Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Христэд ирэхэд нь бусдад энгийн бөгөөд хүчтэй арга замаар туслах
2024 оны 7-р сар


“Христэд ирэхэд нь бусдад энгийн бөгөөд хүчтэй арга замаар туслах,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 7-р сар.

Христэд ирэхэд нь бусдад энгийн бөгөөд хүчтэй арга замаар туслах

Танд хайраа харуулах, итгэл үнэмшлээ хуваалцах, бусдыг Христэд ирэхэд урих тоо томшгүй арга зам бий.

Есүс Христ

Ахлах ангийн эхний жилийн нэгэн өдөр миний найз Нэдра надаас “Рассэлл, чи яагаад семинартаа явахгүй байгаа юм бэ?” гэж асуув.

Эцэг эх маань тэр үед сүмд явахаа больсон байв. Би үе үе найзуудтайгаа очдог байсан ч семинарт хамрагддаггүй байсан. Маргааш өглөө нь 6.30-д би семинарт явлаа. Түүнээс хойш өдөр бүр, өвлийн хүйтэнд, цастай өглөө ч гэсэн явах болсон.

Семинар дээр сурсан зүйлс миний зүрх сэтгэлийг хөнддөг байв. Есүс Христийн тухай, Түүний сэргээгдсэн сайн мэдээний талаар суралцсанаар гэрчлэл маань өсөн нэмэгдсэн. Энэ нь Англид номлолд үйлчлэхэд мөн Их Эзэнд болон Түүний Сүмд насан туршдаа үйлчлэхэд намайг бэлтгэсэн юм.

Нэдрагийн намайг семинарт урьсан явдал Их Эзэн Есүс Христэд ирэхэд бусдад туслах тоо томшгүй олон боломж байдгийг ойлгоход надад тусалсан. Энгийн боловч хүчирхэг арга замаар та хайраа харуулж, итгэл үнэмшлээ хуваалцаж мөн Аврагчийн болон Түүний сайн мэдээний бусдад авчирдаг баяр баясгалан, амар тайвныг мэдрэхэд эргэн тойрныхоо хүмүүсийг урьж болно.

Аврагчийг таньж мэд

Үнэхээр бусдад Христэд ирэхэд нь туслахын тулд та эхлээд Түүний хэн гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Есүс Христ бол Бурханы Хүү, дэлхийн Аврагч, Гэтэлгэгч болж чадах цорын ганц хүн юм.

Зөвхөн Тэр төгс амьдралаар амьдарч, нүглийг чинь цагаатгаж, таны бүх “өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг тэвчиж” (Алма 7:11), амиа өгч бас буцааж авч чадна. Есүс Христийн ачаар Бурханы бүх хүүхэд амилж, Түүний хамгийн ариун нандин, алдар суут адислалуудыг хүлээн авч чадна.

Аврагчийн хэн болохыг төдийгүй Түүний ачаар таны мөнхийн хувь тавилан ямар байж болохыг ойлгосноор та Түүний таалалд нийцүүлэн амьдрахыг хүсэх болно. Түүний сайн мэдээг өдөр бүр харилцдаг хүмүүстээ үг, үйлдлээрээ тунхаглах юм бол Түүний таалалд нийцэх нь дамжиггүй.

Хайраар хүрч үйлчил

Аврагчийг таньж мэдэн хайрласнаар та Түүнийг болон Түүний сургаалыг, ялангуяа Түүний бие биеэ хайрла (Иохан 13:34) гэсэн зарлигийг илүү сайн дагахыг хүснэ.

Аммон лемонайчуудад сайн мэдээг тунхаглахаар очоод, хаан Лемонайн зарц болохыг хүсэж байгаагаа хэлдэг. Аммон хааны хоньдыг хамгаалахдаа жинхэнэ хайраар хандаж, бүхнээ зориулсан. Аммоны үйлдлүүд хаан Лемонайн зүрх сэтгэлийг зөөллөсөн юм. Аммоныг сайн мэдээг заахад Сүнс хаан Лемонайд нөлөөлж, тэр хөрвөгдсөн билээ (Алма 17–19-ийг үзнэ үү).

Есүс Христийн үнэнч шавь байна гэдэг нь хөршөө өөрийн адил хайрлана гэсэн үг (Матай 22:36–40-ийг үзнэ үү). Хэрэв тэд таныг өөрсдийг нь хайрладаг бас санаа тавьдаг гэдгийг мэдрэх юм бол таны үнэн гэж мэддэг зүйлсийг дуртайяа сонсох болно.

Хуваалцах зоригтой бай

Аврагч бошиглогч Иосеф Смитээр дамжуулан бидний мөнхийн өсөлт хөгжилд шаардлагатай бүх ёслол, гэрээний хамт дэлхийд санваарыг сэргээсэн. Сэргээлтийн гайхалтай захиас зүрх сэтгэлийг тань хөндөх аваас та үүнийг бүгдэд чанга дуугаар хуваалцахыг хүсэх нь лавтай. Та сэргээгдсэн сайн мэдээний үнэт мэдлэгийг хүн бүртэй хуваалцах ажилд санаа сэтгэлээ бүрэн зориулах хэрэгтэй. Би ч бас хуваалцах дуртай!

Зарим нь хуваалцаж буй зүйлийг нь хүмүүс сонирхохгүй эсвэл хүлээж авахгүй гэж санаа зовдог байж магадгүй. Тийм ээ, ийм байхыг үгүйсгэхгүй. Эбишийг Бурханы хүч хаан Лемонай болон түүний гэрийнхэн дээр ирснийг байшингаас байшингийн хооронд гүйн дуулгасны дараа зарим нь итгэсэн ч олонх нь сонсохыг ч хүсээгүй (Алма 19:17–31-ийг үзнэ үү).

Хүлээн авах эсэхээс нь үл хамааран, таны найздаа, гэр бүлийн гишүүндээ, тэр ч бүү хэл дайсандаа өгч болох хамгийн агуу бэлэг бол Есүс Христийн сайн мэдээ юм. Зоригтой байхын төлөө залбир. Харин тохиромжтой үед үнэн гэдгийг нь мэддэг зүйлээ хуваалцаарай.

Зүрх сэтгэлийнхээ угаас урилгаа түгээ

Канадын Торонто номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байхдаа би нэг томоохон бизнес эрхлэгчид хичээл заахад нь хэдэн номлогчдоо тусалсан юм. Хичээлийн дараа би түүнээс залбирахад бас Тэнгэрлэг Эцэгээс бидний захиас үнэн эсэхийг асуухад урихад тэр:

“Би хэрхэн залбирахаа мэдэхгүй байна” гэж хэлэв.

Би түүнд ердөө өвдөг сөгдөөд л Тэнгэрлэг Эцэгээс үнэн гэдгийг баталж өгөхийг гуйх хэрэгтэй гэж хэлсэн.

“Чи залбирч чадна!” хэмээн би түүнийг урамшуулж билээ.

Бид хамтдаа өвдөг сөгдөж, тэр эрэгтэй залбирч эхлэв. Тэр залбирч дуусаад, “Юу болоод байна аа? Би ийм зүйл өмнө нь мэдэрч байгаагүй” гэв.

“Тэнгэрлэг Эцэг залбиралд ингэж хариулдаг юм. Чи асуусан болохоор Тэр хариуллаа” гэж би хэлсэн.

Би дэлхий даяарх номлогчид болон гишүүдэд хөрвөлт хүмүүсийн мэдрэмжээр эхэлдэг гэдгийг байнга заадаг. Та бусдыг сайн мэдээг сонсоход урихдаа тэднийг мөн залбирч, зүрх сэтгэлдээ үнэнийг мэдрэхэд урьдаг. Хэрэв тэд Бурханаас (Иаков 1:5) Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр асуух аваас Ариун Сүнсний хүчээр үнэний баталгааг хүлээн авах боломжтой (Моронай 10:4–5-ыг үзнэ үү). Бусдад үнэнийг өөрсдөө олж мэдэхэд нь тусална гэдэг бол сэтгэл хөдлөм, баярт явдал билээ.

Бодгаль бүр үнэ цэнтэй гэдгийг сана

Таныг хайрлаж, хуваалцаж, урих замаар бусдад Христэд ирэхэд нь туслах үед юу тохиохыг тааварлашгүй. Жишээлбэл: Леменчүүдийг хэзээ нэгэн цагт сайн мэдээг хүлээн авна гэж хүмүүс төсөөлөхгүй байсан ч тэд “хэзээ ч итгэл алдрахааргүй”-гээр (Алма 23:6–7) хөрвөгдсөн юм.

Та нар сайн мэдээг хуваалцах бүрдээ ийм үр дүнд хүрнэ гэж хүлээх хэрэггүй. Харин та энгийн бөгөөд хүчирхэг байдлаар үнэний тухай гэрчилж, Тэнгэрлэг Эцэгийн илүү олон хүүхдэд сэргээгдсэн сайн мэдээг танилцуулахад туслах боломжтой.

Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд нэг бүр Түүнд ямар үнэ цэнтэйг ухааран ойлгосноор та бусдад Христэд ирж, Түүний сайн мэдээний гэрэл өөд төдийгүй үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралын зам дээр гарахад нь туслахын тулд чадах бүхнээ хийх хүсэлтэй болно.

Амьдралд үүнээс өөр ямар агуу туршлага байх вэ дээ?