2023
Номлогч болоход бэлтгэ
2023 оны 3-р сар


“Номлогч болоход бэлтгэ,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 3-р сар.

Номлогч болоход бэлтгэ

Чи номлолд үйлчлэхэд бэлэн гэдгээ яаж мэдэх вэ?

номлогчид

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд номлолын ажлын ач холбогдлыг сануулж, залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг үйлчлэхээр бэлтгэхэд уриалсан.1 Номлогч болоход бэлтгэх нь бүрэн цагийн номлогчоор үйлчлэхтэй адил хичээл зүтгэл шаарддаг!

Хийх ёстой маш олон зүйл байдаг учраас номлолд бэлтгэх нь заримдаа хэцүү санагддаг.

“Би мөнгө хуримтлуулах хэрэгтэй.”

“Би Миний сайн мэдээг номло товхимлыг судлах ёстой.

“Би яаж өөрийнхөө хоолыг хийж, хувцсыг угаах вэ?”

“Би бишоптойгоо уулзах цаг товлох ёстой.”

“Надад сайн мэдээг хуваалцах хангалттай итгэл бий юү?”

Ингэж бодож, санаа зовох нь зүйн хэрэг юм. Гэсэн хэдий ч үйлчлэлийнхээ жинхэнэ зорилгод анхаарлаа хандуулах нь хамгийн чухал.

Чиний үйлчлэх шалтгаан

“Би яагаад номлолд үйлчлэхийг хүсэж байна вэ?” гэж өөрөөсөө асуух нь тустай.

Магадгүй чи үүнийг өөрийн үүрэг гэж бодож байгаа байх. Чи шинэ газар амьдрах эсвэл шинэ хэл сурахдаа баяртай байж ч магад. Магадгүй чи Есүс Христийн Цагаатгал эсвэл мөнхийн гэр бүлийн сургаалын тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсэж байгаа байх. Эсвэл ерөнхийлөгч Нэлсоны хэлснээр “хүн бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар мэдэж авах боломжийг хүртэх эрхтэй”2 гэдэгт чи итгэдэг байх.

Номлолд үйлчлэх зарим шалтгаан нь бусдаас илүү боловч явах нэгээс олон сайн шалтгаан байдаг. Чиний шалтгаан эцсийн дүндээ Их Эзэнийг хайрлах хайр, Түүний сэргээгдсэн сайн мэдээнд төвлөрөх ёстой. Шалтгаануудынхаа талаар, тэдгээр нь чамайг “бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” (Сургаал ба Гэрээ 4:2) Их Эзэнд үйлчлэхэд чинь туслах эсэхийг бод. Хэрэв чамд хүсэл байхгүй бол Тэнгэрлэг Эцэгээс хүсэлтэй болоход туслахыг хүсэн залбирч болно.

Үйлчилж буй номлогч эгч нар

Чиний гэрчлэл

“Надад Есүс Христийн сайн мэдээний талаар гэрчлэл бий юү? Тэрээр намайг үйлчлэхээр дуудсан гэдэгт би үнэхээр итгэдэг үү?

Номлогчийн зорилго бол бусдыг Христэд ирэхийг урих явдал юм. Хэрэв чи хүмүүсийг Есүс Христ болон Түүний сайн мэдээний талаар суралцахад урьж байгаа бол өөрийн гэсэн гэрчлэлтэй байх нь чухал.

Чиний гэрчлэл төгс байх албагүй. Гэрчлэлээ хүчирхэгжүүлэх боломж ямагт байсаар байдаг. Хамгийн чухал нь суурь буюу Есүс Христ юм. Чи судраас Түүний үгсийг судалж, Тэнгэрлэг Эцэгт Түүний нэрээр залбирч, Түүнтэй адил амьдрахыг хичээснээр Түүнийг өөрөө таньж мэдэж чадна.

Гайхалтай номлогч байна гэдэг нь чи хүмүүстэй ярилцахдаа үргэлж гаргууд байна эсвэл судар бүрийг цээжилнэ гэсэн үг биш (гэхдээ чи ур чадвараа сайжруулахын тулд байнга ажиллах боломжтой). Чи Их Эзэнд найдаж, Түүнд итгэж, Түүний ажлыг хийх хүсэлтэй байгаа цагт Тэр чиний хүчин чармайлтыг нэмэгдүүлж, үр дүнтэй номлогч болоход чинь тусална.

Номлогч эгч нар

Чиний ариун сүмийн хишиг

“Би ариун сүмд ороход бэлэн гэж мэдэрч байна уу?”

Хэрэв чи өмнө нь хишиг хүртээгүй бол ихэвчлэн номлолд үйлчлэхээсээ өмнө ариун сүмд хишгээ хүртэх болно.

Ариун сүмийн адислалууд нь “ажилд дуудагдахаар бэлтгэхтэй холбоотой суурь нь боловч ихэнхдээ бидний анхаарлаа хандуулдаггүй нэг зүйл” юм. Мөн “хувийн зохистой байдал бол ариун сүмийн адислалуудыг хүлээн авах цорын ганц чухал шаардлага билээ.”3 Чи бэлтгэж, ариун сүмд орж, Бурхантай ариун гэрээнүүдийг байгуулах зохистой байснаараа Түүний номлогч болоход өөрийгөө давхар бэлтгэх болно (Сургаал ба Гэрээ 105:33; 109:22-ыг үзнэ үү).

Эцэст нь чи ариун сүмд бэлтгэх ангид хамрагдаж болно. Гэхдээ энэ хооронд чи өөрөө бие даан судалж, бэлтгэж болно. Ерөнхийлөгч Нэлсон ариун сүмийн талаар суралцахын тулд судалж болох зарим судар болон сайн мэдээний сэдвийг санал болгосон.4 Илүү ихийг temples.ChurchofJesusChrist.org-оос сурч мэдэж болно.

Компьютерын урд сууж буй үйлчлэлийн номлогч

Зохистой бөгөөд бэлтгэгдсэн

Дахин хэлэхэд, номлолд олон талаар бэлтгэдэг. Мэдээж, чи мөнгө хуримтлуулж, бие бялдраа чийрэгжүүлж, хувцсаа янзалж оёх, хоол хийх зэрэг үндсэн ур чадваруудыг сурах хэрэгтэй. Чи эдгээр зорилгынхоо дагуу үргэлжлүүлж болно.

Гэхдээ нарийн ширийн зүйлд хэт өөрийгөө ядраах хэрэггүй. Их Эзэний мутар дахь зохистой, үр дүнтэй зэмсэг байх боломжийг олгодог зүйлс нь чиний хийж чадах хамгийн чухал бэлтгэл юм.

Хэрэв чи өөрийгөө хангалтгүй гэж мэдрэн, стресст автаж эсвэл үйлчлэх эсэхдээ эргэлзэж байвал энэ нь байдаг л зүйл. Их Эзэн чамайг амжилтад хүрэхийг хүсдэг гэдгийг санаарай! Түүнд найдаж, Сүнсний удирдамжийг дагах үед Тэр чамд хамгийн сайнаараа бэлтгэхэд туслах болно.