Хатагтай Банкс, хэн танд хайртайг таа даа!
Энэ бүхэн нэг цэцгээс эхэлсэн …
Рокси сургуулиасаа гэр лүүгээ алхах замдаа хөршүүдийнхээ байшинг бүгдийг нь ажиглан харах дуртай байв. Нэг байшингийн цонхоор нохой хуцаж, дээш доош үсэрч харагдана. Өөр нэг байшингийн гаднах модон дээр шувууд жиргэнэ.
Дараагийнх нь хатагтай Банксын байшин байлаа. Хатагтай Банкс Роксигийн 3-р ангийн багш байсан бөгөөд хамгийн дуртай багш нь байв. Рокси хатагтай Банксыг байшингийнхаа асарт сандал дээр сууж байхыг хараад, түүн рүү гараараа далладаг байлаа. Хатагтай Банкс үргэлж нөхөрсөг, баяр жаргалтай байдаг байв.
Гэвч өнөөдөр асар дээрх сандал хоосон, байшинд анир чимээгүй. Түүний муур Чэстэр ч харагдсангүй.
Рокси хатагтай Банксыг өвдөөд, эмчилгээ хийлгэхээр өдөр бүр эмнэлэг рүү явж байгаа тухай ээжийнхээ хэлснийг санан гунигт автжээ. Тэр хатагтай Банксд зориулан ямар нэг сайхан зүйл хийхийг хүсэв. Гэхдээ юу хийх вэ?
Тэр цэцгээс цэцгийн хооронд нисэж буй зөгийнүүдийг харлаа. Тэгээд түүнд нэг санаа төрөв!
Рокси гэр лүүгээ гүйн очиж, цэцэрлэгээсээ нэг сарнай тасалж аваад, хатагтай Банксын байшин руу буцаж очин, байшингийнх нь асарт сарнайгаа тавив.
Маргааш нь тэр хатагтай Банксын сандал дээр наран цэцэг тавилаа. Мөн дараагийн өдөр нь түүний хаалганы өмнө хонин нүдэн цэцэг тавив. Тэр хоёр долоо хоногийн турш өдөр бүр хатагтай Банксд зориулан цэцэг авчирч үлдээж байсан бөгөөд харагдахгүйг хичээн болгоомжтой явж байлаа.
Нэг өдөр Рокси гэртээ харих замдаа хатагтай Банксыг байшингийнхаа урд талын асарт сууж байхыг харав. Тэр гартаа хэдэн цэцэг барьсан байлаа.
Хатагтай Банкс “Рокси, энэ гоё цэцэгсийг хар даа. Хэн нэгэн эдгээрийг надад зориулан үлдээж байжээ. Өдөр бүр эмнэлгээс гэртээ ирэх үед шинэ цэцэг намайг хүлээж байдаг байсан” гэхэд
Рокси инээмсэглэн, “Хэн үлдээж байсныг та мэдэх үү?” гэлээ.
Хатагтай Банкс ч мөн инээмсэглэн, “Хэн ч байсан гэсэн би тэдэнд талархмаар байна” гэв.
“Танд хайртай хүн л байсан байх!” гэж Роксиг хэлэхэд,
хатагтай Банкс “Тийм шүү, би өдөр бүр шинэ цэцэг авах гэж тэсэн ядан хүлээдэг байлаа.” “Эхний цэцгийг байшингийн минь асарт үлдээсэн байсан” гэв.
“Таны муур үлдээсэн юм болов уу?” гэж Роксиг асуухад,
“Чэстэр надад гэнэтийн зүйл үлдээх дуртай ч цэцэг л лав огтхон ч үлдээж байгаагүй” гээд хатагтай Банкс инээд алдав. “Миний сандал дээр хэн цэцэг орхисон юм бол?” гэхэд
Рокси “Гудамжны үзүүрийн нохой юм болов уу?” гээд, улам бүр мушилзав.
“Тэгвэл хаалганы маань өмнө хэн цэцэг орхисон юм бол?”
“Хэрэм юм болов уу?” гэж Роксиг хэлэхэд
“Үгүй байлгүй дээ” гээд хатагтай Банкс инээж, “Надад хайртай маш олон амьтан байдгийг би мэддэггүй байжээ! Гэхдээ энэ цэцэгс надад үнэхээр онцгой мэдрэмж өгсөн” гэв.
Рокси аз жаргалаар цалгиж ядан байв. Тэр хатагтай Банксыг дахин инээмсэглэхэд тусалсандаа баяртай байлаа.