2009
Эндээ хүлээж бай!
зургадугаар сар 2009


Эндээ хүлээж бай!

Гэрийхэнтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх нь надад ямагт баяр баясгалан байдаг. Яагаад гэвэл би төмөр замын инженерээр ажилладаг болохоор миний ажлын хуваарийг урьдчилан таамаглах аргагүй байдаг. Би үе үе хол газар томилолтоор явж, эхнэр, хүүхдүүдээсээ түр хугацаагаар хөндийрдэг билээ. Энэ үед би хол газраас машинаар ирж, долоо хоног бүр хэдхэн өдөр л эхнэр хүүхдүүдийнхээ барааг хардаг.

Нэг удаа миний эхнэр Скарлетт хөвгүүдтэйгээ хамт завсарлагааны үеэр над дээр ирсэн юм. Дэн буудлын өрөөнд унтаж, зоогийн газарт хооллох нь хөвгүүдэд маань таалагдсан ажээ. Энэ аялал тэдэнд амралт болсон юм. Бидний санаа сэтгэлийг өргөсөн эл уулзалт нүд ирмэхийн зуур өнгөрч, бид тэврэлдэж, баяртай гэж хэлэн салах ёс гүйцэтгэж билээ. Биднийг замын эсрэг урсгалын хэвгийгээр өнгөрөн, дардан зам руу орох үед Скарлеттын машин харагдахгүй болохыг би арынхаа толинд харлаа. Ингээд би төмөр зам руу буцаж, Скарлетт хүүхдүүдтэйгээ гэр уруугаа явав.

Би гэрийхнийхээ тухай бодож, над дээр хүрч ирснийх нь төлөө Скарлеттэд дахин баярласнаа илэрхийлж утасдъя гэж бодоод инээмсэглэв. Гар утсаа хүрэмнийхээ халааснаас гаргаж ирэх гэтэл утас байдаггүй. Дэмий жаахан хайсныхаа дараа утсыг Скарлеттын машин дотор санаандгүй тавьснаа саналаа.

Би утсаа гэрийнхэнтэйгээ ярихад ашигладаг ч гэсэн, утас ажилд минь бас хэрэгтэй байлаа. Эхнэр бид хоёр тийшээ салж яваад 10 минут болсон байв. Гэтэл утсаа авах хэрэгтэй байдаг! Би дараачийн замын уулзвар дээр эргэж, эсрэг замд орон, Скарлеттыг хөөж гүйцэхээр шийдэв. Би эргэхээр бэлтгэж байтал “Зогс!” гэх нэгэн дууг сонсов.

Би хурдаа саарууллаа. Утсаа олох нь өнгөрч байгаа хором бүхэнд улам хэцүү болж байв.

“Эндээ л хүлээж байя” гэсэн бодол хоёр дахь удаад төрлөө.

Энэхүү хүчтэй мэдрэмж намайг бүр эзэмдсэн байлаа. Би ямар ч шалтгаангүйгээр замаас гарч машинаа унтраав. Яагаад гэдгийг мэдсэнгүй. Гэвч би эндээ зогсож байх хэрэгтэй гэдгийг мэдэрч байлаа. Би Ариун Сүнсний өдөөлтийг мэдрэн машинаа зогсооход сандран тэвдэх нь амар амгалангаар солигдож байгааг мэдэрлээ. Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийн төлөө талархан даруухан залбирал хэллээ.

Их ч удалгүй, Скарлетт намайг чиглэн ирж явах нь тэр. Скарлетт намайг хараад, машинаа түр зогсоолд хурдан гэгч нь тавьчихаад, утсыг минь гартаа барьчихсан над уруу хүрч ирлээ.

“Зогсоод, хүлээж байх хэрэгтэй гэдгийг чи яаж мэдэв ээ?” гэж Скарлетт асуув.

Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авсан туршлагынхаа тухай ярихад баярын нулимс бид хоёрын нүднээс мэлмэрэн урсав.

Энэ явдлын тухай би огт мартдаггүй. Тэр өдөр хүлээн авсан бурханлаг тусламжийг хэзээ ч үгүйсгэж чадахгүй. Тэнгэрлэг Эцэг бидний амьдрал дахь өчүүхэн жижиг хэрнээ чухал зүйлийг ч нэгд нэгэнгүй мэддэг талаарх бидний гэрчлэлийг энэ явдал бэхжүүлсэн билээ. Олон жилийн тэртээ хүлээн авсан тэрхүү удирдамжиндаа тохирохуйц зохистой хэвээр байхыг би хичээдэг.

Яагаад гэдгийг мэдсэнгүй. Гэвч эндээ зогсож байх хэрэгтэй гэдгийг би мэдэрч байлаа.