2009
Донтолтоос ангижрах нь: Нэг удаа нэг алхмаар эдгэрэх нь
зургадугаар сар 2009


Донтолтоос ангижрах ньНэг удаа нэг алхмаар эдгэрэх нь

Донтолтоос ангижрах Сүмийн хөтөлбөрт, донтолтын улмаас зовон шаналж буй хүмүүс Есүс Христийн цагаатгалаар дамжуулан донтолтоос ангижрах нь хэрхэн гайхамшигт туршлагатай болохыг мэддэг болж байна.

Жил орчмын өмнө би Иллинойд хаа нэгтээ мансууруулах бодис, архиар дүүрэн чиргүүл дотор сэрж билээ. Юу болсныг огт санасангүй. Томилолтоор явж байх үедээ онгоц дөнгөж газардангуут цуг явсан хамт ажиллагчаасаа сэмхэн бултаж, баар уруу шууд очиход ердөө 10-хан минут л болж, тэгээд гурван өдөр алга болсноо л санаж байлаа. Гэртээ эргэж ирэх ёстой хоёр дахь өдөр нь охины минь төрсөн өдөр байсныг яана. Яг жилийн өмнө юм даа.

Жилийн өмнө Марк (нэрийг өөрчлөв) мансууруулах бодис, архинд донтсоноо яаж даван туулахыг мэдэхгүй байжээ. Мансууруулах бодис, архиа хаях гэж зөндөө л оролдсон гэнэ. Тэр бишоптойгоо уулзаж, мэргэжлийн зөвлөгчидтэй ярилцан, сэргээх эмчилгээний төвд очиж, ер нь л чадах бүхнээ хийсэн ч огт нэмэр болоогүй аж. Иллинойд болсон нөгөөх таагүй явдлын дараахан тэрээр ХҮГ Гэр Бүлийн Үйлчлэлийн ивээн тэтгэдэг донтолтоос ангижрах Сүмийн 12 алхамт хөтөлбөрийг олж мэдэв. Тэрээр амьдралыг нь өөрчилж болох зарчим, удирдамж чиглэлийг уг хөтөлбөрөөс олсон байна.

Хөтөлбөрийн дасгалын номонд заагдсан зарчмуудыг судлан, хэрэгжүүлж, донтолтоос ангижрах долоо хоног тутмын цуглаануудад оролцдог болсноор өөрчлөлт гарсан гэнэ. Дасгалын ном нь уншигчдыг донтолтоос ангижрах 12 алхам уруу чиглүүлэн хөтөлдөг. Алхам бүр нь шударга зан төлөв, найдвар, Бурханд итгэх итгэлийн амин чухал зарчмыг авч үздэг байна. Оролцогчид долоо хоног тутмын цуглаан дээр бусдаасаа хүч чадлыг олж, дээрх зарчмуудыг хэрэгжүүлж байгаа туршлагаа хуваалцдаг байна.

Донтолтоос ангижрах аялал хэцүү ч гэсэн, энэхүү аяллыг амжилттай даван гарсан хүмүүсийг таньж мэддэг болох нь донтолтоос ангижрахаар тэмцэж байгаа хүмүүст найдлага төрүүлж болох юм байна гэдгийг Марк мэджээ. Цуглаан бүр дээр донтолтын эрхшээлд орсон хэн нэгэн донтолтоос ангижирсан хувийнхаа туршлагыг хуваалцдаг нь бусдад урам дэмжлэг болдог байна. Марк эдүгээ туршлагаа хуваалцаж байгаа аж. Донтолттой тэмцэж байгаа хүмүүс ганцаараа биш гэдгийг, донтолтыг даван туулж болно гэдгийг ойлгоход бусдадаа туслахын тулд тэрээр долоо хоног бүр туршлагаа (энэ өгүүлэлд налуу бичлэгтэй байгаа) хуваалцаж байгаа гэнэ.

Донтолтын урхи

Би донтолтод бууж өгөх бүрдээ, “Энэ удаа л өөрчлөгдөх ёстой байсан юмсан. Их Эзэн минь надад туслаач. Би донтолтыг амьдралынхаа нэг хэсэг байлгахыг хүсэхгүй байна” гэж хэлдэг байлаа. Гэвч донтолт бахь байдгаараа үргэлжилсээр байв.

Марк Сүмийн идэвхтэй гишүүн байжээ. Донтолтод урхидуулна гэж тэр хэзээ ч бодож байгаагүй аж. Мэргэн Ухааны Үг зэрэг Сүмийн жишгүүдээр амьдрах нь донтуулагч олон зан авираас гишүүдийг хол байлгадаг. Гэвч хор уршигтай нөлөө тархан дэлгэрэх нь улам их болж байгаа дэлхийд донтолт тэр ч байтугай Хожмын Үеийн Гэгээтнүүдийн дотор ч газар авч байгаа асуудал болж байна. Марк хэдийгээр архи, мансууруулах бодистой тэмцэж байгаа ч, донтолт нь бодисыг буруугаар хэрэглэхээр хязгаарлагддаггүй билээ. Донтолтод мөрийтэй тоглоом, порнограф, хоолны хэнхэг, бэлгийн харилцааны гаж буруу зуршил, өөр хүнээс хэт хамааралтай байх явдал ордог.

Донтолтоос ангижрах цуглаан бүр дээр донтолтын янз бүрийн хэлбэрийн тухай ярилцаж болно. Жишээ нь: Стийв жороор олгодог эмэнд донтсон байлаа. Тэр эхлээд нурууныхаа бэртэнгэд эм уудаг байж. Харин бэртэнгэ нь эдгэрсний дараа жороор олгодог эмийг бүр ихээр олж авахын тулд худал хэлдэг, тэр ч байтугай хулгайлдаг болсон гэнэ. Бишопын зөвлөлд зөвлөхөөр үйлчилж байсан Стийв нэг ням гарагт ариун ёслолын цуглаан хөтлөн явуулах ёстой байснаа өмссөн хувцастайгаа тэр чигээрээ шоронд оров. Энэ үед өөрт нь тусламж хэрэгтэйг тэр мэдсэн гэнэ.

Зарим газарт донтолтоос ангижрах бүлгүүдийг порнографын асуудлаар тусгайлан байгуулдаг ажээ. Ийм нэгэн бүлгийн цуглаанд тогтмол оролцдог Гаррет, эхний үед түүний зуршил донтолт байсныг мэдээгүй гэж ярьжээ. Порнографын сэтгүүл хэзээ ч худалдаж авахгүй. Харин Интернэтэд ороод үзэх шиг амархан юм байхгүй шүү дээ” гэж тэр хэлэв. Гэр бүл нь салж сарних дээрээ тулсан үед л Гаррет энэ муу зуршлаа өөрчлөх ёстойг ухаарсан гэнэ.

Хөтөлбөрт оролцох нь

Гэрчлэлээ зан авиртайгаа нийцүүлэх чадваргүй, донтолтоо орхиж чадахгүй байгаа нь намайг нүүрээ хийх газаргүй болтол ичгүүртэй болгосон доо. Эцэст нь би ямар нэг өөр зүйл хийхэд бэлэн байв.

Хөтөлбөрт оролцогчдын дунд байнга давдагддаг нэг өгүүлбэр бий. “Донтолт бүр байж суухын аргагүй болсон үед л үүнээс салахын түүс болсон” донтогч асуудлыг шийдэх арга замыг сүвэгчилж эхэлдэг ажээ. Марк энэ үе шатанд хүрч ирсэн үедээ л найзынхаа зөвлөснөөр Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн донтолтоос ангижрах цуглаанд ирсэн гэнэ. Зарим хүмүүс цуглаанд оролцохоор өөрөө шийддэг байна. Зарим хүмүүсийг цуглаанд оролцохыг найз нөхөд юм уу санваартны удирдагчид нь дэмждэг байна. Бас зарим хүмүүсийг донтолтоос ангижрах 12 алхамт хөтөлбөрт хуулийн байгууллагын шийдвэрээр оролцуулдаг.

Тохиолдсон зовлонгоосоо ичдэг учраас олон хүмүүс донтолтоос ангижрах цуглаанд оролцох дургүй байдаг. Сюзанне Сүмийн үйлчлэлийн номлогчийнхоо ажлын үр дүн болох цуглаанд оролцогчдод гарсан өөрчлөлтийг хараад гайхдаг аж. “Тэд цуглаанд оролцохоор анх ирэхдээ” “толгойгоо гудайлган, уруу царайлсан хүмүүс байдаг” гэж тэр хэллээ. Тэд ичиж зовон, гэм буруу, айдас хүйдсийн мэдрэмжинд дарагдсан байдаг. Хэдхэн долоо хоногийн дараа тэд шинээр итгэл найдвар өвөрлөсөн, хараа дээгүүр хүмүүс болдог. Тэд донтолтоос ангижрах тэмцэлдээ ганцаар биш юм байна гэдгийг ойлгодог.”

Донтолтоос ангижрах цуглаанд оролцогчдод итгэл найдвар, урам дэм хайрлахын тулд Сүмийн үйлчлэлийн номлогчид тэднийг баяртайгаар хүлээн авахад бэлэн байна. Оролцогчид долоо хоног бүр дасгалын номын нэг алхам дээр анхаарал төвлөрүүлж, нэг хүн энэ алхмын талаарх туршлагаа хуваалцдаг байна. Донтолтоос ангижрах тухай санаа бодлоо хуваалцахыг хүссэн хүмүүс зөвхөн нэрээ хэлж өөрсдийгөө танилцуулдаг аж. Цуглаан хэний ч нэрийг мэдэгдэхгүй нууцлах зарчмыг баримталдаг. Энэ нь эрүүл саруул уур амьсгалыг хөхүүлэн дэмжихэд шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Оролцогчид Сүнсийг дахин мэдэрч чадахуйц уур амьсгалыг бүрдүүлэх нь цуглаануудын чухал зорилго юм. Оролцогчдын сонголт нөхөрлөлийг таслах буюу хөөгдөхөд хүргэсэн ч, тэд залбирал хэлж, гэрчлэлээ хуваалцаж болно. Ийм сүнслэг орчин бол оролцогчдын хувьд 12 алхам дээр анхаарал төвлөрүүлэх хүч чадлын агуу эх сурвалж юм.

Донтолтоос ангижрах алхмууд

Би энэ хөтөлбөрийн алхмуудаар ажилласнаар өөртөө байсан гэрчлэл дээр үндэслэн сайн мэдээг энгийн хялбар болгон ашигласан юм.

Донтолтоос ангижрах хөтөлбөрийн алхмууд бол сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэх дэс дараатай арга зам болохыг Марк илрүүлж нээсэн ажээ. Энэхүү 12 алхмыг Архичдын нэрийг хэлэхгүйгээр донтолтоос ангижруулах анхны арванхоёр алхмаас өөрчлөн авсан боловч Сүмийн хөтөлбөр нь Сүмийн сургаал, итгэл бишрэлийн хүрээнд эдгээр адхмуудыг авч үзсэн учраас өвөрмөц ялгаатай юм.1 Донтолтоос ангижрах хөтөлбөрийн 12 алхам бол чухамдаа Цагаатгалын хүчийг ашиглах алхмууд юм.

Донтолтоос ангижрах хөтөлбөр: Донтолтоос ангижрах болон эдгэрэлтийн удирдамж (зүйлийн дугаар 36764) дасгалын ном нь 12 алхам болон эдгээр алхамтай холбоотой зарчмуудыг авч үзсэн байдаг. Алхам бүр нь тунгаан бодох асуултууд болон бичих зай бүхий судар судлах хэсэгтэй. 12 алхмыг тууштайгаар хэрэгжүүлсэн нь түүнд найдвар төрүүлсэн гэж нэг оролцогч хэлжээ. Клиффорд мансууруулах бодисыг хэт их тунгаар хэрэглэсний улмаас ухаан алдаж унаад сэрэх үед эхнэр нь салж, ажил албагүй болсон гэнэ. Гэр бүлийнхээ амьдралыг яаж хэвийн байдалд нь буцааж оруулах билээ гэж тэр өдрийн бодол, шөнийн зүүд болж байлаа. “Сайн мэдээний зарчмуудыг бага багаар, 12 алхмаар хэрэгжүүлснээр л би гэр бүлийнхээ амьдралыг буцааж хэвийн байдалд нь оруулж чадсан юм” гэж тэр ярилаа.

Олон хүн хувь хүний төрөлхийн чанар, гэмшил дээр анхаарал төвлөрүүлдэг алхам 4, 5 хамгийн хэцүү гэж ярьдаг. Гэвч энэ нь тухайн хувь хүнээс л шалтгаална л даа. Хоолны хэнхэгтэйгээ бас төрөл төрөгсөдтэйгөө хэл амаа ололцож чаддаггүй, тэднээс хэт тасархай зожиг байдагтайгаа тэмцэж байсан Паула төрөл төрөгсдөө уучлан, тэдэнтэй харилцаагаа сэргээж, алхам 8 дээр шаргуу ажилласны дүнд өөртэйгөө зүй бусаар харьцдаг аавыгаа уучилсан гэнэ. “Амьдралд минь тохиосон энэхүү гайхамшиг: Тэднийг хайрлах хайр, уучлалын төлөө би хэчнээн их баярлан талархаж явдгаа танд хэлж чадахгүй нь” гэж одоо тэр ярьж байна.

Цагаатгалд найдах нь

Надад гарсан өөрчлөлт бол би бүх цаг үед аз нь хаячихсан золгүй амьтан биш гэдгээ мэдэрсэн явдал юм. Заримдаа хэцүү байдаг л даа. Их Эзэн муу зүйлийг надаас нэг дор нэг мөсөн аваад хаячих нь зөв гэж бодохгүй, харин үүнийг тэвчээр, зоригтойгоор үүрч даван туулах хүч чадлыг надад өгч, үүний ачаар намайг өсч хөгжихөд хүргэж болох юм. Би чадах бүхнээ хийж заншсан болохоор донтолтоос ангижрахыг Их Эзэн надад үлэмж хөнгөвчилж өгсөн юм.

Есүс Христийн Цагаатгалаар дамжин ач ивээл ирдгийг сайн мэдээ заадаг билээ (Ифер 12:27-г үз). Ач ивээл бол донтолтоос ангижрахыг боломжтой болгодог хүч юм. Энэ нь бид дангаараа хийх боломжгүй сайн үйлсийг үйлдэхэд тусалдаг “бурханлаг тусламж буюу хүч чадал” гэсэн утгатай.2

Сүмийн үйлчлэлийн номлогч болохоосоо өмнө эл хөтөлбөрт хамрагдсан Сюзанне, “Юу хийх ёстойг Бурхан надад хэлж өгнө гэдгийг би мэдэж байсан. Гэвч үүнийг хийхэд туслах хүч Түүнд байдгийг би ерөөсөө мэдэхгүй байлаа гэж ярилаа. Одоо би Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирдэг ач ивээлийг ойлгодог болсон.”

Оролцогчид нэгэнтээ алдаад байсан найдварыг ач ивээлээр дамжуулан дахин олж авч байна. Сүмд өссөн нэг оролцогч Эдвардыг хүүхэд байхад нь мэдрэгдсэн чи бол бусад хүмүүсийн адил сайн хүн биш гэдэг мэдрэмж түүнд үлджээ. “Би Цагаатгалыг ойлгодоггүй байжээ. Бас өөрийгөө хайрладаггүй байж. Иймээс ямар ч бодитой үр дүн гараагүй юм” гэж тэр хэллээ. Тэр 20 гарсан үедээ 20 жил архагшталаа үргэлжилсэн сөрөг мэдрэмжээсээ салахын түүс болж архи ууж, мансууруулах бодис хэрэглэж эхэлсэн аж.

Согтуугаар машин жолоодсоных нь төлөө түүнийг хоёр дахь удаад баривчлахдаа албадан эмчилгээнд хүргүүлсэн байна. Донтолтоос ангижрах Сүмийн хөтөлбөрт тэрээр уучлалыг хүлээн авч, өөрийнхөө үнэ цэнийг дахин мэдрэх болжээ. Тэр ням гараг бүр сүмд явж, 12 алхмыг судлан, сайн мэдээний эдгээр зарчмууд болон үйл ажиллагаануудыг амьдралдаа хэрэгжүүлсэн байна. Тэрээр амьдралаа Тэнгэрлэг Эцэг уруу эргүүлэхийг хүсч, улмаар хөтөлбөрийн явцад өөрийгөө хэрхэн хайрлахыг сурч, амьдралд нь нөлөөлөх боломжийг Цагаатгалд олгожээ. “Эдгээр зүйлсийг би ганцаараа даван туулж чадахгүй байсан” гэж тэр хэлэв. “Өөрийнхөө төлөө миний хийж чадахгүй юмыг Аврагч миний төлөө хийж чадна.”

Донтолттой тэмцэж байгаа хүмүүс хүчтэй өөрчлөлтийг зөвхөн өөрсдөө үзэж байгаа биш харин тэдний хайртай хүмүүс нь бас 12 алхмыг амьдралдаа хэрэгжүүлж, донтолтоос ангижрах цуглаануудад оролцсоноор гашуун зовлонгийнхоо оронд Цагаатгалын адислалуудыг хүртэж болно гэдгийг мэддэг болжээ. Зарим газарт донтолтоос ангижрах хөтөлбөрийн дэргэд гэр бүл, найз нөхдөд зориулж дэмжих бүлгүүдийг байгуулдаг байна. Хайртай хүмүүс нь зарим үед мэдэрдэг сэтгэл санааны эмзэглэл, уур уцаар, гэм буруугаас Аврагч тэднийг эдгээж чадна гэдгийг оролцогчид мэдсэн байдаг.

Хүү нь архинд донтсоныг Дебора мэдээд, илүү сайн ээж байж чадсан бол хэмээн толгойгоо гашилгаж байх үед бас гэм буруугийн мэдрэмж түүнийг шаналгаж байжээ. Тэгээд тэр алхмуудыг өөр дээрээ хэрэгжүүлэхээр шийдсэн гэнэ. “Хөтөлбөрөөс миний сурсан юм гэвэл хүү минь ямар байгаа нь хамаагүй, би аз жаргалтай хэвээр байна. Бас амьдралд минь Тэнгэрлэг Эцэг байна шүү дээ гэдгийг ойлгосон явдал мөн” гэж тэр ярилаа. “Гадна талаас нь харвал мэдэгдэхгүй байж болох юм. Гэвч миний амьдрал дотор талдаа бүрмөсөн өөрчлөгдсөн шүү” гэж цааш нь хэллээ.

Нөхөр нь порнографт донтсон Шаннон гэр бүлийн хосуудад зориулсан дэмжих бүлэгт явдаг болжээ. Тэрээр бүлгийн цуглаанд оролцдог болсноор өөрт нь гарч байгаа өөрчлөлтийг ажиглажээ. Тэр эхний үед нөхрийнхөө донтолтын талаар сэтгэл санааны зовлон эдэлдэг байсандаа хамаг анхаарлаа чиглүүлдэг байв. Гэвч дараа нь тэрээр алхмуудыг судалж, хэрэгжүүлснээр гайхамшигт өөрчлөлт гарсан ажээ. “Би нөхрийнхөө тухай ярихаа улам бүр багасгаж, харин алхам бүрээс сурч мэдсэн юмныхаа талаар улам их ярьдаг болсон” гэж тэр өгүүллээ. Их Эзэн миний амьдралд хэрхэн нөлөөлдгийг би харж эхэлсэн.”

Эцсийн зорилго

Өнгөрсөн үед би заримдаа хэсэг хугацаанд донтолтоосоо татгалздаг байлаа. Би одоо Сүмд хуучин байдалдаа эргэж орон, дуудлагадаа үйлчилж байна. Хүн бүр л намайг ёстой мундаг болжээ гэх юм. Гэвч би дотоод сэтгэлдээ тийм мундаг хүн гэдгээ мэдэрдэггүй. Тэгэхлээр донтолтоос эдүгээ татгалзаад байгаа нь үүний нэг хэсэг л гэсэн үг шүү дээ. Жинхэнэ ангижралт бол бидний мөн чанар өөрчлөгдсөнөөс, зуршил болсон муу зүйлийг давтахгүй, давтан хийх хүсэлгүй болох явдал мөн.

Цагаатгалаар дамжуулан хүмүүс донтогч зан авираа орхиж чадах төдийгүй, бас донтолтынхоо далд шалтгааныг илрүүлэн эдгээж чадна гэдгийг Марк мэдсэн ажээ. Мөн гишүүд санваартны удирдагчдынхаа тусламжтайгаар наманчилж, сайн мэдээний адислалуудыг амьдралдаа эргүүлэн авчирч чадна. ХҮГ Гэр Бүлийн Үйлчлэлийн Доуг ЛеЧеминант хөтөлбөрийн зорилгыг тодруулж хэлэхдээ: “Хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүсийн талаарх бидний эцсийн зорилго бол тэднийг зүгээр л донтолтоос нь ангижруулах явдал биш харин тэднийг ариун сүмийн гэрээнүүд хийж, сахих боломжтой болгох явдал мөн” гэжээ. Тэднийг идэвхжүүлэх, баптисм, дахин баптисм хийлгэх, санваарыг нь ахиулах, ариун сүмийн ёслолууд хийлгэж адислалуудыг сэргээх нь хамгийн сайн үр дүн юм.

Сүмд очихдоо өмсдөг костюмтай тэр чигээрээ шоронд очсон Стийв, “Тэнгэрлэг Эцэгийнхээ болон 12 алхамт хөтөлбөрийн ачаар би өнөөдөр цэвэр ариун, эрүүл саруул хүн боллоо” хэмээн ярьж байна. Сүм дэх түүний үйл ажиллагаа өөрт нь онцгой учир холбогдолтой юм. “Би эцэг хүн. Би пристүүдийн чуулгын зөвлөх. Надад өдий ихийг үнэгүй өгсөн хөтөлбөрт буцаагаад ямар нэг зүйл өгөхийг хүсдэг учраас би бас туршлагаа хуваалцагч юм.

Донтолтоос ангижралтыг өдөр бүр хэрэгжүүлэх нь

Өдөр болгон би залбирлаар бас судруудаар дамжуулан Тэнгэрлэг Эцэгтээ ханддаг. Би өглөө донтолтоос ангижрах тухай номнуудыг уншиж, бодол санаа, сэтгэдлээ бичиж тэмдэглэдэг. Бодол санаагаа цэвэр байлгахын тулд би хөтөлбөр дэх дэмжигч хүнтэй утсаар ярьдаг. Би цуглаануудад оролцдог. Би үйлчлэхийг хичээж байна. Эдгээр зүйлсийг хийсэн өдөр би хуучин зуршлаа огт давтдаггүй.

Өдөр тутмын эдгээр ажлууд Маркийг сүнслэг байдлын хувьд тун сайн болгосон ажээ. Хөтөлбөрт хамрагдсан бусад хүмүүс: Сүнсний хүч чадлыг хадгалах нь байнгын хүч чармайлт шаарддаг гэсэн нэг л үнэнийг нээж мэддэг. Хуучин зуршилдаа эргэж орохгүй байна гэсэн баталгаа байхгүй. Гэвч сайн мэдээгээр өдөр бүр амьдарснаар донтолттой тэмцэж байгаа хүмүүс Христэд ирж, хүч чадал, итгэл найдвартай болдог.

“Би бага багаар, дүрэм дүрмээр сурч байна” гэж Марк хэллээ. “Миний төрөлхийн зан чанар өөрчлөгдөж байна. Энэхүү өөрчлөлт эхэлсэн цагаас хойш, надад итгэл найдвар байгаа гэж анх удаа хэлж байгаа нь энэ. Би хуучин зуршлаа дахин хэзээ ч давтахгүй гэдэгт үнэхээр итгэдэг.”

Эшлэл

  1. Жеймс И.Фауст, “The Power to Change,” Liahona, 2007 оны 11-р сар, 124-ийг үз.

  2. Судруудын Удирдамж, “Ач ивээл,” х.25-ыг үз.

Есүс Христийн Цагаатгалаар дамжин ирдэг ач ивээл болох хүч нь донтолтоос ангижрахыг боломжтой болгодог. Донтолтоос ангижрах хөтөлбөрт оролцогчид ач ивээлээр дамжуулан нэгэнтээ алдагдсан итгэл найдвараа дахин олж авдаг.

Эдгээр зүйлүүдийг сана, Давид Эдвард Линн, Avampato Museum of Art-ын зөвшөөрлөөр нийтлэв

Христ Гетсеманид, Хейнрих Хофманн, Харрисон Конрои Компанийн зөвшөөрлөөр нийтлэв. Busath Photography гэрэл зургийн газрын зураг

Крейг Даймонд, Давид Стокер нарын гэрэл зураг, чимэглэл, загвараас авчээ; Тэнгэрт дээшлэн одсон нь, Давид Эдвард Линн, Museum of Church History and Art-ын зөвшөөрлөөр нийтлэв.