Ерөнхий чуулган
Бидний сурч буй хэзээ ч үл мартах зүйлс
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бидний сурч буй хэзээ ч үл мартах зүйлс

Хэрэв та амьдралаа залбирч байгаад дүгнэн харвал, хүнд хэцүү цаг үед Их Эзэн таныг олон арга замаар удирдаж байгааг харах болно гэдэгт би итгэдэг.

Хайрт ах нар минь, та нартайгаа хийх энэхүү онлайн уулзалтыг би маш их хүсэн хүлээлээ. Хамгийн сүүлд Ерөнхий чуулганы Санваарын хуралдаан 2019 оны 4-р сард болсон. Өнгөрсөн хоёр жилийн турш маш их зүйл тохиолдлоо! Та нарын зарим нь хайртай хүмүүсээ алдсан. Зарим нь ажлын байр, амьжиргаагаа алдаж, эрүүл мэндээрээ хохирсон. Зарим нь амар амгалангийн мэдрэмж, ирээдүйн итгэл найдвараа алдсаар байна. Би эдгээр болон бусад гарз хохирлыг амссан та нарын хүн нэг бүрийг өрөвдөн хайрлаж байна. Их Эзэн таныг тайтгаруулаасай хэмээн би тогтмол залбирч байгаа. Та амьдралдаа Бурханыг үргэлжлүүлэн ялуулах юм бол Тэрээр урьдын адил таны ирээдүйн талаар өөдрөг байна гэдгийг би мэднэ.

Бидэнд гарз хохирол тохиосон хэдий ч бид мөн олон зүйлийг олж авсан. Зарим нь Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрт итгэх илүү гүн гүнзгий итгэлийг олж авсан. Олон хүн амьдралыг шинээр, бүр мөнхийн талаас нь харах болсон. Та хайртай хүмүүстэйгээ болон Их Эзэнтэй илүү бат бөх харилцаатай болсон байх. Түүнчлэн та Түүнийг сонсох болон хувийн илчлэлт хүлээн авах илүү өсөн нэмэгдсэн чадварыг олж авсан гэж би найдаж байна. Хүнд хэцүү сорилт бэрхшээлүүд ихэнхдээ өөр ямар ч арга замаар ирэхгүй байх байсан өсөж хөгжих боломжийг олгодог.

Өнгөрсөн хоёр жилээ эргэн сана. Та ямар байдлаар өсөж хөгжсөн бэ? Та юу сурч мэдсэн бэ? Та 2019 он руу буцаж очоод, тэндээ үлдэхийг хүсэж магадгүй! Гэвч та амьдралаа залбирч байгаад бодох юм бол Бурхан энэ бэрхшээл зовлонгийн үед таныг удирдан чиглүүлж, илүү үнэнч, илүү сайн хөрвөгдсөн хүн буюу Бурханы жинхэнэ эр хүн болоход тань тусалсан олон арга замыг олж харна гэдэгт би итгэлтэй байна.

Би Их Эзэнд бидний хүн нэг бүрд болон бүгдэд зориулсан агуу хийгээд гайхамшигт төлөвлөгөөнүүд бий гэдгийг мэднэ. Тэрээр өрөвч сэтгэлээр мөн тэвчээртэйгээр

“Та нар бяцхан хүүхдүүд бөлгөө, мөн хичнээн агуу адислалуудыг Эцэг … та нарын төлөө бэлтгэснийг та нар хараахан ойлгоогүй байгаа билээ.

Мөн эдүгээ та нар бүх зүйлийг дааж чадах нь үгүй; гэсэн хэдий ч, зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно”1 гэж айлджээ.

Хайрт ах нар минь, Түүнийг сонсохыг эрэлхийлэх тусам Тэрээр биднийг урьд нь ч мөн одоо ч үргэлжлүүлэн удирдсаар байх болно гэдгийг би гэрчилж байна. Тэрээр биднийг ялангуяа зовлон бэрхшээлээр дамжуулан сурч мэдэн, өсөж хөгжөөсэй хэмээн хүсдэг.

Зовлон бэрхшээл бол агуу багш. Та үргэлж санахыг хүсэж байгаа ямар зүйлийг сүүлийн хоёр жилийн хугацаанд сурч мэдсэн бэ? Бид бүгдийн хариулт өөр өөр байх болно. Гэхдээ бид бүгдээрээ сурсан гэж найдаж байгаа хэзээ ч үл мартах дөрвөн сургамжийг би яримаар байна.

Нэг дэх сургамж: Гэр орон бол итгэл, шүтлэг бишрэлийн гол төв

Их Эзэн бидэнд эцсийн өдрүүд дэх аюулын талаар үргэлж анхааруулахдаа “Ариун газруудад зогсогтун та нар, мөн … бүү шилжин нүүлгэгд”2 гэсэн зөвлөгөөг дурддаг. Эдгээр “ариун газарт” Их Эзэний ариун сүм, цуглааны байрууд мэдээж ордог. Гэвч эдгээр газарт цугларах боломж маань ямар нэг хэмжээгээр хязгаарлагдсан үед бид энэ дэлхий дээрх хамгийн ариун газруудын нэг бол гэр орон болохыг сурч мэдсэн. Тийм ээ, таны гэр орон.

Ах нар аа, та нар Бурханы санваарыг атгадаг. “Санваарын эрхүүд нь тэнгэрийн хүчтэй салшгүй холбоотой байдаг.”3 Та болон танай гэр бүл санваарын ёслолуудыг хүлээн авсан. “[Санваарын] ёслолуудад [тэрхүү] бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг.”4 Гэрээнүүдээ сахиснаар тэрхүү хүчийг та болон танай гэр бүл орон гэртээ ашиглах боломжтой юм.5

185 жилийн өмнө, 1836 оны 4-р сарын 3-ны энэ өдөр Елиа гэр бүлүүдийг мөнхөд лацдан холбох санваарын түлхүүрүүдийг сэргээсэн. Гэр орондоо ариун ёслолыг үйлдэхэд сайхан санагддаг нь ийм учиртай. Таныг буюу аав, өвөө, нөхөр, хүү эсвэл ахыгаа энэхүү ариун ёслолыг гүйцэтгэж байхыг харах нь гэр бүлийн гишүүдэд тань ямар нөлөө үзүүлсэн гэж та бодож байна вэ? Та тэр нандин мэдрэмжийг гэр бүлдээ хадгалахын тулд юу хийх вэ?

Гэр орноо итгэлийн ариун газар болгохын тулд хийвэл зохих олон зүйл дахиад байгаа мэт танд санагдаж байж болох юм. Хэрэв тийм бол, хийх хэрэгтэй зүйлээ хийгээрэй! Хэрэв та гэрлэсэн бол энэ чухал ажлын эрх тэгш хамтрагч болох эхнэртэйгээ зөвлөлдөөрэй. Үүнээс илүү чухал хэд хэдэн үйл хэрэг бий. Одооноос Их Эзэнийг дахин ирэх хүртэл бид бүгд гэр орноо амар тайван, аюулгүй газар болгох хэрэгтэй.6

Сүнсийг урьдаг хандлага, үйлдлүүд нь танай гэр орны ариун байдлыг нэмэгдүүлнэ. Үүний адил хэрвээ таны зан авирт юм уу орчин тойронд Ариун Сүнсийг гомдоох ямар нэгэн зүйл байвал ариун байдал үгүй болж, “тэнгэр өөрийгөө татан авдаг”7 нь үнэн юм.

Яагаад Их Эзэн биднийг гэр орноо сайн мэдээнээс суралцах, дагаж амьдрах төв болгохыг хүсдэг талаар та нар бодож байсан уу? Энэ нь биднийг цар тахалд бэлтгээд зогсохгүй, даван туулахад тусалж байна. Цуглаанд тавьсан одоогийн хязгаарлалт эцэстээ дуусна. Гэсэн хэдий ч гэр орноо итгэлийн чухал газар болгох таны амлалт хэзээ ч дуусах ёсгүй. Энэ унасан дэлхийд итгэл, ариун байдал буурах тусам танд ариун газар улам их хэрэгтэй болно. Би таныг гэр орноо үргэлжлүүлэн жинхэнэ ариун газар болгож, тэр чухал зорилгоосоо “бүү шилжин нүүлгэгд8 гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Хоёр дахь сургамж: Бид бие биедээ хэрэгтэй

Бурхан биднийг хамтран ажиллаж, бие биедээ туслаасай хэмээн хүсдэг. Тийм учраас Тэр биднийг энэ дэлхий рүү гэр бүлүүдэд илгээж, тойрог, гадаснуудад зохион байгуулдаг. Тийм учраас Тэр биднээс бие биедээ үйлчилж, тохинуулахыг хүсдэг. Тийм учраас Тэр биднийг дэлхий дээр амьдрах ёстой ч дэлхийнх биш байгаасай хэмээн хүсдэг.9 Бид ганцаараа хийхээс илүү ихийг хамтдаа хийж чадна.10 Хэрэв Бурханы хүүхдүүд нэг нэгнээсээ тусгаарлагдсан хэвээр байвал Түүний аз жаргалын төлөвлөгөө хэрэгжихгүй.

Өнөөгийн цар тахал дэлхий даяарх хүн бүрд нэгэн зэрэг нөлөөлж байгаагаараа онцлог юм. Зарим хүн бусдаас илүү зовж зүдэрч байгаа ч бид бүгдээрээ ямар нэгэн байдлаар соригдож байна. Улмаар бидэнд тулгарч буй нийтлэг сорилт Бурханы хүүхдүүдийг хэзээ хэзээнээс илүү нэгтгэхэд туслах болно. Тэгэхээр энэ нийтлэг сорилт танд хөршүүдтэйгээ мөн гудамжны эсрэг талд болон дэлхий даяар байгаа ах, эгч, дүү нартайгаа ойртох боломжийг өгсөн эсэхийг би асууя.

Энэ тал дээр биднийг нэгдүгээрт Бурханаа хайрла, хоёрдугаарт хөршөө хайрла гэсэн хоёр агуу зарлиг хөтлөн удирдах болно.11 Бид үйлчилснээр хайраа харуулдаг.

Хэрэв та ганцаардаж байгаа хэн нэгнийг мэдэж байвал, өөрөө ганцаардаж байсан ч гэсэн туслаарай! Үүнийг хийхэд танд учир шалтгаан, захиас эсвэл ажил үүрэг байх шаардлагагүй. Ердөө л мэндийг нь мэдээд, хайрлаж байгаагаа харуул. Танд техник технологи тусална. Цар тахал байсан ч байгаагүй ч Бурханы хайрт хүүхэд бүр ганцаараа биш гэдгээ мэдэх хэрэгтэй.

Гурав дахь сургамж: Танай санваарын чуулга зүгээр нэг хичээлээс илүү их ач холбогдолтой

Цар тахлын үед чуулгын Ням гаргийн хичээлүүд хэсэг хугацаанд цуцлагдсан. Зарим чуулга одоо онлайнаар уулзах боломжтой байгаа. Гэсэн хэдий ч Их Эзэний санваарын чуулгуудад өгсөн ажил зөвхөн хичээлийн цагаар хязгаарлагдах ёсгүй. Хичээл бол чуулгын хийх ёстой болон хийж чадах зүйлийн өчүүхэн хэсэг нь юм.

Аароны санваарын болон ахлагчдын чуулгын ах нар аа, бидэнд яагаад чуулга байгаа талаарх ойлголтоо нэмэгдүүлээрэй. Их Эзэн та бүхнийг чуулгаараа дамжуулан Өөрийнх нь ажлыг одоо хэрхэн гүйцэлдүүлээсэй хэмээн хүсдэг вэ? Их Эзэнээс илчлэлт эрэлхийл. Өөрийгөө даруусга! Гуй! Сонс! Та удирдахаар дуудагдсан бол ерөнхийлөгчийн зөвлөлөөрөө мөн чуулгынхаа гишүүдтэй зөвлөлд. Та санваарын албан тушаал эсвэл дуудлагаасаа үл хамааран чуулгын гишүүний хувьд хүлээсэн үүрэг, үйлчлэлдээ Бурханыг эн тэргүүнд тавь. “Сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж,”12 зөв шударга байдлыг тохиолгохоор авчирч, баяр баясгаланг мэдэр. Чуулгууд хөшигний хоёр талд Израилын цугларалтыг хурдасгах онцгой үүрэгтэй.

Дөрөв дэх сургамж: Бид нам гүм байхдаа Есүс Христийг илүү сайн сонсдог

Бид олон жилийн тэртээ бошиглогдсон, “бүх зүйл үймээнд байх болно; мөн хүмүүний зүрх сэтгэл мохох нь гарцаагүй болно; учир нь бүх хүмүүс дээр айдас ирэх болно”13 гэсэн цаг үед амьдарч байна. Цар тахлын өмнө ч, дараа ч энэ нь үнэн юм. Дэлхий дээрх үймээн самуун улам бүр нэмэгдсээр байх болно. Харин эсрэгээрээ, Их Эзэний дуу хоолой “агуу их хөл үймээний нүргээнт чимээ бус, гэвч … энэ [нь] шивнээн [мэт] төгс зөөлөн тайван дуу хоолой байж, мөн энэ нь сэтгэлийн угт хүртэл [нэвтэрдэг].”14 Энэ нам гүм дуу хоолойг сонсохын тулд та бас нам гүм байх хэрэгтэй!15

Хэсэг хугацаанд цар тахал бидний амьдралыг дүүргэж байдаг үйл ажиллагаануудыг цуцалсан. Удахгүй бид дэлхийн дуу чимээ, үймээн самуунаар цаг заваа дахин дүүргэхийг сонгох боломжтой болж ч магадгүй. Эсвэл бид өөрсдийн цагийг Их Эзэний удирдамж, тайтгарал, амар амгаланг шивнэж буй дуу хоолойг сонсоход зориулж болно. Анир чимээгүй цаг бол ариун нандин цаг бөгөөд хувийн илчлэлтэд тусалж, амар амгалан болгоно.

Ганцаараа болон хайртай хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрөөдөг байхаар өөрийгөө сахилгажуул. Бурханд зүрх сэтгэлээ залбиран байж уудал. Цаг гарган судрыг шимтэн судалж, ариун сүмд шүтэн бишир.

Хайрт ах нар аа, Их Эзэн биднийг энэхүү цар тахлын үеэрх туршлагаасаа олон зүйлийг сурч мэдээсэй хэмээн хүсэж байгаа. Би зөвхөн дөрвийг л дурдлаа. Би та бүхнийг сурч мэдсэн зүйлээ жагсаан бичиж, анхааралтай бодож, тэдгээрийг хайртай хүмүүстэйгээ хуваалцахад урьж байна.

Бурханы гэрээг сахигч хүмүүсийн ирээдүй гэрэл гэгээтэй байдаг.16 Их Эзэн санваарыг зохистойгоор эзэмшигч Өөрийн үйлчлэгчдийг хүн төрөлхтнийг адисалж, тайтгаруулж, хүчирхэгжүүлэн, энэ дэлхийг болон хүмүүсийг нь Өөрийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд туслуулахаар улам их дуудах болно. Энэ нь бидний хүн нэг бүрийг хүлээн авсан ариун томилолтдоо тэнцэхүйц болгох юм. Бид үүнийг хийж чадна! Би хайрт ах нар та нарын хүн нэг бүрд хайртай гэдгээ илэрхийлж, энэ бүхнийг гэрчилж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.