2009
Асуулт, хариултууд
зургадугаар сар 2009


Асуулт, хариулт

”Сүмийн зарим найз нар маань шашны талаар гишүүн бус найз нартайгаа маргадаг. Маргах нь бурууг би мэднэ. Гэвч сайн мэдээний талаар ямар бодолтой байдгаа найз нартаа яаж мэдүүлэх вэ?”

Хүмүүс уур уцаартай, Сүнс мэдрэгдэхгүй байгаа үед та санаа бодлоо хуваалцах гэж оролдохын оронд Ариун Сүнс тусалж болох газарт, мөн ийм үеэр найз нартайгаа нүүр тулан уулзаж, ганцаарчлан ярилцах боломжийг хай.

Сайн мэдээний талаар найз нартайгаа ярилцах боломжийн төлөө залбир. Боломж олдсон үед итгэл бишрэлээ тайлбарлаж, гэрчлэлээ хуваалц. Итгэл, гэрчлэлдээ чин сэтгэлээсээ санаа тавьдгаа тэдэнд харуулахыг чухалчил. Хэрэв найз нар чинь улам ихийг мэдэхийг сонирхож байвал, та тэдэнд дамжуулах карт өг, сүмд урь, Mormon.org Вэб хаягаар орж үз гэж хэл эсвэл номлогчидтой холбоо тогтоолгож болно.

Найз нартаа юуг, хэрхэн ярихыг мэдэхийн тулд Сүнсний удирдамжийн төлөө залбир. Маргаанаас зайлсхийхэд тусламж хүсч залбир. Хэрэв найз нар чинь чамтай маргаж эхэлбэл ярианы сэдвийг өөрчлөх буюу яриагаа орхин гарч явах нь хамгийн тохиромжтой.

Удирдамжийн төлөө залбир.

Хэрүүл маргаан Бурханаас ирдэггүй (3 Нифай 11:29-ийг үз). Тиймээс маргаантай үед энэхүү гайхамшигтай сайн мэдээг хуваалцах зөв арга биш юм. Сайн мэдээг хуваалцах нэг зөв арга зам бол найз нараа сүмд буюу сүмийн үйл ажиллагаануудад урих явдал мөн. Сайн мэдээг найз нартайгаа хэрхэн хуваалцаж болохыг мэдэхэд залбирал надад тусалсан билээ. Их Эзэн залбиралд хариулдгийг би мэднэ. Юмсыг хийх зөв арга замыг Тэрээр танд үргэлж үзүүлэх болно.

Селесте Р., 22 настай, Калифорни, АНУ

Хэрхэн мэдэж болохыг тэдэнд заа

Итгэл бишрэлийнхээ талаар таныг маргаж, ам муруйхад Сүнс зайлан холддог юм. Үнэний тухай таны ярьж байгааг гэрчлэхээр Сүнс тэнд байж чаддаггүй. Гэрчлэх нь хамгийн сайн зүйл мөн. Та юунд итгэдгээ, мөн итгэдэг зүйл чинь үнэн гэдгийг яаж мэдэхийг энгийнээр нотол. Би Сүмийнхээ тухай хүмүүстэй ярилцахдаа, тэд өөрсдөө залбирч, Мормоны Номыг уншин, зүрх сэтгэлийнхээ мэдрэмжүүдийг сонссоноор манай сүм үнэнийг мэдэж болно гэж хэлдэг. Найз нар чинь чамтай санал нийлэхгүй байж болох юм. Гэвч тэд гэрчлэлийн чинь хүчийг үгүйсгэж чадахгүй шүү дээ.

Ситер Клемент, 22 настай, Теннессий Кноксвилл Номлол

Маргаанаас зайлсхий

Өөр сүмд явдаг нэг найз надад бий. Өнгөрсөн жил тэр нэг өдөр сургууль дээр хүрч ирээд, Мормоны Ном худлаа, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол Христийн сүм биш гэдгийг надад нотлох гэж оролдов. Би түүний асуултуудад бүгдэд нь хариулсны дараа найз маань нөгөөх асуултынхаа талаар надтай сөргөлдсөн хэвээр байсан учир миний хариултыг ерөөсөө анхаарахгүй байгааг ажиглалаа. Энэ явдлаас миний мэдсэн зүйл гэвэл, таны хийж чадах бүх зүйл бол маргалдахыг хүсэхгүй байгаагаа хэлээд, Их Эзэний Сүм үнэн гэдэг гэрчлэлээ хэлэх явдал гэсэн зөвлөгөө юм.

Жейден К., 13 настай, Вашингтон, АНУ

Маргаан дургүйцлийг бий болгодог

Маргаан хэзээ ч зөв арга зам байгаагүй Маргаан Их Эзэний Сүнсийг зайлуулж, оронд нь дургүйцэл, үзэн ядалтын мэдрэмжийг үлдээдэг. Энэ нь бас бусад хүмүүсийн талаарх үзэл бодлыг чинь өөрчилдөг. Ерөнхийдөө, сургаалын үзэл баримтлалын талаар хүмүүс маргаанаа зогсоосноор тэд эв найрамдлыг эрхэмлэгчид болдог нь чухал ач холбогдолтой юм. Иймээс сайн мэдээ үнэн болох тухай мөн сайн мэдээ өөрт чинь авчирсан эрхэм сайхан адислалуудын тухай гэрчлэлээ хэлэхийг хэзээ ч бүү март.

Карлос Ф., 19 настай, Гварико, Венесуэл

Бусдын итгэлийг хүндэтгэ

“Манай шашин үнэн. Харин танайх үнэн биш” гэж найз нартаа хэлэхийн оронд гэрчлэлээ тэдэнтэй хуваалц. Найзтайгаа хоёулхнаа байх цагийг олж, гэрчлэлээ хуваалцаж болох уу гэж түүнээс асуу. Христэд итгэгч бөгөөд өөрийнхөө сүмд туйлын итгэлтэй нэг дотныхоо найзаас би нэг удаа ингэж хүссэн юм. Надад гэрчлэл байдаг нь маш сайн хэрэг гэж найз маань бодож байлаа. Үүний дараа бид хоёр юунд итгэдэг тухайгаа ярилцсан ч маргаагүй. Гэтэл та найз уруугаа хүрч очоод, “Танай сүм үнэн биш” гэж хэлбэл, түүний хувьд нэн чухал зүйлд хүндэтгэлгүй хандсан хэрэг болно шүү дээ. Найзууд ингэдэггүй юм. Та сургаалын үзэл баримтлалын талаар найз нартайгаа санал нийлэхгүй байж болох юм. Гэвч жинхэнэ найз гэрчлэлийг чинь сонсож, сайн мэдээ өөрийн чинь хувьд маш чухал юм байна гэдгийг ойлгоно.

Амбер П., 17 настай, Юта, АНУ

Сайн мэдээгээр амьдар

Өөрийг чинь таньдаг ч, энэхүү үнэн сайн мэдээг мэддэггүй хүмүүс таныг таньдагийн улмаас энэ сайн мэдээний тухай мэдэхийг хүсэхээр тийм байдлаар амьдар. Сайн мэдээний баяр баясал танд гэрэлтэн харагдаг. Найз нар болон бусад хүмүүст чадах чинээгээрээ гэрэл, хөтөч байж, хамгийн сайн үлгэр жишээ үзүүл.

Ахлагч Кама, 20 настай, Ганын Кейп Көүст Номлол

Гэрчлэлээ хэл

Сайн мэдээг хуваалцах хамгийн сайн арга зам бол юмсыг чин сэтгэлээсээ, хайраар хийх явдал мөн. Маргах нь таныг юунд ч хүргэхгүй. Есүс Христ фарисайчуудтай маргадаггүй байсан. Үүний оронд Тэрээр хайр энэрэл, үг хэл, үлгэр жишээгээр заадаг байсан шүү дээ. Миний Сайн мэдээг номло удирдамжинд: “Таны зааж байгаа зүйлийн талаар заримдаа ухаалгаар эргэлзэж болох ч, чин сэтгэлийн, зүрх сэтгэлээсээ гэрчилсэн гэрчлэлд эргэлзэх нь хэцүү юм” гэжээ ([2004], 266) Үнэн гэдийг нь мэдэж байгаа зүйлийнхээ тухай, бас үүнийг яаж мэдэж байгаа тухай гэрчлэлээ хэл хэмээн өгүүлжээ. Сүнс өөрийн чинь ярьж байгаа зүйлийн үнэнийг гэрчилж байвал энэ нь найз нарын чинь хувьд ойлгох хамгийн сайн боломж юм.

Эфрейм С., 20 настай, Нью Саут Уэльс, Австрали