2022
Линахэйн дуу хоолой
2022 оны 3-р сар


“Линахэйн дуу хоолой,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 3-р сар.

Линахэйн дуу хоолой

Линахэй дуу хөгжим, гэр бүлийн түүх гээд сайн сайхан зүйлсэд дуу хоолойгоо өргөдөг нэгэн.

Далайн эрэг дээр буй залуу эмэгтэй

Гэрэл зургуудыг Стефан Саяэб; зураг чимэглэлийг Клайр Лок

Тайтигаас ирсэн Линахэй Д. дуу хоолойгоо ашиглан бусдыг хэрхэн нэгээс илүү замаар адислахаа мэддэг. Жишээлбэл, тэр хэзээ нэг өдөр хэл засалч болохоор суралцаж байгаа. “Би хүүхдүүдэд үг, ярианы тал дээр туслахыг хүсэж байна” гэж тэр хэлэв.

Гэхдээ энэ бүхэн ердөө эхлэл юм. Хөгжмийн авьяастай гэр бүлд төрсөн, 14 настай Линахэйд дуулахын тулд хоолойгоо ашиглах олон боломж гардаг. “Би дүүтэйгээ хамт дуулах дуртай. Дүү ихэвчлэн дээд өнгөөр, харин би доод өнгөөр дуулдаг!

Манайх бас гэр бүлээрээ найрал хөгжим тоглодог. “Ээж бидэнд дуу зааж туслахдаа төгөлдөр хуур тоглож, аав гитар бас укулеле тоглодог.” Жижиг цохилтот хөгжимгүйгээр гэр бүлийн найрал хөгжим хэрхэн оршин тогтнох билээ? “Аав бид хоёр Полинезийн уламжлалт бөмбөр болох to‘ere тоглох дуртай.”

Укулеле тоглож буй залуу эмэгтэй

Гэр бүл нь түүнийг бүхэл бүтэн чуулгаар дэмжихээс гадна хөгжмөөс ч илүү зүйлсээр түүнд тусалдаг. “Эцэг эх маань намайг суралцахад үргэлж урамшуулж, аав надад санваарын адислал өгдөг.” Хүнд хэцүү үе тохиолдоход Тэнгэрлэг Эцэгтээ хандаж болно гэдгийг тэр мэднэ. “Их Эзэн надад хэчнээн хайртайг, Тэр хүүхдүүдийнхээ төлөө үргэлж бэлэн байдгийг би мэднэ.”

Дуу дуулж, хөгжим тоглож буй гэр бүл

Линахэй дуу хөгжим, залбиралд дуу хоолойгоо зориулаад зогсохгүй хөшигний нөгөө талд байгаа гэр бүлийнхэндээ туслах талаар бас ярьдаг.

Хөшигний цаадах гэр бүлээ хайрладаг дуу хоолой

“Нэг орой би зүүдэндээ олон зуун хүн харсан ч тэдний хэн нь ч бие биетэйгээ харилцаж чадахгүй байсан. Би тэднийг таньдаг юм шиг санагдсан ч өөртөө итгэлгүй байлаа” гэж тэр хэлэв.

Линахэй эхлээд уг зүүд ямар утгатайг мэдэхгүй байв. “Ковид-19-ийн хөл хорионоос өмнө би өвөг дээдсийнхээ өмнөөс 100 гаруй баптисм хүртсэн байсан, тэгэхээр зүүдэнд гарсан энэ хүмүүс эдгээр гэр бүлийн гишүүдийг төлөөлж байж болох юм байна” гэсэн гайхалтай бодол түүнд төржээ.

Өвөг дээдсийнхээ зургийг барьж буй залуу эмэгтэй

Линахэй гэр бүлийн түүхээ хийх талаар хэзээ хэзээнээс илүү догдолж, ариун сүм дэх эдгээр нэр дараагийн нэмэлт ёслолуудыг хүлээн авч болоход нь туслахын тулд чадах бүхнээ хийсэн байна. Удалгүй Линахэй, ээжийнхээ хамт тойргийнхоо гэр бүлийн түүхийн зөвлөхөөр дуудагдав.

“Бид тойргийнхоо нэг эмэгтэйд FamilySearch бүртгэл рүүгээ ороход нь тусалсан. Тэр гэр бүлийн модоо хараад маш их баярласан. Тэр анх удаа бүх өвөг дээдсээ харсан нь энэ байв!”

Гэр бүлийн түүхээ хийж буй залуу эмэгтэй, ээж хоёр

“Би тойргийнхоо хүмүүс дээр явж очихоос эмээдэг байсан ч одоо ээж дэргэд байгаа болохоор хүмүүст гэр бүлийн түүх заахдаа илүү итгэлтэй болсон” гэж Линахэй хэлэв.

Дуу хоолойгоо өргө

Залуу эмэгтэй

Линахэй хүмүүст өвөг дээдсийнхээ талаар олж мэдэхэд нь туслахдаа баяртай байдаг болсон. “Хүмүүс гэр бүлийн түүхээ хийхдээ ямар жаргалтай байгааг би харах дуртай. Өвөг дээдэс маань өөрсдийг нь сонирхож, ёслолуудыг нь гүйцэтгэж байгаад баяртай байдаг байх гэж би боддог.”

Тэрээр саяхан гэр бүлийн түүхийн зөвлөгчийн дуудлагынхаа хүрээнд тойргийнхоо залуу эмэгтэйчүүдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулжээ. Тэр тэдэнд ариун сүмд авч очих гэр бүлийн нэрсээ олоход нь туслаад зогсохгүй Хүүхдийн хэсгийн хүүхдүүд оролцож болохын тулд тэдэнд бүртгэлтэй болоход нь тусалсан байна.

“Бид удахгүй ариун сүм явна” гэж тэр хэлэв.

Ариун сүмд байгаа залуу эмэгтэй, ээж хоёр

Линахэй шиг мундаг болмоор байна уу? Санаа зовох хэрэггүй, энэ мэдээж боломжтой. “Залуучууд технологи ашиглан Бурханы үйл хэргийг урагшлуулж чадна. Өвөг дээдсийн минь тухай бодогдуулдаг юм бүхэн гайхалтай. Гэр бүлийн түүхээ хийх нь хүн бүрийн амьдралд илүү их баяр баясгалан авчирдгийг би мэднэ. Гэр бүлийн түүх намайг өвөг дээдэст минь болон Христэд нэгэн зэрэг ойртуулсан билээ” гэж Линахэй хэлэв.

Линахэйн өвөг дээдсийнхээ төлөө хийж буй бүхнээс харахад, түүний гэр бүл зөвхөн түүх төдий биш гэдэг нь тодорхой юм!