“Аврагч хорт хавдартай тэмцэхэд минь надад хэрхэн туслахаа мэддэг,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 3-р сар.
Христээр дамжуулан би бүгдийг хийж чадна
Өсвөр үеийнхэн хүнд хэцүү зүйлсийг хийхэд нь Христ тэднийг хэрхэн хүчирхэгжүүлсэн талаар хуваалцлаа (Филиппой 4:13-ыг үзнэ үү).
Аврагч хорт хавдартай тэмцэхэд минь надад хэрхэн туслахаа мэддэг
Миний амьдрал 2020 оны өвөл хүртэл хэвийн байв. Гэтэл би өвдөж, халдвар авсан гэж оношлогдон, эмчийн заавраар тогтмол антибиотик ууж эхлэв. Дараа нь толгой өвдөж, сульдаж, ухаан алдаж эхэлсэн. Түүнээс хойш нэг удаа би 22 цагийн орчимд сэрээд өглөө гэж андууран хичээлдээ явахаар бэлтгэв.
Эгч маань шөнө болж байгааг хэлэхэд би айж сандран, эцэг эхийнхээ өрөө рүү гүйлээ. Ээж миний толгойг барьж үзээд, намайг маш өндөр халуурч байгааг мэдэв. Маргааш нь бид эмч дээр очиж, олон төрлийн шинжилгээ өгсөн.
Тэр шөнө аав, ээж хоёр миний өрөөнд нулимсаа барьж ядан орж ирлээ. Тэд намайг цусны хорт хавдартай, дэлгэрэнгүй хариу авахын тулд дахин эмнэлэг явах хэрэгтэй гэж хэлсэн. Тэр орой би яаралтай тусламжийн тасагт бүхэл шөнийг өнгөрөөсөн ба хэдхэн хоногийн дараа хими эмчилгээ хийлгэж эхлэв.
Миний эмчилгээ дахиад нэгээс хоёр жил үргэлжлэх ба одоо хянаж болохуйц түвшинд очсон. Би сүүлийн үед арай дээрдэж байгаа бөгөөд удахгүй сургуульдаа явах боломжтой болно гэж найдаж байгаа. Гэсэн ч энэ бүгд амаргүй. Хими эмчилгээ олон сөрөг үр дагавар дагуулсны дунд ясны эд эсийн үхжил гэж нэрлэгддэг ясны өвчнөөс болоод алхахад хүндрэлтэй болсон.
Энэ бүхэн тохиолдсон ч гэсэн үүнээс болж би Тэнгэрлэг Эцэгтээ илүү ойртсон байж магадгүй. Одоо би Есүс Христийн Цагаатгалын талаар илүү гүнзгий ойлголттой болсон. Би Түүний Цагаатгалыг зөвхөн алдаа гаргасан үед хэрэгтэй зүйл гэж боддог байсан. Энэ бол үүний нэгээхэн хэсэг ба Аврагчид найдах нь надад ганцаардах мэдрэмжээ нимгэлэхэд тусалсан юм.
Есүс Христ бидний бүх зовлон зүдүүр, нүглийг Өөр дээрээ авсан бөгөөд энэ нь цусны хорт хавдартай надад хэрхэн туслахаа Тэр сайн мэддэг гэсэн үг юм. Аливаа сорилт бэрхшээлийг даван туулахад ганцаардлыг маш их мэдэрдэг боловч Христийн Цагаатгалаар дамжуулан Тэр бидний юу туулж байгааг үнэхээр ойлгодог гэдгийг мэдсэнээр бид тайвшралыг хүлээн авах болно.
Рүби Х., АНУ, Юта