2022
Гэр бүлийнхээ зөрчилдөөнийг багасгах гурван зөвлөмж
2022 оны 3-р сар


“Гэр бүлийнхээ зөрчилдөөнийг багасгах гурван зөвлөмж,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 3-р сар.

Амьдралд зориулсан тусламж

Гэр бүлийнхээ зөрчилдөөнийг багасгах гурван зөвлөмж

Заримдаа танай гэр бүлд маргалдах үе гардаг уу? Та ганцаараа биш.

Залуу эмэгтэй
Залуу эрэгтэй

Зураг чимэглэлийг Алисса М.Гонзалэз

  • “Энэ чинь шударга бус байна! Одоо миний ээлж.”

  • “Хөөе, энийг хэрэглээд өгье гэж чи асуугаагүй шүү дээ!”

  • “Аав аа! Анита сая над руу хэлээ гаргасан!”

Хэрэв энэ бүхэн танд танил сонсогдож байгаа бол та яалт ч үгүй гэр бүлийн нэг хэсэг мөн байж болох юм. Зөрчилдөөнгүй гэр бүл гэж байдаггүй. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар нэгэн удаа хүүхдүүд нь “Ээж ээ, тэр надтай агаар булаацалдаад байна!”1 гэж гомдоллосон тухай хуваалцсан.

Гэр бүлд зөрчилдөөн үүсэх нь байдаг л зүйл. Үнэндээ үүнийг үүсгэхэд хэн нэгэн илүү их оролцдог. “Зөрчилдөөний сүнстэй тэр нь надаас бус, харин зөрчилдөөний эцэг болох чөтгөрөөс болой, мөн тэрбээр хүмүүний зүрх сэтгэлийг нэг нэгэндээ уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг” (3 Нифай 11:29) хэмээн Аврагч тодорхой заасан.

Гэвч бүү ай! Сайн мэдээ гэр бүлийнхээ зөрчилдөөнийг багасгаж, баяр баясгаланг ихээр мэдрэхийн тулд бидний хийж чадах их зүйл байгааг бидэнд заадаг!

1 дэх зөвлөмж: Түлш нэмэхгүй бай

Түлшний савтай охин

Гал гаргахад түлш хэрэгтэй. Зөрчилдөөн ч мөн үүнтэй адил. Зөвхөн маргаан л маргааныг дэвэргэдэг. Тэгвэл хэн нэгэн тантай маргаж эхэлбэл та юу хийж чадах вэ?

Тэгвэл та зүгээр л маргалдахаас татгалзаж болно. Аврагч бол үүний төгс үлгэр жишээ. Тэрээр тохинуулж байхдаа бусдад үзэн ядагдаж, доорд үзэгдэж, өөрөөс нь урвахыг харж, эцэст нь цовдлуулсан. Хэдийгээр Тэр хүчтэй, шулуухан хариулт өгдөг байсан ч хэзээ ч зөрчилдөөний сүнстэй байгаагүй юм. Тэр “Арван хоёр легионоос олон тэнгэр элчийг” (Матай 26:53) Өөртөө туслуулахаар дуудаж болох байсан хэдий ч эцсийн эцэст ийн тэмцээгүй. Харин Тэр загалмай дээр цовдлуулж байхдаа ч дайснуудынхаа төлөө залбирч байсан (Лук 23:34-ийг үзнэ үү).

Маргаанаас татгалзах нь илүү сайн сонсогч болоход тусалдаг. Мөн бид илүү сайн сонсох тусмаа илүү сайн харилцан ойлголцож, энхийг сахиулж чадна. Маргалдахаас татгалзахад тайван дуугаар хариулах, сэтгэл хөдлөлөө хянахын тулд чадах бүхнээ хийх зэрэг нь орно.

Гал дээр түлш нэмэхгүй л бол ихэнх маргаан, зөрчилдөөн намждаг. Судруудад заадагчлан, “Эелдэг хариулт уурыг зайлуулна” (Сургаалт үгс 15:1).

2 дахь зөвлөмж: Хайраа харуул

гэр бүл

Гэрийнхэндээ хайраа харуулах нь гэр орондоо зөрчилдөхгүй байх хамгийн сайн арга замуудын нэг юм. Энэ нь зөрчилдөөн үүсэхээс бүр анхнаас нь сэргийлдэг.

Гэхдээ зөрчилдөөн хамгаалалтыг маань нэвтлэх үед ч хайр, найрсаг сэтгэл бүхнийг эргүүлж чадна.

Завхайрсан эмэгтэйн тухай Библийн түүхийг авч үзье. Мосегийн хуулийн дагуу түүн рүү чулуу шидэх ёстой байв. Бухимдсан олон түүнийг буруутгахыг Есүсээс шаарджээ.

Гэвч Аврагч юу гэж хариулсан бэ? Нэгдүгээрт, Тэр тэдний хүсэлтэд шууд хариулаагүй. Тэр ярихаасаа өмнө хэсэг зуур өвдөглөн сууж, газарт зураг зурсан. (Зөвлөмж: Заримдаа сэтгэл хөдөлсөн үедээ шууд хариулахгүй байсан нь дээр.)

Дараа нь Тэрээр цугласан олонд хандан “Та нарын дундаас нүгэлгүй нь эхлээд энэ эмэгтэй уруу чулуу шид” (Иохан 8:7) гээд, тэр эмэгтэйд хайр, энэрлээ үзүүлсэн юм.”

Есүс тэр эмэгтэйг буруутгаагүй, харин хайраар хандсан. Тэр түүнд “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” (Иохан 8:11) гэж хэлснээр түүнийг өршөөхөд бэлэн байгаагаа харуулсан.

Гэрийнхэндээ хайртайгаа хэлж бай. Тэд танд уурласан ч тэднийг уучилж мөн тэдэнд өөрчлөгдөх боломж олгосноор тэдэнд хайраа харуул. Хайр бүгдийг өөрчлөх болно.

3 дахь зөвлөмж: Залбир

Залбирч байгаа залуу эмэгтэй

Залбирал амьдралд минь Бурханы адислалуудыг авчирдаг. Мормоны Номд Амюлек “Гонхнууддаа мөн нууц байрнууддаа, мөн аглаг буйддаа та нар өөрсдийн сүнсийг уудлан гаргах ёстой.

Тийм ээ, … зүрх сэтгэл чинь дүүрэн байг, аз жаргалынхаа төлөө, мөн түүнчлэн та нарын эргэн тойронд байгаа тэдний аз жаргалын төлөө залбирлаа үргэлжлүүлэн түүнд хандуулж бай” (Алма 34:26–27) гэж заасан.

Мэдээж “та нарын эргэн тойронд байгаа тэд” гэдэгт танай гэр бүлийнхэн төдийгүй та нартай хамт амьдрахгүй байгаа хүмүүс ч орно. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ хамт залбир. Гэр бүлийнхнийхээ төлөө залбир. Хэн нэгэн сэтгэлийг тань гонсойлгох үед уураа барьдаг болохын төлөө залбир. Гэр орондоо тохиолдох хүнд нөхцөл байдалд хэрхэн хандахаа мэддэг болохын төлөө залбир. Тэнгэрлэг тусламж гуйн залбир. Гэр оронд тань илүү их инээд хөөр, хайр байхын төлөө залбир. Тэгээд энэ бүхнийг бий болгохын тулд чадах бүхнээ хий.

Та Есүс Христийн сайн мэдээгээр илүү бүрэн дүүрэн амьдрахыг хичээх үедээ гэр бүл тань түүнчлэн адислагдана гэдгийг мэдэж авна. Зөрчилдөөн багасаж, таны баяр баясгалан өсөн нэмэгдэх болно.