2009
Аврагч намайг мартаагүй байв
зургадугаар сар 2009


Аврагч намайг мартаагүй

Намайг бага байхад ээж яаж залбирахыг надад заадаг байлаа. Бас би ээжтэйгээ хамт ням гараг бүр сүмд явдаг байсан. Ах эгч нар маань Английн Хертфордшир дахь орон нутгийн сүмийн найрал дууны гишүүд байв. Иймээс тэдний үлгэр жишээг дагаж, тэр сүмд явах нь миний хувьд зүй ёсны хэрэг байлаа.

Би дөнгөж наймтай байсан болохоор ням гарагийн өглөө болдог сүсэгтнүүдийн үйлчлэлд оролцох шаардлагагүй байв. Би энэ үеэр унтаж байж болох ч эцэст нь босч, өглөөний гол үйлчлэлд явдаг байв.

1952 оны өвлийн дунд үеэр гадаа шагайгаар татсан шинэ цас орж, унтлагын өрөөний цонхоор хүйтэн жавар нэвт сийгсэн үед би орондоо тухлан, тэр ням гарагт сүмд явахгүй байхаар шийдээд байлаа.

Ээж намайг бос гэж дуудахад би таг унтаж байгаа дүр үзүүлэв. Тэгснээ шатаар өгсөх ээжийн хөлийн чимээ сонсогдлоо. Тэгэхэд нь би “За, за. би бослоо” гэж хашгирав.

Гэвч би, “Явах ямар хэрэгтэй юм бэ? Есүс Христ гэдэг хүн ерөөсөө байхгүй шүү дээ” гэж аман дотроо бувтнав. Тэр даруйд нэгэн дуу хоолой оюун бодолд минь орж ирэн, “Тийм хүн бий шүү. Чи нэг л өдөр надад үйлчлэх болно” гэж хэлэх нь тэр. Тэр дуу найз маань надад хандан ярьж байгаа юм шиг тийм ердийн байв. Гэвч тэр үеэс хойш олон жил өнгөрч, би тэр тухай мартсан байлаа.

Би өсч том болоод Хааны Усан Цэргийн Флотод элсч, есөн жилийн дараа гал түймрээс сэргийлэх компанид ажилладаг боллоо. Нэг орой ажлынхаа дараа би хаалга тогшихыг сонслоо. Хаалга онгойлгоход хоёр эмэгтэй номлогч өөрсдийгөө танилцуулав. Би ядарсан, усанд ороогүй, бас цухалдангуй байсан болохоор тэр оройдоо аажуухан юм уу эсвэл өөр өдөр ирэхийг санал болгов.

Тэд цагийн дараа эргэж ирсэнд миний гайхсаныг яана. Би тэднийг дотогшоо орохыг урив. Тэднийг ярьж эхлэнгүүт, захиаст нь ямар нэг онцгой сонин юм байгааг би мэдэрлээ. Гэр орон маань өөр болчих шиг санагдлаа. Энэхүү өөрчлөлт хоёр эмэгтэй номлогчоос эх сурвалжтайг би мэдэж байв.

Тэр орой тэд номлогчийнхоо анхны хичээлийг, маргааш орой нь хоёр дахь хичээлийг надад заалаа. Дараа нь хоёр ахлагч орой бүр ирж, бүх хичээлийг дуустал надад заав. Би Мормоны Номыг уншиж, залбирч эхлэв. 20 жилийн дараа залбирахаар анх удаа өвдөг сөгдсөн нь амьдралд минь тохиосон хамгийн сүнслэг туршлага байлаа.

Номлогчийн хичээлүүд дууссанаас долоо хоногийн дараа би баптисм хүртэх амлалт өгч билээ. Баптисмын дараа Ахлагч Росс, Ахлагч Фуллергер хоёр миний толгой дээр гараа тавьж Ариун Сүнсний бэлгийг надад өгсөн. Тэдний гар толгойд минь хүрмэгц, 20 жилийн өмнө над дээр эргэн ирсэн тэрхүү Сүнсийг би мэдэрч билээ. Амьдралдаа миний гаргасан бүх алдаа дутагдлаар дарагдаж ирсэн, дотор сэтгэлд минь хадгалагдаж ирсэн ямар нэг эрхэм үнэ цэнэтэй зүйл миний ой дурдатгалтай сүнслэгээр дахин нэгдсэн байлаа. Аврагч намайг мартаагүйн төлөө би Түүнд үнэ цэнэтэй хүн юм даа гэсэн бодол толгойноос гарахгүй байв.

Сайн мэдээг надад заасан номлогчдод, намайг сүнслэг байдлын хувьд тэжээн дэмжиж байсан анхны тойргийнхоо гишүүдэд би баярлаж явдаг. Үнэхээр оршдог гэдэгт нь нэгэн үе эргэлзэж байсан ч эдүгээ түүнд талархалтайгаар үйлчилж байгаа Аврагчдаа юунаас ч илүү баярлан талархаж явдаг билээ.

Нэг дуу хоолой миний оюун бодолд орж ирэн, “Есүс Христ гэдэг хүн бий шүү” гэж хэллээ.