Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 82


Хэсэг 82

1832 оны дөрөвдүгээр сарын 26-нд Миссурийн Жаксон гүнлэгийн Индепенденст бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэл оршвой. Уг үйл явдал нь Сүмийн дээд пристүүд болон ахлагчдын зөвлөлийн хурал байлаа. Уг хурал дээр, Иосеф Смит 1832 оны нэгдүгээр сарын 25-нд Охайогийн Амхерстэд дээд пристүүд, ахлагчид мөн гишүүдийн чуулган дээр өмнө нь томилогдсон тэрхүү албан тушаалд, Дээд санваарын ерөнхийлөгчөөр дэмжин батлагдсан (хэсэг 75-ын оршлыг үз). Энэ илчлэлээр Нэгдсэн ферм гэдэг нэртэй фермийг байгуулж (Иосеф Смитийн удирдлагаар хожим нь “ферм” гэдгийг “журам” болгон сольжээ), Сүмийн худалдаа болон хэвлэлийн үйл явцыг удирдах тухай өмнөх илчлэлд (хэсэг 78) өгөгдсөн зааварчилгаа давтан өгөгддөг.

1–4, Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагддаг; 5–7, Харанхуй нь дэлхийд давамгайлж буй; 8–13, Бид Түүний хэлснийг хийхэд Их Эзэн амласнаа хийх ёстой болдог; 14–18, Сион үзэсгэлэнт байдалд болон цэвэр ариунд өсөн дэгжих ёстой; 19–24, Хүн болгон хөршийнхөө хэрэгцээ сонирхлыг эрэлхийлэх ёстой.

1 Үнэнээр, үнэнээр би өөрийн үйлчлэгч та нарт хэлнэ, та нар бие биеийнхээ зөрчлийг уучилсны хэрээр Их Эзэн бибээр та нарыг тийн өршөөнө.

2 Гэсэн хэдий ч, үлэмж ихээр нүгэл үйлдсэн тэд та нарын дунд буй; тийм ээ, бүр та нар бүгдээрээ нүгэл үйлдлээ; гэвч үнэнээр би та нарт хэлнэ, үүнээс хойш болгоомжлогтун, мөн гашуун шүүлтүүд та нарын толгой дээр буухгүйн тулд нүглээс татгалзагтун.

3 Учир нь их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагдах буюу; мөн илүү агуу гэрлийн эсрэг нүгэл үйлддэг тэрээр илүү агуу буруутгалыг хүлээж авах болно.

4 Та нар илчлэлийн төлөө миний нэрийг дууддаг, мөн бибээр тэдгээрийг та нарт өгдөг; мөн та нарт миний өгсөн заавруудыг сахихгүй байхын хэрээр та нар зөрчил гаргагчид болдог; мөн шударга ёс болон шүүлт нь миний хуулинд заагдсан шийтгэл болой.

5 Тиймийн тул бибээр нэгд хэлдгээ бүгдэд хэлдэг: Сэрэмжтэй байгтун, учир нь дайсан ноёрхлуудаа тэлээд байна, мөн харанхуй нь давамгайлж буй;

6 Мөн дэлхийн оршин суугчдын эсрэг Бурханы уур дүрэлзэж байна; мөн сайныг үйлдэх хэн ч үгүй, учир нь бүгд замаасаа гажжээ.

7 Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлнэ, Их Эзэн бибээр аливаа нүглээр та нарыг буруутгах нь үгүй; замаараа явж мөн дахин нүгэл бүү үйлд; гэвч нүгэл үйлддэг тэрхүү сүнсэнд урьдын нүглүүд нь эргэж ирэх болно хэмээн та нарын Бурхан Их Эзэн хэлж байна.

8 Мөн түүнчлэн, бибээр та нарт хэлнэ, та нар өөрсдийн талаарх миний тааллыг ойлгож болохын тулд би та нарт шинэ зарлиг өгч байна;

9 Эсвээс, өөрөөр хэлбэл, энэ нь та нарын авралын төлөө та нарт тусалж болохын тулд та нар миний өмнө хэрхэн үйлдэж болох талаар би та нарт удирдамж өгч байна.

10 Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр амласнаа хийх ёстой болдог; гэвч миний хэлснийг та нар үл хийхэд та нарт амлалт байх нь үгүй.

11 Тиймийн тул, үнэнээр би та нарт хэлнэ, миний үйлчлэгч Эдвард Партриж мөн Ньюел К.Витней, А.Сидней Гилберт мөн Сидней Ригдон мөн миний үйлчлэгч Иосеф Смит, Жон Витмер мөн Оливер Каудери, В.В.Фелпс мөн Мартин Харрис нар өөрсдийн даамлын янз бүрийн ажил үүрэгт зөрчлөөр зөрчигдөж үл болох амлалт болон гэрээгээр хамтдаа холбогдох нь шаардлагатай байна, эс бөгөөс тэр даруй шүүлт дагалдах болно—

12 Сионы нутагт мөн Көртландын нутагт аль алинд нь, ядуусын хэрэг явдлыг мөн бишопын зөвлөлд хамаарах бүх зүйлийг хянан зохицуулахын тулд буюу;

13 Учир нь Бүхний Дээдийн гэгээнтнүүдийн ашиг тусын тулд мөн Сионд гадас байхын тулд би өөрийнхөө тогтоосон цагт Көртландын газар нутгийг ариулан адисалсан болой.

14 Учир нь Сион гоо үзэсгэлэнд, мөн цэвэр ариун байдалдаа өсөн дэгжих ёстой; түүний хил хязгаарууд өргөжин тэлэх ёстой; түүний гадаснууд бэхжих ёстой; тийм ээ, үнэнээр би та нарт хэлнэ, Сион өндийн босож мөн үзэсгэлэнт өмсгөлүүдээ өмсөх ёстой.

15 Тиймийн тул, энэхүү гэрээгээр та нар өөрсдийгөө холбогтун, мөн энэ нь Их Эзэний хуулиудын дагуу хийгдэх ёстой хэмээх энэхүү зарлигийг би та нарт өгч байна.

16 Болгоогтун, энэ нь тэрчлэн та нарын ашиг тусын төлөө надад орших мэргэн ухаан бөлгөө.

17 Мөн та нар адил тэгш байх ёстой; эсвээс, өөрөөр хэлбэл, та нар даамлын ажил үүргийнхээ үйл ажиллагааг хянан зохицуулах ашиг тусын тулд, хэрэв түүний хүсэл шударга байхын хэрээр, хүн болгон хүсэл болон хэрэгцээнийхээ дагуу, өмч хөрөнгө хүлээн авахад адил тэгш эрхтэй байх ёстой—

18 Мөн хүн болгон авьяас билгээ сайжруулж болохын тулд, хүн бүр өөр авьяасыг тийм ээ, бүр зуу дахин ихийг олж авч болохын тулд, нийт сүмийн хамтын өмч хөрөнгө болсон байж болохын тулд, энэ бүгд нь амьд Бурханы сүмийн ашиг тусын тулд Их Эзэний агуулахад хийгдэж болох буюу—

19 Хүн болгон хөршийнхөө сайн сайхан байдлыг эрэлхийлж мөн бүх зүйлийг Бурханы алдар сууд хараагаа төвлөрүүлэн хийх ёстой.

20 Та нар нүгэл үйлдэхгүй байхын хэрээр, энэ нь үүрдийн нэгдсэн журам байхын тулд би та нарт, мөн та нарыг залгамжлагчдад энэхүү нэгдсэн журмыг томилсон билээ.

21 Мөн энэхүү гэрээний эсрэг нүгэл үйлддэг мөн үүний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулдаг бодгаль нь миний сүмийн хуулиудын дагуу шийдэгдэх ёстой, мөн гэтэлгэлийн өдөр хүртэл Сатаны тамлалд хүргэгдэх болно.

22 Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлнэ, шударга бус эд баялгийг ашиглан найз нөхөдтэй болох нь мэргэн ухаан болой, мөн тэд та нарыг устгах нь үгүй.

23 Шүүлтийг зөвхөн надад үлдээгтүн, учир нь энэ нь минийх бөгөөд би хариуг нь төлөх болно. Амар амгалан та нарт байг; миний адислалууд та нарт үргэлж байг.

24 Учир нь бүр хаант улс та нарынх хэвээрээ болой, мөн хэрэв та нар гуйвшгүй байдлаасаа унахгүй бол үүрд байх болно. Бүр тийм буюу. Амен.

Хэвлэх