“Хэрхэн үйлчлэхээ мэдэхэд Сүнс надад тусална,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 3-р сар.
Уриа бид хоёр
Өсвөр үеийнхэн Залуу эмэгтэйчүүдийн болон Аароны санваарын чуулгын урианы үгсийн дагуу хэрхэн амьдарч байгаагаа хуваалцав
Хэрхэн үйлчлэхээ мэдэхэд Сүнс надад тусална
“Есүс Христийн шавийн хувьд би Түүнтэй адил болохыг хичээдэг. Би хувийн илчлэлт эрэлхийлэн, үүндээ тулгуурлан үйлддэг. Мөн би Түүний ариун нэрээр бусдад тохинуулдаг.”
КОВИД-19 цар тахлын үеэр олон хүний орлого багасаж, зарим нь бүр ажлаа ч алдахад хүрсэн болохоор би тэдний ачааг жаахан ч гэсэн хөнгөлөхийг хүссэн юм. Ингээд би өөрөөсөө мөнгө гарган, эцэг эхийнхээ тусламжтайгаар хэрэгцээтэй байгаа хүмүүст хоол өгч эхэлсэн. Би ихэвчлэн унадаг дугуйн таксины аппликэйшнээр бусдад хоол захиалж өгдөг байв. Заримдаа би хүнд байдалтай хүмүүст зориулсан цэгүүдэд хоол хүнс аваачиж өгдөг байсан.
Индонезид мотоциклын таксины жолооч олон байдаг. Бид тэдний үйлчилгээг захиалахдаа утсан дээрх аппликэйшнээ ашигладаг. Цар тахлын үеэр жолооч нарт захиалга авахад хүндрэлтэй байсан.
Нэг өдөр би танихгүй нэг жолоочид туслах Сүнсний өдөөлтийг дагасан. Тэгээд унадаг дугуйн таксины аппликэйшнээс хоол захиалав. Гэвч түүнийг хүргэлтийн хоолоо авахаар ресторанд ирэхэд би түүн рүү чаат бичиж, хоолыг өөрт нь зориулсан тухай хэлсэн юм. Тэр гайхсандаа, өөрийнх нь хоол гэдэгт итгэж өгөхгүй байв. Хоолыг өөрт нь зориулсан гэхэд тэр даруй надад талархаж, миний төлөө залбирч билээ. Тэр хоолоо гэртээ аваачиж, хүүхдэдээ өгнө гэв. Түүнийг баяртай байсанд би ч гэсэн баярласан юм.
Хэдийгээр надад болон манай гэр бүлийнхэнд сорилт бэрхшээл тохиолдож байсан ч би Сүнсийг сонсож, үйлчлэхийг сонгосон. Аз жаргал, баяр баясгаланг мэдрэх боломжтой байсан маань сорилт бэрхшээлээ даван туулахад тусалсан.
Би Ариун Сүнсэнд маш их талархдаг. Энэ туршлага надад “Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна” Иохан 13:34 хэмээх Шинэ Гэрээний судрыг сануулдаг. Сүнсийг дагаснаар Тэнгэрлэг Эцэгээс гайхалтай адислалуудыг хүлээн авах болно гэдгийг би мэднэ.
Энэхүү өгүүллийн зохиогч Индонезийн Баруун Явад амьдардаг.