“Суралцахын тулд мөн хуваалцахын тулд хайрла,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 7-р сар.
Суралцахын тулд мөн хуваалцахын тулд хайрла
Данид амьдардаг Лиам Н-ын хувьд сайн мэдээ бол хөгжилтэй, амжилт ололтоор дүүрэн амьдралын нэгээхэн хэсэг юм.
Сургууль уу, хобби юу? Ажил уу, зугаа цэнгэл үү? “Яагаад заавал нэгийг нь сонгох ёстой гэж?” гэж асуух нь зөв ч юм шиг. Данид амьдардаг 14 настай Лиам Н. бүхнийг тэнцвэртэй байлгахыг хичээдэг.
Тэр: “Би хөгжим тоглох дуртай. Би гитар, бөмбөр, басс гитар, төгөлдөр хуур, укулэлэ тоглодог. Хөгжим тоглох нь дотоод сэтгэлээ илэрхийлэх гайхалтай арга зам гэж би боддог. Би бас хүмүүст баяр хөөр өгөхийн тулд тэдэнд зориулан тоглох дуртай” гэв.
Лиамыг хөгжим тоглож цагийг зугаатай өнгөрөөхөөс гадна найзуудтайгаа хөл бөмбөг, сагс эсвэл шатар тоглож байхыг олж харж болно. “Би бас шинжлэх ухаан, одон оронд дуртай. Бүх зүйл хоорондоо хэрхэн уялдаа холбоотой болохыг харах гоё. Бурхан энэ бүхнийг бүтээсэн бөгөөд бүгд гайхалтай” гэж тэр хэлэв.
Лиам өөрийн олон хоббигоос гадна хөршүүддээ сонин тараах эсвэл хичээлээ давтах гээд юуг ч цаг гарган хичээнгүйлэн хийдэг.
Лиам хийх хэрэгтэй, хийхийг хүсэж буй зүйлсээ хооронд нь тэнцвэртэй байлгаж сурч байгаа. Тэр завгүй байж болох ч Есүс Христийн сайн мэдээнд өдөр бүр цаг гаргадаг.
Таван минутын зорилго
Лиам: “Би саяхан Мормоны Номын ядаж ганцхан бүлгийг өдөр бүр уншихаар шийдсэн. Уншихад тавхан минут л болох байх. Гэхдээ энэ нь надад түлхэц өгдөг учир би энэ урилгыг хүлээн авахад бэлэн байна” гэж хэлэв.
Өдөр бүр судраас унших нь Лиамын төсөөлж байснаас ч илүүгээр түүнд тусалсан юм. “Заримдаа надад таагүй өдөр тохиолдоход тайтгаруулах зүйл унших нь намайг эргээд замдаа гарахад тусалдаг. Гэхдээ энэ өдөр сайн сайхан байсан бол энэ нь мөн надад сайн сайхан зүйлдээ талархахыг сануулдаг. Би зорилгодоо тууштай байгаадаа баяртай байна” гэв.
“Хэн баяр баясгаланг хүсэхгүй байх билээ дээ?”
Лиам сайн мэдээнд цаг гаргахыг хичээхэд нь дэмжиж тусалдагт талархдаг. “Миний дүү нар болон би сургуулийнхаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн цорын ганц гишүүд юм. Хамгийн сайн найзуудын маань ихэнх нь гишүүн биш. Гэвч Данийн Сүмийн хамт олон үнэхээр сайн хүмүүс гэж би боддог. Хүн нэг бүр бие биеэ бага ч гэсэн таньдаг бөгөөд хамтдаа цугласан үед сайхан байдаг.”
Өөр жишигтэй найзуудтай байх заримдаа хэцүү. “Дани улсад өсвөр үеийнхэн нь багаасаа архи ууж эхэлдэг. Иймэрхүү зүйлсэд үгүй гэж хэлэх нь өсвөр насны хүүхдэд амаргүй” гэж Лиам тайлбарлав. Гэвч Лиам бусад хүнийг өөрийнх нь сонголтыг илүү сайн ойлгоосой гэж бодсоны үндсэн дээр итгэл үнэмшлийнхээ талаар нээлттэй байхыг хичээдэг.
“Заримдаа сургууль дээр Христийн шашны тухай хичээл ороход багш нар болон найзууд маань миний шашны талаар надаас асуудаг, би ч чадах чинээгээрээ тайлбарлахыг хичээдэг. Би бас хамгийн сайн найзаа баптисмдаа урьсан. Би түүнд бас ээжид нь Мормоны Ном өгч, итгэдэг зарим зүйлийнхээ талаар ярьж өгсөн. Номоороо юу хийх нь тэдний хэрэг. Хэн баяр баясгаланг хүсэхгүй байх билээ дээ? Тиймээс би өөрийнхөө мэдэрдэг баяр баясгаланг мэдрүүлэхээр бусдыг урих нь зөв гэж бодсон” гэж Лиам хэлэв.
Нөхөрлөлөөр эхлэх нь
Итгэл үнэмшлээ тайлбарлах эсвэл Мормоны Номыг найздаа өгөх нь Есүс Христийн шавь байх цорын ганц арга зам биш гэдгийг Лиам мэддэг. Заримдаа сайн мэдээний баяр баясгаланг мэдрэхэд бусдыг урих нь жинхэнээсээ нөхөрлөж, хайрлахаас эхэлдэг.
Лиам: “Би Мормоны Номын Аммоны түүхэд үнэхээр дуртай. Тэр Хаан Лемонай руу шууд очоод, ‘Та миний итгэдэг зүйлсийн талаар сонсох уу?’ гэж хэлэлгүйгээр түүний найз болсноор хаан өөрөө Аммоноос ‘Чи яаж ийм мундаг байж чадаж байна вэ?’ гэж асуудаг.
Бид ч бас бусадтай харилцаа тогтоож чадна. Магадгүй тэд бидэн дээр ирээд, юу бидэнд ийм их хүч өгдөг талаар асууж болох юм” гэв.
Амьдралын адислал
Сайн мэдээний дагуу амьдрах нь үнэхээр өөрт нь илүү их хүчийг өгсөн гэж Лиам боддог. Энэ нь түүний амьдралыг шатар, хөгжим, спорт эсвэл цаг заваа зориулдаг бусад сайхан зүйлээс ч илүү ихээр адисалсан.
Тэр “Амьдралд минь сайн мэдээ байгаад би талархдаг. Учир нь сайн мэдээгүйгээр өнөөгийн би байхгүй байх байсан. Их Эзэн намайг надаас илүү сайн мэддэг гэж би боддог. Бурхан, Христ хоёр амьдыг би мэднэ. Тэд бидэнд явах замыг харуулж, илүү сайн болоход маань тусалдаг” гэж хэлэв.