“Бид наманчилж чадна,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 3-р сар.
Би Христээр дамжуулан бүгдийг хийж чадна
Өсвөр үеийнхэн хүнд хэцүү зүйлсийг хийхэд нь Христ тэднийг хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар хуваалцлаа (Филиппой 4:13-ыг үзнэ үү).
Бид наманчилж чадна
Би найман настайдаа баптисм хүртсэн ч зөв зүйлийг байнга хийдэг байгаагүй. Өсвөр насандаа би хэсэг залуустай нийлж, сайн биш гэдгийг нь мэддэг зүйлд татагдан орж эхэлсэн.
Эгч маань гэрлэснийхээ дараа намайг Сүмд буцаж ирэхэд тусалсан юм. Би мэргэн ухааны үгийн ач холбогдлын талаар сурч, бие махбоддоо илүү сайн анхаарал хандуулж эхэлсэн.
Гэтэл нэг өдөр би бас нэг ноцтой нүгэл үйлдэв. Би Сүнсийг эсвэл санваарын хүчийг өөртэйгөө хамт байлгаж чадахгүйг мэдэрсэн. Надад ямар ч үнэ цэн байхгүй мэт санагдаж, ариун ёслолыг адислах, түгээх гэх мэт Сүм дэх үүрэг хариуцлагаа гүйцэтгэж чадахгүй болсон гэж бодов.
Гэхдээ бид үргэлж наманчилж чадна гэдгийг сайн мэдээ надад заасан. Бишоптойгоо уулзаж, нүглээ наманчлах нь хэцүү байлаа. Хүмүүс намайг бишопын өрөө рүү орохыг харна гэж бодоход л хүнд байсан. Гэхдээ би Их Эзэний амар амгаланг бас наманчлахыг хүссэн.
Бишоп маань надтай хамт залбирч, Их Эзэн наманчлалыг эрэлхийлдэг хүмүүст үргэлж нигүүлсэнгүй ханддаг бас намайг дахин цэвэр болж чадна гэж хэлсэн. Би судруудыг уншиж, залбирч эхэлсэн ба энэ нь уруу таталтыг эсэргүүцэхэд тусалдаг гэдгийг мэддэг болсон.
Хэрэв наманчлалын үйл явц чамд хэцүү санагдвал Есүс Христийг бас Түүний гайхамшигт Цагаатгалын бэлгийг үргэлж санаарай. Хүн бүр нүгэл үйлдэж, алдаа гаргадаг бөгөөд бид энэ амьдралд төгс төгөлдөрт хүрэхгүй. Гэвч Есүс Христийн Цагаатгал болон бидний төлөө урсгасан Түүний цусаар дамжуулан бид үргэлж наманчилж чадна. Их Эзэний тусламжтайгаар бид төгс төгөлдөр рүү урагш тэмүүлж чадна.
Кэннэт Б., Тонга