2009
Багшдаа заасан нь
2009 оны арванхоёрдугаар сар


Багшдаа заасан нь

Дайана Саммерхейс Грахам, Юта, АНУ

Олон жилийн өмнө нэг намар би Нью-Йорк хотын Колумбын Их Сургуулийн магистрийн хөтөлбөрийн шинэ оюутан боллоо. Дүүрэн оюутантай том ангид манай профессор эртний бичиг баримтуудыг өнөө үед дуурайлган хуурамчаар үйлдэж байгаа тухай ярьж байлаа. Тэрээр хуурамчаар үйлдсэн бичиг баримтын жагсаалтыг дурдахад жагсаалтандаа Мормоны Номыг оруулсныг сонсоод би цочин балмагдав.

Би ямар нэг юм хийлгүйгээр ангийг орхин явж болохгүйгээ тэр даруй ухаарсан. Мормоны Номын тухай гэрчлэл нь юм бүхнээ золиослоход хүргэсэн өвөг дээдсийнхээ урмыг би хугалмааргүй байлаа.

Хичээлийн дараа би Колумбын их сургуульд Чарльз Антоны (Иосеф Смит—Түүх 1:63-65-д гардаг) нэрэмжит албан тушаалтай байсан профессор уруу хүрч очив. 100 гаруй жилийн тэртээ Мартин Харрис Профессор Антонтой Колумбд очиж уулзаж байсан билээ. Мормоны Номыг орчуулсан ялтсуудаас хуулбар хийсэн бичгийг Мартин авч очсон юм.

Мартин Харрисын тухай аавынхаа бичсэн захидлыг манай аав надтай хуваалцдаг байсныг би саналаа. Өвөө маань Мартин Харрис ахтай нас барахаас нь өмнөхөн уулзсан тухайгаа надад ярьсан юм. Өвөө түүнээс Мормоны Номын тухай асуухад Мартин орон дээрээ босч суугаад хүчирхэг гэрчлэлээ хуваалцсан гэдэг. Тэрээр тэнгэр элчийг харж, дууг нь сонсон, алтан ялтсуудыг үзсэн ажээ.

“Намайг Дайана гэдэг. Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн” хэмээн профессорт хэлэхэд миний хоолой чичрэв. “Мормоны Ном бол миний хувьд судрын ном. Энэ номыг хуурамчаар үйлдсэн баримт бичиг гэж нэрлэсэн шалтгааныг тань сонсмоор байна.”

Профессор бид хоёр оюутны хотхоны дундуур явж өнгөрөх үед Мормоны Номыг уншсан тэрээр уг ном үнэн эх баримт болохыг няцааж, нэлээд хэдэн жишээ татав. Би тэдгээр няцаалтуудыг яаран тэмдэглэж аваад, түүнийг яриагаа төгсгөхөд, “Би эдгээр няцаалтуудын хариу болгож уг сэдвээрх эх сурвалжуудаас юу олж мэдсэнээ бичиж болох уу? гэж түүнээс асуув. Профессор зөвшөөрлөө.

Би байрандаа буцаж ирээд өрөөнийхөө хаалгыг хааж, өвдөг сөгдөн залбирлаа. Тэгээд уйлж гарав. Ядарч, сульдсан гэдэг нь жигтэйхэн. Аз болоход тэр орой Сүмийн үйл ажиллагаатай байлаа. Санаа сэтгэлийг минь өргөсөн ярилцлагын дараа би тэнд байсан бүрэн цагийн номлогчдоос тусламж хүслээ. Нөгөөх профессорын сөхөж тавьсан асуудлуудын ихэнхэд нь хариулсан эх сурвалж мэдээллийг тэд хуваалцав. Дараа нь би үй олон номтой Колумбын Их Сургуулийн номын санд баахан судалгаа хийв. Профессорын асуултуудад бэлтгэсэн хариултандаа би Мормоны Ном үнэн болох тухай гэрчлэлээ оруулав. Тэгээд би хариултаа түүнд өглөө.

Профессорын хариуг би хэдэн долоо хоног хүлээв. Эцэст нь миний хариултыг уншсан уу гэж түүнээс асуулаа.

“Уншсаан. Тэгээд эхнэртээ уншаарай гэж өгсөн. ‘Чи юу ч гэж бодлоо гэсэн тэр оюутны итгэлийг бүү нураагаарай’ гэж эхнэр маань хэллээ гэчихээд профессор цаашаа яваад өгөв.

Христийн мэндэлсний баяр ойртсон үед Мормоны Номыг профессорт өгөх юмсан гэсэн санаа өдрийн бодол шөнийн зүүд болов. Би нэг Мормоны Ном олж аваад гэрчлэлээ дээр нь нэмж, миний хариултыг уншсанд нь түүнд талархал илэрхийлэв. Тэгээд би номоо Христийн мэндэлсний баярын бэлэгний цаасанд боож, профессорт өглөө. Түүнээс хойш их удалгүй, “энэхүү гайхамшигтай номыг” хүлээн авсныхаа төлөө талархал илэрхийлж, гараар бичсэн зурвасыг түүнээс хүлээн авлаа.

Профессорын үгсийг унших үед нүднээс минь нулимс урсч билээ. Энэ профессор Мормоны Номыг дахин хэзээ ч гутаан доромжлохгүй гэдгийг Сүнс надад шивнэсэн юм. Сүнс багшийн минь зүрх сэтгэлийг зөөлрүүлж, түүнд хэрхэн заахыг мэдэхэд надад тусалсны төлөө би баярлаж явдаг билээ.