“Аврагч эмэгтэйчүүдэд хэрхэн ханддаг байсан талаар,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 3-р сар.
Аврагч эмэгтэйчүүдэд хэрхэн ханддаг байсан талаар
Бид эмэгтэйчүүдэд эелдэг, хүндэтгэлтэй хандах Есүс Христийн үлгэр жишээг амьдралдаа дагаж чадна.
Шинэ Гэрээнд Есүс Христ ихэвчлэн санаанд оромгүй зүйлсийг заадаг байсан. (Тухайлбал: Дайснуудаа хайрла, биднийг хавчигчдын төлөө залбир1 гэсэн)
Эдгээр сургаалын зарим нь тухайн үеийн соёлын эсрэг байв. Гэвч Аврагч үүнд тохируулахыг хичээгээгүй. Тэр дээд хуулийг зааж, бие биетэйгээ хэрхэн харьцах ёстойг харуулахыг хичээж байв. Тэрээр тодорхой нас, хүйс, үндэс угсаагаар хязгаарлагдаагүй хайрын үлгэр жишээг үзүүлсэн.
Есүсийн үед эмэгтэйчүүдийг ихэвчлэн дорд үздэг байв. Өнөөдөр зарим соёлд эмэгтэйчүүдийг ихэвчлэн хүндэтгэдэггүй. Чи ийм газарт амьдардаг байж ч магадгүй. Хэрэв тийм бол чи эргэн тойрондоо байгаа охид, эмэгтэйчүүд гээд бүх хүнд эелдэг, хүндэтгэлтэй хандсанаар Христийнхтэй адил үлгэр жишээг нийгэмдээ үзүүлж чадна.
Есүс ээжийгээ халамжилдаг байсан
Есүс Христийн олон нийтэд үйлдсэн анхны гайхамшиг нь ээждээ тусалсан явдал байсан. Ээж нь хуримд ирсэн хүмүүсийг хооллоход туслах үүрэгтэй байв. Дарс дуусахад Есүс усыг дарс болгон хувиргаснаар дарс зочдод хангалттай хүрэв.
Ээжтэйгээ харилцан ярьсан яриан дунд Есүсийн ээждээ хэлсэн “Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна?” гэсэн үг орчин үеийн бидний чихэнд ширүүн сонсогдож магадгүй юм. (Иохан 2:4). Гэвч Иосеф Смит үүнийг “Та надаар юу хийлгэхийг хүсэж байна?”2 хэмээн Есүс ээжээсээ юу хэрэгтэй байгааг нь асуусан гэж тодорхойлсон байдаг. Мөн тэр үед хэн нэгнийг “эмэгтэй” гэж дуудах нь хүндэтгэлийн нэг хэлбэр байжээ. Тэр үндсэндээ “Хатагтай, та надаас итгэлээр юу ч гуйна, би танд өгнө”3 гэж хэлсэн юм.
Гурван жилийн дараах үйл явдал. Загалмай дээр нас барахынхаа өмнөхөн Есүсийн үйлдсэн сүүлчийн үйлдлийн нэг бол ээжийг нь халамжлах хэн нэгэн байгаа эсэхийг нягтлах явдал байв.
Тэрээр эхдээ “Эмэгтэй, хараач, хүү чинь! Дараа нь шавьдаа —Хараач, эх чинь гэж айлдав. Тэр цагаас шавь нь эхийг нь гэртээ аваачив” (Иохан 19:26–27).
Есүс гадуурхагдсан эмэгтэйчүүдэд хүндэтгэлтэй ханддаг байсан
Аврагч нийгмээс гадуурхагдсан эмэгтэйчүүдэд хүндэтгэлтэй ханддаг байсан талаар наад зах нь хоёр жишээ бий.
Аврагчийн үед ихэнх иудейчүүд самари хүмүүсийг дорд үздэг байв. Гэвч Есүс Христ худгийн дэргэд самари эмэгтэйтэй уулзахдаа түүнд энэрэнгүй, хүндэтгэлтэй хандсан. Түүгээр үл барам, Тэр түүнтэй ярилцаж байхдаа амлагдсан Аврагч гэдгээ анх илчилжээ!4 (Иохан 4-ийг үзнэ үү.)
Өөр нэг нөхцөл байдалд нэгэн эмэгтэй ноцтой нүгэл үйлдэж байгаад баригджээ. Иудейн хуулиар бол түүнийг чулуугаар шидэж алах ёстой байв. Удирдагчид тэр эмэгтэйг Аврагчийн өмнө авчрахад Тэр тэднээс асуулт асуусан ба энэ нь тэднийг түр азнаад, бодоход хүргэсэн. Тэд түүнийг чулуугаар шидээгүй. Дараа нь Аврагч түүнийг наманчлахад урьж, “Яв. Үүнээс хойш дахин нүгэл бүү үйлд” (Иохан 8:11) гэж хэлсэн.
Есүс амилсныхаа дараа эмэгтэйчүүдэд үзэгдсэн
Есүс амилсныхаа дараа эхлээд Түүний бунхны гадаа гашуудаж байсан Магдалын Мариад үзэгдсэн (Иохан 20:11–18-ыг үзнэ үү). Иоанна болон Иаковын эх Мариа зэрэг бусад эмэгтэй амилсан Их Эзэний тухай хамгийн түрүүнд мэдсэн хүмүүсийн дунд байв. Тэнгэр элч нар тэднийг харсан зүйлийнхээ талаар гэрчлэлээ хуваалцахыг урьсан. (Лук 24:1-10-г үзнэ үү.)
Бид Түүний үлгэр жишээг дагаж чадна
Аврагчийн эмэгтэйчүүдийг хүндлэх үлгэр жишээг дагахын тулд бид юу хийж болох вэ?
Бидний бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ тал дээр маш арвин туршлагатай. Тэрээр эхнэр Данзэлынхаа хамт есөн охин, нэг хүү өсгөжээ. Түүнийг нас барсны дараа тэр Вэнди Нэлсонтой гэрлэсэн.
“Өөрсдийн гэр бүл дэх төдийгүй бидний амьдрал дахь бүх гайхалтай эгчийг бид хүндэлдэг” хэмээн тэр заасан.5
Энэ сарыг хамгийн зоримог сар, амьдрал дахь эмэгтэйчүүддээ Христийнхтэй адил хайр, сайхан сэтгэлээр хандах сар болгоцгооё. Нэг удаад нэг харилцааг. Чи дэлхийг өөрчлөх хангалттай хүчтэй.