2009
Хичээл дээрх ярилцлагыг удирдан явуулах нь
зургадугаар сар 2009


Хичээл дээрх ярилцлагыг удирдах нь

Жонсон ах сайн мэдээний сургаалын хичээл дээр нэг асуулт асуусан аж. Ангид удтал нам гүм болсон нь түүнд бас ангийн гишүүдэд тавгүй мэдрэмж төрүүлэх шиг болжээ. Би гадасны Ням гарагийн хичээлийн ерөнхийлөгчийн хувьд энэ хичээл дээр сууж, ажиглаж байсан юм. Ангийн зарим гишүүд саналаа хэлэх янзтай болоход Жонсон ах мөнөөх асуултанд хариулж, хичээлийн дараачийн хэсэг рүү орохыг би харлаа.

Ийм явдал Сүмийн хичээлүүд дээр ч бидний гэр оронд ч тохиолдож болно. Хичээл дээрх ярилцлагыг урамшуулан дэмждэг нэн чухал хоёр зүйлийг би мэдсэн юм: (1) нэгээс илүү олон янзаар хариулж болох асуултуудыг асуу. (2) хариултыг эрж хайх, бодоход хангалттай цагийг ангийн гишүүдэд олго.

Олон хувилбараар хариулж болох асуултууд асуу

Зөв асуултуудыг асуух нь хичээл дээрх ярилцлагыг үр ашигтай болгож чадна. Сүмийн гарын авлагууд нь хариулттай холбоотой заасан зүйлсийг эрж хайх буюу тунгаан бодох, сурч мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлэхэд ангийн гишүүдийг урамшуулан дэмжихийн тулд тусгайлан бэлтгэсэн асуултуудаар дүүрэн байдаг.

Судруудыг эсвэл мэдээлэл олохын тулд хожмын үеийн төлөөлөгчид, бошиглогчдын үгсийг эрж хайхыг суралцагчдаас шаардах асуултуудыг та асууж болно. Teachings of Presidents of the Church: Joseph Smith номон дахь заах зөвлөмжүүд дээр үндэслэсэн асуултуудыг эрж хайх хоёр жишээг энд өгөв: “52-р хуудаснаас эхэлж байгаа хэсгийг судал. Бид Түүнтэй хамт өв залгамжлагчид болж чадахын тулд Аврагч юу хийсэн бэ?” Дараа нь 211-р хуудаснаас эхэлж байгаа хэсгийг давт. “Бие махбодтой байхын ач холбогдлын талаар Иосеф Смит юу заасан бэ?”

Ангийн гишүүд уншсан зүйлийнхээ утгын талаар эсвэл сурсан зүйлээ амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар тунгаан бодоход хүргэх асуултуудыг асуу. Ангийн гишүүд хичээлийн материалыг мэддэг болсны дараа ихэвчлэн эдгээр асуултуудыг асуудаг. Жишээ нь, дээрх эрж хайх асуултуудыг асуусны дараа ангийн гишүүд уншсан зүйлийнхээ талаар бодож, амьдралд хэрэгжүүлэхэд нь туслах дараах асуултуудыг та асууж болно: “Бид Цагаатгагч золиослолынх нь төлөө Их Эзэнд,талархлаа хэрхэн харуулж чадах вэ?” эсвэл “Бие махбодтой байхын ач холбогдлыг ойлгох нь бие махбоддоо анхаарал тавихад бидэнд хэрхэн нөлөөлж болох вэ?”

Суралцагчийн хариултыг хүлээ

Ямар ч асуулт асуусан, хариултыг эрж хайх буюу бодох хангалттай цагийг ангийн гишүүдэд гаргаж өг. Тэдний өмнөөс таныг хариулахгүй гэдгийг суралцагчид мэдэж байгаа тохиолдолд тэд асуултуудад хариулж сурна.

Жонсон ахын хичээл дээрх туршлагын дараа, багш нар асуусан нэг асуултынхаа хариуны төлөө хэр зэрэг удаан хүлээдгийг би судалж үзэхээр шийдсэн юм. Ихэнх багш нар ердөө хоёр, гурван секунд л хүлээдгийг мэдсэн. Харин намайг хүссэний дараа тэд илүү удаан хүлээх хэрэгтэй юм байна гэж бодсон байлаа. Нөгөө талаар хариултынхаа тухай бодоход илүү их хугацаа хэрэгтэй гэдгийг суралцагчид надад ярьж байлаа.

Ангийг хичээлд илүү идэвхтэй оролцуулахад би багш нарт туслахыг хичээн, асуулт асуусныхаа дараа 20 хүртэл тоолж, тунгаан бодох цагийг гаргаж өгөхөд урамшуулдаг байлаа. “Би та нарт бодох цаг өгье,” эсвэл “та нар энэ асуултыг тунгаан бодно уу. Дараа нь би хариултыг чинь сонсъё” гэх зэргээр хэлж болно. Манай гадасны багш нар ийм байдлаар ажиллахад ангийн оролцоо дээшилж, ангийн гишүүд “бие биедээ заах” (С ба Г 88:77) үед Сүнсийг мэдэрдэг болсон билээ.

Сайн мэдээний сургаалыг амьдралд хэрэгжүүлэхтэй холбоотой нэг асуудлыг суралцагчид тунгаан бодоход багш хоёр минут гаруй хугацаа гаргаж өгсөн нэг хичээл дээр би суусан. Энэ бол миний хувьд анир чимээгүй тунгаан бодох цаг байв. Би Сүнсийг мэдэрч, энэхүү агшингүйгээр магадгүй хэзээ ч мэдэж чадахгүй байсан сургаалын тухай зарим шинэлэг ойлголттой болсон билээ. Асуултыг тунгаан бодох цагийг ангийн гишүүдэд гаргаж өгөх нь илүү гүнзгий бодож, Сүнсийг сонсох боломж олгодгийг ойлгоход энэхүү өвөрмөц туршлага надад тусалсан юм. (3 Нифай 17:1–3-ыг үз.)

Хэрэв та олон янзаар хариулж болох асуултуудыг асууж, хариулахын өмнө тунгаан бодох цагийг хүн бүрд олговол танай ангид, эсвэл гэр бүлд тань ярилцлагын үед дээрхтэй адил сүнслэг туршлага тохиолдож болно.

Гэрэл зургуудыг Велден К.Андерсен

Та заах үедээ ангийн оролцоог сайжруулахын тулд эдгээр санаануудыг туршин хэрэглэ.