2022
Гурван төрлийн сорилтыг хэрхэн даван туулах
2022 оны 3-р сар


“Гурван төрлийн сорилтыг хэрхэн даван туулах,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 3-р сар.

Ирээд, Намайг дага

Эхлэл 37–50

Гурван төрлийн сорилтыг хэрхэн даван туулах

Амьдралд янз бүрийн сорилт бэрхшээл тулгардаг ч Бурханд хандах нь үргэлж хариулт болдог.

Иосефын ах нар түүнийг боол болгон худалдсан нь

Зураг чимэглэлийг Симини Блокэр

Иосефын ах нар атаархсанаасаа болж түүнийг боол болгон худалдаж, араатанд бариулсан гэж аавдаа хэлсэн.

Египетийн Иосеф амьдралд нь тохиолдож байсан зүйлсийн талаар олон асуулт тавьж болох байсан. Та энэ сард түүний амьдралын талаар судлах хэдий ч түүнд тохиолдсон зүйлийн талаар товчхон өгүүлье.

  • Ах нар нь түүнийг боол болгон худалдсан.

  • Боолчлогдож байхад нь түүнийг эзнийхээ эхнэрийг садар самуунд уруу татах гэж оролдсон гэж хилсээр гүтгэжээ.

  • Тэр дараа нь бүтэн хоёр жилийн турш шоронд хоригдов.

Иосефын оронд байсан бол танд ямар байх байсныг төсөөл дөө. Ядаж л “Яагаад би гэж?” Би юу хийсэн болохоор ийм зүйл тохиолдож байгаа юм бэ?” гэх мэтээр асуух байсан байх.

Иосеф Египетийн шоронд

Хэдийгээр Иосеф гэмт хэрэг үйлдээгүй ч бүтэн хоёр жилийн турш шоронд хоригдсон.

Гурван төрлийн сорилт

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) бидний амьдралд тулгарч болох гурван төрлийн сорилтын талаар заасан.

  • Нэг дэх төрөл: Бидний өөрсдийн гэм нүгэл эсвэл алдаанаас үүдэлтэй сорилтууд.

  • Хоёр дахь төрөл: Өвчин, зовлон, унасан хүмүүсээр дүүрсэн, унасан дэлхий учраас тохиолддог сорилтууд.

  • Гурав дахь төрөл: Бурхан биднийг өсөж хөгжихийг хүсдэг учраас бидэнд тохиолдохыг зөвшөөрдөг сорилтууд.

Сорилт бэрхшээлийг туулах үедээ бид “Яагаад би гэж?” гэж асуухад уруу татагдаж болно. Гэхдээ энэ асуулт бидний найдаж байгаачлан тийм ч ач тустай биш байж болох юм. Бидний яагаад ийм сорилт туулж байгаагаас үл хамааран “үр дүн нь аль ч талаасаа ижил байх нь ойлгомжтой ба Бурхан биднийг энэ сорилтыг даван туулаасай хэмээн хүсдэг. Гэсэн хэдий ч Түүний ач ивээл бидэнд хангалттай хэмээн Тэр бидэнд амласан”1 хэмээн ахлагч Максвэлл заасан. Өөрөөр хэлбэл, Тэнгэрлэг Эцэг Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирэх тусламжийг бидэнд өгөлгүйгээр сорилт бэрхшээл туулахыг бидэнд зөвшөөрдөггүй.

Иосефын үлгэр жишээ

Иосефт хамгийн анх тохиолдсон, хамгийн том сорилт болох ах нар нь түүнийг боол болгон худалдсан сорилтыг дахин харъя.

Энэ “Нэг дэх төрлийн” сорилт байсан уу? Иосеф үүнийг өөртөө авчирсан уу? Үгүй ээ. Тэр ах нарынхаа талаар хэдэн бошиглолын зүүд зүүдэлснээ гэнэн цайлганаар хуваалцсан. Эдгээр зүүдэнд түүнийг хэзээ нэгэн цагт ах нарынхаа удирдагч болно гэдгийг илчилдэг. Мэдээж ах нарт нь үүнийг сонсоход таатай байгаагүй. Үнэндээ “тэд түүний зүүднээс болоод улам илүү үзэн ядах болжээ” (Эхлэл 37:8).

Хэрэв та Иосефын оронд байсан бол “Би зүүднийхээ талаар тэдэнд хэлдэггүй л байж” гэж бодох байсан байх.

Аль эсвэл энэ нь “Хоёр дахь төрлийн” сорилт байсан уу? Иосефын сорилт бусад хүн сонгох эрхээ буруугаар ашигладаг унасан дэлхийд амьдарч байгаагаас болсон уу? Тийм ч байж магадгүй. Иосеф толгой сэгсрэн, өөрийн бүх асуудалд ах нараа буруутгаж, Потифарын эхнэр яаж худал хэлснийг, эсвэл Фараонд Иосефын талаар хэлнэ гэж амласан ч хоёр жилийн турш мартсан ахлах сөнчийн тухай (Эхлэл 40:23-ыг үзнэ үү) хүртэл бодоход амархан байж болох байсан.

Эсвэл энэ бүхэн эцсийн эцэст “3 дахь төрлийн” сорилт байсан юм болов уу? Өөрөөр хэлбэл, энэ бүхэн Иосефт өсөж хөгжихөд нь туслахын тулд Бурханы зөвшөөрсөн зүйлс байсан уу? Энэ асуултад Иосеф өөрөө хүртэл зарим талаараа тийм гэж хариулахаа мэдэж байв. Тэр эцэст нь ах нартайгаа дахин уулзахдаа, “Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ”(Эхлэл 45:5, тодотгол нэмэгдсэн) хэмээн хэлсэн.

Одоо Иосеф 17 настайдаа боол болон худалдагдсаныг санаарай. Тэрээр Фараоны өмнө зогсож, зүүднүүдийг тайлбарлан, эцэст нь чөлөөлөгдөхдөө 30 настай болсон байв. Энэ нь Иосеф өөрийн гэм буруугаас бололгүйгээр эрх чөлөөгөө алдсан 13 жил буюу тэр хүртэлх амьдралынх нь бараг тал хувийг эзэлдэг. Гэхдээ тэр “Бурхан амийг аврахаар [түүнийг] илгээсэн” гэдэгт итгэлтэй байв. Сорилт бэрхшээл хаанаас ирснээс үл хамааран Бурханд зорилго байсныг Иосеф эцэст нь мэдэж байсан.

Энэ нь түүнд хангалттай байлаа. Энэ нь бидний хувьд ч хангалттай байж болно.

Иосеф Египетэд ах нарынхаа хамт

Иосеф ах нараа уучилж, бүр өлсгөлөнгөөс амийг нь аварчээ. Бурхан амьдралыг нь удирдаж, хамгаалж байсныг Иосеф мэдэж байсан.

Таны сорилт бэрхшээл

Бид өнгөрсөндөө хоргодон асар их эрч хүчээ зарцуулдаг байж болох юм. Бид “Яагаад ийм зүйл би хийчихэв ээ?” эсвэл “тэр надад худлаа хэлээгүй байсан бол” гэх мэтээр бодож болох юм.

Гэвч тэгсэн бол тэгэх байсан эсвэл тэгж болох байсан гэх мэт бодол дээрээ төвлөрөх нь амьдралдаа яагаад бас хэрхэн сорилт бэрхшээл ирсэн талаар шаналахаас илүү тус болохгүй. Эцсийн эцэст Египетийн Иосефтой адил Христэд ирж мөн Түүнд найдсанаар амар амгалан, хүч чадал ирэх болно. Ингэснээр бидний бүх сорилт бэрхшээл биднийг Бурханд илүү ойртож, Түүнтэй илүү адил болоход туслах сорилтууд болж хувирдаг.

Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн заасан: Бүхнийг чадагч, бидэнд хайртай Бурхан яагаад мөнх бус амьдралын шалгуурыг ийм хэцүү байлгадаг юм бол гэж та боддог байж болно. Яагаад гэвэл, Бурханы оршихуйд гэр бүлээрээ мөнхөд амьдрахын тулд бид сүнслэг байдлаар цэвэршин хүчирхэгжих ёстойг Тэр мэддэг.”2

Мөнхийн шагналууд

Хэрэв бид гэм нүгэл үйлдвэл наманчлах ёстой. Хэрэв сорилт бэрхшээлийг өөрсдөө засаж залруулж чадахаар бол бид залруулж болох ба ингэх ч ёстой. Гэвч мөнх бус амьдралын олон бэрхшээл бидний бодсоноос удаан, заримдаа амьдралын туршид үргэлжлэх нь бий. Ийм үед ч Бурханд хандах нь хариулт болдог.

Энэ амьдрал биднийг туршиж, өсгөх учиртай. Хэрэв бид Бурханыг эрэлхийлбэл Тэр бидэнтэй хамт алхана! Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд ийн заасан. “Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлийнхээ хариуд та төсөөлж байснаасаа ч илүү их шагналыг хүртэх болно. Бүх шударга бус байдал, ялангуяа уур хүрмээр шударга бус байдал таны тусын төлөө ажиллах болно.”3

Иосефын туулсан бүхэн “шударга” байсан уу? Үгүй. Гэвч тэр туулсан бүхнийхээ ачаар, өөрийн гэр бүлийнхний хамт үндэстнүүдийн амийг аврах боломжтой байсан юм.

Та нар бас Иосефынхтой адил сорилт бэрхшээл дунд байж болох юм. Та нар учир шалтгааныг нь олж харж чадахгүй байж болно. Бүр хэзээ дуусахыг нь ч гэсэн.

Гэвч Бурханы ач ивээл хангалттай гэдгийг санаарай. Түүнд ханд. Тэр амьдралд тань гайхамшгуудыг үйлдэх болно.