“Миний зүрхний нээлттэй хагалгаа,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 7-р сар.
Миний зүрхний нээлттэй хагалгаа
Би хөнгөн атлетикийн спортод, ялангуяа сагсанд нэлээн дуртай. Би зүгээр л тэмцээн уралдаанд дуртай. Энэ нь мөн намайг 14 насандаа найман цаг үргэлжилсэн зүрхний нээлттэй хагалгаанд ороход хүргэсэн гол шалтгаан байв.
Би зүрхний хавхлагын гажигтай төрсөн. Эмч нар эхэндээ намайг хөгшрөхдөө, магадгүй тэтгэвэрт гарахаараа хагалгаанд орох байх гэж байв. Гэвч хичээллэдэг спортууд маань нэлээн хүндэд тооцогддог тул асуудал хүндрэв.
Намар биеэ үзүүлэхэд эмч ганц хоёр жилийн дараа хагалгаанд орж магадгүй гэлээ. Би яг тэр үеэр сургуулийнхаа холын зайн гүйлтэд оролцлоо. Гэвч гүйлтийн маань хугацаа сайжрахын оронд улам муудаж байв. Ингээд би ямар нэг зүйл болохгүй байгааг гадарласан юм.
Бид гурван сард эмчид дахин үзүүлэв. Энэ үзлэгээр төлөвлөж байснаасаа эрт хагалгаанд орох хэрэгтэй юм байна гэж санагдсан. Надад халуун дулаан сүнслэг мэдрэмж төрөв. Энэ хувийн илчлэлт намайг тайтгаруулж билээ. Би гэнэт өөрөө ч мэдэлгүй аль болох хурдан хагалгаанд ормоор байна гэж хэлэв. Эцэг эх маань эхэндээ жаахан айж байсан ч би тэдэнд “Би тайван байна. Хагалгаандаа хэзээ орж болох вэ?” гэж хэлсэн. Бид хагалгаандаа 4 сард орохоор товлов.
Есүс Христ хүнд хэцүү үед ч үргэлж миний төлөө байдгийг би мэднэ. Би үргэлж Тэнгэрлэг Эцэгтээ залбирч чадна. Энэ нь ч тусалдаг.
Бүх зүйл сайн сайхан болно гэдэгт итгэж байсан ч би хагалгааны өдөр айж байлаа. Хагалгааны өрөөнд явж ороход айдас төрж, чичирч байснаа би санаж байна. Нойрсуулагч эмч тэр үед надад маш их тусалсан. Тэр үеэр надад тусалсан бүх хүнд би маш их талархаж явдаг. Би бас тэнгэрлэг тусламж хүлээн авсан. Жишээ нь: Манай тойргийнхныг миний төлөө мацаг барих үед би үнэхээр мацгийн болон залбирлын хүчийг мэдэрсэн.
Одоо миний зүрх маш сайн ажиллаж байгаа. Хэрэв би хагалгаанд ороогүй байсан бол хоёр жил ч амьдрахгүй байх байсан. Би одоо буурал болтлоо амьдрах боломжтой болов.
Энэ бүх туршлага аливааг харах өнцгийг маань өөрчилсөн. Хүмүүсийг зовж байгаа үед би тэднийг өөрөөр хардаг, илүү их өрөвдөн хайрладаг болсон. Би заримдаа хэн нэгнийг хараад, хүнд хэцүү зүйлтэй тулгарсныг нь мэдэрч, тэдэн рүү очиж тусалдаг болсон.
Миний хувьд Есүс Христийн шавь байна гэдэг нь бусдад үлгэр дуурайл болж, Түүнтэй адилаар хүн бүрд хандана гэсэн үг юм. Бид бүгд энэ ажлыг хамтдаа хийж байгаа. Бурхан бидний Эцэг бөгөөд бид Түүний охид, хөвгүүд юм. Хүн бүр зорилготой, үнэ цэнтэй. Сөрөг зүйлс их хэдий ч би хүмүүс рүү инээмсэглэж, эерэг байхад нь туслахыг хичээдэг.
Би Их Эзэнээс өдөр бүр хувийн удирдамж хүлээн авах боломжтой гэдгийг гэрчилж байна. Тэр намайг хувь хүний маань хувьд илүү хүчтэй, хатуужилтай болгож чадна. Христээр дамжуулан би бүгдийг хийж чадна (Филиппой 4:13-ыг үзнэ үү).