2009
Аз жаргалын үндэс суурь
зургадугаар сар 2009


Хуваалцах цаг

Аз жаргалын үндэс суурь

“Амжилттай … гэр бүл нь итгэл, залбирал, наманчлал, [мөн] уучлалын зарчим дээр үндэслэгддэг.” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”)

Үндэс суурь бол дээр нь ямар нэг зүйлийг барьж болох бат бөх суурь юм. Ихэнх барилга, орон байрууд суурин дээр баригддаг.

Хожмын Үеийн Гэгээнтнүүд Солт Лейкийн Ариун Сүмийн суурийг тавихдаа элсэн чулуун гулдмайнуудыг ашигласан ажээ. Найман фут (2.4 м) гүн суурийг тавьж дуустал таван жил болсон гэдэг. Гэгээнтнүүд цэрэг ирж явааг сонсоод суурийг нуухын тулд шороогоор булсан ажээ. Хожим нь булсан шороог зайлуулахад суурь хагарч, хөдөлсөн байв. Хагарсан суурь ариун сүмийг бат бөхөөр тогтоон барьж чадахгүйг Гэгээнтнүүд мэдэж байлаа. Иймээс тэд элсэн чулуун суурийг зайлуулж, том боржин чулуун гулдмайнуудаар сольжээ. Бат бөх суурь бэлэн болоход ажилчид ариун сүмийн ханыг өрж эхлэв.

Ариун сүмд бат бөх боржин чулуун суурь хэрэгтэй шиг, танд болон гэр бүлд чинь мөн л бат бөх суурь хэрэгтэй. “Миний сайн мэдээ болох миний хадан дээр баригтун” (С ба Г 11:24) гэж Их Эзэн хэлсэн байдаг. Есүс Христийн сайн мэдээ итгэл, залбирал, наманчлал, уучлалыг өөртөө багтаадаг. Эдгээр зарчмуудаар барих нь танд болон гэрийнхэнд чинь итгэлээрээ хүчирхэг байхад туслах бат бөх суурийг тавьж өгөх болно.

Үйл ажиллагаа

Н14 хуудсыг сэтгүүлээс салгаж ав. Картуудыг хайчилж ав. Зурагтай картуудыг нэг багц, үгтэй картуудыг өөр багц болгон тавь. Багц бүрээс нэг карт сугал. Хэрэв картууд тохирч байвал, энэ зүйлийг хийхэд нь та гэрийнхэндээ хэрхэн тусалж болохыг яриад, картуудыг хадгал. Хэрэв картууд тохирохгүй байвал, тохироогүй картуудад зориулан дахиад хоёр карт сугал. Хүн бүр карт сугалтал тоглоомыг үргэлжлүүл. Эхний хоёр багц дуусахад картуудыг хоёр дахь багц болгон тавьж, бүх карт тохиртол тоглоомыг үргэлжлүүл.

Хуваалцах цагийн санаанууд

  1. Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл намайг болон гэрийнхнийг минь бэхжүүлдэг. “Хэрэв та нар итгэлтэй аваас та нар үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах болно” (Алма 32:21) гэсэн эшлэлийг цээжлэхэд нь хүүхдүүдэд тусал. Сайн мэдээний уран зургийн цуглуулгаас зураг 240 (Есүс бол Христ)-ийг үзүүлж, Есүс Христэд итгэх итгэлтэй байна гэдэг нь, хэдийгээр бид Түүнийг хараагүй ч гэсэн Тэр амьд гэдэгт итгэх явдал юм гэдгийг тайлбарла. Бид Түүнд итгэж, зарлигуудыг нь дагахыг хичээдэг. Есүс Христэд итгэх итгэл нь хүнд нөхцөлдд зарлигуудыг сахихад хүмүүст хэрхэн тусалсныг харуулдаг судрын түүхүүдийг хуваалцах цагийн өмнө ол. Жишээ нь: Сайн мэдээний уран зургийн цуглуулга 102 (Хөвөгч авдрыг барьж байгаа нь), 112 (Давид Голиатыг ялсан нь), 114 (Хааны зоог, дарснаас татгалзаж байгаа Даниел), 125 (Естер), 210 (Есүс ба загасчид), 301 (Лихайн гэр бүл Иерусалимыг орхисон нь), 313 (Хоёр мянган залуу дайчин). Анги бүрд нэг зураг өгөөд түүхийг нь ярихдаа хүмүүс итгэлээ хэрхэн харуулсныг онцлон тэмдэглэхийг багш нараас хүс. Итгэл нь хэрэг болох ямар нөхцөл байдалтай тэд тулгарч болохыг анги бүрээр бодуул. Есүс Христэд итгэх итгэл тэр нөхцөлд хэрхэн тусалж болох байсан тухай ярихыг тэднээс хүс. Судрын эл түүх бол тэдний орчин үеийн нөхцөл байдлыг хуваалцахад анги бүрийг урь. “Би Түүнийг итгэлээр дагана” (Лиахона, 2003 оны хоёрдугаар сар, Н16) дууг дуул.

  2. Залбирал намайг бас гэрийнхнийг минь бэхжүүлдэг. Гэр ахуйн жижигхэн цахилгаан хэрэгсэл буюу ийм хэрэгслийн зургийг хүүхдүүдэд үзүүл. Энэ хэрэгсэл цахилгааны эх үүсвэртэй холбогдсон үед л зөвхөн цахилгаан эрчим хүчийг авдгийг тайлбарла. Бид сүнсний хүч чадалтай болохын тулд уг “хүчний эх сурвалжтай” харилцаатай байх хэрэгтэйг хүүхдүүдэд хэл. Тэнгэрлэг Эцэг бол бидний сүнсний хүч чадлын эх сурвалж бөгөөд бид залбирлаар дамжуулан Түүнтэй харилцаатай байж чадна. Хүүхдийн Хэсгийн багц зургаас зураг 7-13 (залбирч байгаа хөвгүүн) эсвэл зураг 1-9 (залбирч байгаа охин)-ийг үзүүлж, бидэнд асуудал тулгарсан үед бас шийдвэр гаргах үед тусламж авахын тулд бид Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч болно гэдгийг заа. Леменчүүдэд номлохыг нь хөвгүүддээ зөвшөөрөх эсэхийг мэдэхийн тулд тусламж авахаар залбирсан Мозаягийн тухай түүхийг ярь (Мозая 28:1–6-г үз). Шүлэг 7 дахь Их Эзэний хариуг олохын тулд дахин хамтран ажиллахыг хүүхдүүдээс хүс. Аль сүмд элсэхийг мэдэхийн тулд залбирсан Иосеф Смитийн түүхийг ярьж өг (Иосеф Смит—Түүх 1:7–18-ыг үз). Шүлэг 19 дэх Их Эзэний хариуг олохын тулд дахин хамтран ажиллахыг хүүхдүүдээс хүс. Хувийн туршлагаа, ба залбирал чинь хэрхэн хариулагддаг тухай гэрчлэлээ хуваалц. Энэ долоо хоног өдөр бүр хувиараа залбирал хийхэд хүүхдүүдийг урь.

Зураг чимэглэлийг Бет М.Виттакер

Судруудыг унш

Залбир

Ажилла

Тогло

Үйлчил

Сүмд яв

Гэр бүлийн үдэш

Хоолны цаг