

Заасныхаа дараа тавих асуултууд

  • Бидний заасан зүйлийн талаар танд асуух зүйлс байна уу?

  • Наманчлах гэж юу гэсэн үг вэ?

  • Яагаад Ариун Сүнсний бэлэг сайн мэдээний амин чухал хэсэг байдаг вэ?

  • Яагаад баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах нь таны хувьд чухал вэ?

  • Манай Сүмийн цуглааны талаар танд ойлгогдохгүй ямар нэг зүйл байсан уу?

  • Манай Сүмийн цуглаанаас юу нь танд таалагдсан бэ?

Түлхүүр үгсийн тодорхойлолтууд

  • Гишүүний баталгаа: Мелкизедек санваар атгадаг хүн толгой дээр гар тавьснаар уг хүн Сүмийн гишүүнээр батлуулан, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах.

  • Гэрээ: Бурхан болон Түүний хүүхдүүдийн хоорондох зөвшилцөл. Бид уг гэрээнд эн тэнцүү эрх эдэлдэггүй. Бурхан гэрээний нөхцөлийг өгч, бид Түүний биднээс хийхийг хүссэн зүйлсийг хийхээр зөвшөөрдөг. Тэгээд дуулгавартай дагасны маань хариуд тодорхой адислалууд өгөхөө Бурхан амладаг. Би гэрээгээр дамжуулан ёслолуудыг хүлээн авдаг. Бид ийнхүү гэрээ байгуулснаар гэрээгээ эрхэмлэн дээдлэхээ амладаг. Жишээ нь, Сүмийн гишүүд баптисм хүртэхдээ Их Эзэнтэй гэрээ байгуулдаг ба ариун ёслолоос хүртсэнээр уг гэрээгээ шинэчилдэг. Бид өөр олон гэрээг ариун сүмд байгуулдаг. Их Эзэний хүмүүс бол гэрээт хүмүүс юм. Бид Их Эзэнтэй байгуулсан гэрээгээ сахиснаар асар ихээр адислагддаг.

  • Эцсээ хүртэл тэвчих: Амьдралынхаа туршид уруу таталт, эсэргүүцэл, саад бэрхшээлтэй тулгарсан ч Бурханы зарлигуудад болон ариун сүмийн хишиг хүртэх, лацдан холбогдох ёслолуудад үнэнч хэвээр үлдэх.

  • Өргөмжлөл: Бурханы оршихуйд гэр бүлээрээ үүрд мөнх амьдрах (Сургаал ба Гэрээ 132:19–20-ийг үзнэ үү). Өргөмжлөл нь Бурханы Өөрийн охид, хөвгүүдэд өгсөн агуу бэлгүүдийн нэг юм.

  • Сайн мэдээ: Есүс Христийн Цагаатгалаар боломжтой болсон Бурханы авралын төлөвлөгөө. Бүх хүн төрөлхтөнд Бурханы оршихуйд эргэж очиход хэрэгтэй мөнхийн үнэнүүд буюу хууль, гэрээ, ёслолууд сайн мэдээнд багтдаг.

  • Ач ивээл: Итгэлээ хөгжүүлж, наманчлан, зарлигуудыг дуулгавартай дагахын тулд чадах бүхнээ хийсний дараа энэ амьдралд адислал, ирэх амьдралд мөнх амьдрал болон өргөмжлөл хүлээн авах боломжийг бидэнд олгодог Есүс Христийн боломж олгогч хүч. Ийм бурханлаг тусламж буюу хүч нь Есүс Христийн нигүүлсэл, хайраар дамжуулан өгөгддөг. Адам, Ева хоёрын уналтын болон өөрсдийн сул дорой байдлын улмаас бид бүгдэд тэнгэрлэг ач ивээл хэрэгтэй.

  • Нигүүлсэл: Өрөвч, нинжин сэтгэл, уучлалын сүнс юм. Нигүүлсэл бол Бурханы зан чанаруудын нэг юм. Наманчилсан нөхцөлд Есүс Христ Өөрийн цагаатгагч золиосоор дамжуулан биднийг нигүүлсдэг.

  • Нөхөн сэргээх: Авагдсан эсвэл алдагдсан зүйлийг эргүүлэн өгөх.

Хичээл заалгаж байгаа хүмүүстээ тайлбарлах хэрэгтэй байж болох өөр нэр томьёонууд

  • Нүглээс цэвэрших

  • Гэм буруугаа хүлээх

  • Өршөөл

  • Залбирал

  • Ариун ёслол

  • Давчуу бөгөөд нарийн зам

  • Уруу таталт