Аяллын найзууд
Эхэндээ Эдисонд тэдний нэг биш юм шиг санагдаж байв.
Эдисон газар өшигчинө. Бусад бүх хөвгүүн хоорондоо ярьж, майхнаа босгоцгоож байлаа. Харин тэр хэнийг нь ч таньдаггүй байв.
Эдисоны гэр бүл испани руу нүүснийхээ дараахан сүмдээ явахаа больсон байлаа. Гэсэн ч тойргийнх нь хэдэн хөвгүүн ирж, түүнийг хээрийн аялалд явахыг урив. Аялалд явах нь зугаатай сонсогдож байсан ч одоо тэр энд байхыг хүсэж байгаа эсэхдээ эргэлзэв. Тэр тэдний нэг биш юм шиг санагдаж байв.
Диэго, Хуан гэдэг хоёр хүү Эдисон дээр хүрч ирэв. “Чи бидэнтэй хамт манай майханд байрлахыг хүсэж байна уу?” гэж Диэгог асуухад,
Эдисон санаа алдан, инээмсэглээд, “Тэгье” гэлээ.
“Янзтай! Тэгвэл явж усанд сэлж болох юм” гэж Хуан хэлэв.
Хөвгүүд майхнаа босгож дуусаад, гол руу гүйлдэв. Ус хүйтэн байсан ч Эдисон үүнийг анзаарах сөхөөгүй хөгжилдөж байлаа. Өдрийн хоолны дараа, хөвгүүд удирдагчдын хамт явган аялав. Нар жаргах үеэр тэд буцаж ирээд, түүдэг гал асаахад тусалжээ.
“Гэр бүлийнхээ талаар танилцуулаач?” гэж Хуаныг асуухад,
Эдисон тэвэрт буй мөчрөө галын хажууд унагаад, “Аав, ээж хоёр маань их дажгүй хүмүүс байдаг. Эгч маань миний хамгийн сайн найз. Манай гэр бүл Эквадороос энд нүүж ирсэн” гэлээ.
Диэго, Хуан хоёр бие бие рүүгээ харж инээмсэглэв.
“Бид ч мөн Эквадороос ирсэн!” гэж Хуан хэлжээ.
Диэго хүрэмнийхээ цахилгааныг доошлуулаад, цамцаа харуулав. Түүний цамцан дээр Эквадорын хөл бөмбөгийн багийн бэлгэ тэмдэг байв.
“Хөөх! Та хоёр Эквадорын юуг хамгийн их санаж байна?” гэж Эдисоныг асуухад,
Диэго, Хуан хоёр инээлдэн, “Хоол” гэж хоёулаа орилов.
Хөвгүүд Эквадороос юуг санаж байгаа, Испанийн юу нь тэдэнд таалагдаж байгаа талаар ярилцаж гарлаа. Эдисонд Диэго, Хуан хоёртой ярилцахад хялбар байсан нь таалагдаж байв.
Удирдагчдын нэг болох Сиснэрос ах босож зогсоод, “Бүгдээрээ сайн биз! Бид энэ үдшийг гэрчлэлийн цуглаанаар өндөрлөхийг хүсэж байна” гэв.
Хөвгүүд, удирдагчид нэг нэгээрээ ээлжлэн босож, гэрчлэлээ хуваалцлаа. Тэдний хэлсэн үгс Эдисоны зүрх сэтгэлд дулаан хөнжлөөр хучуулсан мэт мэдрэмж төрүүлэв.
Диэго босоод, “Би Сүм үнэнийг, Бурхан бол миний Эцэг, Есүс Христ бол миний Аврагч гэдгийг мэднэ” гэж хэлэв.
Нөгөө дулаан мэдрэмж бүр нэмэгдэх нь тэр. Би ч гэсэн үүнийг мэдэхийг хүсэж байна гэж Эдисон бодлоо.
Аяллаасаа буцаж ирсний дараа, Диэгогийн хэлсэн үгс Эдисоны санаанаас гарсангүй. Тэр сүм рүү явж, Диэго, Хуан хоёртой Есүсийн талаар суралцаж чаддаг ч болоосой гэж бодов.
Оройн хоолны үеэр аав нь түүнээс “Хээрийн аялал хэр байв даа?” гэж асуужээ.
“Гайхалтай байсан! Бид усанд сэлж, явган аялал хийж, түүдэг гал асаасан. Би бүр Эквадороос ирсэн хоёр ч найзтай болсон!” гэж Эдисоныг хэлэхэд,
“Гайхалтай! Бид тэднийг гэртээ урих хэрэгтэй юм байна” гэж ээж нь хэлэв.
Эдисоныг дуугаа хэсэг хураасны дараа, “Хэдүүлээ дахиад сүмд явдаг болж болох уу?” гэж асуухад
ээж, аав хоёр нь хэдэн хором юу ч хэлсэнгүй. Тэгээд ээж нь хоолойгоо засаад, “Хэрэв чи явмаар байвал болно оо. Гэхдээ аав бид хоёр чинь явахгүй” гэв.
Эдисон сандал дээрээ нугдайн суув. Тэр сүм рүү ганцаараа явахыг хүсэхгүй байлаа. Магадгүй тэр зүгээр л гэр бүлтэйгээ хамт гэртээ байх хэрэгтэй байх.
Тэгтэл Эдисон гэрчлэлийн цуглаан дээрх дулаахан мэдрэмжийг санав. Түүний гэр бүл явахыг хүсэхгүй байсан ч тэр өөрөө хүсэж байлаа.
Тэгээд ч тэр ганцаараа биш. Эдисон хоолоо идэхдээ нүүрэндээ инээмсэглэл тодруулан байв. Тэгээд тэр утасны харилцуурыг авав. Түүнтэй хамт сүмд явах найзууд байгааг тэр мэдэж байсан!