“Филиппинийн Кагаянд,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 3-р сар.
Бид хэрхэн шүтэн биширдэг вэ?
Филиппинийн Кагаянд
Маганданг арав! Камуста?
(Энэ нь тагалог хэлээр “Өдрийг сайхан өнгөрүүлж байна уу? Сайн уу? гэсэн утгатай.)
Намайг Агравайн Л. гэдэг.
Би Филиппинийн Кагаян дахь нэгэн жижиг хотоос ирсэн. Би элэнц эмээ, элэнц өвөө, эмээ, ээж, хоёр эгчийнхээ хамт амьдардаг. Тийм ээ, бид яалт ч үгүй том гэр бүл байгаа биз! Энэ Филиппинд бол нэлээд түгээмэл үзэгдэл л дээ. Филиппинчүүд гэр бүлийн бат бэх харилцаатайгаараа нэртэй. Энэ бол миний энд амьдрах дуртай шалтгаануудын нэг юм. Халуун орны цаг агаар бол ердөө давуу тал төдий зүйл юм!
Би сэтгүүл унших, подкаст болон сэтгэл сэргээсэн дуу хөгжим сонсох хоббитой. Би бас ирээдүйн өөртөө болон нөхөр, хүүхдүүддээ хандаж захидал бичих дуртай.
Суралцах ба хуваалцах
Христийн үнэн Сүмд явж байгаагаа мэддэг байх нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байх хамгийн дуртай шалтгаан юм. Би ариун сүмд очиж, сайн мэдээнээс хуваалцаж мөн найзуудтайгаа хамт семинарт явах дуртай. Энэ бүх туршлагаас би маш их зүйл суралцдаг.
Заримдаа эцсээ хүртэл тэвчих нь надад хэцүү байдаг. Гэхдээ би орой бүр судраас судлахын тулд чадах бүхнээ хийдэг. Ирээд, Намайг дага гарын авлага нь хувиараа суралцахад маш их тусалдаг. Би бас Сүмийн сэтгүүлээс бусад өсвөр үеийнхний тухай түүхүүдийг унших дуртай. Хаана ч байсан халаасандаа урамшуулсан захиастай явахын тулд би Gospel Library аппликэйшныг ашигладаг.
Сургуулийн маань ихэнх найз Сүмийн гишүүд болохоор сайн мэдээг хуваалцах боломжгүй байх гэж би боддог байв. Гэхдээ сайн мэдээг хуваалцана гэдэг нь заавал бусад шашны хүмүүстэй хуваалцана гэсэн үг биш гэдгийг би мэдэж авсан. Би сургуулийнхаа хамгийн дотнын, Сүмийн гишүүн найзтайгаа гэрчлэлээ хуваалцах дуртай.
Хүндэтгэлийн өдөр
Манайх сүмийн байрнаас хол байдаг болохоор эгч бид хоёр цуглаандаа цагтаа (чадвал эрт) очихын тулд урьдчилан төлөвлөх ёстой болдог.
Бид өглөөний 04.00 цагт сэрээд, Сүмийн байр хүрэх замд байдаг нагац эгчийнхээ гэр лүү алхаж очдог. Бид алхахдаа өмссөн хувцсаа сольж, сүмийн даашинзаа өмсдөг. Дараа нь Сүмийн байранд очихын тулд дахин 30 минут (эсвэл хурдан алхах юм бол заримдаа 25 минут) алхаж очдог. Бид ням гарагтаа урьдчилж бэлтгэдэг учраас хэзээ ч хоцордоггүй! За даа, бараг л хоцорч үзээгүй дээ. Бороо орсон үед зам маш их шавар шавхайтай болдог. Нэг удаа бороо их орсон учраас би шаварт хөдөлж чадахааргүй болтлоо гацаж билээ!
Гэвч сүмд нэгэнт очсоны дараа энэ бүх зүйл юу ч биш байдаг. Би сайн мэдээний тухай ярьж, Аврагчийнхаа талаар баярт мэдээг түгээж байхдаа амар амгалан, баяр баясгаланг мэдэрдэг. Би мацгийн болон гэрчлэлийн цуглаан болгон дээр гэрчлэлээ хуваалцах дуртай! Ням гаргийн анги нь Есүс Христийн сайн мэдээний тухай ойлголтоо хуваалцаж, бусдаас суралцах гайхалтай газар юм.