“Жинхэнэ аварга болох нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 3-р сар.
Жинхэнэ аварга болох нь
Фэлипэ бол каратэ, жүдо, холимог тулааны урлаг зэрэг тулааны урлагуудын төрөлд дэлхийн шилдгүүдийн нэг юм. Гэхдээ номлолд үйлчлэх нь түүний нэн тэргүүний зорилго.
Бразилын Пара мужид амьдардаг Фэлипэ Ф. бол ердийн нэг 18 настай залуу биш. Тэрээр мэргэжлийн холимог тулааны урлаг (ХТУ), жүдо, каратэгийн тэмцээнүүдэд оролцож байсан. Тэр маш сайн тамирчин. Фэлипэ ХТУ-ийн олон улсын Iron Man тэмцээнд түрүүлж, жүдо бөхөөр Пара мужийн 2 удаагийн аварга, Бразилын дэд аварга, олон улсын дэд аварга болж байсан. Мөн каратэгаар Пара мужийн 10 удаагийн, Бразилын 10 удаагийн, Өмнөд Америкийн болон Пан-Америкийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга юм. Хөөх!
Түүний амжилтын эх сурвалжууд
Фэлипэ долоон настайгаасаа бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Гэхдээ тэр амжилтынхаа хамгийн том эх сурвалжийг Бурхан гэдэгт итгэдэг. “Би үргэлж Их Эзэнээс тусламж хүсэн залбирдаг” гэж тэр хэлсэн.
Сүүлийн Пан-Америкийн каратэгийн аварга шалгаруулах тэмцээнд Фэлипэ тийм ч итгэлтэй байгаагүй. Тиймээс аав нь түүнд санваарын адислал өгчээ. “Адислалын дараа миний сэтгэл санаа сайжирснаар тэр өдөр аварга болоход тусалсан. Надад ганцхан секунд үлдээд байсан ч би сүүлийн хоёр тоглолтод хожсон. Хүн бүр үүнийг ямар ч боломжгүй гэж бодсон. Миний хийсэн санаанд оромгүй алхам намайг ялахад тусалсан ба энэ бүхэн аавын минь адислалын ач гэж би боддог.”
Аав нь түүнд олон жилийн турш адислал өгсөөр иржээ. Фэлипэ адислал авах нь үргэлж ялна гэсэн үг биш гэдгийг мэддэг ч анхаарлаа төвлөрүүлж, авьяас чадвараа дээшлүүлэхэд нь түүнд Их Эзэн тусалж чадна гэдэгт итгэдэг. “Адислал надад илүү итгэлтэй болоход тусалдаг. Ямар ч үр дүн гарсан бай, Их Эзэний мутар тэнд байсныг би мэднэ” гэж тэр хэлэв.
Гэр бүлийнх нь бусад гишүүн ч гэсэн түүнд маш том дэмжлэг үзүүлсээр ирсэн. Холимог тулааны урлагийн нэгэн тэмцээн дээр Фэлипэ гэр бүлийнхнийгээ үзэгчдийн суудалд байхыг харжээ. “Тэд бүгдээрээ миний нэрийг дуудан намайг дэмжиж байв. Би юу хэлэхээ ч мэдэхгүй байсан” гээд, “Надад зөв замыг зааж өгсөн аав, ээждээ маш их талархаж байна” хэмээн тэр нэмж хэлэв.
Фэлипэ уг замаар явсан нь спортод амжилт гаргахад тусалсан гэж боддог. Найзууд нь тэдний хийж байгаа зүйлийг хийхгүй байгаа учраас түүнийг шоолох нь элбэг. Гэхдээ Фэлипэ үүнд харамсдаггүй. “Сайн мэдээ адислал авчирдаг шиг спорт ч бас амжилт авчирдаг! Найзуудтайгаа үдэшлэгт явахгүй байх, зөв эрүүл зүйл идэх хоёрын аль аль нь үр дүнд нөлөөлдөг.”
Номлолд үйлчлэхээр шийдсэн нь
Одоо тэр 18 настай, түүнд олон боломж бий. Саяхан нэр хүндтэй ХТУ-ийн академиас түүнийг бэлтгэл хийхэд урьсан ба дэлхийн өнцөг булан дахь менежерүүдээс түүнд санал иржээ. Гэхдээ тэр эхлээд номлолд үйлчлэхийг хүсдэг.
“Миний хувьд сонгоход хялбар. Их Эзэнийг нэгдүгээрт тавина. Бусад нь хүлээж чадна шүү дээ. Яагаад гэвэл Тэр дуулгавартай байсны төлөө чамайг үргэлж адисалдаг” гэж тэр хэлэв.
Фэлипэ саяхан номлолоос буцаж ирсэн том ах Жүниороос бас урам зориг авдаг. Тэрээр Фэлипэд номлолд үйлчлэх шиг сайхан зүйл байхгүй ба хүмүүс битгий гэж ятгахыг оролдсон ч явах ёстой гэж хэлжээ.
Олон хүн Фэлипэг үлдэхийг ятгасаар байв. Түүний хамаатнуудын ихэнх нь Сүмийн гишүүн биш. “Тэд номлолд үйлчлэх нь баян чинээлэг, нэр алдартай болохоос илүү үнэ цэнтэй зүйл гэдгийг ойлгодоггүй. Тохиромжтой цаг гарахад би зүгээр л сайн мэдээг заахыг хичээдэг” гэж Фэлипэ хэлэв. Мөн тэдгээр мөчийн нэг нь түүнийг номлолын хүчирхэг туршлагад хөтөлжээ.
Фэлипэгийн үеэл саяхан нас барсан ба авга ах нь хүүгийнхээ үхэлд гашуудаж байв. Фэлипэ авралын төлөвлөгөөний талаар авга ахдаа ярьж өгчээ. Дараа нь авга ах нь түүнийг тэвэрч, номлолд битгий яв гэж хэлсэндээ уучлалт гуйсан байна. “Тэр надад хүмүүсийн зүрх сэтгэлд хүрэх авьяас байна, иймээс номлолд үйлчлэх хэрэгтэй гэж хэлсэн. Номлол гэж юу байдгийг мэдэхгүй хүн үүний жинхэнэ зорилгыг ойлгосон нь миний хувьд онцгой мөч байсан” гэж Фэлипэ дурсав.
Фэлипэд номлолд үйлчлэх эсэхдээ эргэлзэх үе байсан. “Би өдөр бүр судраа уншдаг байсан ба нэг шөнө сонголтдоо маш их эргэлзэв. Би үлдээд, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх ёстой юм болов уу?” гэж бодож эхэлсэн. Гэвч дараа нь нифайчууд талархалгүй, бардам болж эхэлсэн тухай Мормоны Номоос уншив. Иаков тэдэнд Их Эзэнийг нэгдүгээрт тавих хэрэгтэйг заасан. [Иаков 2:12–21-ийг үзнэ үү.] Тэр үед миний эргэлзээ арилсан юм.”
“Одоо би юу хүсэж байгаагаа, номлолоосоо буцаж ирээд ямар нэгэн байдлаар адислагдана гэдгээ мэднэ. Энэ нь ХТУ эсвэл өөр зүйл байж болох ч Бурхан бидэнд хэрэгтэй зүйлийг маань өгдөг гэдгийг би мэднэ.”
Өдөр тутмын хөрвөлтийн хүч
Фэлипэ номлол эсвэл Сүмийн талаар үргэлж баяр хөөр, итгэлтэй байдлыг мэдэрдэггүй байжээ. “Сайн мэдээнд тийм ч хүчтэй бус, ямар нэг зүйл дутагдаж байгаа юм шиг санагдах үе миний амьдралд байсан. Зүгээр л сүмд явдаг, өөр юу ч хийдэггүй тийм хүнийг та нар мэдэх үү? Би тийм байсан” гэж тэр ярив. Номлолд үйлчлэх талаар ах болон бишоптойгоо ярилцсаны дараа тэрээр өдөр бүр залбирч, судраа уншиж эхлэхээр шийджээ.
“Надад тусалсан зүйл бол өдөр тутмын хөрвөлт байсан гэж би боддог. Би Сүмд мөн итгэлтэй гэр бүлд өссөн ба үүнийг хангалттай гэж бодсон учраас хэсэг хугацаанд хөрвөлтийг эрж хайгаагүй. Харин одоо би өдөр бүр гэрчлэлтэй болохыг эрэлхийлж байгаа.”
Их Эзэний ачаар аварга болсон
Фэлипэ зөвийг сонгох нь үргэлж ялна эсвэл бүх зүйл хүссэнээр нь болно гэсэн үг биш гэдгийг мэддэг. “Би бэлтгэгдсэн гэж бодсон тэмцээндээ оролцоод, эхний тойрогт ялагдсанаа санаж байна. Өөр нэг удаа би бэртэл аваад гэртээ байж байв. Өглөө эрт сэрчихээд, тааз ширтэн, энэ бүхэн үнэ цэнтэй юу гэж бодож байсан үеэ би санаж байна. Заримдаа эргэж хурган, буцаад унтчихмаар санагддаг ч би босоод бэлтгэлдээ явдаг байсан. Аварга байна гэдэг ялахаас хамаагүй илүү зүйл. Энэ бол өдөр бүрийг болон бүтэлгүйтэл, сорилт бэрхшээл зэргийг даван туулдаг хүн юм.”
Аврагч бол Фэлипэгийн амьдралынхаа бүхий л салбарт ялах урам зориг төрүүлэгч юм. “Хэрэв бид Түүнтэй адил болохыг хүсэж байгаа бол Түүний хийдэг зүйлийг хийж, үргэлж бат зогсохыг хичээж, өөрсдийгөө хүчирхэгжүүлэн, Түүний юу хийх байсныг бодох хэрэгтэй. Энэ нь намайг өдөр бүр хийж байгаа үйлдлээрээ Түүнтэй адил байхад урамшуулдаг. Өөрчилж чадах зүйлээ хараад би залбирч, уучлал гуйн, үргэлж илүү сайн байхыг хичээдэг. Жинхэнэ аварга гэж олон удаа унаж, бүр уур бухимдал дундаа ч босоод, үргэлжлүүлдэг хүнийг хэлдэг.
Би Их Эзэний ачаар аварга болсон” гэж Фэлипэ ярьсан. “Хэрэв Тэр байгаагүй бол би ямаршуухан байхаа мэдэхгүй байна. Гэхдээ өнөөдөр надад байгаа бүхэн үгүй байх байсан гэдэг нь тодорхой. Сайн мэдээний дагуу амьдрах нь намайг амьдралд ч, спортод ч аварга болгосон.”