Гүй, тэгвэл ядрахгүй
Бид дэлхийд ирэхдээ хүлээн авсан агуу адислалуудын нэг бол бие махбод юм. Сургаал ба Гэрээний 89-р хэсэг дэх Мэргэн Ухааны Үг “эцсийн өдрүүдэд бүх гэгээнтний цаг зуурын аврал дахь Бурханы тогтсон журам хийгээд тааллыг” (шүлэг 2) бидэнд заадаг билээ. Дэлхий даяарх Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Мэргэн Ухааны Үгийн талаарх гэрчлэлийг доор өгүүлэв.
Хэзээ ч балчирдахгүй
Би 13-тай. Бид бие махбоддоо анхаарал тавих юм бол, “гүйхэд мөн ядрах нь үгүй” (С ба Г 89:20) хэмээн Мэргэн Ухааны Үгэнд амлагдсан адислалуудыг хүлээн авах болно. Би спорт тоглоомоор тоглож, эрүүл хоол хүнс хэрэглэн, хангалттай унтвал илүү эрч хүчтэй өсч чийрэгжих болно. Би энэ зарлигийг сахих юм бол донтуулагч бодисуудаас хол хөндий байж, эдгээр бодисын эрхшээлд орохгүй.
Тэнгэрлэг Эцэг бидэнд Мэргэн Ухааны үгийг бидний амьдралыг хязгаарлахын төлөө бус, харин эрүүл саруул, аз жаргалтай амьдрахад бидэнд туслахын төлөө өгснийг би мэднэ. Тамхи татаж, архи уух нь биднийг нийтэч, чөлөөтэй, аз жаргалтай болгодог гэж итгүүлэхийг Сатан хичээдэг. Гэвч энэ бол худал юм. Ялангуяа сургууль дээр өндөр жишгүүдийг сахих нь хэцүү байдаг л даа. Гэвч би найз нартаа сайн үлгэр жишээ үзүүлэхийг хичээж, зөвийг сонгохын чухлыг ойлгоход нь тусалдаг.
Мэргэн Ухааны Үгийг сахиснаас миний хүлээн авсан хамгийн том адислал бол Сүнсийг байнгын хөтчөө байлгах боломж юм. Нэгэн өдөр ариун сүмд явахаар зохистой байх нь миний зорилго юм.
Севил В., Пловдив, Болгар
Чихрийн шижин өвчнөөс эдгэрэхэд хүлээн авсан тусламж
Би бол 57 настай эмээ. 2006 оны зургадугаар сард би чихрийн шижинтэй гэсэн оноштой гарсан. Би эм ууж байгаагаас гадна тусламж олохоор Мэргэн Ухааны Үгэнд хандлаа. Биеийн тамирын байнгын дасгал, эрүү хоол хүнсний дэглэмийн тусыг би ойлгож мэдлээ. Би 88 фунтээр (40 кг) турж, одоо хэвийн жингээ барьж байна. Чихрийн шижин болон даралт бууруулахад уудаг байсан эмнүүдийг эмч зогсоосон тэр өдөр би Мэргэн Ухааны Үгийг дуулгавартай дагасныхаа төлөө үлэмж ихээр адислагдсанаа мэдэрсэн. Мэргэн Ухааны Үгийг дуулгавартай дагаснаар миний хүлээн авсан сүнсний болон бие махбодын адислалууд амьдралыг минь үргэлжлүүлэн адисалсаар байгаа учраас Мэргэн Ухааны Үгийн тухай гэрчлэл надад байдаг.
Виверли Рутерфорд, Вашингтон, АНУ
73 настайдаа марафонд гүйсэн нь
Би Бразилд төрсөн. Төрөхдөө ясны муруйлтаас үүдэлтэй өвчин, сульдаатай байсан гэдэг. Би 19-тэйдөө 50 кг жинтэй, 1 метр 64 см өндөр байлаа. Иймээс би цэрэгт тэнцээгүй. Тэгээд бие бялдраа чийрэгжүүлэх арга замыг хайж эхэлсэн юм. Биеийн тамирын олон дасгал хийж, хоолны дэглэм барьдаг боллоо.
Энэ үед би номлогчидтой уулзав. Сүмийг бас зарлигуудын тухай, түүний дотор Мэргэн Ухааны Үгийн талаар мэддэг боллоо. Энэ бол чухамдаа надад хэрэгтэй байсан тэр зүйл байлаа. Мэргэн Ухааны Үг идэх ёстой хоол хүнсний тухай удирдамжийг бас зайлсхийх ёстой цэвэр биш юмс, тухайлбал архи, тамхи зэргийг надад нэрлэн зааж өгсөн билээ. Би Сургаал ба Гэрээг уншсанаар сайн амарч, унтах хэрэгтэйг мэддэг болсон (С ба Г 88:124-ийг үз).
Би хүч тэнхээтэй болж, 78 кг жинтэй боллоо. Хүндийн өргөлтийн аварга болов. Бас жудогоор барилдаж, усанд сэлдэг боллоо. Өнөөдөр би 73-тай ч марафонд гүйгч. Би 30 удаа марафон гүйлтэнд гүйсэн. 2005, 2006 онуудад би Бразилд насныхаа ангилалд хоёрдугаар байр эзэлсэн. Миний эрүүл мэнд гоц сайн байгаад их баяртай байдаг.
Хэрэв дуулгавартай дагавал эрүүл мэндийн адислалуудыг бидэнд авчрах хуулиудыг өгснийх нь төлөө Тэнгэрлэг Эцэгтээ баярлан талархаж явдаг.
Антионо Оливио де Олиерия, Сан Пхуло, Бразил
Лонх дарс
Би хичээлийн дараа гоо сайхны газрыг цэвэрлэж байгаад, үдэшлэгнээс үлдсэн хэн нэгний орхисон лонхны дундуур дарсыг олж харлаа. Үүнийг яах вэ гэж даргаасаа асуув. “Гадаа гаргаж асгаад, лонхыг нь хая” гэж дарга явахдаа хэлэв. Тэр хаалгыг цоожлон гарч явав. Тэгээд би ганцаар үлдлээ. Би цэвэрлэгээгээ цааш нь үргэлжлүүлсэн ч лонхтой дарс санаанаас гарсангүй. Би 14 хүрсэн байлаа. Дарс ерөөсөө амсаж үзсэнгүй. Ингээд уруу татагдах нь тэр.
Би жорлонг цэвэрлээд, самнуудыг ариутгаж, шал шүүрдэх үед арын өрөөн дэх нөгөөх лонхтой дарс санаанаас огт гарсангүй. Би нэг удаа амссанаар архичин болохгүй, өөр хэн ч мэдэхгүй гэдгийг би мэдэж байлаа. Тэгж бодсоноо, үүнийг би мэднэ, бас Тэнгэрлэг Эцэг минь мэдэх болно гэдгийг ухаарлаа. Ингээд би ацан шалаанаас гарч чадсан юм. Хэрэв би энэ уруу таталтанд бууж өгөх юм бол харамсаад харамсаад барахгүй юм болно гэдгийг мэдэж байв. Бүх уруу таталтыг эсэргүүцэхээр хангалттай хүчирхэг байхыг би хүсч байлаа. Би дарсыг усны хоолой руу асгаж, лонхыг усанд булхаад, хог руу хаялаа.
Энэ туршлага надад гаргасан өөрчлөлтийг эс тооцвол төдийлөн ач холбогдолгүй юм шиг санагдаж болох юм. Бүр хэн ч намайг хараагүй байхад ч гэсэн би зарлигуудыг сахих ёстой хэмээх шийдвэрийг гаргасан билээ. Би зөв учир шалтгаанаар зөв зүйл хийхийг хүссэн юм. Эдүгээ уруу таталтыг эсэргүүцэх хүч чадал надад байгааг мэдэж байна. Би Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очих замаар явж чадна гэдэгтээ улам бүр итгэлтэй байна.
Бет М.Стефенсон, Оклахома, АНУ
Тэвчих хүч чадал
Би баптисм хүртсэнээсээ хойш жилийн дараа сайн дурын гал сөнөөгч болов. Найз нар маань надад архи, тамхи, цай, кофе санал болгодог ч, би Мэргэн Ухааны Үгийг сахисаар байсан юм. Эдгээр зүйлүүдээс яагаад татгалздагийг тэд надаас асуухад, би бол Мормон хүн шүү дээ гэж хариулдаг. Тэдний олонх нь намайг шоолж, инээдэг л дээ.
Нэг удаа хэн нь гал сөнөөгчөөр үлдэхийг тогтоохын тулд бид биеийн хүчний дасгал сорилгыг гурваас дөрвөн цаг хийх ёстой болов. Бид бүгдээрээ жин ихтэй дүрэмт хувцас, түрийтэй гутал өмсөж, амьсгалын аппарат хэрэгсэл үүрч явсан юм. Тэмцээний өмнө бусад хүмүүс тамхи татан, намайг шоолон инээж байв. Учир нь ганцхан би л өсвөр насны хөвгүүн байсан болохоор намайг хүч чадал сорьсон энэ сорилгоос тэсэн гарч чадахгүй гэж тэд бодож байсан аж.
Нэгдүгээрт, бид маш хүнд резинэн хоолой үүрч, талбайг тойрон гүйх ёстой байлаа. Эхний тойргийн дараа миний хөл, бие өвдөж эхлэхэд хамт ажиллагсад намайг шоолон инээлдэж байв. Тэр үед би Сургаал ба Гэрээнийн хэсэг 89:-д “Мөн зарлигуудад дуулгавартай байдалд алхан, эдгээр айлдваруудыг санаж мөн хэрэгжүүлдэг бүх гэгээнтнүүд хүйсэндээ эрүүл энхийг хийгээд яснууддаа чөмөг хүлээн авах болно … гүйхэд мөн ядрах нь үгүй” (ш.18, 20) гэсэн байдгийг саналаа. 18, 20).
Би өвдөг сөгдөн, Их Эзэнд хандан залбирч, дээрх амлалт биелэгдсэнийг харах итгэлийг Түүнээс гуйлаа. Намайг яасан юм бол гэж харахаар хэдэн хүн хүрч ирэхэд би тэдэнд “зүгээр ээ” гэж хэлэв. Тэгээд бид дахин гүйж эхэллээ. Тэр даруй миний хөл өвдөхөө больчихов. Би гүйсээр л байлаа. Тэгтэл бусад хүмүүс ядарч туйлдан унахад, би бүр зогсмоор үгүй байлаа. Би сорилгыг амжилттай давсан бол хамт ажиллагсад маань дасгалыг дахин хийхээр болов.
Би Мэргэн Ухааны Үгийг дуулгавартай дагасны ачаар тэр сорилгыг амжилттай даван туулснаа мэднэ. Тэр өдөр Бурхан надтай хамт байсныг, хэрэв бид Түүний зарлигуудыг дуулгавартай дагах юм бол Тэрээр биднийг хязгааргүй нигүүлслээрээ адисална гэдгийг би мэднэ.
Кристиан Кастро Марин, Сантьяго, Чили
Өдөр тутмын амлалт
Ээжийнхээ оршуулгаас хойш хоёр хоногийн дараа би өөрийгөө толинд харлаа. Би өөрийгөө хараад дургүй хүрлээ. Нүдэн доорх хар хүрээ, цонхигор арьс, эв хавгүй төрх, бас 10–15 фунт илүү жин. Би сүүлийн гурван жил эцэг эхээ асарч тойлсноос чухамдаа нүднээс гараад байсан юм. Аав ээж хоёр минь хоёул өвчилж, хоёр жилийн зайтайгаар хорвоог орхисноос үүдэлтэй сэтгэл санааны дарамтаас болж, би хэдэн долоо хоног хоол, нойргүй явсан юм шиг харагдаж байсанд гайхах юун.
Би 26 настайдаа ирээдүйнхээ талаар чухал шийдвэр гаргах хэрэгтэй болсон билээ. Хэрэв би энэ янзаараа байвал нэг бол гэрийнхнийхээ өвчилсэн чихрийн шижин, зүрхний өвчин, эсвээс хавдрын өмнө сөхрөн унах нэг бол эрүүл мэндээ эн тэргүүнд анхаарч, хяналтандаа авах салаа замын уулзварт ирээд байлаа. Энэ бол зүгээр нэг хэдхэн долоо хоногт биш харин амьдралынхаа үлдсэн бүх хугацаанд надад хэрэгтэй амлалт байлаа. Би эрүүл мэндээ муу байгааг бодоод өөртөө нэг амлалт хийлээ. Би өмнө нь өөртөө ерөөсөө байгаагүй тийм арга замаар Мэргэн Уханы Үгээр амьдрахаар шийдэв.
Нөхөр бид хоёр долоо хоногт хоёр юм уу гурван удаа биеийн тамирын дасгал хийдэг боллоо. Хэчнээн калорийн хоол хүнс идсэнээ бүр сайн мэддэг боллоо. Хоол хүнсэндээ жимс, хүнсний ногоо ахиухан хэрэглэх болов. Хоол хүнсний тэжээллэг чанарын тухай шошгыг уншиж, илүү эрүүл хүнс сонгож сурах нь хүч чармайлт шаарддаг хэдий ч ингэж сурлаа.
Миний амжилт олсон гол түлхүүр бол биелэгдэх бодитой зорилго дэвшүүлдэг байсан явдал мөн. Би жингээ хасч, эрч хүчнийхээ түвшинг дээшлүүлэх, ингэснээр илүү эрүүл саруул харагддаг болохыг хүсдэг байв. Тэнгэрлэг Эцэгийн тусламж, юм бүхэнд намайг тулж түшиж байдаг нөхрийнхөө ачаар дээрх гурван зорилгоо гурвууланг нь биелүүлсэн билээ.
Тэр цагаас хойш эдүгээ зургаан жилийн дараа биеийн тамирын дасгалаа тогтмол хийж, хоол хүнсэндээ хяналт тавьдаг хэвээрээ байна. Мөн чийрэгжилтийн дасгал, хоолны дэглэмийн талаарх зорилгоо үргэлжлүүлж, зорилгодоо хүрэхийн төлөө өдөр бүр ажилласаар байна. Хэрэв хэн нэгэн нь өнгөрсөн тэр өдөр надад энэхүү эрч хүчтэй дасгал миний хүсэл байсныг хэлбэл би үнэндээ үүнд итгэхгүй байх байсан. Та үнэхээр хүсвэл амьдралынхаа хэв маягийг өөрчилж чадна гэдгийн амьд нотолгоо нь би байна. Хэрэв та итгэлээ Тэнгэрлэг Эцэгт даатгах юм бол эрүүл мэндээ эрхэмлэх хүч чармайлтыг чинь Тэрээр дэмжих болно.
Би эрүүл мэндээ сайжруулахыг хичээн чармайснаар санаа сэтгэл өөдрөг, урамтай байдаг болсон. Энэ амлалтыг өөртөө хийснээс хойш миний ухаан санаа саруул сэргэг, түргэн бодож сэтгэдэг, бие бялдар илүү тэнхээ тамиртай, илүү эрч хүчтэй болсон билээ. Үүний улмаас би Мэргэн Ухааны Үгийг дагадаг хүмүүст Тэнгэрлэг Эцэгийн амласан гайхамшигтай адислалуудыг хүлээн авах боломжтой болсон юм. Дуулгавартай бүх Гэгээнтнүүд “хүйсэндээ эрүүл энхийг хийгээд яснууддаа чөмөг хүлээн авах болно; мөн мэргэн ухаан хийгээд мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийг, бүр нуугдмал сан хөмрөгүүдийг олж авах болно” (С ба Г 89:18–19) хэмээн Тэрээр хэлсэн билээ.
Меган Сандор, Онтарио, Канад
Төлөвлөгөө боловсруулах нь
Ээж бид хоёр баптисм хүртсэний дараа удалгүй ээж мэргэшсэн сувилагчаар ажиллах болов. Ээж минь өрх толгойлсон эмэгтэй байсан болохоор хоол хийх цаг түүнд байдаггүй байв. Иймээс бид голдуу хагас боловсруулсан юм уу түргэн хоол л иддэг болов. Хэдийгээр би 12-хон настай байсан ч миний эрүүл мэнд муудаж эхэллээ. Өмнө нь байсан эрч хүч одоо надад байхгүй болжээ. Би ядарч, санаа сэтгэл уймрах болов. Бас биеийн жин нэмэгдлээ.
Биеэ яаж сайжруулах вэ гэж би ээжээс асуулаа. Эмчлүүлэх хэрэгтэй л гэж хариулах болов уу гэж бодсон чинь, “Мэргэн Ухааны Үгийн зарчмуудаар амьдар” гэж ээжийг хэлэхэд би бага зэрэг гайхаж билээ. Ээж надад калор, нүүр устөрөгч, өөх тосны талаар л зөвлөгөө өгөх болов уу гэж санасан ч, түүний хариулт надад яг хэрэгтэй байсан тэр зүйл байлаа.
Дараагийн даваа гарагийн гэр бүлийн үдшээр бид Сургаал ба Гэрээ 89-ийг дахин уншиж, хооллох дэглэм болон үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулав. Бидний амьдралын хэв маяг эрс өөрчлөгдлөө. Бид илүү эрүүл саруул, илүү аз жаргалтай болж эхлэв. Би амьдралдаа илүү их амар амгаланг бас Ариун Сүнсний анир чимээгүйхэн өдөөлтүүдийг улам ихээр мэдрэх болов.
Бидэнтэй харилцаатай байхыг хүсдэг хайр энэрлээр дүүрэн Тэнгэрлэг Эцэгтээ би баярлан талархаж явдаг билээ. Одоо би ариун нандин, хувийн илчлэлтүүд хүлээн авахын тулд бие бялдар, сүнслэг байдлын хувьд бид бэлтгэгдсэн байх ёстойг мэддэг болсон.
Эрик Д.Ричардс, Юта, АНУ