2023
Есүс Христ: Шуурган дундах амар амгалан
2023 оны 3-р сар


“Шуурган дундах амар амгалан,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 3-р сар.

Ирээд, Намайг дага

Марк 4

Есүс Христ: Шуурган дундах амар амгалан

Зарим өдөр чамд амьдралын шуурганд сэгсчүүлж байгаа мэт санагдаж магадгүй. Гэхдээ Есүс Христ өөр хаанаас ч олохгүй амар амгаланг чамд авчрах хүчтэй.

Есүс Христ тэнгист намдахыг тушааж байгаа нь

Чимээгүй. Намд, Ёнcун Ким

Ахлах сургуулиа төгсөхөд хагас жил үлдээд байхад би маш том гэнэтийн мэдээ хүлээж авлаа. Эцэг эх маань Уругвайн Монтэвидэо номлолыг тэргүүлэхээр дуудагдсан тул дөрвөн дүүгийн хамт бид дэлхийн нөгөө хязгаар луу нүүх болов. Ахлах сургуулиа төгсөнө гэдэгт хэдийн стрессдээд байсан би гэр бүлтэйгээ өөр тив рүү нүүж, ганцаараа коллежид суралцахаар болчихов. Би айж балмагдав.

Ахлах сургуулиас коллеж руу шилжихэд надад маш хэцүү байсан. Хэдийгээр нэг өрөөний эелдэг найзууд болон олон мянган оюутан намайг хүрээлж байсан ч би урьд урьдаас илүү ганцаардаж байлаа. Сургуулийн ачаалал асар их байсан. Би юу сурахаа мэдэхгүй бас хичээлүүд нь хүнд санагдаж байлаа. Сэтгэл зовоосон харилцаанаас болоод шаналж байсан маань миний сэтгэцийн эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлөв. Ирээдүйн талаарх айдас намайг бүрхэн авсан юм.

Удалгүй сэтгэл гутрал, айдас, ганцаардлын мэдрэмжүүд минь намайг хэвийн байхад саад болж эхэллээ. Энгийн ажлууд хүртэл надад боломжгүй мэт санагддаг болов. Нэг өглөө би Тэнгэрлэг Эцэгээс тухайн өдрийг даван туулах хүч чадал өгөхийг гуйж байлаа. “Би ганцаараа үүнийг цааш хийж чадахгүй нь ээ” гэж би залбирсан. Оюун болон сэтгэл маань цэлмэх тэр ховорхон агшинд би “Чи тэгэх шаардлагагүй” гэсэн үгсийг оюун бодолдоо хүлээн авсан юм. Амар амгалан миний сэтгэлийг дүүргэв. Миний ухаан санаан дахь шуурга намдлаа.

Дараагийн хэдэн сар (болон жилүүд) амаргүй байсан. Сэтгэл гутрал, ганцаардлын мэдрэмж тэр дороо арилаагүй. Гэхдээ би Аврагчтай хамт байна гэж юу гэсэн үг болохыг анх удаа хувьдаа ойлгож авсан. Тэр миний сорилт, зовлон зүдүүрийг ойлгодог гэдгийг би мэдсэн юм. Тэр бол надад тусалж чадах цорын ганц нэгэн гэдгийг би ойлгосон ба Тэр үнэхээр тусалсан.

Одоо би буцаж ирсэн номлогч бөгөөд коллежоо төгсөж, аз жаргалтай гэр бүлтэй болсон. Хэрэв би Их Эзэнд найдаагүй бол эдгээр зорилгынхоо алинд нь ч хүрэхгүй байсныг би мэднэ.

Залуу эмэгтэй

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Чимээгүй. Намд

Их шуурга дэгдэхэд төлөөлөгчдийн сууж явсан завин дээр Есүс унтаж байв. Төлөөлөгчид Есүсийг сэрээгээд, “Багш аа, бидний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?” хэмээн асуусан (Марк 4:38). Тэднийг ширүүн шуурганд амь эрсдэх нь гэж бодож байтал Их Эзэн сэрээд, “салхийг зандарч, нуурт—Чимээгүй. Намд гэж хэлэв. Салхи зогсож бүр нам гүм болов” (Марк 4:39).

Чи амьдралдаа хэдэн удаа “миний сүйрэх нь Танд хамаагүй гэж үү?” гэж бодож байсан бэ? Заримдаа хүнд хэцүү сорилтуудыг даван туулах үед ганцаардаж, орхигдсон мэт мэдрэх нь хялбар байдаг. Их Эзэн яагаад шуургыг чинь намдаахгүй байгаад чи гайхаж магадгүй. 39-р шүлэгт өгүүлсэн “бүр нам гүм” гэсэн үг чиний амьдралд хэзээ ч биеллээ олохгүй юм шиг санагдаж магадгүй.

Гэсэн хэдий ч энэ түүхийн чухал хэсэг нь Аврагчийн дараачийн заасан зарчим юм. “Тэр тэдэнд—Юунд айцгаана вэ? Та нарт яагаад итгэл алга байдаг билээ?” гэсэн (Марк 4:40). Төлөөлөгчид айж, цөхрөнгөө барсан мөчдөө хэнтэй хамт байснаа мартжээ. Дэлхийг бүтээсэн Бурханы Хүү тэдний завин дээр унтаж байв. Тэд яагаад айх болов?

Үүний нэгэн адил Аврагч чиний амьдралд тохиолдох аливаа шуургыг намдаах хүчтэй. Тэр чиний өвдөлтийг намжааж, ачааг хөнгөлж, харанхуйд байхад чинь гэрэлтүүлж чадна. Энэ үйл явц дахь чиний үүрэг бол Есүс Христэд улам илүү итгэх явдал юм.

Их Эзэнээс хүч чадал олж авах

Илүү их итгэлээр амьдрах нь чиний амьдралд Христийн илүү их хүчийг авчирч чадна. Мадагаскарт амьдардаг Разафималазагийн сургуулиа төгсөх жил нь хүндхэн байсан ба авга эгч нь нас баржээ. Тэр сэтгэлээр унав. Хичээлийн үеэр анхаарлаа төвлөрүүлэх нь бараг боломжгүй болжээ. Тэр жилийн эцсийн шалгалтаа өгөхөөр бэлтгэж байв. Тэрээр “Уйтгар гунигийг минь арилгаж, маргаашийн шалгалтад орох хүч чадал өгөөч” гэж залбирчээ. Залбирсныхаа дараа Разафималаза хүчийг мэдэрсэн. “Надад уйтгар гунигаа мартчихсан юм шиг санагдсан. Бурхан надад бүхнийг хийх хүч чадлыг өгдөг” гэж тэр хуваалцлаа.

Залуу эрэгтэй

Их Эзэн заримдаа чиний амьдралд тохиолдох шуургыг намдааж мөн заримдаа шуурга ширүүсэхэд чамайг тайвшруулж, тайтгаруулдаг гэдгийг санах нь чухал. Чи Түүнд итгэснээр Түүний хүсэл, цаг хугацаанд бас найддаг. Амар амгалан, тайван байдал хэзээ ирэхээс үл хамааран Тэр чамд тусална гэдэгт чи итгэдэг.

Түүний цаг хугацаанд найдах

Энн хэмээх залуу эмэгтэй айдас дүүрэн мэдрэмжийг мэддэг. “Би хүнд төрлийн сэтгэл түгших болон хөнгөн хэлбэрийн анхаарал дутмагших, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй. Заримдаа үүнээс болж бусад хүн намайг буруугаар боддог юм шиг санагддаг ба надад мөнхийн зүйлсэд төвлөрөхөд хэцүү байдаг. Саяхан би хүүхэдтэй болохоосоо өмнө хэдэн арван жил хүлээх шаардлагатай байсан Сарагийн тухай Эхлэл номоос уншсан. Би ч гэсэн эдгэрэхийн тулд удаан хүлээж магадгүй гэж бодсон. Сэтгэлийн түгшүүртэй байхад минь Христ намайг орхихгүй гэдгийг би мэднэ. Тэр надад үүнийг даван туулахад туслахын тулд байгаа” гэж тэр хэлсэн.

Залуу эмэгтэй

Их Эзэнд найдах нь амьдралд тохиолдох асар их сорилтуудыг үл тоомсорлох ёстой гэсэн үг биш юм. Гэсэн хэдий ч энэ нь “Бурханыхаа хязгааргүй сүр жавхлан, сайн сайхан, хэмжээлшгүй хүч чадалд төвлөрөн, … баяр талархалтайгаар Түүнд итгэж найд”1 гэсэн үг юм. Чи ганцаардаж, гуниглан, түгшиж эсвэл амлагдсан адислалуудыг хүлээж байхдаа “Би ‘бүр нам гүм’-ийг айдастай эсвэл итгэлтэй зүрх сэтгэлийн алинаар нь хүлээж байна вэ?” гэсэн асуултыг санаарай.