“Сэтгэл санаагаа эрүүл байлгах багц арга,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 7-р сар.
Амьдралд зориулсан тусламж
Сэтгэл санаагаа эрүүл байлгах багц арга
Өөрийгөө сэтгэл санааны хувьд эрүүл байлгах аргуудыг дурдав.
Та нар том болох тусам бие махбодоо эрүүл байлгах олон арга замын талаар боддог болох байх. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танд хайртай бөгөөд таныг бие махбоддоо анхаарал тавиасай гэж хүсдэг. “Сэтгэцийн болон сэтгэл санааны эрүүл мэнддээ анхаарах нь бие махбоддоо анхаарал тавихын нэг хэсэг юм” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022], 29). Тиймээс өөрийгөө сэтгэл санааны хувьд эрүүл байлгах хэдэн аргыг дурдъя.
-
Бусадтай холбогд. Ялангуяа сэтгэл санаагаар унах үедээ танд ганцаараа баймаар санагдаж болно. Энэ нь заримдаа зүгээр боловч өөдрөг хүмүүстэй цагаа өнгөрүүлэх нь чухал юм. Бусдаас тусгаарлагдах нь асуудлыг улам лавшруулдаг.
-
Сэтгэл хөдлөлөө илэрхийл. Мэдрэмжээ илэн далангүй хуваалцах дадлага хий. Сэтгэл хөдлөлийнхөө талаар тодорхой ярь. Уйлах бол үнэндээ байдаг л зүйл! Есүсийн уйлж байсныг бодож үзээрэй (Иохан 11:32–35-ыг үзнэ үү).
-
Мэдрэмж бол мэдээлэл гэдгийг ойлго. Таагүй мэдрэмж байж болох ч энэ нь таныг гэмтээж чадахгүй. Сэтгэл хөдлөлөө тодорхойлж, тэдгээр нь танд юу хэлээд байгааг олж мэдэхийг хичээ.
-
Даван туулах чадвар дээрээ ажилла. Та гунигтай байхдаа эсвэл сэтгэлээр унахдаа тэдгээр мэдрэмжээ эрүүл арга замаар зохицуулж сураарай. Жишээ нь: Алхах, хөгжим сонсох, зурах, залбирах эсвэл тэмдэглэл бичих зэрэг нь олон хүнд тус болж болно.
-
Таагүй мэдрэмж төрж л байг, холдон явж л байг. Гүнзгий амьсгаа аваад, үүл тэнгэрт хөвж байна эсвэл ус гол руу цутгаж байна гэж төсөөл. Бодол, мэдрэмжээ таньж, тэдгээрийг цааш хөвүүлэхийг хичээ.
-
Сүнсээ үргэлжлүүлэн тэжээ. Судар, дуулал, залбирал, сүм—энэ бүхэн таны үлдсэн хэсгийг эрүүл байлгахад туслах сүнсээ хүчирхэгжүүлэхэд тусална.
-
Бие махбодоо эрүүл байлгахыг хичээ. Бидний сэтгэл санааны эрүүл мэнд, бие махбодын эрүүл мэнд хоёр хоорондоо уялдаа холбоотой. Тэжээллэг хүнс идэх, хангалттай нойр авах, дасгал хөдөлгөөн хийх хэвшилтэй болох зэрэг нь том болоод сэтгэл санааны хувьд илүү эрүүл саруул болоход тань тустай байх болно.
-
Хэрэгтэй үед тусламж ав. Бие махбодоо эрүүл, саруул байлгахын тулд заримдаа мэргэжлийн туслалцаа авах шаардлага гардаг. Эдгээр эх сурвалж нь бидэнд туслахыг хүсдэг Тэнгэрлэг Эцэгээс ирдэг адислал юм. Үүнтэй адил бидэнд заримдаа сэтгэл санаагаа сайн байлгахын тулд эмч болон зөвлөхүүдээс тусламж авах шаардлага гарч болох юм. Хэрэв чи сэтгэлээр унаад удаж байгаа эсвэл та өөрийнхөө аминд хүрэх талаар бодож байгаа бол насанд хүрсэн хүнээс тусламж аваарай. Чи үүнийг ганцаараа туулах хэрэггүй. Тэнгэрлэг Эцэгийн чамд хүртэх боломжтой болгосон адислал болгоныг хүлээн аваарай.