Хэлний бэрхшээлийг даван туулах нь
Дэлхий даяарх бүх гишүүд сайн мэдээний ахан дүүстэйгээ харилцах арга замыг олохын тулд Их Эзэнд ханддаг билээ.
Залуу эмэгтэй Казуе Хориками төрөлх эх орон Японоосоо Хавайд шилжин ирсэн ч англи хэл сурах шаардлага байсангүй. Тэр гэртээ японоор ярьдаг, япончууд олноороо байдаг газруудаас юм худалдаж авдаг байсан бөгөөд хожим нь Японы жуулчдад хөтчөөр ажилладаг байсан гэнэ. Хэлний бэрхшээлтэй тулгардаг байсан цорын ганц газар нь сүм байсан аж. Энэ нь Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хувьд энгийн үзэгдэл байлаа. Гэтэл Казуе Хориками бүр сүм дээр ч гэсэн төрөлх хэлээр нь ярьдаг гурав, дөрвөн эгчтэй нөхөрлөдөг байлаа.
Тийнхүү Хориками эгч Хавайд 25 гаруй жил амьдарсны дараа тойргийнхоо Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчөөр дуудагдсан ажээ. Энэ дуудлага түүнийг тэвдэн сандрахад хүргэсэн гэнэ. “Эгч нарын ихэнх нь зөвхөн англиар, бусад нь Самоа юм уу тагалог хэлээр ярьдаг байлаа” гэж дурсан ярьдаг. “Би тэр үед бусад хэлийг нэлээд сайн ойлгодог байсан ч олигтой ярьж чаддаггүй байлаа. Би эгч нарын ярьсан зүйлийн ихэнхийг ойлгодог ч, тэдэнтэй ярьж чадахгүй юм чинь яаж тэдэнд үйлчлэх болж байна аа” гэж боддог байв.
Хориками эгч англи хэлний хичээлд суух цаг завгүйгээ мэдэж байлаа. Тэрээр ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авах ярилцлагын үеэр хэлний асуудлаар гадасныхаа ерөнхийлөгчид ярьсан аж. “Зөвхөн үүрэг хариуцлагаас ч биш, бас буруу ойлголт бий болгочихвий гэдгээс л айж байна гэж би түүнд хэлсэн” гэж тэр ярилаа. Гадасны ерөнхийлөгч хэсэгхэн бодсоноо, хэлний тухайд санаа зовох хэрэггүй, адаглаж л ингэж бодох нь зөв биш гэж Хориками эгчид хэлээд “Гагцхүү ажлаа чадах чинээгээрээ сайн хий” гэв. Хориками эгч тэгнэ ээ гэж амлажээ.
Хэд хоногийн дараа Хориками эгчийг ариун сүмд байхад усан дээгүүр явсан Петрийн тухай түүх санаанд нь орж ирсэн гэнэ (Матай 14:22–33-ыг үз). “Би хэдий чинээ их айвал, төдийчинээ амархан живнэ гэдгийг ойлгосон” гэж тэр хэлэв. “Харин би итгэлээ Аврагч дээр тавих юм бол, боломжгүй юмыг ч гэсэн хийхэд Тэр надад тусална”.
”Боломжгүй юм нь” энгийн зүйл, эрч хүчтэй хүч чармайлтаар эхэлдэг. Хориками эгч Нийгмийн Халамжийн Бүлгийн гишүүдийн цуглааны бүртгэлийг үзэхэд олон цаг зориулдаг байснаа эргэн санадаг ажээ. “Би эгч бүрийн нэрийг анхааралтай харж байх үед тэр эгчийн талаар санаанд минь орж ирсэн зүйлийг бас, түүнд хэрхэн үйлчлэх арга замын талаар сүнсний өдөөлтүүдийг мэдэрдэг байлаа. Эдгээр өдөөлтүүдийг дагаснаар эгч нар маань хэчнээн өвөрмөц хүмүүс болохыг мэдээд гайхсан юм.
“Би ингэж л эхэлсэн юм даа” гээд тэр цааш нь ярив. “Хэдэн сарын дараа эдгээр өчүүхэн үйлдэл анхаарал, санаа тавилтын харилцаа болон хувирсан юм. Гэхдээ зөвхөн би тэдний төлөө биш, бас тэд миний төлөө анхаарч, санаа тавих болсон билээ.
Хориками эгч эцэстээ англи хэл сурсан аж. Гэхдээ үйлчлэхэд нь түүнд тусалсан зүйл бол хэлний мэдлэг биш, харин Сүнс болохыг ойлгожээ. “Сүнс хэлээр хязгаарлагддаггүйг би мэдсэн” гэж Хориками эгч хэллээ. “Сүнс бид бүгдэд хандан бидний ойлгож чадах арга замаар ярьдаг.”
Хориками эгчийн нэгэн адил дэлхий даяарх Сүмийн гишүүд хэлний бэрхшээлээс үүдэж бухимдан, ганцаардалтай тулгарсаар байна. Гэвч эдгээр гишүүд болон тэдний удирдагчид Хориками эгчийн нэгэн адил тусламж хүсэн Их Эзэнд хандаж болно. Дэлхий даяарх гишүүд, удирдагчид хэлний бэрхшээлийг даван туулах дараах санаануудыг дэвшүүлж байна.
Хэл бол хоёрдогч зүйл гэдгийг ойлго.
Гишүүд нь 80 гаруй үндэстнээс бүрддэг Германы Франкфурт гадсанд ч мөн хэлний бэрхшээл тулгардаг. Гэвч хэл бол ач холбогдлыг хувьд хоёрдугаар зүйл гэж тус гадасны ерөнхийлөгч Аксел Леймер хэллээ.
Ерөнхийлөгч Леймерийн гэр бүлийхэн нь анх Франкфуртэд шилжин ирэхдээ германаар ярьдаггүй байсан. Хэлний бэрхшээлийг даван туулсны хамгийн сайн үлгэр жишээ бол хүүхдүүд юм хэмээн тэр онцолжээ. “Хүүхдүүд бие биенээ ойлгохгүй байна гэж огт байдаггүй” гэж тэр хэлэв. “Хүүхдүүд ямар ч тохиолдолд бусадтайгаа арга эвээ олоод л тоглодог. Хэлний ялгаа тэдэнд ямар ч асуудал биш. Хүүхдүүд атгаг муу санаагүй, айхыг мэддэггүй.”
Эдний гадсанд тойргийн дуудлагуудад үйлчилж байгаа англи хэлээр яригч гэр бүлийн ахмад номлогчдод ч бас хэлний бэрхшээл саад болдоггүй гэж ерөнхийлөгч Леймер ярив. “Эдгээр ахмад номлогчоос олон нь германаар ярьдаггүй ч, тэд хариуцсан ажилдаа үнэтэй олон чухал хувь нэмэр оруулж байна” гэж тэр ярилаа. “Эгч нар хүүхэд харж, Хүүхдийн Хэсэгт заан, номын санчаар үйлчилж, өмнө нь энд байгаагүй номын санг бий болгон ажиллуулж байна. Зарим ах нар дээд санваартнуудын бүлгийн удирдагч, санхүүгийн ажилтан, гэрийн багшаар үйлчилж байна. Тэд хичээлүүдэд оролцож (яриаг нь орчуулж өгдөг), заримдаа бүр хичээл заана.
“Сайн мэдээний нийтлэг үндэс бол хүмүүст хэрэгтэй цорын ганц зүйл мөн” гэж ерөнхийлөгч Лемер хэллээ. Танхимд байгаа хүмүүс бусдынхаа хэлээр яриагүй хэрнээ яаж ийгээд ойлголцоод байдаг нь ажиглагддаг. ‘Би Их Эзэнд хайртай, Би ах эгч нартаа анхаарал халамж тавьдаг. Би тэдэнд туслахаар энд ирсэн юм’ гэх мэтийн чухал зүйлсийг та ямар хэлээр ярьж байгаагаас хамаарахгүйгээр илэрхийлж чадна.’”
Гэртээ байгаа юм шиг байхад нь хүмүүст тусал
Тойрог, салбаруудад гэртээ байгаа юм шиг мэдрэмжийг хүмүүст төрүүлэх боломжтой. Жишээ нь, Хавайн Хонолулу гадасны МкКюлли тойрогт ихэнх гишүүд сайн мэдээг төрөлх хэлээрээ сонсохын тулд Ням гарагийн хичээлийг найман хэлээр (англи, испани, маршалл, понпей, солонгос, тагалог, чүүк, япон) заадаг. Түүнээс гадна, ариун ёслолын цуглаан дээр юм уу хичээл дээр залбирал хийхээр уригдсан хүмүүс дийлэнх олонхийн хэлээр залбирахаар бэлтгэж амжаагүй бол төрөлх хэлээрээ залбирдаг.
Ням гарагийн хичээлийг тусдаа хийх нь чухал ч, МкКюлли тойрог бүх нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг төлөвлөхөд их анхаардаг байна. Жил тутам зохиогддог олон улсын хүнсний баяр, Мючелийн соёлын шоу, Микронезийн найрал дуу (тойргийн найрал дуунаас гадна), улирал тутам болдог “охана үдэш”(гэр бүлийн үдэш)-, тэрчлэн гишүүдийн соёл заншлын өв уламжлалыг нийт тойргоороо тэмдэглэн, тэдний сүнслэг байдлын нийтлэг өв уламжлалд онцгой анхаарал хандуулдаг байна.
“Бид бүгдээрээ Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд шүү дээ” гэж МкКюлли тойргийн бишоп Марло Лопез хэлэв. “Түүний мэлмийд арьс өнгө, хэлний ялгаа харагддаггүй. Бурхан хүн бүрийг хайрладаг. Бид ердөө л энэ үнэнийг заах зэмсэг юм шүү дээ.”
Амьдарч байгаа газрынхаа ёс заншлыг дага
Олон хүмүүс эх хэлээ гаргуун эзэмшиж, үндэсний соёл, ёс заншлаа хадгалахыг хүсдэг ч, гишүүд гадаад хэл, амьдарч байгаа газрынхаа соёл заншлаас суралцсанаар ашиг тусыг олж болно. Дэлхийн олон үндэстний гишүүдээс бүрдсэн Францын Парисын Зүүн гадасны ерөнхийлөгч Эрик Маландейн үүнийг урамшуулан дэмждэг хүн. “Энд амьдарч байгаа гишүүдийг франц хэл сурахыг нь удирдагчид ерөнхийдөө урамшуулан дэмждэг” гэж ерөнхийлөгч Маландейн хэллээ. “Энэ нь хувь хүний өсөлт хөгжилтөд бас мэргэжил, сүнслэг байдлаараа өсч хөгжихөд нь хүмүүст тусалж чадна.”
Калифорнийн Сан Францискогийн Баруун гадасны гишүүдийг бусад хэлний чадвараа хөгжүүлэхийг урамшуулан дэмждэг байна. Энэ гадаст англиар яригч тойргуудаас гадна өөр хэлээр (хятад, Самоа, тагалог) яригч гурван нэгж байдаг. Иймээс эдгээр хэлээр ярьдаг гишүүдэд сайн мэдээг төрөлх хэлээр нь зааж болно. Гэвч гадас, тойргийн удирдагчид гишүүдийг өөр хэлээр ярьж сурах бүлгүүдэд оролцохыг мөн урамшуулан дэмждэг. Жижиг “бүлгүүд” ярианы англи хэл сурахын тулд долоо хоногт хоёр удаа цугладаг байна. Хичээл нь “Эмнэлэг уруу яаж очих вэ?” “Хамгийн ойрхон автобусны буудал хаана байна вэ?” гэх мэтийн өгүүлбэрийг хэлж сурахад илүүтэй анхаардаг аж. Түүнчлэн тус гадасны олон гишүүн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн анхны үе удам байгаа учраас англи хэлний нэлээд хичээл нь залбирал, гэр бүлийн үдшийг хөтлөн явуулах зэрэг сайн мэдээний үндэс суурь дээр төвлөрдөг байна.
“Хэлний асуудал бидэнд сүрхий бэрхшээл байдаг ч, үүнийг шийдвэрлэхийг хичээж байна. Тиймээс энэ асуудал нэлээд зүгширч байна” гэж гадасны ерөнхийлөгч Рональд Диллендер хэлэв. “Бид ажиллаж, заахаа үргэлжлүүлж, гадасны чуулган, гадасны авьяас чадварын тоглолт, сургалтын цуглаан, үйл ажиллагаа бүрд оролцох боломжийг гишүүддээ үргэлж олгох болно. Бид Сүмийн болон сайн мэдээний санал болгодог бүх зүйлд хүн бүр оролцох боломжтой байгаасай гэж хүсдэг. Энэ бол туйлын чухал.”
Хамтран ажилла
Пенсильванийн Филадельфи гадасны ерөнхийлөгч Блент Өүлсон, “Хэлний ялгаа нь ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагаас эхлээд ариун ёслолын цуглаан дээр хэлсэн үгс, залбирлыг орчуулах хүртэл олон бэрхшээл бий болгодог” гэж ярилаа. Мэндлэх хүндлэх ёс заншлыг эзэмшсэн хүлээцтэй харьцаа нь гадасны гишүүдийг өөрчилж чадсан ажээ.
“Ариун ёслолын танхимд орж ирсэн хүн бүрийг Их Эзэн илгээсэн байдаг” гэсэн үгсийг бид байнга давтан хэлдэг гэж ерөнхийлөгч Өүлсон хэллээ. Бид ийм зан харьцаа, нөхцөл байдлыг бий болгосноор сүмийн үйл ажиллагаанд оролцоход нь хүн бүрд туслахын тулд нэмэлт хүч чармайлт гаргаж байгаагаа ачаа дарамт гэж үздэггүй. Энэ бол ердөө л сайн мэдээгээр амьдрах явдал мөн,”
Шинэ Зеландын Аукландын Манурева гадасны Клендон тойрог англи хэлээр яригч нэгж боловч, гишүүд нь бас маори, ниюеан, самао, тонга хэлээр, нутгийн аялгуугаар ярьдаг аж. Кук арлынхан нэлээд хэдэн хэлээр ярьдаг гэнэ. Тойргийн удирдагчид “Хүмүүс ямар хэлээр ярьдаг нь хамаагүй” сүргээ нэг бүрчлэн таньдаг Сайн Хоньчин шиг болохыг хичээдэг гэж бишоп Ханс Кий хэллээ.
Жишээ нь, гэрийн болон айлчлагч багш нарыг сонгохдоо залбирсны үндсэн дээр очиж заах гэр бүлүүдэд нь томилдог, хамтрагчдыг сонгохдоо зөвхөн төрөлх хэлээрээ ярьдаг нэг ахыг мөн энэ хэлээр болон англиар ярьдаг ахтай томилдог байна. Энэ хоёр гэрийн багшаар хамтран ажиллах явцад эхнийх нь ах англи хэлний мэдлэг, чадвартай болдог гэнэ. Хожим нь тэр ариун ёслолын цуглаан дээр үг хэлэх даалгавар хүлээн авч болох юм.
Их Эзэн биднийг Өөрийнхөө ажилд тэнцэхээр болгодгийг сана
Франциско Аурез Херменгильдо төрөлх хот Бразилын Рио де Жанейрод 21 настайдаа Сүмийн гишүүн болж, хожим нь Сан Паулогийн номлолд үйлчилсэн аж. Тэрээр эхнэр Каллятайгаа гэрлээд 2002 онд Австралийн Сиднейд шилжин иржээ. 2006 онд Франциско Хайд Паркийн ганц бие залуу насанд хүрэгчдийн салбарын ерөнхийлөгчөөр дуудагдав. Ерөнхийлөгч Херменгильдо өөрөө англи хэл сурах гэж чармайсаар байсан төдийгүй, салбарынх нь гишүүд 10 гаруй орны хүмүүс бүгдээрээ англи хэл сурч байсан болохоор толгой өндийлгөх завгүй байлаа.
“Бид Хайд Паркийн салбарыг хариуцан ажиллахаар дуудагдсан үедээ уг дуудлагад тохирохгүй байгааг мэдэрснээ хүлээж байна” гэж ерөнхийлөгч Херменгильдо хэллээ. “Хэлний бэрхшээл их юм шиг санагддаг ч, Их Эзэнд хандан тусламж хүсч залбирдаг. Түүний хаант улсыг байгуулахад оролцдог хүмүүст Их Эзэн сүнслэгээр нөлөөлж, ажилдаа тэнцэхүйц болгон бэхжүүлдгийг сурч байна.
Ерөнхийлөгч Херменгильдо хувийнхаа амьдрал дахь Их Эзэний чиглүүллийг танин мэдсэнээс гадна, өөртэйгөө адилхан зөвхөн ганцхан үеэрээ гишүүн байгаа, салбарынхаа олон гишүүний амьдралд Их Эзэний удирдамж чиглүүлэл буйг олж хардаг ажээ.
“Бидний хүн нэг бүр амьдралынхаа энэ цаг үед дэлхий дээр ирсэн нь учир шалтгаантай юм” гэж тэр хэлэв. Гишүүн бүр гэрчлэлээрээ өсч хөгжин, дуудлагадаа үйлчилж, сайн мэдээний захиасыг найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ хуваалцах боломжтой байдгийг тэр тайлбарлалаа.
Ерөнхийлөгч Херменгильдо “Сайн мэдээ дэлхийг дүүргэх тухай бошиглолууд гүйцэлдэж байгаад бид итгэдэг” гэв. “Манай салбарын гишүүд дэлхийд хаана ч очсон удирдагчид болдог бас удирдагчид байх болно. Бид салбарынхаа гишүүдэд зааж, тэдэнд урам зориг хайрлах бүрдээ эдгээр удирдагчдыг бэлтгэхэд тусалдаг.
Нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаантай бай
“Соёл заншил, хэлээрээ өөр олон тойрогт үйлчилж, ажиллах нь бэрхшээл гэхээс илүү адислал гэдэгт би итгэдэг” гэж Клендон тойргийн бишоп Ханс Кий хэлэв. “Бабелын Цамхагийг барьж байхад Бурхан хүмүүсийн хэлийг будлиулсан ч, бид Енохын хотод хүмүүсийн хүрсэн тэр зүйлийн төлөө: нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаантай болж, зөв шударга байдалд аж төрөхийн төлөө хичээн чармайж байгаа билээ.” (Эхлэл 11:1–9; Мосе 7:18-ийг үз).
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) энэхүү эв нэгдэлд онцгой ач холбогдол өгч: “Бид дэлхий дахины агуу Сүм боллоо. Эдүгээ манай гишүүдийн дийлэнх олонх нь … олон улс оронд, олон хэлээр ярьдаг ч гэсэн, нэг итгэл, нэг сургаал, нэг баптисмтай нэгэн агуу гэр бүл болж оролцох нь … боломжтой боллоо” хэмээн хэлжээ.1