2022
Бусдаас өөр ч ганцаараа биш
2022 оны 9, 10-р сар


Бусдаас өөрч ганцаараа биш

Заримдаа ганцаараа Сүмийн гишүүн байх нь ганцаардах мэдрэмж төрүүлдэг байв.

boy talking to girl in class

Диннн! Өдрийн сүүлийн хичээл орох хонх дуугарлаа. Одоо Мэган дунд сургуульд орсон болохоор өдөржин өөр өөр ангиудад суудаг байв. Суралцах зүйл маш их байлаа. Тэр сүүлийн цаг бие даах цаг таарсанд баярлав. Энэ нь гэрийн даалгавраа хийж эхлэх боломжтой боллоо гэсэн үг.

Мэганыг хоосон ширээний ард суухад, Бэннэт нэртэй хүү түүн дээр хүрч ирээд,

“Хөөе Мэган, чи мормон гэл үү?” гэв.

“Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн” гэж Мэганыг хариулахад,

“Тэгвэл чи Иосеф Смит Мормоны Ном ч билүү нэг юм бичсэн гэж боддог байх нь ээ?” гэж Бэннэт асуув.

Мэган хэрхэн хариулахаа мэдэхээр дотроо түргэхэн залбирлаа. “Тэр Мормоны Номыг орчуулсан. Бурхан Христийн Сүмийг буцаан авчрахаар түүнийг бошиглогч болгон дуудсан” гэж тэр хариулав.

Бэннэт хамраа үрчийлгэн, “Утгагүй юм” гэж хэлээд, инээд алдан цаашаа яваад өгөв.

Мэганы нүүр халуу дүүглээ. Түүнийг толгойгоо бөхийлгөн ном руугаа ширтэх үед

“Хөөе, Мэган” гэв.

Одоо бас яачихав? Мэган дээш хараад, “Өө, сайн уу, Таж” гэхэд,

“Бэннэтийг уучлаарай” гэж Таж хэлэв. Таж Мэганы өөдөөс харж суугаад, “Чиний хэлж байгаа зүйл чамд их чухал юм шиг санагдсан” гэхэд,

“Баярлалаа, Тийм ээ, чухал” гэж Мэган хэллээ.

“Чамд ямар мэдрэмж төрж байгааг би ойлгож байна. Би сургуульдаа цорын ганц Хинду шашинтан. Хүмүүс итгэл үнэмшлийн чинь талаар ойлгохыг хичээх ч үгүй байхад хэцүү байдаг шүү” гэж Таж хэллээ.

Заримдаа Мэган сургуульдаа цор ганцаараа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байгаадаа ганцаарддаг байв. Гэвч тэр өөр хүүхдүүд ч мөн адил зүйлийг мэдэрдэг гэж огтхон ч мэдээгүй байжээ.

“Хэн нэгэн муухай ааш гаргаж байвал дотроо аз жаргалгүй байна гэсэн үг гэж аав, ээж хоёр маань хэлдэг” гэж Мэган хэлэв. Тэр үзгээ хуруун завсраа эргэлдүүлэнгээ, “Бэннэт гунигтай байгаа эсвэл ганцаардаж байгаа юм болов уу?” гэхэд

Таж толгойгоо дохин, “Чиний зөв байх шүү. Түүнд найз хэрэгтэй ч юм бил үү” гэжээ.

Мэган инээмсэглэн, “Магадгүй түүнд 2 найз хэрэгтэй байж мэдэх юм!” гэлээ.

Дараагийн өдөр бие даалтын цагаар Мэган, Таж хоёр Бэннэтийг ганцаараа сууж байхыг харав.

“Сайн уу, Бэннэт” гэж Тажийг хэлэхэд

Бэннэт гайхсан байдалтай харагдав. “Сайн уу?

Чи ямар хичээл давтаж байгаа юм бэ?” гээд, Мэган хажуугийнх нь сандал дээр суув.

“Түүх” гэж Бэннэтийг хариулахад,

“Маргаашийн шалгалтад бэлдэж байгаа юм уу?” гэж асуунгаа Таж ч мөн хамт суулаа.

“Тийм” гэж Бэннэт хэлэв.

“Эргэж харах зүйл их байна лээ” гэж Тажийг хэлэхэд, Бэннэт толгой дохив.

“Бид нэг нэгнээсээ асууж болох юм” гэж хэлээд, Мэган түүхийн номоо нээлээ. Тэд хонх дуугартал нэг нэгнээсээ ээлжлэн асууж бас хариулав.

three kids talking in class

Тэднийг явахаар босоход Бэннэт “Мэган, өчигдрийн явдлыг уучлаарай. Би танай сүмийн талаар зарим нэг зүйл сонсоод, тэгээд сонирхсон юм аа” гэв. Тэр нааш цааш холхингоо “Би бусдаас өөр байхыг ойлгодог, гэхдээ илүү боловсон байх ёстой байсан юм” гэж хэллээ.

Мэган инээмсэглэн, “Баярлалаа. Миний Сүм надад чухал ч гэсэн бид өөр өөр зүйлд итгэдэг байх нь ЗҮГЭЭР ээ” гэж хэлэв.

“Бид өөр өөр зүйлд итгэдэг ч суралцах сайн баг болж чадна гэж би бодож байна” гэж Тажийг хэлэхэд,

Бэннэт инээмсэглэн, “Би ч гэсэн тэгж бодож байна. Бид энэ шалгалтад алзахгүй байх аа” гэлээ.

Зургийг Марк Робинсон