2009
Чи мэднэ шүү дээ
зургадугаар сар 2009


Чи МЭДНЭ ШҮҮ дээ

Сайн мэдээ үнэн гэдэгт би хэзээ ч эргэлзэж байгаагүй. Гэвч зөвхөн эргэлзэхгүй байх нь хангалттай юу гэдгийг би боддог.

Нифайн адил би сайн мэдээг надад заадаг байсан эцэг эхийн гэр бүлд төрсөн билээ. Бид гэр бүлээрээ судраас судалж, өдөр бүр залбирал хийдэг байсан. Би аав ээжээсээ Иосеф Смит, Мормоны Ном, сайн мэдээний зарчим бүрийн тухай гэрчлэхийг сонсдог байлаа. Үүний улмаас би Сүм үнэн гэдэгт хэзээ ч эргэлзэж байгаагүй.

Эцэг эх хоёр минь надад сайн мэдээг зааж, би тэдний сайн үлгэр жишээнээс суралцан, Сүм үнэн гэдэгт эргэлздэггүй байсан ч, Сүм үнэн болох тухай эрч хүчтэй оргилуун гэрчлэл нэг үе байсангүй. Би бүх амьдралынхаа туршид номлолд явахыг мөрөөддөг байсан ч, сайн мэдээ үнэн гэдгийг баттай мэдэх хэрэгтэй гэдгийг мэддэг байв.

Би 18 хүрэхийнхээ өмнөхөн тойргийнхоо номлогчийг бэлтгэх хичээлд суудаг боллоо. Би бас тэмдэглэл хөтөлж эхэллээ.

Номлогчийг бэлтгэх хичээл дээр заасан “Мормоны Ном бол номлолын ажлын гол зүрх мөн” хичээлийг би хэзээ ч мартдаггүй. Мормоны Номын тухай гэрчлэлээ хуваалцаж байгаа дэлхий даяарх залуу хүмүүсийн тухай, бас Бурханаас асуух хүртлээ номлолд явахаа шийдээгүй нэг залуу хүний тухай дүрс бичлэгийг багш үзүүлсэн юм.

Дараа нь гэрчлэлээ хуваалцахыг биднээс хүсэв. Сүнс тэвчин барихын аргагүй байв. Мормоны Ном амьдралыг минь адисалсныг би ойлгосон юм. Гэвч би Мормоны Ном үнэн болох тухай эсвэл Иосеф Смитийн Анхны Үзэгдлийн тухай хэзээ ч Бурханд хандан залбирч, асууж байгаагүйгээ бас ойлголоо.

Хэд хоногийн дараа Мормоны Номыг уншиж байгаад, Моронайн амлалтыг сорьж үзэхээр шийдэв (Моронай 10:3–5-ыг үз). Би өвдөг сөгдөж, Бурханд сэтгэл зүрхээ юүлж эхэллээ. Хариу хэрхэн ирэх, хэзээ би түүнийг хүлээж авахыг мэдэхгүй байсан ч, Тэрээр өөрийнхөө цагт эдгээр зүйлсийг надад мэдүүлэх болно гэдэгт итгэлтэй байв.

Тэгээд бостол тэмдэглэлдээ ямар нэг юм бичих хүсэл төрлөө. Би тэмдэглэлээ нээгээд өмнөх ням гарагт үзсэн номлогчийн бэлтгэлийн хичээлийнхээ сүүлчийн догол мөрийг уншлаа. Бодол санаагаа дүрсэлсэн өөрийнхөө үгсийг уншихад бүх биеийг минь эзэмдсэн амар амгалан мэдрэгдэж байв. “Чи мэднэ шүү дээ, чи аль хэдийн мэднэ шүү дээ” гэсэн үгсийг би зүрх сэтгэлдээ маш тодорхой мэдэрч байлаа.

Би дахин өвдөг сөгдөж, залбиралд минь хариулсанд Тэнгэрлэг Эцэгт талархав. Бүх амьдралынхаа туршид итгэдэг байсан тэр зүйлээ баталсан хариуг би хүлээж авсан билээ.

Эдүгээ би Иосеф Смит, Эцэг Хүү хоёртой уулзсаныг, Мормоны Ном үнэн гэдгийг зоригтой нотолж чадна. Номлолд бүрэн цагаар үйлчлэх боломжтой болсон юм. Номлолд байхдаа үнэнийг даруухнаар эрэлхийлдэг бүх хүмүүсийн залбиралд Их Эзэн хэрхэн хариулдгийг харсан билээ. Би үүний төлөө ямагт талархалтай байх болно.

Зураг чимэглэлийг Скотт Греер

Тэмдэглэл