2023
Амьдралын шуургатай тулгарахдаа амар амгалан байх нь
2023 оны 3-р сар


“Амьдралын шуургатай тулгарахдаа амар амгалан байх нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 3-р сар.

Амьдралын шуургатай тулгарахдаа амар амгалан байх нь

Их Эзэн Есүс Христ амьдралд чинь шуурга шуурах үед “Чимээгүй. Намд” гэж хэлдэг.

Дийтр Ф.Угдорф

Ахлагч Угдорф 2017 оны 2-р сарын 7-ны өдөр BYU–Pathway Worldwide-ийг зарлах үеэр залуучуудын хамт.

Тэнгисийн эрэг дээр бүтэн өдөр заасныхаа дараа Их Эзэн Есүс Христ шавь нартаа Галилын тэнгисийн нөгөө эрэг рүү гатлахыг санал болгов. Эргээс хөдөлсний дараа Есүс завин дээр амрах газар олоод, тэндээ унтсан байна.

Удалгүй тэнгэр харанхуйлж, “их салхи босож, давлагаа завийг цохин, завь хэдийнээ усанд автжээ. (Марк 4:37-г үзнэ үү).

Есүсийн хэд хэдэн шавь туршлагатай загасчид байсан ба завийг хэрхэн залуурдахаа мэддэг байсан. Гэвч шуурга ширүүсэж, тэд сандарч эхлэв. Усан онгоц живэхэд тун ойрхон байлаа.

Энэ бүхний туршид Есүс унтсаар байв.

Шавь нар шуурган дунд хэр удаан зүдэрснийг бид мэдэхгүй ч эцэст нь тэдний тэвчээр алдарчээ. Тэд Есүсийг сэрээж, Түүнд “Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?” хэмээн асуув (Марк 4:38).

Тэнгис дэх завь

Зураг чимэглэлийг Адам Хоулинг

Амьдралын шуурга

Бид бүгд амьдралдаа гэнэтийн шуургатай тулгардаг. Чи дэлхий дахин дахь асуудлуудыг эсвэл өөрийн нөхцөл байдлыг хараад сэтгэлээр унаж, шантарч эсвэл урам хугарч болох юм. Өөрийнхөө эсвэл хайртай хүнийхээ төлөө зүрх чинь шархалж ч магадгүй. Чи санаа зовж, айж, итгэл найдвар чамайг үүрд орхисон гэж бодож магадгүй.

Ийм үед чи Есүсийн шавь нар шиг “Багш аа, миний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?” гэж хашхирч болно.

Чиний насан дээр байхдаа би “Багш аа, энд шуурга догширч байна”1 дуулалд дуртай байсан. Би “хаялах давлагаа өндөр” байгаа үед өөрийгөө завин дотор байгаагаар төсөөлдөг байлаа. Дууллын хамгийн ач холбогдолтой бөгөөд сайхан хэсэг нь “Давлагаа, салхи ч хүслийг Тань дагана. Нам гүм бай” гэсэн хэсэг юм. Дараа нь “Тэнгэр, далай, газрын Эзэний амрах Тэрхүү завийг ус хөмрүүлж үл чадна” гэсэн чухал захиасыг өгүүлдэг.

Шавь нар нь тусламж гуйн хашхирсны дараа Есүс “сэрээд, салхийг зандарч, нуурт —Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов” (Марк 4:39).

Хэрэв чи “Энхийн Жонон” (Исаиа 9:6) Есүс Христийг завиндаа угтан авбал чиний дотор мөн эргэн тойронд эргэлдэж буй үймээн самуун, аймшигт шуурганы дунд амар амгаланг олж чадна.

Тэрхүү эрт цагийн шуургатай шөнө Галилын тэнгист хэлсэн шигээ Есүс амьдралд чинь шуурга шуурах үед “Чимээгүй. Намд” гэж хэлдэг.

Шуургатай болон намжмал үеийн завинууд

Түүний тайвшруулах хүчинд найд

Салхи, бороо, далай тэнгис Эзэний тушаалыг дуулгавартай дагахыг хараад шавь нарт нь ямар сэтгэгдэл төрснийг чи төсөөлж байна уу? Тэд “Салхи, нуур хүртэл Түүнд дуулгавартай байдаг. Тэр ер нь хэн бэ?” гэсэн ганц л зүйлийг хэлж чадаж байв (Марк 4:41).

Есүс Христ бол энэ дэлхий дээр амьдарч байсан ямар ч хүмүүсээс өөр. Тэр биднийг аврахаар ирсэн. Гетсеманийн цэцэрлэгт Тэр бидний бүх нүглийн төлөөсийг төлсөн. Тэр бас бидний бүх зовлон, уй гашууг тэвчсэн. Энэхүү асар их, хэмжээлшгүй зовлон шаналлын улмаас Түүний сүв бүрээс цус шүүрч байсан (Лук 22:44; Сургаал ба Гэрээ 19:18-ыг үзнэ үү).

Их Эзэний төгс хайраар үйлдэгдсэн зүйл бол миний оюун ухаанаас давсан ойлголт билээ. Гэхдээ Тэр үүнийг миний, чиний, мөн өмнө нь амьдарч байсан болоод дараа нь амьдрах бүх бодгалийн төлөө үйлдсэн гэдгийг би мэднэ. Тэрээр бидэнд бүхнийг өгөхийн тул бүхнээ өгсөн.

Есүсийн туулсан зовлон зүдүүрийг хэн ч, хэзээ ч амсахгүй боловч бид бүгдээрээ харанхуй, гашуун үеүдтэй тулгарах болно. Хэрэв чи зүрх сэтгэлээ Их Эзэн рүү хандуулбал Тэр шуургыг намжаана. Учир нь Тэр бүгдийг нь туулсан. Тэр чиний төлөө амиа өргөн зовсон бөгөөд чамайг хүчирхэгжүүлж, урамшуулж, адислах хүчтэй.

Тэрээр: “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ” (Иoхан 14:27) хэмээн амласан билээ.

Амар амгаланг мэдрэх арга зам

Их Эзэн Есүс Христ чамд Өөрийн амар амгаланг мэдрэх арга замуудыг өгсөн. Тэрээр “Надаас сурагтун, мөн миний үгсийг анхаарагтун; миний Сүнсний номхон дөлгөөн байдалд алхагтун, мөн надаар дамжин амар амгалан чамд байх болно” (Cургаал ба Гэрээ 19:23) хэмээн айлдсан.

Судруудаас Түүний амьдрал, сургаалыг судлах замаар Түүнээс суралц. Залбиралдаа зүрх сэтгэлээ өргө. Ариун сүм зэрэг “ариун газруудад зогсогтун …” (Сургаал ба Гэрээ 87:8-ыг мөн 45:32-ыг үзнэ үү).

Амьд бошиглогчдоос Түүний үгсийг сонс. Ариун Сүнсний удирдамжийг дага. Наманчлалын бурханлаг бэлгийг ашигла. Нөхөрлөж, заалгаж, Бурханы сайн үгээр тэжээгдэхийн тулд Түүний Сүмд ир.

Гэр орноо Түүний Сүнс мэдрэгдэх газар болгох замаар Түүний Сүнсний номхон дөлгөөн байдалд алх. Бусдад тусалж, Түүнд баяр хөөртэйгөөр үйлчил. “Зөвийг хийвэл тайван нойрсоно”2 гэснийг санаарай. Итгэлтэй хэвээр үлдэж, “Христийн амгалан дөлгөөн дагалдагч…” (Моронай 7:3) байхыг хичээ.

Хэрэв чи суралцаж, сонсож, Их Эзэнтэй хамт алхах юм бол “Түүний амар амгалан чамд байх болно” гэсэн Түүний агуу амлалт гүйцэлдэх болно.

Амар амгалан байх итгэл

Чи Их Эзэн Есүс Христэд итгэснээр амьдралын шуурга дайрахад “амар амгалан байж” чадна. Галилын тэнгис дэх шавь нарын дээр амар амгалан шууд ирсний адил хурдан биш байж болох ч Их Эзэн чамайг тулгарсан шуургыг даван туулуулахаар хүчирхэгжүүлэх болно.

Хайрт найз минь, Есүс Христ амьд гэдгийг би гэрчилж байна.

Тэр чамд хайртай.

Тэр чамайг мэддэг.

Тэр чамайг ойлгодог.

Тэр хэрэгцээтэй цагт чинь чамайг өнчрүүлж орхихгүй.

Жинхэнэ амар амгалан зөвхөн Түүнээс мөн Түүгээр дамжин ирдэг. Түүнд хандсан бүгдэд Тэр амар амгаланг өгнө.

Эх сурвалж

  1. “Багш аа, энд шуурга догширч байна,” Дуулал, д. 53.

  2. “Зөвийг сонго,” Дуулал, д. 122.