“Ерөнхий зарчим ба тодорхой сонголт,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 3-р сар.
Ерөнхий зарчим ба тодорхой сонголт
Чи амьдралынхаа тодорхой нөхцөл байдалд ерөнхий зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?
Гурван өөр бошиглогчийн хэлсэн гурван эшлэлийг танилцуулъя. Төстэй үндсэн санааг олж чадах эсэхээ үз.
“Ай мэргэн байгтун; би өөр юу хэлж чадахсан билээ?”
“Та нар тэгснээр нүгэл үйлдэж болох зүйлийг бүгдийг би та нарт хэлж чадахгүй.”
“Би тэдэнд зөв зарчмуудыг заадаг, харин тэд өөрсдийгөө захирдаг.”
Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит (2007), 284.
Бошиглогчид Их Эзэний сайн мэдээний зарчмуудыг өгөөд, тэдгээрийн дагуу амьдрах сонголтыг бидэнд даатгадаг гэж би боддог. Тэд бидэнд бүх нарийн ширийн зүйлийг нэг бүрчлэн заадаггүй. Тэгвэл бид тэдний сургаалыг хэрхэн хүлээн авч хэрэгжүүлэх вэ?
Чи бошиглогчдын сургаалыг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?
Бошиглогчид бидэнд Их Эзэний зарлигуудыг өгдөг. Тэд мөн Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол доторх шиг мөнхийн үнэнүүд болоод зарлигуудыг хэрэгжүүлэхэд туслах зарчим, удирдамжуудыг бидэнд заадаг.
Гэвч Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бид заримдаа сайн мэдээний зарчим, зарлигуудын дагуу хамгийн сайнаараа амьдрахын тулд хийх ёстой тодорхой зүйлс нь юу юм бол гэж боддог. Жишээлбэл: Хүмүүс яг ямар төрлийн хувцас тэднийг биедээ хүндэтгэлтэй хандаж буйг харуулах бол гэж бодож болно. Эсвэл тэд Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахихын тулд яг юу хийх ёстой талаар боддог байж магадгүй.
Ерөнхий зарчмуудыг өөр хүмүүс өөр тодорхой арга замаар хэрэгжүүлж болох ч бид Бурханд ойртохын тулд хувь хүний сонголтоо хийх үедээ Их Эзэний удирдамжийг эрэлхийлж болно.
Тус болох загвар
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих сонголтдоо хэрхэн хандсан тухайгаа нэг удаа ийн тайлбарласан байдаг.
“Би судруудаас Хүндэтгэлийн өдөрт хэрхэн хандаж байгаа болон энэ өдөр хийдэг зүйлүүд маань Тэнгэрлэг Эцэг бид хоёрын хооронд тэмдэг болдог гэдгийг мэдэж авсан. Би үүнийг ойлгосноор, хийх ёстой болон хийж болохгүй зүйлсийн жагсаалт гаргах хэрэггүй болж билээ. Би ямар нэгэн үйл ажиллагааг Хүндэтгэлийн өдөрт тохирох эсэх талаар шийдвэр гаргахдаа ‘Би Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байна вэ?’ гэсэн энгийн асуултыг өөртөө тавьдаг бөгөөд энэ асуулт Хүндэтгэлийн өдөртэй холбоотой хийх сонголтуудыг маань тодорхой болгодог” (“2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган”) гэж хэлсэн.
Ерөнхийлөгч Нэлсон энэ тодорхой асуултад хэрхэн хандсан нь бидэнд зарлиг, удирдамжийн талаар сонголт хийх ерөнхий загварыг харуулж чадна. Үүнийг илэрхийлэх нэг аргыг танилцуулъя.
Чи энэ загварыг мэргэн ухааны үг, үзвэр үйлчилгээ, мэдээллийн хэрэгсэл, хөгжим, бэлгийн харьцааны цэвэр ариун байдал, тэр ч байтугай аравны нэг гэх мэт ямар ч зарлиг эсвэл удирдамж дээр дагаж болно. Энэ нь бага зэрэг хөдөлмөр шаарддаг боловч үнэ цэнтэй юм.
Чи эдгээр зүйлийг судалж байхдаа судрууд болон өнөө цагийн бошиглогчид тэдгээрийн талаар юу гэж хэлснийг уншиж, тунгаан бодож, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч болно. Тэгвэл Ариун Сүнс чамд тусалж, зөвийг сонгоход чинь сүнслэгээр нөлөөлж чадна.
Бусдын сонголтыг яах вэ?
Ерөнхийлөгч Нэлсон Хүндэтгэлийн өдрийн талаар ямар тодорхой сонголт хийснээ бидэнд хэлээгүйг анхаар. Тэр бидэнд хэрхэн өөрсдийн сонголтыг хийж болохыг харуулсан. Чи түүний хийсний адил олон сонголтыг хийж магадгүй. Гэхдээ гол зүйл бол сонголтоороо дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ойртохыг хичээх явдал юм.
Хэрэв чи Сүмд бүх зүйлийг яг чамтай адилхан хийдэггүй өөр хэн нэгнийг анзаарсан бол түүнийг засах гэж санаа зовох хэрэггүй. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байсан Рэйна И.Абурто эгч “Бүгдээрээ Аврагчийн замыг дагаж, бусдын зовлонг ойлгох чадвараа хөгжүүлж, бусдыг шүүмжлэх хүслээ даран, бусдын сүнслэг байдлыг шалгагч байхаа больцгооё” гэж хэлсэн (2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган).
Чи бошиглогчдын заасан зөв зарчмуудыг тусган авч чадна. Чи бусдыг Аврагч руу, Түүний хайр, нигүүлсэл, зарлигууд руу чиглүүлж чадна. Чи Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлыг уншиж болно. Мөн Есүс Христийн шавийн хувьд итгэлтэйгээр амьдрахыг хичээж, сайн үлгэр жишээ үзүүлж, сүнслэг туршлагаа хуваалцаж болно.
Хэрэв чи Бурханыг болон бусдыг хайрлахад анхаарлаа чиглүүлбэл өөрийгөө болон бусдыг аз жаргалтай болгоход туслах сонголтуудыг хийхэд чиглэгдэх болно.