“1: Номлогчийн хувьд миний зорилго юу вэ?” Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2018), 1–16
“1 Миний зорилго,” Миний сайн мэдээг номло, 1–16
1
Номлогчийн хувьд миний зорилго юу вэ?
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг заах таны үүрэг
Та хүмүүсээр хүрээлэгдсэн байдаг. Та гудамжинд тэдний хажуугаар өнгөрч, гэрт нь очиж уулзан, дунд нь аялдаг. Тэд бүгд Бурханы хүүхдүүд, таны ах, эгч, дүү юм. Бурхан таныг хайрладгийн нэгэн адил тэднийг ч мөн хайрладаг. Тэдний олон нь амьдралынхаа зорилгыг хайж байдаг. Тэд өөрсдийн ирээдүйн төлөө, гэр бүлийнхээ төлөө санаа зовниж байдаг. Тэд Бурханы хүүхдүүд, мөнхийн гэр бүлийнх нь гишүүд гэсэн мэдлэгийг олж авснаар ойр дотно хамаарлыг мэдрэх хэрэгтэй. Эрхэмлэдэг зүйлс өөрчлөгдөж байдаг дэлхийд тэд аюулгүй байдлыг мэдрэхийг хүсдэг. Тэд “энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг” (Сургаал ба Гэрээ 59:23) хүсдэг ч “үүнийг хаанаас олохыг мэддэггүйн улмаас гагцхүү үнэнээс хол байдаг” (Сургаал ба Гэрээ 123:12).
Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Аврагчийн сэргээсэн Есүс Христийн сайн мэдээ тэднийг болон гэр бүлийг нь адисалж, сүнслэг хэрэгцээг нь ханган, сэтгэлийн гүнд байгаа хүслээ биелүүлэхэд нь туслах болно. Хэдийгээр яагаад гэдгээ мэдэхгүй байж болох ч тэд нүглийн улмаас ирдэг гэм буруутай, ганцаардлын мэдрэмжээсээ салах хэрэгтэй. Тэд нүглийнхээ өршөөлийг хүлээн авч, Ариун Сүнсний бэлгийг хүртсэнээр гэтэлгэлийн баяр баясгаланг амсах хэрэгтэй.
Есүс Христийн эрх мэдэл бүхий төлөөлөгчийн хувьд та “Ариун Мессиа, түүнд мөн түүгээр гэтэлгэл ирнэ” гэдгийг мөн хэн ч “Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээлээр биш болбоос нэг ч бие Бурханы дэргэд оршиж чадахгүй” (2 Нифай 2:6, 8) гэдгийг хүмүүст хүч, эрх мэдэлтэйгээр зааж чадна. Хүмүүс Есүс Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ёслолыг санваарын эрх мэдлээр хүлээн авснаар “үүрд зайлуулагдахгүй” (Мормоны Ном, нүүр хуудас) гэдэгтээ итгэлтэй байж болно.
Есүс Христийн Цагаатгал буюу Аврагчийн золиосын тухай таны ойлголт өсөн нэмэгдэх тусам сайн мэдээг хуваалцах хүсэл тань өсөх болно. Лихайн нэгэн адил “эдгээр зүйлийг газар дэлхийн оршин суугчдад мэдүүлэх нь хэчнээн их чухал болохыг” (2 Нифай 2:8) та мэдрэх болно.
Та нүглээсээ цэвэршиж, илүү их аз жаргал, баяр баясгаланг олоход хүмүүст туслах ажилд Есүс Христийг төлөөлөхөөр дуудагдсан билээ. Та тэднийг Есүс Христэд ирж, Түүний сэргээгдсэн сайн мэдээнд хөрвөгдөхөд урих замаар энэ ажлыг хийдэг. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Бидний ажил бол ‘наманчлахыг зааж, хөрвөгчдөд баптисм хүртээх явдал юм’ гэж сүнслэгээр өдөөгдөн дүгнэсэн байдаг. Бид үүний талаар олон зүйл ярьсан. Гэхдээ юунд хөрвөгддөг вэ? Бидний Аврагч, Гэтэлгэгч Есүс Христэд, Түүний сургаал, сэргээгдсэн сайн мэдээ, эрх мэдэл, нэрд хөрвөгддөг. Их Эзэн Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөгдөх нь Түүний Сүмд хөрвөгдөж, гишүүн болохоос өмнө тохиох ёстой. Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөгдөхийг эрэлхийл” гэж заасан (“Closing Remarks” [address given at the seminar for new mission presidents, June 28, 2017], 6, Church History Library, Salt Lake City).
Хүмүүс Аврагчид ирэхийн тулд наманчлалд хүргэх Түүнд итгэлтэй байх ёстой буюу өөрсдийн амьдралыг Түүний сургаалтай нийцүүлэхийн тулд шаардлагатай өөрчлөлтийг хийсэн байх ёстой. Та хүмүүст сэргээгдсэн сайн мэдээг Сүнсээр зааж, үүний сургаалын дагуу амьдрах үүрэг амлалт өгөхөд тэднийг урих замаар ийм итгэлийг хөгжүүлэхэд нь тусалж чадна. Энэ үүрэг амлалтаа биелүүлэх нь баптисмын гэрээ, гишүүний баталгаа болон Ариун Сүнсний эрхэм нандин бэлгийг авахад тэднийг бэлддэг. Тэд “эгэл хүнээ” орхиж, “Их Эзэн Христийн цагаатгалаар” (Мозая 3:19) гэгээнтэн болох ёстой.
Сайн мэдээ хувь хүн, гэр бүлүүдийг адисалдаг
Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн захиас хувь хүн, гэр бүлүүдийг адисалдаг. Сэргээлтийн ачаар бид Бурханы хүүхдүүддээ зориулсан зорилгуудыг нь ойлгодог. “Аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөө нь насан эцэслэсний дараа ч гэр бүлийн холбоог мөнхжүүлдэг. Ариун сүмийн ёслол, гэрээнүүд нь хувь хүн Бурханы оршихуйд эргэн очих, гэр бүлүүд мөнхөд нэгдэх боломжийг олгодог” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign, May 2017, 145 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган).
Гэр бүлийн харилцаа холбоо нь дэлхий дээрх хамгийн агуу баяр баясгалангийн маань эх сурвалж байж чадна. Сатан гэр бүл рүү олон талаас довтолж байгаа бөгөөд үүнээс болж маш олон гэр бүл сүйрч байна. Бүх хүн Бурханы гэр бүлийн нэгэн хэсэг бөгөөд гэр бүлүүд одоо болон үүрд мөнхөд нэгдмэл холбоотой байх боломжтой хэмээх нь Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиас юм. Гэр бүлүүд сайн мэдээний зарчмуудын дагуу амьдарснаар энэ амьдралд амар амгалан, баяр баясгаланг эдэлж, холбоо хамаарлыг мэдэрч мөн өөрийнхөө хэн болохыг мэдэх боломжтой. Гэр бүлүүд сайн мэдээний гэрлээр дамжуулан үл ойлголцол, зөрчил, сөргөлдөөн болон бэрхшээлийг шийдвэрлэж чадна. Зөрчилдөөнөөс болж хагаралд орсон гэр бүлүүд наманчлал, өршөөл, Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэлээр дамжуулан эдгэрч чадна. “Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно. Аз жаргалтай гэрлэлт болон гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэр бүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох зарчмуудыг баримтлан амьдарна” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” 145).
Сайн мэдээний дагуу амьдрахад бие биедээ дэмжин тусалж, улмаар санваарын сэргээгдсэн эрх мэдлээр гэр бүлээрээ лацдан холбогдож чадах гэр бүлүүдийг буюу эцэг, эх, хүүхдүүдийг олж, заахыг хичээ.
Сүнсээр заах
Есүс Христийн сайн мэдээ бол “итгэгч болгоныг … аврах Бурханы хүч” (Ром 1:16) тул сайн мэдээний Сэргээлтийн захиасыг тэнгэрлэг хүчээр буюу Бурхан Тэргүүтний гурав дахь гишүүн, Ариун Сүнсний хүчээр заах ёстой. Түүнийг олонтоо Сүнс гэж нэрлэдэг бөгөөд Түүний нэг үүрэг бол үнэнийг зааж, гэрчлэх явдал юм. Та энэ хүчээр заах үед Ариун Сүнс:
-
Танд шинэ үнэнийг зааж, судалсан сургаалуудыг тань сануулна (Иохан 14:26-г үзнэ үү).
-
Яг хэрэгтэй үед хэлэх үгсийг тань өгнө (Сургаал ба Гэрээ 84:85-ыг үзнэ үү).
-
Захиасыг тань зааж байгаа хүмүүсийн тань зүрх сэтгэлд хүргэнэ (2 Нифай 33:1-ийг үзнэ үү).
-
Таны захиас үнэн болохыг гэрчилж, үгсийг тань батална (Сургаал ба Гэрээ 100:5–8-ыг үзнэ үү).
-
Зааж байгаа хүмүүсийнхээ хэрэгцээ шаардлагыг олж харахад тань тусална (Алма 12:7-г үзнэ үү).
Бусдын итгэлийг хөгжүүлэх замаар сайн мэдээний үнэнийг заахад Сүнс нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Та Сүнсэнд найдах итгэлээ хөгжүүлэхийг хичээхдээ дараах зүйлийг хийвэл зохино. Үүнд:
-
Сүнсний төлөө залбирах (Сургаал ба Гэрээ 42:14-ийг үзнэ үү)
-
Зүрх сэтгэлээ ариусгах (Сургаал ба Гэрээ 112:28-ыг үзнэ үү)
-
Зарлигуудыг сахих (Сургаал ба Гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү)
-
Бурханы үгийг хичээнгүйлэн нөөцлөх (Сургаал ба Гэрээ 11:21; 84:85-ыг үзнэ үү)
-
Бусдад захиасаа ойлгуулж, тэднийг сэнхрүүлэхүйц байдлаар заах (Сургаал ба Гэрээ 50:13–22-ыг үзнэ үү)
-
Итгэлээ хөгжүүлэх (Моронай 10:7-г үзнэ үү)
Их Эзэний тавьсан шаардлагуудыг хангасан үед Сүнс танд өгөгдөх болно гэсэн амлалттайгаар таныг ариун дуудлагад тань онцгойлон адисалсан билээ. Сүнсний бэлгүүдийг эдлэх нь таны хамгийн эрхэм чухал хүслүүдийн нэг байх ёстой.
Таны дуудлагын хүч ба эрх мэдэл
Номлогчид “[өөрсдийн] томилогдсон томилолтын тэрхүү хүчинд, агуу баяр хөөрийн баярт мэдээг, бүр үүрдийн сайн мэдээг тунхаглан” (Сургаал ба Гэрээ 79:1) явах ёстой.
Номлогчийн хувьд та сайн мэдээг номлох эрхтэй. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Аливаа хүн алба юм уу дуудлагыг санваарын түлхүүрүүдийг атгагч нэгнээс хүлээн авснаар томилогдсон үүргүүдээ биелүүлэхдээ санваарын эрх мэдлийг ашигладаг” хэмээн заасан (“Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” Ensign, May 2014, 51 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68). Энэхүү эрх мэдлийг залбирч байгаад, зохистой ашиглавал та дуудлагынхаа бодит нотолгоо болсон сүнслэг хүчийг хүлээн авах болно. Энэхүү үүргээ биелүүлэхээс эмээж, ичиж зовох хэрэггүй. Та яг Мозаягийн хөвгүүд шиг Бурханы хүч, эрх мэдлээр заах ёстой (Алма 17:2–3-ыг үзнэ үү). Хэрэв та санваар атгадаг бол санваарын ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэл танд бас бий.
Та санваарын эрх мэдлээр онцгойлон адислагдахдаа Их Эзэнийг төлөөлөх эрх болон онцгой боломжийг хүлээн авдаг. Энэхүү эрх мэдлийг дэлхийд нотолдог тохинууллын гэрчилгээг та хүлээн авсан. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл “Онцгойлон адислахыг шууд утгаар нь ойлгож болно. Энэ бол дэлхийн нүгэл, шунаг хүсэл, бүдүүлэг, дорд, хэрцгий, үнэ цэнгүй эсвэл бүдүүн хадуун бүхнээс холдуулан онцгойлон адисалж, бодол санаа болон үйл ажиллагааг дэлхийнхнээс илүү өндөр түвшинд аваачих явдал мөн. Адислалын нөхцөл нь итгэлтэй гүйцэтгэл дээр үндэслэгдсэн байдаг” гэжээ (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 478).
Эрх мэдлийн хамт дуудлагынхаа дагуу зохистой амьдрах үүрэг хариуцлага танд ирдэг. Та Их Эзэний төлөөлөгчийн хувьд “итгэгчдийн үлгэр жишээ” (1 Тимот 4:12) байх ёстой. Бурханы зарлигуудын дагуу амьдрахыг хичээж, ариун сүмд байгуулсан гэрээнүүдээ сахь; судруудыг мэддэг бай; эелдэг боловсон, цаг баримталдаг мөн итгэл даадаг бай; биеэ авч явах байдал, хувцаслалт, үс засалтын талаарх номлогчийн жишгүүдийг баримтал; хамт үйлчилдэг болон хамт ажилладаг хүмүүсээ хайрла. Үйлдэл бүрдээ Христийн нэрийг эрхэмлэж яв.
Эрх мэдлээс гадна та бас хүчийг ажилдаа ашигладаг. Таны хүлээж авсан эрх мэдэл хүч рүү хөтөлж болно. Чухамдаа, сүнслэг хүч бол таны эрх мэдэл бодит болохын нэг нотолгоо юм. Сүнслэг хүч бол ажлаа илүү үр дүнтэй гүйцэтгэх боломжийг танд олгож байгаа бэлэг юм.
Ажиллаж, зааж байхад тань таны хүч, эрх мэдэл илэрхий байх ёстой. Таны хийдэг олон зүйлд хүч илэрч болно. Тухайлбал:
-
Яг зөв үед Их Эзэний танаар хэлүүлэхийг хүсэж байгаа зүйлийг Сүнсээр удирдуулан хэлэх (Сургаал ба Гэрээ 84:85-ыг үзнэ үү)
-
Хаашаа явах, юу хийх талаараа удирдамж хүлээн авах (Сургаал ба Гэрээ 28:15; 31:11; 75:26–27-г үзнэ үү)
-
Сүнсний гэрчээр өөрийн гэрчлэлийг баталгаажуулах (2 Нифай 33:1; Сургаал ба Гэрээ 100:5–8-ыг үзнэ үү)
-
Авралын ёслолуудад оролцох (Сургаал ба Гэрээ 84:19–20-ийг үзнэ үү)
-
Хэрэв та ахлагч бол санваарын адислалууд өгөх (Иаков 5:14–15-ыг үзнэ үү)
-
Хамт ажилладаг хүмүүстэйгээ хамт мөн тэдний төлөө залбирах (Алма 6:6; 8:18–22; 10:7–11; 31:26–35; Сургаал ба Гэрээ 75:19-ийг үзнэ үү)
-
Их Эзэнд болон өөрийн гэр бүл, номлогч нөхдөдөө, түүнчлэн үйлчилдэг хүмүүстээ хайраа илэрхийлэх
Есүс Христийн сайн мэдээ
Есүс Христийн сайн мэдээ таны захиас, зорилгын аль алиныг тодорхойлдог. Энэ нь номлогчийн ажил гэж “юу вэ” мөн “яагаад” номлогчийн ажлыг хийдэг вэ гэсэн хоёр асуултыг тайлбарладаг.
Мормоны Ном нь Есүс Христийн сайн мэдээг тодорхой заадаг. Мормоны Номд цэдэглэснээр, Есүс Христийн сайн мэдээнд (1) Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл; (2) Христийн Цагаатгалаар дамжуулан наманчлах; (3) Христийн нэрээр усанд умбуулалтаар хүртээх баптисм; (4) Ариун Сүнсний бэлэг болон (5) эцсээ хүртэл тэвчих байдал ордог (2 Нифай 31; 3 Нифай 11 болон 3 Нифай 27-г үзнэ үү).
Энэ нь мөн хэрэв бид Христэд итгэх итгэлтэй болоход Түүний тухай юунд итгэх хэрэгтэйг бидэнд заадаг. Жишээ нь, Аврагч Өөрийн сайн мэдээг Шинэ Ертөнц дэх хүмүүст танилцуулахдаа “Эцэг минь намайг илгээсний учир би Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр дэлхийд ирсэн билээ. Мөн би загалмай дээр өргөгдөж болохын тулд, би загалмай дээр өргөгдсөний дараа, би бүх хүмүүнийг өөртөө татаж болохын тулд, би хүмүүнээр өргөгдсөний адилаар хүмүүн миний өмнө зогсож, өөрсдийн үйлүүдээр тэд сайн эсвэл хилэнцэт байх эсэхээрээ шүүгдэхээр Эцэгээр өргөгдөхийн тулд Эцэг минь намайг илгээсэн бөлгөө” (3 Нифай 27:13–14) хэмээн хэлсэн.
Мөн Аврагч “Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, энэ бол миний сайн мэдээ; мөн миний сүмд хийх ёстой зүйлүүдээ та нар мэднэ; учир нь миний хийхийг та нарын харсан тэр ажлуудыг та нар түүнчлэн хийх болно; учир нь миний хийснийг та нар харсан, бүр түүнийг та нар хийх болно” (3 Нифай 27:21) хэмээн нэмж хэлсэн.
Түүнээс гадна Мормоны Ном нь бид эцсээ хүртэл тэвчихийн тулд хийх ёстой зүйлсийг, тухайлбал ариун сүмд хишиг хүртэх, лацдан холбох ёслолууд үйлдэх, залбирах, мацаг барих, судраас суралцах, Аврагчийн үлгэр жишээг дагах, Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэх талаар ойлголт өгдөг. Энэ утгаараа Мормоны Ном нь бид “Их Эзэн Христийн цагаатгалаар гэгээнтэн болж” (Мозая 3:19) чадна гэдгийг заадаг.
Есүс Христийн сайн мэдээний зорилго бол шүүлтийн өдөр Аврагчийн нигүүлслээс хүртэж болохын тулд хүмүүсийг нүглээс нь цэвэршүүлэх явдал мөн. Тиймээс, энэ номын болон хамгийн чухал нь таны өдөр бүр хийдэг ажлын төвд Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэн, наманчилж, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, эцсээ хүртэл тэвчих замаар сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад тэдэнд тусалснаар Христэд ирэхэд урих явдал байх ёстой.
Хувь хүн, гэр бүлүүд Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, нүглээ наманчилснаар Христийг дагаж эхэлдэг. Тэднийг өөрсдийгөө даруусгаж, Бурханы тааллыг эрэлхийлэн, зарлигуудыг нь дагаснаар Аврагчийн жишээг дагах үед уг итгэл өсөж хөгждөг (2 Нифай 31:6–7; 3 Нифай 27:13–14-ийг үзнэ үү). Тэд баптисмаар дамжуулан мөн эдгээр ёслолыг гүйцэтгэх эрх мэдлийг Бурханаас хүлээн авсан хэн нэгнээс Ариун Сүнсний бэлэг хүлээн авснаар нүглүүдийнхээ ангижралыг хүлээж авдаг. Тэгээд тэд эцсээ хүртэл тэвчих буюу өөрөөр хэлбэл, тэд бүх амьдралынхаа туршид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, наманчилж, байгуулсан гэрээнүүдээ үргэлж шинэчлэхийн тулд цааш үргэлжлүүлнэ гэсэн үг юм. Эдгээр нь зүгээр л амьдралдаа нэг удаа хийх алхмууд биш; харин эдгээр зарчмыг бүх амьдралынхаа туршид давтахад улам их шагнан урамшуулагч амьдралын загвар болдог. Чухамхүү энэ бол Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд ухамсрын амар амгаланг өгч, Түүний оршихуйд амьдрахаар эргэж очих боломжийг олгох амьдралын цорын ганц арга зам мөн.
Есүс Христэд дуулгавартай байх нь насан туршийн үүрэг амлалт юм. Итгэлээ хөгжүүлж, наманчилж, баптисм хүртэн, Христэд үйлчлэх үүрэг амлалт өгч, дараа нь Ариун Сүнсний бэлэг хүлээж авснаар бид эдгэрлийг хүлээн авч, нүглээсээ өршөөгдөж, Аврагчид болон Түүний сайн мэдээнд бүрэн хөрвөгдөх боломжтой.
Христийн сургаал нь хүмүүсийн итгэл, амьдралын хэв маягийг өөрчлөхийн зэрэгцээ хэрхэн ажиллахыг танд зааж, хичээл зүтгэлийг тань төвлөрүүлдэг. Та Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал, санваарын эрх мэдэл сэргээгдсэн талаар заан, гэрчилснээр мөн Түүний сургаалын дагуу амьдрахад тэднийг урих замаар Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд нь хүмүүст тусал.
Сэргээлтийн захиас: Итгэлийн суурь
Та хаана үйлчилж эсвэл хэнд зааж байгаагаас үл хамааран заах зүйлээ Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт дээр төвлөрүүл. “Есүс Христийн сайн мэдээ тун хэрэгтэй байгаа дэлхийд Сэргээлтийн захиасыг зааснаар Их Эзэн таныг адислах болно” (“Statement on Missionary Work,” First Presidency letter, Dec. 11, 2002). Та номлогчийн хичээл дээрх сургаалуудыг судлахдаа бидэнд “Бурхан нь орчин үеийн бошиглогчоор дамжуулан Христийн Цагаатгал дээр төвлөрсөн, сайн мэдээний анхны зарчим, ёслолуудаар амьдарснаар гүйцэлддэг авралын төлөвлөгөөний тухай мэдлэгийг сэргээсэн” хэмээх нэг л захиас байгааг олж харах болно.
Танаар заалгаж байгаа хүн бүр дараах зүйлийг сайн ойлгосон байхад анхаар.
-
Бурхан бол Тэнгэр дэх бидний бодит Эцэг мөн. Тэр биднийг хайрладаг. Дэлхий дээрх хүн бүр Бурханы хүүхэд, Бурханы гэр бүлийн гишүүн юм. Бурханы Хүү Есүс Христ бол бидний Аврагч бөгөөд Гэтэлгэгч.
-
Биднийг хайрладаг Тэнгэр дэх Эцэг Библийн түүхийн туршид өөрийн сайн мэдээг бошиглогчдод илчлэх замаар хүүхдүүдтэйгээ харилцаж ирсэн. Харамсалтай нь, олон хүн тэрхүү сайн мэдээг нь эсэргүүцсэн. Тэр ч байтугай хүлээн авсан хүмүүсийн зарим нь сайн мэдээний сургаал, ёслолуудыг өөрчилж; итгэлгүй байдал, урвалтад автсан.
-
Бидний Тэнгэр дэх Эцэг өөрийн Хайрт Хүү Есүс Христийг дэлхий рүү илгээсэн юм. Аврагч гайхамшгийг үйлдэж, өөрийн сайн мэдээг заасан. Тэр Цагаатгалыг гүйцэлдүүлж мөн амилсан билээ.
-
Бурхан өөрийн хүүхдүүдэд хайраар хандан, Анхны үзэгдлээс эхлэн тэдэнтэй дахин харилцсан юм. Тэрээр Есүс Христийн сайн мэдээг болон өөрийн санваарын эрх мэдлийг сэргээж, бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өөрийн Сүмийг дэлхий дээр зохион байгуулсан билээ.
-
Аврагч амилсан учраас бүх хүн амилуулагдаж, авралыг хүлээн авах буюу биеийн үхлээс аврагдана. Энэ бол ямар ч нөхцөл заалгүй өгдөг бэлэг юм.
-
Хүмүүс түүнчлэн Есүс Христийн Цагаатгал, Түүнд итгэх итгэл, Түүний сайн мэдээний хууль, ёслолуудыг дуулгавартай дагаж амьдран, Түүнд үйлчилснээр хувь хүнийхээ сүнслэг үхлээс аврагдаж, авралыг хүлээн авч болно.
-
Авралыг хүлээн авахаас гадна ариун сүмд Бурхантай байгуулсан гэрээндээ үнэнч байснаар бид бас өргөмжлөлөөс хүртэх боломжтой (2 Нифай 31:14–20-ийг үзнэ үү).
-
Мормоны Ном бол энэхүү сэргээгдсэн сайн мэдээний хөдөлшгүй нотолгоо мөн.
Зааж байгаа хүмүүстээ урвалт, сэргээлтийн загварыг олж харахад нь тусалж чадвал, тэд хожмын үед Сэргээлт зайлшгүй хэрэгтэй байсныг ойлгоход бэлтгэгдсэн байх болно. Сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авах, сэргээгдсэн санваарын эрх мэдлээр авралын ёслолуудыг үйлдүүлэх мөн мөнх амьдралд хүргэх замаар замнах хэрэгцээг тэд харах болно. Сүм бол зүгээр нэг өөр шашин бөгөөд Америкийн сүм ч биш. Харин энэ бол эхэн үеэс хойш илчлэгдэн, заагдаж байсан тэрхүү “сайн мэдээний бүрэн байдлын” (Сургаал ба Гэрээ 1:23) сэргээлт юм гэдгийг ухааран ойлгоход хүмүүст тусал.
“Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ” бол Иосеф Смит бошиглогч байсны мөн Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэний хөдөлшгүй нотолгоо мөн. Энэ бол манай шашны шаантаг чулуу, энэхүү захиасыг заах хамгийн хүчирхэг эх сурвалж мөн. Бурхан бол бидний Эцэг, бид Түүний сүнсэн хүүхдүүд бөгөөд төрөхөөсөө өмнө Түүнтэй хамт амьдарч байсан мөн гэр бүлүүд Христийн Цагаатгалаар дамжуулан, сайн мэдээний хуулиуд болон ёслолуудыг дуулгавартай дагаснаар Бурханы оршихуйд үүрд мөнхөд хамт амьдрахаар өргөмжлөгдөж болох тухай мэдлэг зэрэг зарим чухал үнэн Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн юм.
Мормоны Ном бол өөрийн хүүхдүүдийг гэх Бурханы хайрын нотолгоо мөн. Энэ нь дэлхийн Аврагч хэмээх Есүс Христийн бурханлаг дуудлагыг гэрчилдэг. Энэ нь Бурхан өөрийн хүүхдүүдэд хандан ярьдгийг харуулдаг. Та зааж, гэрчлэхдээ Мормоны Номыг уншиж, захиасных нь талаар залбирахад хүмүүсийг урь. Таны заадаг хүн бүр Мормоны Номыг Бурханаас ирсэн илчлэлт хэмээн хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх ёстой.
Моронай 10:3–5 дахь гайхамшигт амлалтад итгэ. Энэ номыг уншихад ятгаж, үүнийг ойлгоход нь тэдэнд туслан, энэ нь үнэн эсэхийг Бурханаас чин сэтгэлээсээ асуухад хүмүүсийг ятгахын тулд чадах бүхнээ хий. Ариун Сүнсний гэрчлэл нь Христ өөрийн Сүмийг сэргээсэн гэдэгт итгэх итгэлийнх нь булангийн чулуу болдог. Энэхүү сүнслэг баталгааг хүлээн авахад нь зааж байгаа хүмүүстээ тусал.
Амлалт өгөхөд бусдад туслах нь: Итгэл болон наманчлалд хүргэх үүд хаалга
Хүмүүст үнэн сургаалыг зааж, тэднийг наманчилж мөн Есүс Христэд итгэх итгэлийг нь хөгжүүлдэг үүрэг амлалт өгч, үүнийгээ биелүүлснээр амьдралаа өөрчлөхөд урих замаар баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад тавигддаг шаардлагыг хангахад тэдэнд тусал. Эдгээр үүрэг амлалт нь хүмүүсийг ариун нандин гэрээг байгуулж, сахихад бэлтгэдэг.
Ахлагч Жэффри Р.Холланд “Сонирхогч Мормоны Номыг уншаагүй эсвэл үүний тухай залбираагүй гэдгээ танд хэлэх үед хамгийн түрүүнд та нар шаналах ёстой! … Ихэнх тохиолдолд бид үүнд хэтэрхий хайнга ханддаг. Энэ бол мөнх амьдрал юм. Энэ бол Бурханы хүүхдүүдийн аврал юм. Мөнх амьдрал үүнээс хамаардаг. … Энэ бол энэ [хувь хүний] хийх хамгийн чухал алхам мөн. Гэхдээ тэд үүний талаар мэдэхгүй байж болох ч та үүнийг мэдэж байгаа! … Тиймээс энэ нөхцөлд санаачилгыг гартаа ав. Хүч, эрх мэдлээр заа. Харин үүний дараа тэд үүрэг амлалт өгч, түүнийгээ биелүүлэх эхний алхмаа амжилттай хийж чадаагүй бол шанал” гэжээ (“Making and Keeping Covenants,” missionary satellite broadcast, Apr. 1997).
Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлтийг ойлгуулахаар хүмүүст заахдаа та “наманчлалыг тунхагладаг” (Сургаал ба Гэрээ 15:6). Наманчлалд зүрх сэтгэлийн өөрчлөлт, нүглээ орхих, Бурханд үйлчлэх хүсэл багтдаг. Үүнд Сүнсэнд даруухнаар буун өгч, Бурханы таалалд захирагдах багтдаг. Энэ нь Бурханы таалалд нийцүүлэн амьдрах үүрэг амлалтаа өсгөн нэмэгдүүлэхийг хүмүүсээс шаарддаг. Наманчлал нь бодол санаа, хүсэл, дадал хэвшил, үйл хөдлөлөө чин сэтгэлээсээ мөн буцалтгүй өөрчлөхийг шаарддаг. Энэ нь баяр баясгалан, амар амгаланг авчирдаг эерэг туршлага юм. Наманчлахын тулд юу хийх ёстойг ойлгоход нь хүмүүст туслахдаа зоригтой байж, тэднийг хайрла. Үүрэг амлалт өгөхөд хүмүүсийг урьснаар, сэрэмжлүүлгийн болон найдварын дуу хоолойг аль алиныг нь үр дүнтэй өргөж чадна.
Баптисм ба гишүүний баталгаа
Зааж байгаа хүмүүстээ баптисм хүртээж, тэднийг гишүүнээр батлах нь таны гол зорилго байх юм. Нүглээсээ ангижрахын тулд баптисм хүртдэг бөгөөд Ариун Сүнсний бэлэг нь зохистой амьдардаг хүмүүст үй олон адислал авчирдаг. Эдгээр ёслолоор дамжуулан хүмүүс мөнх амьдрал, өргөмжлөлд хүрэх үүд хаалгаар орж, замаар нь үргэлжлүүлэн явдаг. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Бид хүмүүсийг ‘Сүмд авчрахын төлөө’ эсвэл Сүмийн гишүүнчлэлийг нэмэгдүүлэхийн тулд номлож, заадаггүй. Зөвхөн амьдралаа сайжруулахад хүмүүсийг ятган сэнхрүүлэх гэж бид номлож, заадаггүй. … Селестиел хаант улсын үүд хаалгыг Бурханы хөвгүүд, охидод нээхийн тулд бид наманчлал, баптисм, гишүүний баталгаагаар дамжуулан Христэд ирэхэд бүгдийг урьдаг. Өөр хэн ч үүнийг хийж чадахгүй” гэж хэлсэн (“The Purpose of Missionary Work,” missionary satellite broadcast, Apr. 1995).
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг заахдаа, усаар болон Сүнсээр баптисм хүртэж, Сүмийн гишүүнээр батлуулахын ариун мөн чанар болон хэрэгцээг ойлгоход хүмүүст тусал. Ариун Сүнсний бэлэг хүлээн авах нь энэ амьдралын агуу адислал бөгөөд авралын түлхүүр болохыг ухааран ойлгоход тэдэнд тусал. Ариун Сүнс [тэдэнд] “бүх зүйлийг заах” (Иохан 14:26) болно. Ерөнхийлөгч Боид К.Пакэр “Та усаар гүйцэтгэдэг баптисмын талаар [хүмүүст] зааж, тэднийг бэлтгэхдээ, бас Ариун Сүнсний бэлэг буюу галан баптисмын тухай бодох ёстой. Энэ хоёрыг нэг зүйл гэж бод. Эхлээд усаар гүйцэтгэдэг баптисм, дараа нь галаар гүйцэтгэдэг баптисм хүртдэг” хэмээн заасан (“The Gift of the Holy Ghost: What Every Missionary Should Know—and Every Member As Well,” [address given at the seminar for new mission presidents, June 2003]). Бошиглогч Иосеф Смит “Усаар гүйцэтгэдэг баптисм нь хагас баптисм бөгөөд нөгөө хагас нь болох Ариун Сүнсний баптисмгүйгээр хий, хоосон зүйл болох юм” хэмээн заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 110).
Баптисм хүртэж, гишүүнээр батлуулж, Ариун Сүнсийг хүлээн авахад тавигддаг шаардлагыг хангахын тулд тэд Сургаал ба Гэрээ 20:37-д өгөгдсөн нөхцөлүүдийг хангах ёстойг ойлгоход нь зааж байгаа хүмүүстээ тусал.
Зохистой хөрвөгчдийг баптисм хүртсэний дараа Сүмийн гишүүнээр баталж, Ариун Сүнсний бэлэг өгдөг. Энэхүү гишүүнээр батлах ёслолыг баптисм хүртээсний дараа удалгүй ариун ёслолын цуглаан дээр бишоп юм уу салбарын ерөнхийлөгчийн удирдлаган доор гүйцэтгэдэг. Хэдийгээр энэ хоёр ёслол нэг доор хийгддэггүй ч гишүүний баталгаа нь баптисм хүртэх ёслолын үргэлжлэл бөгөөд баптисмыг бүрэн бүтэн болгож өгдөг юм.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг зохион байгуулах
Хүмүүс баптисм хүртэж, Сүмийн гишүүнээр батлуулсан бол, энэ шинэ хөрвөгчдөд шинэ амьдралдаа дасан зохицож, цаашид сүнслэг байдлын хувьд өсөж хөгжихөд нь туслах тойргийн удирдагч, гишүүдтэй хамтран ажилла. Гэрчлэлтэй хүмүүс баптисм хүртэж, гишүүнээр батлуулан, гэрээгээ сахиж, ариун сүмд орохоор идэвхтэй бэлтгэн, тойрог, салбараа бэхжүүлэхэд туслахын хэрээр Сүм төлөвшдөг.
Гишүүн найзтай, үүрэгт ажил хүлээн авсан, Бурханы үгээр тэжээгдсэн хөрвөгчдийн гэрчлэл, итгэл өсөн нэмэгдэх болно. Номлогчид, орон нутгийн удирдагчид болон Сүмийн гишүүд шинэ гишүүдийг тэжээн тэтгэж, хүчирхэгжүүлэх үүрэг хариуцлагаасаа зайлсхийх ёсгүй.
Сайныг үйлдэхээр яв
Мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр Аврагч “боолын дүрийг ав[сан]” (Филиппой 2:7). Тэрээр “сайныг үйлдэж” (Үйлс 10:38) мөн “сайн мэдээг тунхаглахаар” (Матай 4:23) явсан. Энэ үлгэр жишээг дагаснаар та өөрийн үйлчлэх хүмүүсийг болон таныг хүлээн авах хүмүүсийг олох болно.
Та үйлчлэлээр дамжуулан Бурханыг болон хөршөө хайрла гэсэн хамгийн том хоёр зарлигийг гүйцэлдүүлэх юм (Матай 22:36–40-ийг үзнэ үү). Үйлчлэлээр дамжуулан та болон сэргээгдсэн сайн мэдээнд бэлтгэгдсэн хүмүүс хүчирхэг, сүнсээр өдөөгдсөн арга замаар уулзан учирч болох юм. Таны сайн үйлс Бурханы үйлчлэгч гэдгийг тань зарим хүнд таниулж, сэргээгдсэн сайн мэдээг заах боломж руу хөтөлж ч болно. Гэхдээ та сайн мэдээний захиасыг сонсож, заах хүсэлтийг хүлээн авна гэж хүлээлгүй, эргэн тойрныхоо хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрлаж байгаагаа илэрхийлж, Христийнхтэй адил үйлчлэлийг санал болгох хэрэгтэй.
Номлолынхоо өмнө олон номлогч хэн нэгэнд нүүхэд нь туслах, орон нутгийн цуглааны байраа эсвэл хэн нэгний хашааг цэвэрлэх байдлаар төлөвлөсөн “үйлчлэх төслүүдэд” оролцон, үйлчлэлийн туршлагатай болсон байдаг. Номлогчийн хувьд та ийм төлөвлөсөн үйлчлэлийг долоо хоног бүр санал болгох болно (нэмэлт мэдээллийг Номлогчийн гарын авлагаас үзнэ үү). Номлолын ерөнхийлөгчийнхөө удирдлаган доор та Сүмийн хүмүүнлэгийн болон гамшгийн хариуд үзүүлэх тусламжаар дамжуулан орон нутагтаа үйлчлэх боломжуудыг олж болно.
Энэ хэсэгт тайлбарласан үйлчлэлийн төрөл төлөвлөгдөөгүй боломжуудад төвлөрнө. Энэ төрлийн үйлчлэлд Бурханы хүүхдүүдэд найрсаг сэтгэлийн үүднээс жижиг үйлдлээр үйлчлэх боломж бололцоог таньж мэдэхийн тулд Сүнсийг сонсох явдал багтдаг. Бүх өдрийн турш сайныг үйлдэх боломжийн төлөө залбирч мөн анхааралтай бай.
Амжилттай номлогч
Үндсэндээ номлогчийн хувьд таны амжилт хүмүүсийг олж, заан, баптисм хүртээж, гишүүнээр баталж, Ариун Сүнсний оршихуйд баясдаг Сүмийн итгэлтэй гишүүд болоход нь тэдэнд туслахын тулд гаргасан хүчин чармайлтаар хэмжигддэг.
өөрийгөө бусад номлогчтой харьцуулж, өөрийн хүчин чармайлтын гадаад үзэмж, үр дүнг бусдынхтай жишиж харьцуулахаас зайлсхий. Таны захиасыг хүлээн авах уу, үгүй юү гэдгийг сонгох эрх хүмүүст бий гэдгийг санагтун. Таны үүрэг бол тэдэнд мэдээлэл хүлээн авсныхаа дараа сонголтоо хийхэд нь туслахын тулд тодорхой, хүчтэй заах явдал мөн. Зарим хүн үнэн гэдгийг баталсан сүнслэг гэрчлэл хүлээн авсан байсан ч захиасыг тань хүлээн авахгүй байж магад. Та тэднийг хайрладаг мөн аврагдаасай гэж хүсдэг учраас сэтгэл тань эмтрэх болно. Гэвч та сэтгэл санаагаар унах ёсгүй. Сэтгэл санаагаар унах нь итгэлийг тань сулруулна. Хэрэв та хүлээлтээ бууруулах юм бол, таны бүтээмж буурч, хүсэл тань суларч, Сүнсийг дагахад бүр илүү хэцүү байх болно.
Та дараах зүйлсийг үйлдэж байвал амжилттай номлогч гэдгээ мэдэж болно. Үүнд:
-
Сүнс өөрөөр тань дамжуулан хүмүүст гэрчлэхийг мэдэрдэг.
-
Хүмүүсийг хайрлаж, тэднийг аврагдаасай гэж хүсдэг.
-
Чанд дуулгавартай дагадаг.
-
Хаашаа явах, юу хийх, юу хэлэхийг өөрт тань үзүүлдэг Ариун Сүнсийг хүлээн авч, Түүнийг хэрхэн дагахыг мэдэж амьдардаг.
-
Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлдэг.
-
Бодгалиудыг Христэд авчрахын төлөө өдөр бүр үр дүнтэй ажиллаж, чадах бүхнээ хийж мөн суралцаж, сайжрахыг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг.
-
Та хаана ч ажиллахаар томилогдлоо гэсэн Сүмийг (гадас болон тойргийг) зохион байгуулж мөн хүчирхэгжүүлэхэд тусалдаг.
-
Нүглийн үр дагаврыг хүмүүст сэрэмжлүүлэн хэлдэг. Тэднийг үүрэг амлалт өгч, биелүүлэхэд урьдаг.
-
Бусад номлогчид зааж, үйлчилдэг.
-
Хүмүүс таны захиасыг хүлээн авах эсэхээс үл хамааран боломж олдох бүрд сайныг үйлдэн, бусдад үйлчилдэг.
Та чадах бүхнээ хийсэн ч урам хугарах зүйл тохиолдож болох ба тэр үед өөртөө сэтгэл дундуур байхгүй байх болно. өөрөөр тань дамжуулан Сүнс ажиллаж байгааг мэдрэх үед Их Эзэн баярлаж байгааг та баттай мэдэрч болно.
Номлогчийн ажил
Дараах мэдэгдлүүдийг энэ эрин үеийн Сүмийн зарим ерөнхийлөгч хийсэн.
Ерөнхийлөгч Иосеф Смит (1830–1844)
“Эцсийн эцэст, хамгийн агуу, хамгийн чухал үүрэг бол Сайн мэдээг номлох явдал мөн” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 330).
Ерөнхийлөгч Жорж Альбэрт Смит (1945–1951)
“Бид Есүс Христийн Сайн мэдээний адислалуудыг Эцэгийнхээ бусад хүүхэдтэй хуваалцаж, энэ болон үүний дараах амьдралыг маань баяжуулах зарлигуудыг сахисан нөхцөлд л селестиел хаант улсад өөрсдийн өргөмжлөлийг хүртэх болно” (Sharing the Gospel with Others, 190).
Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй (1951–1970)
“Гишүүн бүр … номлогч!” (Conference Report, Apr. 1959, 122).
“Христийн үнэн шашин бол үйлдлээр үзүүлдэг хайр юм. өөрсдийн нөхдөд амь биеэ үл хайрлан хайрладгаа харуулахаас өөр Бурханыг хайрладгаа харуулах арга зам гэж үгүй. Энэ бол номлогчийн ажлын сүнс юм” (Gospel Ideals [1954], 129).
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1985–1994)
“Энэ сайн мэдээг бүх дэлхийд түгээхийг Бурхан бидэнд зарлигласан. Энэ бол өнөөдөр биднийг нэгтгэх учиртай тэрхүү зорилго мөн. Дэлхийг өөрийг нь устгалд хүргэх гай гамшгаас зөвхөн сайн мэдээ л аврах болно. Зөвхөн сайн мэдээ л бүх арьстан, үндэстнийг амар амгаланд нэгтгэх болно. Зөвхөн сайн мэдээ л хүмүүн төрөлхтний гэр бүлд баяр баясгалан, аз жаргал, авралыг авчрах болно” (The Teachings of Ezra Taft Benson [1988], 167).
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр (1994–1995)
“[Есүс Христийн] Цагаатгал номлогчийн ажилтай юугаараа холбоотой вэ? Бид [Аврагчийн] Цагаатгалын адислалыг өөрийн амьдралд амсах бүрдээ өөрийн эрхгүй [бусдын] сайн сайхны төлөө санаа тавьдаг. … Хувь хүний хөрвөлтийн нэгэн чухал үзүүлэлт бол сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэл юм” (Teachings of Presidents of the Church: Howard W. Hunter [2015], 127–128).
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1995–2008)
“Бид Эцэгийнхээ ажил болон алдар сууд туслахаар, ‘хүмүүний үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрах[аар]’ (Мосе 1:39) энд байгаа билээ. Миний үүрэг хариуцлага миний хүрээлэлд чухал байдаг шиг, та нарын үүрэг хариуцлага та нарын хүрээлэлд чухал юм” (“This is the Work of the Master,” Ensign, May 1995, 71).
“Бусдыг үнэний мэдлэгт авчрах чадавхтай гэсэн мэдлэгийг гишүүн бүр өөрийн зүрх сэтгэлд суулгах болтугай. Тэрээр үүн дээр ажиллаг. Энэ тухай чин сэтгэлээсээ залбираг” (“Find the Lambs, Feed the Sheep,” Ensign, May 1999, 106).
Ерөнхийлөгч Томас С.Монсон (2008–2018)
“Энэ ажил зөвхөн таных юм уу минийх биш гэдгийг санагтун. Энэ нь Их Эзэний ажил бөгөөд бид Их Эзэний ажлыг гүйцэтгэх үед, Түүний туслалцааг авах эрхтэй. Их Эзэн нуруун дээр тань үүрүүлсэн ачааг дийлэх хүчийг танд өгөх болно” (“Сурах, хийх, байх,” Ensign, 2008 оны 11-р сар, 62 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 74).
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон (2018–өнөөг хүртэл)
“Их Эзэний захиас хүн бүрд зориулагдсан билээ. Энэ бол дэлхий дахиныг хамарсан ажил. … Бидний захиас бол хөшигний хоёр талд байгаа Бурханы бүх хүүхдийг Аврагчдаа ирж, ариун сүмийн адислалыг эдэлж, төгсөшгүй аз жаргалыг мэдэрч, мөнх амьдралыг хүлээн авахад тэнцэхэд урих явдал юм. Мөн энэ нь бүх хүнд итгэл найдвар, тусламж дэмжлэг өгч, тэднийг өргөх болно” (“President Nelson Bolsters Faith from London, First Stop on Global Tour,” Church News, Apr. 13, 2018, lds.org/church/news/president-nelson-bolsters-faith-from-london-first-stop-on-global-tour).
Суралцах болон амьдралд хэрэгжүүлэх санаа
Хувиараа суралцах
-
Энэ бүлгийн эхэн хэсэгт байх асуултуудын нэгээр хоёр минутын хэлэх үг бэлд. Үгээ хамтрагчтайгаа эсвэл дүүргийн зөвлөлийн бусад номлогчтой хуваалцахад бэлтгэ.
-
Хөрвөгдсөн түүхээ ярихыг шинэ хөрвөгчдөөс хүс. “Наманчлалд хүргэх итгэлийг” (Алма 34:17) олж авахад тэдэнд юу тусалсан бэ? Тэд яагаад баптисм хүртэж, гишүүнээр батлуулахаар шийдсэн бэ? Сүмийн шинэ гишүүн болох тэдэнд ямар байсан бэ? Номлогчид тэдэнд хэрхэн илүү сайн үйлчилж болох байсан бэ?
-
Сэрэмжлүүлгийн дуу хоолойг өргөх гэсэн нь ямар утгатай болохыг эргэцүүлэн бод (Иаков 3:12; Сургаал ба Гэрээ 1:4; 38:41; 63:57–58; 88:81; 112:5; Езекиел 3:17–21; 33:1–12-ыг үзнэ үү). Энэ нь таны хувьд юу гэсэн утгатай болох талаар мөн үүнийг хийхийн тулд юу хийхээ өөрийн үгээр бич.
-
Мормон 8, Моронай 1 болон 10-ыг уншина уу. Уншихдаа өөрөөсөө “Бидний цаг үеийг ямар байгаасай хэмээн Моронай найдаж байсан бэ? Мормоны Номыг хэрхэн ашиглаасай хэмээн тэр биднээс хүссэн бэ? Хэрэв надад боломж олдсон бол би Моронайд юу гэж хэлэх байсан бэ?” гэж асуу. өөрийн бодол санааг судлах тэмдэглэлдээ бич.
-
Иосеф Смитийн талаарх мөн Сэргээлтийн тухай гэрчлэлийг тань хүчирхэгжүүлсэн, амьдралд тохиолдсон үйл явдлуудаа бодож үз. Дараа нь “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэн гэдгийг олж мэдэхэд юу танд тусалсан бэ?” гэсэн асуултад хариулж бич.
Хамтрагчтайгаа суралцах
-
Бүлгийн эхэн дэх “Үүнийг эргэцүүлэн бод” хэсгийн асуултуудад өгсөн хариултаа бие биетэйгээ хуваалц.
-
Номлолын дуудлага хүлээн авахад та номлолын талаарх юунд найдаж, юуг хүсэж байснаа нэг нэгэнтэйгээ хуваалц. Өнөөдрийг хүртэлх таны сэтгэгдэл хүсэн хүлээж байсан зүйлтэй тань хэр нийцэж байна вэ? Та тэдгээр хүсэн хүлээж байсан зүйлдээ хэрхэн илүү сайн хүрч чадах вэ?
-
Bible Dictionary дахь “Ministry”” хэсгийг уншаад, ярилц.
-
Дараах агуу номлогчдоос нэгийг нь сонгоод, жагсаасан эшлэлүүдийг унш. Уншихдаа, энэ номлогч (1) дуудлагаа хэрхэн ойлгож, үүнд өөрийгөө зориулсныг, (2) уг ажилд хандах хандлага, хүслээ хэрхэн харуулсныг мөн (3) сайн мэдээг хүлээн авахад бусдад хэрхэн тусалсныг ярилц.
-
Дууллын номын “Сайн мэдээний сэргээлт” сэдэв дотроос хоёр дуу сонго (424-р хуудсыг үзнэ үү). Дууллуудын үгсийг унш эсвэл дуул. Үгсийн утгыг ярилц.
-
Судруудын удирдамж дээрх “Итгэл,” “Наманчлал ,” “Баптисм,” “Ариун Сүнс” зэргийг хамтдаа унш. Сэдэв тус бүр дэх судрын бүх эшлэлийг уншиж, ярилц.
-
Bible Dictionary, “Dispensations” гэдгийг хамтдаа унш. Мөн Сургаал ба Гэрээ 136:37-г уншиж, ярилц.
Дүүргийн зөвлөл, бүсийн чуулган, номлолын удирдлагын зөвлөл
-
Хөрвөгдсөн туршлагаа хуваалцахыг хоёр, гурван шинэ хөрвөгчөөс хүс. Номлогчдын талаар болон тэдний заасан зүйл, үүрэг амлалтаа биелүүлэх зэргийн талаар тэдэнд ямар бодол санаа төрж байсан бэ? Тэднийг хөрвөгдөхөд юу хамгийн хүчтэй нөлөөлсөн бэ?
-
Танай бүсэд Сүмийг барьж босгох боломж ба тулгардаг бэрхшээлийн талаар санваарын нэг удирдагчийг номлогчидтой яриулахаар урь.
-
Алма 18-ыг уншаад, дараах асуултуудыг ярилц. Уг түүхийн эхэнд Лемонайн бодол санаа ямар байсан бэ? Тэд хэрхэн өөрчлөгдсөн бэ? Сайн мэдээний адислалуудыг хүлээн авахын тулд хүн ямар бодол санаатай байх ёстой вэ? Алма 34:15–16-г уншаад, Лемонайн түүхтэй харьцуул. Нигүүлслийг олж авах боломжийг Христийн Цагаатгал хэрхэн бидэнд олгодог вэ?
-
Амжилттай номлогч байх нь юу гэсэн үг болохыг ярилц. Амжилтын тодорхой жишээнүүдийг өгөхөд номлогчдыг урь.
-
Номлогчдыг гурван бүлэгт хуваа. Нэг бүлэгт Үйлс 2:36–38-ыг (Петр), нөгөө бүлэгт Үйлс 16:25–33-ыг (Паул), сүүлчийн бүлэгт Мозая 18:8–11-ийг (Алма) уншуулахаар оноож өг. Бүлэг бүрээс “Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэн, наманчилж, баптисм хүртэж, гишүүнээр батлуулахад нь бусдад туслахын тулд энэ номлогч юу хийсэн бэ?” гэсэн асуултад хариулахыг хүс. Наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авахад хүмүүсийг урих үед итгэлээ хөгжүүлэхэд нь туслах юуг номлогчид эдгээр түүхээс мэдэж авсныг ярилц.
-
Хурлаас хэд хоногийн өмнө, бүлгийн эхэн дэх “Үүнийг эргэцүүлэн бод” хэсгээс сонгож авсан асуултуудыг тунгаан бодох даалгаврыг хэдэн номлогчид өг. Оногдсон асуултаараа хоёроос гурван минутын үг бэлдэхийг номлогч бүрээс хүс. Дүүргийн хурал, бүсийн чуулганы үеэр бэлтгэсэн үгээ хэлэх боломжийг номлогчдод олго. Үг хэлснийх нь дараа тэдний сурсан зүйлийг мөн номлогчийн ажилдаа хэрхэн ашиглахаа ярилц.
-
Номлогчдыг дөрвөн бүлэгт хуваа. Бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдэж, илчлэгдсэн үнэн, гэрээ болон ёслолуудын аль болох олныг багтаасан жагсаалт гаргахыг бүлэг бүрээс хүс. Бүлэг бүрээр үр дүнг нь хуваалцуул. Сэргээлтээр дамжуулан илчлэгдсэн аль нэг үнэн амьдралд нь хэрхэн нөлөөлсөн тухай хуваалцахад номлогчдыг урь.
Номлолын ерөнхийлөгч, түүний хамтрагч, зөвлөхүүд
-
Ярилцлага хийх үедээ эсвэл харилцан ярилцаж байхдаа дараах зүйлсийн талаар тантай хуваалцахыг номлогчдоос үе үе хүс.
-
Есүс Христийн тухай тэдний гэрчлэл
-
Сэргээгдсэн сайн мэдээ болон Иосеф Смитийн зорилгын тухай тэдний гэрчлэл
-
Мормоны Номын тухай тэдний гэрчлэл
-
Номлогчийн хувьд зорилго нь юу болох талаарх тэдний санаа бодол
-
-
Номлолынх нь зорилго юу болох талаар өөрийн бодол санааг судлах тэмдэглэлдээ бичихэд номлогчдыг урь. Ярилцлага хийхдээ юм уу харилцан ярилцах үедээ бичсэн зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.
-
Шинэ гишүүдэд баяр хүргэсэн захидал илгээ.