2009
Хайрын бэлэг
2009 оны арванхоёрдугаар сар


Хайрын бэлэг

Бидний дуулсан нь тэр эмэгтэйд таалагдсангүй. Гэтэл бид яагаад Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр хөгжмийн бэлгийг хуваалцахаар түүний үүдэн дээр зогсож байсан юм бол?

Аавын минь хоолны үйлчилгээний бизнес дампуурсны дараа манай гэр бүлд санхүүгийн ноцтой хүндрэл тулгарав. Ээж минь нүд дүүрэн нулимстай гэртээ ирдэг байсныг би санаж байна. Юу болов, яав гэж асуухад бидэнд юу ч ярьдаггүй байлаа. Удалгүй бид хөлсийг нь төлж дийлэх нэг өрөө жижиг сууцанд нүүж орох болов.

Үүнээс өмнө Христийн мэндэлсний баярын үеэр нүсэр идээ ундаа бэлтгэж, шинэ хувцас худалдан авч, үдэшлэг хийж, сонирхолтой газруудад очиж, бэлэг сэлт өгч, авч зав чөлөөгүй байдаг байлаа. Ээж энэ баярыг онцгой чадварлаг зохион байгуулдаг байсан учир бид түүнийг “Христийн мэндэлсний баярын ээж” гэдэг байж билээ. Ээж Христийн мэндэлсний баярыг эргэн тойрны хүмүүстэйгээ урамтайгаар, хайрын үндсэн дээр тэмдэглэж, бэлэг өгөх дуртай хүн байлаа. Хүмүүс нас ахих тусам өөрөөсөө илүү бусдыг боддог болдог. Бид ч бас ийм зан чанарыг хөгжүүлэхийг хичээдэг байлаа.

Гэвч тэр жил бид яахаа ч мэдэхгүй байлаа. Бид Христийн мэндэлсний баярыг анх удаа гэр орноосоо өөр газар хийх болсонд ээжийн санаа сэтгэл нэг л тавгүй байв. Ээж минь хүмүүстэй юу хуваалцах билээ гэж бодоод юу ч олсонгүйд сэтгэл нь тавгүй байлаа. Гэвч Христийн мэндэлсний баярын уур амьсгалыг бий болгохын тулд бид байгаагийнхаа хэрээр ямар нэг юм хийж чадна гэдгээ мэдэж байсан болохоор ээжид урам дэм өгч байлаа.

Гэсэн ч, бид өдөр хоногоо л аргацааж, шинэ орчиндоо тайван амгалан амьдрахаар мэрийж байв. Манай байрны эзэгтэй Христийн шашинтан биш байлаа. Биднийг гэр бүлийн залбирал хийж, дуулал дуулж өглөө эрт босоход цухалддаг байв. Манай өрөө түүний өрөөтэй зэргэлдээ байсан учраас биднийг дуулахад тэр сэрчихдэг байсан аж. Тэр олон удаа гомдоллосон учир аяархан дуулдаг байв. Манайхыг гэр бүлийн өглөөний залбирал хийхээ болихгүйг мэдээд гомдоллохоо аажмаар болив.

Тэгэхэд аавд нэг санаа төрсөн аж. Бид байрын эзэгтэйдээ Христийн мэндэлсний баярын бэлэг болгож магтуу дуу дуулж өгвөл яасан юм гэж аав боджээ. Надаас бусад хүн бүр л уг санааг дуу алдан дэмжлээ. Манай гэр бүлийн залбирлын талаар тэр удаа дараа гомдол гаргаж байсныг би гэрийнхэндээ сануулан эрс эсэргүүцлээ. Бид байрны эзэгтэйд биш харин Христийн мэндэлсний баярын магтууг үнэлж чадах өөр хэн нэгэнд зориулж дуулахыг санал болгов.

Гэвч дуу дуулж бэлэг барих нь шүтлэг бишрэл өөр ч гэсэн бид түүний найз гэдгийг харуулах оновчтой арга байх болно хэмээн аав зүтгэсээр байлаа. Ингээд би гэрийнхэнтэйгээ нийлж, байрынхаа эзэгтэйд баярын магтуу дуулж өгөхөөр болж, сургуулилт хийхээс аргагүй болов.

Бид Христийн мэндэлсний баярын өмнөх өдөр тэдний үүдэн дээр ирж, хаалгыг нь тогшлоо. Тэр хаалгаа онгойлгосонгүй. Би цухалдаж, бид дэмий юм хийж байгаа юм биш үү гэж аавд хэлмээр санагдав. Гэвч эргээд хартал, манай гэрийнхэн бүгдээрээ инээмсэглэн, хийхээр сэдсэн зүйлдээ итгэлтэй байлаа. Мөн тийм баяртай мэдрэмж надад бас төрөөсэй хэмээн хүсч байгаагаа мэдэрлээ.

Тэгтэл байрны эзэгтэй хаалгаа нээснээ гайхав бололтой. Аав түүнд зориулж дуу дуулж өгөхийг хүсч байгаагаа хэлээд, зөвшөөрвөл дотогшоо ормоор байна гэв. Тэр хажуу тийшээ болж бид дотогшоо орлоо. Бид сургуулилсан болон сургуулилаагүй, санаандаа орсон Христийн мэндэлсний баярын бүх дууг дууллаа. Удалгүй өрөөнд гайхамшигтай сайхан мэдрэмж бий болов. Тэрээр дууны үгийн утгыг ойлгохгүй байх гэж бодсон ч, биднийг дуулж байх үеэр тэр инээмсэглэж байлаа. Байрны эзэгтэй ганцаардаж байснаа бас биднийг хамт ирснийг хараад гэр бүлээ санаснаа ярилаа. Бид явахынхаа өмнө Христийн мэндэлсний баярын болон Шинэ жилийн мэндчилгээг дэвшүүлэв. Тэр бидэнд баярласнаа илэрхийлэн бид ч өрөөндөө буцаж ирэв.

Тэр шөнө би унтахаар орон дотроо хөрвөж байхдаа болсон явдлыг эргэцүүлэн бодлоо. Тэгээд, Христийн мэндэлсний баярын бэлгийг заавал дэлгүүрээс худалдаж авах юм уу гараар урлах шаардлагагүй юм байна. Харин нөхдөө болон хүмүүсийг баярлуулахын төлөө чадах юмаа хийх хүсэлтэй байж үүнийгээ хэрэгжүүлэх нь л чухал юм байна гэж бодогдож билээ. Христийн мэндэлсний баяраар бидний өгч чадах хамгийн агуу бэлгэнд их мөнгө шаардлагагүй юм байна. Харин үүний оронд хайрын бэлэг л байхад болох юм байна гэдгийг би ухаарч билээ.

Тэр орой манай гэр бүл ганцаардсан хөршдөө бяцхан үйлчлэл санал болгосноор Христийн мэндэлсний баярын сүнсийг мэдэрснийг би ойлгосон.

Зураг чимэглэлийг Диллийн Марш