Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Бүгдийг тэсвэрлэ
2024 оны 7-р сар


“Бүгдийг тэсвэрлэ,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 7-р сар.

Бүгдийг тэсвэрлэ

Зовлон бэрхшээл бол Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэгээхэн хэсэг юм. Гэвч зовлон бэрхшээл хаа нэгтээгээс гэнэт гарч ирэхэд чи юу хийдэг вэ?

Ойд гүйж буй эрэгтэй

Зураг чимэглэлийг Паулина Вөрт

Тэрхүү золгүй нэгэн өглөө би үхнэ гэдэгтээ итгэж байв. Зам руу шингэж буй тэр их цусыг, өөрийн цусыг харан; шүд, сарвуугаараа тал талаас минь улангасан дайрч буй хүрэн баавгайг харсан би цочирдон, амьд гарахгүй гэдэгтээ итгэлтэй байлаа.

Төгс өглөө

Хоёр цагийн өмнөхөөс тэс өөр нөхцөл байдал. АНУ-ын Вайоминг мужийн баруун хэсгийн өндөрлөг газарт тэр зуны хамгийн сайхан нэгэн өдөр би хөдөөний гүйлтийн жимээр жаргалтайяа гүйлээ. Тэнгэр гүн хөх өнгөтэй, зэрлэг цэцэгс толгодыг бүрхэж, өглөөний агаар цэвэр бөгөөд тааламжтай сайхан байв. Ууланд 24 км гүйхэд тохиромжтой сайхан өдөр байлаа.

Энэ нь сонгодог бэлтгэлийн гүйлт байсан ба би хоёрхон сарын дараа болох марафонд бэлдэн хүч, тэсвэр хатуужлаа нэмэгдүүлэхийг хичээж байв. Гүйгчид ойрын зайд олон удаа гүйснээр хүчээ нэмэгдүүлдэг. Энэ нь эргээд сэтгэлийн хаттай болгодог тэсвэр хатуужлыг суулгадаг.

Хэдхэн мөчийн дараа амиа авч үлдэхийн тулд тэсвэр хатуужил, хүч чадлаа шавхана гэдгээ би тэр үед төсөөлсөн ч үгүй.

Гэнэтийн халдлага

Эргээд бодоход, би шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулах ёстой байсан юм байна лээ. Эцсийн эцэст Их Эзэн Ариун Сүнсний хүчээр “ирэх зүйлийг Тэр [бидэнд] мэдүүлнэ” (Иохан 16:13) гэдгээ бидэнд хэлдэг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гари Э.Стивэнсон: “Ариун Сүнс бидэнд бие махбодын болон сүнсний аюулыг урьдчилан сэрэмжлүүлж тусалдаг” гэж заасан. Тэр яг тэгж сэрэмжлүүлсэн юм.

Гүйж эхлээд хэдхэн минутын дараа доош харахад ямар нэгэн зүйл нүдэнд минь өртөх шиг болсон. Урд зурайх шороон зам дээр яалт ч үгүй баавгайн мөр байхыг хараад би түгшив. Энэ нь тов тодорхой сэрэмжлүүлэг байсан ч харамсалтай нь би баавгай энэ замаар явсан ч одоо аюулгүй болоо биз гэж өөртөө хэлсэн. Санаагаа чилээх хэрэггүй биз? Тэгээд л би цааш гүйв.

Цаг ч хүрэлгүй би толгодын оройд гарч, тэндээсээ уруудан, шигүү модтой хөндий рүү орлоо. Толгодын бэлээр тойрох үед аймшигтай, хүчтэй дуу чимээ гарахыг сонсоод ар нуруу руу минь хүйт даах нь тэр. Би тэр даруй зогсон, зүүн тийш аажуухан харлаа. Би айсандаа хөшиж орхив. Модны мөчрийг хугачиж буй чимээ яах ийхийн зуургүй над руу чиглэж байлаа. Нас бие гүйцсэн хүрэн баавгай шууд намайг чиглэн ирж байсныг би хэзээ ч мартахгүй.

Баавгайн халдлага

Дараа нь болсон аймшигт дайралтаар амиа алдаж болохоор байв. Хөндий рүү хурдтай гүйж байхад таарсан баавгай улангасаж, уурссан байгааг мэдээд би цочирдлоо. Үхэл ойрхон ирснийг мэдсэн ч би тэрхэн мөчид амжиж амьдралынхаа төлөө чин сэтгэлээсээ залбирсан юм. Нигүүлсэнгүй тэнгэрээс тусламж ирэв.

Гэнэт баавгай дайрахаа больж, мод руу гүйн оров. Энэ нь сайн мэдээ байсан! Гэсэн хэдий ч муу мэдээ нь гэвэл, би баавгайн шүд, сарвууны 16 хүнд шархтай, цусандаа холилдсон, хамгийн ойр байх машины замаас 18 км хол, ямар ч тусламж авах боломжгүй газарт орь ганцаар үлдсэн байлаа.

Шийдвэрлэх мөч

Би өөрийн эрхгүй амьдралынхаа хамгийн том шийдвэрлэх мөч дээр ирснээ ойлгов. Хэрэв танд ийм мөч тохиож байгаагүй бол хэзээ нэгэн цагт ирэх нь гарцаагүй. Зовлон бэрхшээл бол Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэгэн хэсэг юм. Аз болоход, бид бүгд баавгайд бариулаад байдаггүй. Гэвч та хэзээ нэгэн цагт амьдралын зовлон бэрхшээлд дарагдаж магад. Энэ нь “тамын эрүү чиний араас амаа томоор ангайлгах” (Сургаал ба Гэрээ 122:7) гэхчлэн, нэгэн цагт Их Эзэний тодорхой дүрслэн хэлснээр найдвар алдрах тэрхүү мэдрэмж юм.

Амьдралд тохиох эгзэгтэй замын огтлолцолд танд шийдвэр гаргах хэрэг гарна. Та бууж өгч, хэвтэж эсвэл үхэж болно. Аль эсвэл та ямар ч байсан үлдсэн бүх зориг, хүчээ шавхан бууж өгөлгүй тэмцэж, Их Эзэн үлдсэнийг нь хийнэ гэдэгт итгэн найдаж болно. Иосеф Смитийг Либертийн шоронд хоригдож байх үед Их Эзэн түүнд амьдралын зовлон зүдгүүрүүдийн зорилгыг “эдгээр бүх зүйл чамд туршлага суулгах болно, мөн чиний сайн сайхны төлөө байх болно” (Сургаал ба Гэрээ 122:7) хэмээн тайлбарлажээ.

Зовлон зүдгүүр танд тус болох нь бий. Тэдгээр нь таныг улам хүчтэй, сэтгэлийн хаттай болгон хурцалж мөн цэвэршүүлэх болно. Иймээс Их Эзэн Иосефт болон танд сорилт бэрхшээл, зовлон зүдгүүртэй тулгарахдаа “зам дээрээ зогсогтун” (Сургаал ба Гэрээ 122:9) хэмээн хэлсэн байдаг. Амьдралаас эцсийн хүчээ шавхан зууран барьснаар танд үлдсэн өчүүхэн хүч Их Эзэний хүчтэй дүйцэж очдогийг та мэдэж авах болно. Амласныхаа дагуу Тэр “аврах хүчтэй” (2 Нифай 31:19).

Бат бөх зууран барь

Ийм л зүйл надад тохиолдсон юм. Бууж өгөхийн оронд өндийж босохыг би сонгосон. Амьд гарах шийдвэр гаргасан маань тусламж олж авах хэрэгтэй гэсэн үг байв. Тэр өдөр уг ойд надаас гадна хэдхэн хүн олон км-ын цаана байсан ба би км гаруй замаар бүдчин явсны эцэст тэдэнтэй зам дээр тааралдсан юм. Энэхүү гайхамшигтай уулзалт тохиосноор эцэст нь аврах багийнхан нисдэг тэргээр ирж намайг авран, би амь насыг маань аврах гурван ч хагалгаанд орж, “зам дээрээ зогсохын” тул шийдэмгий байх адислалын гүн гүнзгий ойлголтыг олж авсан билээ.

Майкл А.Данн эмнэлэгт байгаа нь

Ахлагч Данн тусламж авч, аврагдаж, амь насыг нь аврах гурван хагалгаанд орсон юм.

Энэ үйл явдал миний хүч, шийдэмгий байдал, итгэлийг нэмэгдүүлсэн. Энэ нь бас амьдралын бусад сорилт бэрхшээлийг даван туулахад намайг хүчирхэгжүүлсэн мөн бэлтгэсэн. Та “бүгдийг [тэвчиж], бүгдэд [итгэж], бүгдэд [найдаж], бүгдийг [тэсвэрлэснээр] (1 Коринт 13:7) сорилт бэрхшээлийг даван туулахад хэрэгтэй сэтгэлийн хат, хүчийг олж авах болно. Амьдралд тань юу ч тохиолдсон бай, бүр “тамын эрүү” тулгасан байсан ч Их Эзэний мутар таныг юуг ч давж чадах хүчтэй болгож байгааг та олж харах болно.