“Уналтаас ялалт руу,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 7-р сар.
Уналтаас ялалт руу
Та унасан ч хэзээ ч бүү бууж өг. Надад итгэ.
Би 2022 онд Нэгдсэн Улсын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд 3000 метрийн саадтай гүйлтэд оролцсон. Уг уралдаанаар долоон бүтэн, нэг хагас тойрог гүйдэг ба тойрог бүрд 5 модон саадан дээгүүр үсэрдэг төдийгүй нэг саадынх нь өмнө устай нүх бий.
Хоёр дахь тойрог дээр би өмнөх гүйгчээ бүдрэхэд түүнийг мөргөж унах шахсан ба тэр залуу саадаа давсан бол харин би давж чадалгүй унасан юм.
Би жаахан гонсойж, урам хугарсандаа аажуухан бослоо. “Болиод, замаасаа гардаг ч юм бил үү?” гэсэн бодол орж ирсэн ч би бэлтгэгдсэн байв. Би унах юм бол босоод гүйнэ гэж урьдаас шийдсэн байсан тул дахин гүйж эхэллээ. Түрүүлэхгүй байсан ч бүхий л чадлаараа хичээхийг хүсэж байв.
Бүтэн хоёр тойрч байж сүүлийн хүнийг гүйцэв. Удалгүй гурван тойрог, дараа нь хоёр тойрог үлдлээ. Эхний гуравт багтаж магадгүй гэж бодогдож эхлэв. Гэхдээ би нэлээн цуцсан байсан ба сүүлийн хагас тойрог үлдэхэд хоёр ч залуу намайг гүйцлээ. Би дөрөвт явж байсан ч сүүлчийн усан дээгүүр тун амжилттай үсэрчхэв. Тэрхэн мөчид надад “Хөөе залуу минь, чи түрүүлчих юм биш үү?” гэсэн бодол орж ирэв.
Сүүлчийн 50 метрээ дуусгаад, би түрүүлж байгаагаа ухаарлаа. Энэ бүхэн зүүд мэт санагдаж байв. “Хөөх, би одоо үнэхээр түрүүлчихлээ гэж үү?” Тийм ээ, би түрүүлсэн байв. Би унасан ч түрүүлсэн байлаа.
Дараа нь энэ тохиолдлоос хэд хэдэн сургамж авснаа би ойлгосон юм.
1. Өөртөө тэвчээртэй ханд
Би уначхаад, аль болох хурдан босож гүйцэхийг хүссэн. Гэхдээ би эцэж туйлдахгүйн тулд хурдаа тааруулах хэрэгтэй байв. “Өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе” (Еврей 12:1) гэсэн судар байдаг. Амьдралд шууд амжилтад хүрэхгүй байж болно. Заримдаа үүнд цаг хугацаа шаардагддаг.
2. Үргэлжлүүлсээр бай
Заримдаа бууж өгмөөр санагдах нь хэвийн үзэгдэл юм. Би унасныхаа дараа түрүүлнэ гэж бодоогүй ч үргэлжлүүлэхээр шийдсэн. Унасан байсан ч найдвар хэзээ ч мөхдөггүй бөгөөд та зүгээр л босоод, цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Аврагч сорилт бэрхшээлээр тань дамжуулан танд туслах болно. Үнэн гэдгийг нь мэддэг зүйлээсээ зууран барьж, бусдаас тусламж хүс. Бүх зүйл яваандаа сайжирна.
3. Есүс Христэд найд
Унасны дараа тэмцээндээ түрүүлнэ гэсэн баталгаа байгаагүй ч сайн мэдээний хувьд унаж, алдаа гаргаж, нүгэл үйлдсэн үедээ ч бид үргэлж Христэд ирж, чин сэтгэлээсээ наманчилж мөн өршөөгдөж чадна. Тэр бидэнд эргээд босоход маань туслах болно. Бидэнд илүү сайн байх, илүү сайныг үйлдэх гайхалтай чадавх бий. Бид ахин дахин унасан ч наманчилж, Аврагчийг дагахыг хичээх юм бол Тэр бидэнд амьдралын уралдаанд ялах болно хэмээн амласан.