Зэрлэг ургамал ба муухай үгс
“Бид яагаад гэр бүлээрээ амлаж болохгүй гэж?” хэмээн ээж нь асуув.
“Ярилцъя, тэгэх үү?” гэж Жонас ээжээсээ асуугаад, цэцгийн мандал дээр ургасан зэрлэг ургамлуудыг түүж буй ээжийнхээ хажууд зүлгэн дээр суухад,
“Тэгэлгүй яахав. Юу болоо вэ?” гэж ээж нь асуулаа. Ээж нь бохир ажлын бээлийнүүдээ тайлав.
“Өнөөдөр сургууль дээр хүүхдүүд миний мэдэхгүй үгийг хэлээд, инээлдээд байсан. Надад тэр нь муухай үг юм шиг санагдсан” гэж Жонас хэлэв.
“Тэр үгийг сонсоход чамд ямар мэдрэмж төрсөн бэ?” гэж ээж нь асуув.
“Надад таагүй байсан” гээд
Жонас тэр муухай үгийг ээждээ шивнэн хэлэв. Ээж нь тэр үг юу гэсэн утгатай болохыг Жонаст хэллээ. Жонасын зөв байсан. Тэр үг сайхан үг биш байв.
“Яагаад энэ үг муухай юм бол?” гэж Жонас асуулаа.
“Энэ нь зүй бус, үл хүндэтгэсэн утгатай учраас муухай үг юм. Бид ийм үг хэлбэл Ариун Сүнс бидэнтэй хамт байхад хэцүү болдог. Ариун Сүнс чамд үүнийг муухай үг гэж хэлж өгсөн учраас л чамд сайхан санагдаагүй юм шүү дээ” гэж ээж нь тайлбарлав.
Жонасыг хөмсгөө зангидан, “Гэхдээ бусад хүүхдэд хөгжилтэй байх шиг байсан. Яагаад зөвхөн надад тухгүй санагдсан юм бол?” гэж асуухад,
“Бусад хүүхдэд тухгүй байсан үгүйг чи яаж мэдэж байгаа юм?” гэж ээж нь асуув.
“Яагаад гэвэл хэн нэг нь тэр үгийг хэлэхэд тэд бүгд инээн хөгжилдөж байсан” гэж хэлэхдээ Жонас толгой нь эргэсэн янзтай байлаа.
“Заримдаа хүмүүс эвгүй санагдсан үедээ инээж мөн хөгжилддөг юм. Мөн заримдаа тэдэнд муухай үгийг олон удаа сонсож, хэлэх тусам тэр үг нь муухай санагдахаа больдог. Гэсэн ч тийм үгнүүдийг хэлэх нь буруу. Тийм үгнүүд яг л энэ зэрлэг ургамалтай адил. Би цэцэрлэгээ цэвэрхэн байлгаж, сайн ургамал ургуулахын тулд тэднийг түүж хаядаг” гэж ээж нь хэллээ.
Жонасыг “Би тэр үгийг хэлээгүйдээ баяртай байна” гэхэд ээж нь
“Би ч гэсэн. Би чамаар бахархаж байна. Надад нэг санаа төрлөө. Яагаад бид гэр бүлээрээ амлаж болохгүй гэж?” гэв.
“Ямар амлалт?” гэж Жонас асуулаа.
“Муу биш сайн үгнүүд хэлдэг байх амлалт өгье. Гэр бүлийн гэрээ гэсэн үг” гэж ээж нь хэлэв.
Жонаст энэ санаа таалагдав. Тэд хоёул зөвшөөрч гар барилаа. Жонаст ээждээ өгсөн амлалт нь сайхан санагджээ.
Ээж нь “Одоо чи надад зэрлэг ургамал түүж дуусгах амлалт өгвөл ямар вэ? Харин дараа нь би чамайг цэцэрлэгт хүрээлэн рүү авч явна гэж амлаж байна” гэлээ.
Жонас инээмсэглэн, жижиг хүрз аваад, “Тохиролцлоо” гэв.
Жонас ээждээ туслаад, дотор нь онгойжээ. Муухай үг хэлэхгүй байхыг амлах нь түүний гэр бүлийн хувьд зөв сонголт байсныг тэр ойлгосон юм.