2022
Бурхан хүнд хэцүү үед бидэнд тусалж чадна
2022 оны 3-р сар


“Бурхан хүнд хэцүү үед бидэнд тусалж чадна,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 3-р сар.

Бурхан хүнд хэцүү үед бидэнд тусалж чадна

Есүс Христ бидний сорилт бэрхшээл ямар ч байлаа гэсэн бидний хүн нэг бүрд хэрхэн туслахаа мэддэг.

Есүс Христ

Аврагч усан дээгүүр алхсан нь, Волтэр Рэйн

Өсвөр насандаа хүндхэн амьдарч байсан үед надад ямар санагдаж байсныг би санаж байна. Дэлхийн дайн ид өрнөж байв. Надаас хэдхэн насаар ах залуучууд тулалдаанд амь үрэгдэж, ойр хавийн хорооллуудад бүлэг зодоон болдог байсан. Дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал хараахан дуусаагүй байсан ба олон хүн ядуу зүдүү амьдарч байлаа. Манай гэрийнхэн хотынхоо цорын ганц хожмын үеийн гэгээнтэн айл байсан.

Гэсэн ч би аз жаргалтай, өөдрөг байдаг байв. Сорилт бэрхшээл биднийг Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрын тусламжийг эрэлхийлэхэд хүргэх аваас энэ бүхэн жинхэнэ адислал болно гэдгийг би та нарын нэгэн адил заалгасан билээ.

Яагаад сорилт бэрхшээл ирдэг вэ?

Сорилт бэрхшээл нь итгэлээ ашиглах сонголт хийх үнэ цэнтэй боломжийг бидэнд олгодог. Бидэнд хэрхэн туслахаа мэддэг Есүс Христээс бид тусламж гуйн залбирч болно. Тэрээр бидний үзэж туулах бүхий л сорилт бэрхшээлийг туулсан. Тэр бидний хүн нэг бүрд хэрхэн туслахаа төгс сайн мэддэг. Мөн Тэр бидэнд хайртай.

Амьдралын зовлон бэрхшээлүүдийн зорилго бидний сонголтоос хамаарна. Бид ямар ч сорилт бэрхшээл тулгарсан үедТүүний өгсөн зарлигуудыг дагахдаа итгэлээ ашиглах болов уу? Хайраар дүүрэн Бурхан үргэлж бидэнд хамгийн сайн зүйлсийг хийдэг. Энэ нь итгэлийг маань хүчирхэгжүүлэхээр бол Тэр сорилтыг маань зайлуулж эсвэл багасгаж болох юм. Харин бусад үед Тэр үүнийг холдуулахгүй байж болно.

Та нар Хуучин Гэрээний бошиглогчдын эхэн үеийн амьдралыг судалж байхдаа, Их Эзэн хүнд сорилтуудыг даван туулахад бидэнд алхам алхмаар тусалдаг арга замыг олж харсан. Жишээлбэл, Их Эзэний Иосеф, Мосе хоёрт тусалсан арга зам хүнд хэцүү үед хэрхэн тусламж хүсэх мөн хүлээн авах ёстой талаар надад сургамж болсон юм.

Иосефын сорилт бэрхшээл

Иаковын хайртай хүү Иосефыг ах нар нь нүхэнд хаяж, дараа нь түүнийг Египетэд боолчлуулахаар худалдсан. Тэд аавдаа түүнийг алагдсан гэж хэлжээ. Иосефыг боолчлогдож байхад Их Эзэн түүнд Фараоны зүүдийг тайлбарлах хүчийг өгсөн. Тэрээр Египет ирээдүйн өлсгөлөнг хэрхэн даван туулах талаар Иосефт үзүүлэв. Тэрээр уруу таталтыг эсэргүүцэх, шоронгоос суллагдах, 32 настайдаа Фараоны өндөр албан тушаалд дэвших ёс суртахууны хүчийг Иосефт өгчээ. Фараон Иосефын талаар “Бурханы Сүнстэй энэ мэт хүн бидэнд олдох уу?”1 хэмээн хэлсэн байдаг.

Би Их Эзэний Иосефт тусалсан арга барилаас, хүнд хэцүү үед Тэр бидэнд хэрхэн тусалж болох сургамжийг олж авсан. Иосеф зөв сонголтууд хийсээр байсан тул Их Эзэн түүнийг хүчирхэгжүүлж, сүнслэг хүчийг өгч, эргэн тойрны хүмүүсийнх нь зүрх сэтгэлийг зөөлрүүлэв.

Их Эзэн Мосед үзэгдэж байгаа нь

Мосе Иеховаг харж байгаа нь, Иосеф Брики

Мосегийн сорилт бэрхшээл

Үүнтэй адил, Мосег соригдох үед үзүүлсэн Их Эзэний тусламж Иосефт тусалсантай адил байв. Мосе бас өсвөр насанд байхаасаа соригдож эхэлсэн. Мосе эцэг эхээсээ салж, Фараоны охиноор өсгүүлэх болсноор соригдож эхэлдэг. Тэрээр нэгэн израил хүнийг өмгөөлөхдөө египет хүнийг хөнөөж, цөл рүү зугтах шаардлагатай болсон юм.

Их Эзэн Мосед үзэгдэж, Израилын хүүхдүүдийг Египетийн боолчлолоос чөлөөлөхөд дуудав. Энэ боломжгүй мэт даалгавар Мосед өөрөөс нь давсан сорилт мэт санагдаж байв. Их Эзэн танд хэтэрхий хэцүү санагдсан даалгавар өгч, танд Бурханы тусламж хэрэгтэй гэж бодох үед амьдралын тань хамгийн хүнд сорилт, бэрхшээл тохиож болох юм.

Их Эзэн Мосед тусалж эхэлсэн ба энэ тусламж танд ч хэрэг болно. Тэрээр Мосед ирэх сорилтуудад нь түүнийг хүчирхэгжүүлэх болно хэмээн хэлсэн.

“Би бол «Би байгаа» юм гэв. Тэгээд Тэр Израилийн хөвгүүдэд чи “«Би байгаа» намайг та нар уруу илгээв” гэж хэл гэв.”2 Мосе ийм баталгаатайгаар, өөрт нь даалгасан олон сорилтыг давах итгэл, хүч чадлыг олж авав. Их Эзэн зөвхөн түүнийг дуудаад зогсохгүй гайхамшигтай арга замаар түүний нүүрний өмнө явж байлаа.

Есүс Христ

Дэлхийн гэрэл, Волтэр Рэйн

Таны сорилт бэрхшээл

Та бидний хүнд үе өөр өөрөөр тохиох болно. Ямар ч амьдрал өөр хоорондоо адилхан байдаггүй. Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт Хүү Есүс Христ хоёр бидэнд тохируулж сорилт бэрхшээлийг өгдөг. Тэд бидний тусламж хүссэн залбиралд бидэнд хамгийн сайн болох түүгээр хариулах болно. Заримдаа хариулт нь биднийг хүчирхэгжүүлэхийн тулд байдаг бол заримдаа биднийг сорилтоо итгэлтэйгээр туулах үед бидэнд баяр баясгалан өгөхийн тулд байдаг.

Бид бүхний хувьд ямар ч байдлаар, хэчнээн удаан соригдож байлаа ч Есүс Христэд итгэх хүчтэй итгэл бидэнд хамгийн хэрэгтэй тусламж болох юм. Энэ бол Иосефт Египетийн зүүдийг тайлбарлах боломжийг олгосон тэрхүү итгэл. Их Эзэнд Өөрийн хүмүүсийг чөлөөлөхөд туслах хүндхэн даалгавраа биелүүлэхэд нь Мосег зоригжуулж, хүчирхэгжүүлсэн зүйл Есүс Христэд итгэх гуйвшгүй итгэл нь байв.

Та нар өсвөр насандаа над шиг хүнд хэцүү үеийг туулсан байж болох юм. Гэхдээ та нар надтай адил Есүс Христэд итгэхийг заалгасан. Би залуу байхдаа яагаад ийм өөдрөг бас баяр баясгалантай байснаа одоо ойлгодог. Цаг үе сайжирна, хялбар болно гэж би төсөөлж байгаагүй, харин Түүнд итгэж, Түүнд үйлчлэх юм бол бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг байсан учраас тэгсэн.

Эмээ маань удахгүй хорт хавдраар нас барна гэдгээ сонсоод гэртээ харих замдаа аавыг өөртэй нь хамт дуулахыг хүсэж байж билээ. “Аяллаа бид дуусгалгүй эрт одсон ч, … Зүгээр бүгд сайхан байна!”3 Амилсан Есүс Христ бидний сорилт бэрхшээлээс үл хамааран бидний хүн нэг бүрд хэрхэн туслахаа мэддэг гэдгийг би та нарт гэрчилж байна. Бид зөвхөн Түүнд итгэлтэйгээр хандаж, асуух хэрэгтэй.

Есүс Христ танд хайртай бөгөөд бүх цаг үед, танд хамгийн сайн тохирох зүйлээр тань туслах болно. Би үүнийг Есүс Христийн нэрээр, та бүхнийг болон Түүнийг хайрлах хайраа илгээн гэрчилж байна, амен.

Эшлэл

  1. Эхлэл 41:38

  2. Гэтлэл 3:14

  3. “Ирцгээ, ирцгээ, гэгээнтнүүд ээ,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, х. 2