2021
Вахай Тонга
2021 оны 7, 8-р сар


Газар бүрийн анхдагчид

Вахай Тонга

Тонга дахь үлгэр жишээ

Зохиогчид нь Шинэ Зеландын Вайкато болон АНУ-ын Ютад амьдардаг.

Вахай залбирсаар байсан бөгөөд нэг өдөр ийм зүйл тохиолдсон юм.

A group of Tongan Young Men

Вахай залбирахаар орныхоо хажууд өвдөг сөгдөв. Энэ нь түүний сургуулийн дотуур байранд өнгөрөөж буй анхны шөнө байсан бөгөөд тэр бусад олон хөвгүүнтэй нэг өрөөнд хамт байв. Тэдний хэн нь ч түүн шиг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн биш байлаа.

“Хүндэт Тэнгэрлэг Эцэг минь …” гээд тэр зүрх сэтгэлдээ залбирч эхлэв. Гэхдээ энэ тийм ч хялбар байсангүй. Бусад хөвгүүн чанга ярьж, инээлдэж байлаа.

“Хөөе, хар даа!” гэж түүний өрөөний хөвгүүдийн нэг Акау орилов. “Тэр залбирч байна” гэж тэр хэллээ.

Вахайд тухгүй болж эхлэв. Акау өөрийг нь шоолж байгааг тэр мэдэж байлаа. Гэвч Вахай түүнийг сонсоогүй мэт дүр эсгэв. Тэр үргэлжлүүлэн залбирсаар байв.

Вахайг сайн мэдээний талаар анх суралцаж байх үед өвөө, эмээ хоёр нь мөн л Сүмд тийм ч дуртай биш байсан юм. Вахай Хүүхдийн хэсэгт нагацтайгаа эсвэл найзуудтайгаа явдаг байлаа.

Тэр арван хоёр нас хүрээд, баптисм хүртэхээр шийдсэн юм. Түүний өвөө, эмээ хоёр эхэндээ баяртай байсангүй. Гэвч эмээ нь түүнд “Одооноос чи энэ Сүмийн гишүүн боллоо. Бид чамайг итгэлтэй хэвээр байгаасай гэж хүсэж байна” гэж хэлэв.

Одоо Вахай сургуульд сурахаар гэрээсээ хол ирсэн ба итгэлтэй хэвээр байхаар зориг шулуудсан байв. Хэдийгээр бусад хөвгүүн түүгээр доог тохуу хийж байсан ч тэр залбирсаар байлаа.

Нэг орой Вахай өвдөг сөгдөх үедээ нэг зүйл сонсов.

“Хөөе, чимээгүй байцгаа! Вахай залбирч байна” гэж хэн нэгэн хэлжээ.

Вахай залбирч дуусаад, нүдээ нээлээ.

Акау түүний орон дээр сууж байв. “Залбирал чамд үнэхээр чухал биз дээ?” гэж тэр асуув.

“Тийм ээ, чухал” гээд Вахай толгой дохилоо.

Үүнээс хойш бусад хөвгүүн Вахайг залбирч байх үед чимээгүй байдаг болов. Удалгүй Акау түүнтэй хамт өвдөг сөгдөж эхлэв. Бусад нь ч мөн нэгдэв. Эцэстээ өрөөний хөвгүүд ч мөн Вахайтай хамт орой бүр өвдөг сөгддөг болов.

Вахай баяртай байв. Тэрээр урьд нь гэр бүлээрээ хэзээ ч залбирч байгаагүй байжээ. Харин одоо тэр сургуулийн найзуудтайгаа гэр бүлийн залбирал хийж чадахаар болсон юм.

Нэг өдөр Вахайд нэгэн санаа төрөв. Сүмийн нэг томоохон цугларалт болох гэж байлаа. Тэр найзуудаа урьж болохоор байв!

Залбирлын дараа Вахай бүгдэд нь цугларалтын талаар хэлэв. Тэр “Үүнийг дүүргийн чуулган гэж нэрлэдэг. Хүмүүс Есүсийн талаар суралцахаар ирдэг. Та нар хүсвэл бүгдээрээ ирж болно!” гэж хэллээ.

Цугларалтад очихын тулд тэд сургуулийн хотхоноос гарах хэрэгтэй учир хөвгүүд бүгд гарах зөвшөөрөл хүссэн цаасан дээр гарын үсэг зурах шаардлагатай байв. Вахай гарын үсэг зурсан цаасыг хараад гайхжээ. Жагсаалт дээр 77 хүний нэр байв!

Ангийнхантайгаа нэг эгнээнд хамт сууж, чуулганы яриаг сонсох үед Вахайн зүрх сэтгэлд халуун дулаан мэдрэмж төрж байлаа. Акау болон хөвгүүдийн зарим нь дотроо ижил мэдрэмжтэй байсан нь гарцаагүй. Чуулганы төгсгөлд тэдний долоо нь баптисм хүртэхийг хүсэв.

Тэр орой найзуудтайгаа залбирсныхаа дараа Вахай ганцаараа залбирчээ. “Намайг сайн найзуудаар адисалсанд мөн намайг сайн үлгэр жишээ байхад тусалсанд баярлалаа” гэж тэр Тэнгэрлэг Эцэгтээ хэлэв.

Тонга улс нь Номхон далайн 170 орчим арлаас бүрддэг.

Өнөөдөр Тонга дахь арван хүн тутмын зургаа нь Сүмийн гишүүд юм.

Түүнчлэн Тонга нь “Нөхөрсөг арлууд” гэдэг нэрээрээ алдартай.

Вахай, түүний эхнэр Сэла нар Шинэ Зеландын Хамилтон ариун сүмд лацдан холбуулсан анхны хос юм.

Вахай Тонгагийн Нукуалофа ариун сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилсэн.

Тэрээр Тонга дахь Сүмийн эзэмшдэг ахлах сургууль болох Лиахона коллежид багшилдаг байсан.

Friend, July 2021 Tier 2

Зураг чимэглэлийг Сюзан Кийтэр